Өнөөдрийн дугаарт бид Монголын анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болох “Sendly” аппликейшний хамт олонтой ярилцлаа. Тэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа улс хоорондын мөнгөн гуйвуулгын хэрэгцээг олон улсын стандартын дагуу мэдээллийн аюулгүй орчинд, түргэн шуурхай, хямд зардлаар шийдэхийн зэрэгцээ харилцагчдадаа хилийн чанадаас орон сууцны зээлд хамрагдах, сайн дурын нийгмийн даатгал төлөх боломжийг олгодгоороо онцлог. Өдгөө Америк, Австрали, Их Британи, Солонгос, Япон болон Европын холбооны улсуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж, элэг нэгтнүүдийнхээ өдөр тутмын санхүүгийн асуудалд гарц шийдэл нь болж буй тус хамт олныг уншигч танд танилцуулахдаа таатай байна. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Вэб: sendly.mn
Сошиал: Sendly - Money transfer for Mongolians (фэйсбүүк), @sendly.mn (инстаграм)

Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ?

Б.Нямжаргал

Мөнгөн гуйвуулга хариуцсан захирал

Би 2011 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийг санхүү менежментийн чиглэлээр төгссөн. Төгссөнийхөө дараа хувийн байгууллага, банк, олон улсын төсөл гээд цөөнгүй газар ажиллаж үзээд хувийн болон ажлын зорилгоо нэгтгэх нь карьерын хувьд илүү дэвшилттэй, давуу талтай юм байна гэх дүгнэлтэд хүрсэн юм. Энэ ч утгаараа одоогийн багтаа нэгдэж, өөрт тулгардаг байсан асуудлуудад шийдэл боловсруулахаар урам зоригтой ажиллаж буй.

Учир нь, АНУ-д мастерын түвшинд суралцаж байх үед гэр бүлийнхэндээ мөнгө шилжүүлнэ гэдэг миний хувьд нэлээд бэрхшээлтэй ажил болдог байлаа. Өнгөн хэсэгтээ ганц мөнгөн гуйвуулгын асуудал мэт боловч үнэндээ хилийн дээс л гарчихвал гадаадад байгаа иргэдэд эх орон, гэр бүлтэйгээ санхүүгийн хувьд уялдаатай байх боломж багасаж, тэр хугацаан дахь алдагдсан боломжууд нэлээд их болдог нь цаашид энэ чиглэлд хийх зүйл их байгааг мэдрүүлсэн юм.

Тэгвэл "Sendly"-ийн санал болгож буй үйлчилгээ нь зөвхөн мөнгөн гуйвуулгыг шийдээд зогсохгүй хилийн чанадаас ч эх орондоо хөрөнгө оруулангаа хүссэн худалдан авалтаа хийж, төлбөр тооцоогоо хэн нэгний зуучлалгүйгээр өөрөө төлөх боломжтой байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч манай аппыг ашиглан тэмдэглэлт баярын өдрүүдэд хайртай дотнын хүмүүстээ цэцэг илгээж, төлбөрийг нь ямар нэг хүндрэлгүйгээр Монголд байгаа шигээ л шууд төлөх боломжтой гэсэн үг.



Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Э.Хулан

Харилцагчийн үйлчилгээний ахлах ажилтан

Харилцагчийн гүйлгээ найдвартай, заасан хугацаанд түргэн шуурхай явж байгаа эсэх, өдөрт гарч буй гүйлгээний тоо зэргийг нягтлах нь миний үүрэг. Тиймдээ ч харилцагчдынхаа асуудлыг цаг алдалгүй шийдэж, тэдэнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээг чанартай, оновчтой хүргэхэд анхаарахаас ажлын өдөр минь эхэлдэг.

Манай аппаар хийгдэж буй гүйлгээ хамгийн бага шимтгэлтэйгээр, ердөө арван минутын дотор хийгддэг. Тиймдээ ч манай апп 15 мянга гаруй татан авалттай болж нийт найман мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Мөн манайхаар нийт 20 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь ажлыг нэг талаас урамтай нөгөө талаас өндөр хариуцлагатай болгодог юм. Ард нь маш олон хүний хөдөлмөр, хөрөнгө яригдаж байгаа тул ингэхээс аргагүй. Тиймээс л бид Австрали, Америк дахь хамтрагчидтайгаа гүйлгээний асуудлаар байнгын холбоо харилцаатай ажилладаг. Энэ мэт ажлын ихэнх цагаа харилцагч болон хамтрагч талуудтайгаа харилцаж, үйлчилгээгээ илүү сайжруулах арга төлөвлөгөөг боловсруулж өнгөрүүлдэг дээ.



Таны ажлын нөү-хау?

Б.Нямжаргал

Мөнгөн гуйвуулга хариуцсан захирал

Зөвхөн өөрт оногдсон ажлаа хийхээс илүүтэй юун түрүүнд харилцааг чухалчилдаг. Хоёрдугаарт эмпати (empathy) буюу бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг хичээдэг. Бүх зүйлс харилцаанаас эхлэлтэй. Харин харилцаанаас улбаалан эмпати үүсдэг. Харилцагч бүртэйгээ найрсаг харилцаа тогтоож, улмаар бусдын оронд өөрсдийгөө тавьж "энэ нөхцөл байдал надад тулгарсан бол би яах вэ?" гэдэг талаас нь хандвал асуудлыг илүү түргэн шуурхай, бүрэн дүүрэн шийдэх боломжтой болдог. Тиймдээ ч бид харилцаан дээр суурилсан, хүндээ хүрсэн үйлчилгээг үзүүлэхийг зорьдог юм.


Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

С.Содчимэг

Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Бид хэрэглэгчийнхээ мэдээллийг шалгах, тэдэнд тулгарсан асуудлыг тодорхойлохын тулд "Sendly" аппаа өдөр тутамдаа ашигладаг. Мэдээж "Microsoft Word", "Excel" бол байнгын хэрэглээ. Америк, Австралийн хэрэглэгчидтэй харилцахад "Еyebeam" хэмээх дуудлагын программ тусалдаг. Харин хамтрагч талуудтай холбогдоход Slack, Whatsapp-ыг түлхүү хэрэглэнэ.



Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Г.Алтантуяа

Маркетингийн менежер

Миний хувьд ажлаа сар, улирал, жилээр төлөвлөдөг. Мэдээж үүнийгээ байгууллагынхаа төлөвлөлттэй нягт уялдуулж гаргах шаардлагатай. Төлөвлөгөөгөө боловсруулахдаа маркетинг, сошиал контент гэж хоёр хуваагаад, түүн дээр байрлах текст, тайлбар, зураг гэх мэт бүх нарийн зүйлсээ тооцон "Google sheets" дээр нэгтгэн тэмдэглэдэг. Ингэхдээ хамгийн түрүүнд миний зүгээс ямар ажил хийгдэх ёстойг тусгайлан ялгаж харчихаад, дараа нь нийт хамт олондоо харуулж, санал солилцоно.

Манай компани гадаадад байгаа хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг учраас маркетингийн хүрээнд тухайн улс оронд байдаг нөлөөлөгчидтэй холбогдох шаардлага гардаг. Сул тал нь, тэдэнтэй холбогдоход цаг их зарцуулдаг болохоор төлөвлөгөөнд өөрчлөлт орох тохиолдол цөөнгүй. Гэсэн ч төлөвлөсөн ажлаа заасан хугацаанаасаа аль болох урьтаж хийхийг хичээдэг дээ.



Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Э.Халиун

Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Бид амьдралынхаа хамгийн идэвхтэй цагуудыг ажил дээрээ өнгөрүүлдэг. Өдрийн найман цагийг өөр өөрийн компьютер руугаа ширтэж өнгөрүүлнэ гэвэл дэндүү уйтгартай. Хамт ажилладаг хүмүүс, хамт олон гэдэг хоёр өөр ойлголт шүү дээ. Өдөржин компьютерынхоо ард суучхаад, дуугарсан ч юмгүй гэртээ харьдаг бол тэд зүгээр л хамт ажилладаг хүмүүс болж байгаа юм. Харин хамт олон гэдэг нь нэг нэгнийгээ ойлгож, хүндэлж, байгаагаар нь хүлээж авдаг хүмүүс гэж ойлгодог. Энэ нь эргээд ажлын байран дээр аз жаргалтай байхын үндэс болдог болов уу. Тиймдээ ч би эрч хүчээ хамт олноосоо сэлбэдэг.

Хүн ер нь тун энгийн зүйлээс эрч хүч авдаг юм билээ. Энэ нь ажил дээр ч харагддаг. Жишээ нь, манай үйлчилгээ АНУ-ын 33 мужаас шилжүүлэг хийх эрхтэй байдаг. Заримдаа хэрэглэгчдийн гүйлгээ зөвшөөрөлгүй мужаас хийгдсэний улмаас саатсан гэх мэт төвөгтэй тохиолдлууд гарна. Тэр бүрийг зохицуулан, тухайн гүйлгээг амжилттай хийчхээд дараа нь хэрэглэгчийнхээ талархсан үгийг сонсоход урам зориг, сэтгэл ханамжийг мэдэрдэг.



ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Б.Ундрах

Орон сууцны зээл хариуцсан төслийн мэргэжилтэн

Би гадаадад суугаа монголчууд хилийн чанадаас өөрийн нэр дээр орон сууц зээлээр худалдан авах төсөл дээр ажилладаг. Хийж буй ажил минь хангалттай үнэ цэнтэй, ач холбогдолтой гэж боддог учраас одоогоор үүндээ л бүрэн төвлөрөхийг хичээдэг юм. Цаг зав гарсан үед ажил мэргэжилтэйгээ холбоотой санхүүгийн тооцоолол хийж, бусад компани, аж ахуй нэгжүүдийн мөнгөний урсгалыг судлах дуртай.


Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Г.Алтантуяа

Маркетингийн менежер

Маркетингийн менежерийн үндсэн үүрэг нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтийн санаа бодолд хоногшуулахад оршдог. Нийгэм, зах зээлийн хувьд харилцан адилгүй бүс нутагт суугаа гадаад дахь хэрэглэгчдэд адил тэгш мэдээлэл хүргэх нь ажлын маань онцлог. Үүний тулд зорилтот хэрэглэгчид төвлөрөн суугаа зах зээл, түүний чиг хандлагыг судлах нь нэн чухал. Одоогоор манайх Америк, Австралид үйлчилгээгээ хэдийн нэвтрүүлээд буй. Солонгос, Япон болон Европын холбооны 28 улсад бүрэн нэвтрэхээр ажиллаж байна. Миний хувьд тус улсуудад амьдарч, ажилладаг монголчуудынхаа нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг судалж, боломжит хэрэглэгчдийн судалгааг хийж буй. Энэ ажилдаа дижитал маркетинг буюу сошиал сүлжээг зонхилон ашигладаг.

Ингэхдээ оруулж буй постуудаа цахим сүлжээнд тавигдаж буй олон төрлийн мэдээллээс ялгаруулах нь чухал. Контентдоо хэрэглэгчдийн анхаарлыг татсан шинэлэг өнгө аяс бас тодорхой мэдээлэл, ойлгомжтой агуулгыг тэнцвэртэй багтаах нь бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх том сорилт болдог. Мэдээж энэ бүрийг хийхэд мэдрэмж, мэдлэгийн цар нэмсэн судалгаануудыг уншиж судлах шаардлагатай. Энэ талаас нь хараад үзвэл маш сонирхолтой, онцлог давуу талтай ажил ч нөгөө талаас хийснээ зорилтот зах зээлдээ бүрэн дүүрэн хүргэх нь хэцүү санагддаг.


Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Б.Нямжаргал

Мөнгөн гуйвуулга хариуцсан захирал

Манай хамт олон гадаадад суугаа хэрэглэгчдэдээ Монгол руу хүндрэл чирэгдэлгүй шууд шилжүүлэг хийх, орон сууц худалдан авах, сайн дурын нийгмийн даатгалаа төлөх, онлайнаар дэлгүүрээс худалдан авалт хийх гэхчлэн яг л эх орондоо байгаа мэт санхүүгийн үйлчилгээг гадаадаас ч хүртэх боломжийг олгохыг зорин ажилладаг. Манай үйлчилгээг ашиглан “дулаан хувцаслаарай”, “витамин аваад уугаарай” гэсэн сэтгэл төөнөсөн утгатай гүйлгээнүүд хийгдэж байгаа нь бидний хийж буй ажил мөнгөнөөс илүү үнэ цэнийг бий болгож буйн илрэл болов уу. Тиймдээ ч одоогоор бид дэлхийн 195 улсаас аль болох олон бүсэд үйлчилгээгээ нэвтрүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.


Санал болгох ном, кино, хөгжим?

Э.Мөнх-Уянга

Гадаад харилцааны менежер

Үйл явдлын хэлхээ нь үг үгээ дагаад урсчихдаг уран зохиолын бүтээлүүдэд дуртай. Ойрын үед Түмэнбаярын Бум-Эрдэнэ зохиолчийн богино өгүүллэгүүдийг шимтэн уншиж байгаа. Ажлын завсар зайгаараа барин тавин уншихад тохиромжтой болохоор богино өгүүллэгүүдэд ихээхэн дурлах болсон.

Авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө?

Э.Мөнх-Уянга

Гадаад харилцааны менежер

"Юунд ч яараад хэрэггүй". Зөвөлгөө гэхээс илүү амьдралынхаа туршлагаас ойлгосон хичээл гэвэл онох биз. Маргааш яах уу, өчигдөр яалаа гэсэн бодлууд, амьдралын завгүй хэмнэлдээ ороогдон яг одоогийн мөчөө гээх нь олон шүү дээ. Гэхдээ болох юм болдгоороо л болно. Өнөөдөр тарьсан үр маргааш соёолно гээд маргааш руу сандчих хэрэггүй. Тухайн хором мөчийнхөө үнэ цэнийг алдаа оноотой нь гүйцэт мэдэрч аз жаргалыг бяцхан зүйлээс мэдэрч сурах нь чухал санагддаг болсон.



Бусдад шидэх санаа

Б.Нямжаргал

Мөнгөн гуйвуулга хариуцсан захирал

Үгээ үйлдэл болгож үйлдлээрээ үлгэрлэхийг нэн чухалчилдаг. Ганган чамин үгсийг хэн ч хэлж чадна. Гагцхүү түүнийг үйлдэл болгосон хүн л үр дүнд хүрнэ. Тиймдээ ч манай баг хариу нэхээгүй сайхан сэтгэлийн үрийг түгээж, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрахыг хүссэндээ өөрсөддөө ногдсон ажлаа хамгийн сайнаараа хийхийг чухалчлан анхаардаг.