Сүүлийн жилүүдэд манайд олон шинэ хэвлэлийн газрууд ар араасаа төрөн гарлаа. Тэгэхдээ ихэвчлэн Номын баярыг тохиолдуулан анхны номоо эрхлэн гаргаж өөрсдийгөө таниулдаг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. Гэвч харамсалтай нь тэдгээрийн дотроос үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлдэг нь тун цөөхөн буюу нэлээд хувь нь удалгүй “чимээгүй” болдог билээ. 

Түүнчлэн бид залуучуудын ном унших нь харьцангуй нэмэгдэж буй гэдэг боловч энэ талаар ул суурьтай судалгаа үгүй. Тэгвэл хэвлэлийн газрууд бидний унших соёлд хэр нөлөөтэй вэ? Хэвлэлийн газрууд нийгэмд ямар үүрэгтэй оролцдог бол? Уншигч бид юу хийж чадах вэ? 

1. Хэвлэлийн газар гэж юу вэ?

Хэвлэлийн газар (Publishing House) гэдгийг тодорхойлсон албан ёсны тодорхойлолт үгүй боловч ерөнхийдөө хэвлэмэл, цахим ном болон бусад контент (уг үгийн нийтэд тархсан хэрэглээ багагүй алдаатай болохыг мөн энд цохууштай)-ыг эрхлэн гаргадаг ашгийн болон ашгийн бус байгуулга хэмээн ойлгож болно.

Холбоотой нийтлэл: Дэлхийг эзэлсэн номын өргөө: Penguin Random House-ийн түүх

Эл салбарын үүсэл тэртээ XVI зуунд хамаардаг боловч түүнээс ч өмнө буюу XV зуунд И.Гутенбергийн хэвлэгч машин бүтээгдсэн үеэс эхэлсэн хэмээн үзэх боломжтой. Тухайн үеийн хэвлэлийн газрууд хуучин гараар хэдэн зуун ном, бүтээлийг хуулж олшруулдгийг халж, шашны судар, эртний бичвэрүүдийг хэвлэн нийтэд түгээдэг байв. Улмаар аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд ном бүтээх зардал 80-95 хувь буурснаар өнөөгийн бидний мэдэх хэвлэлийн салбарын суурь бүрэн утгаараа тавигдсан юм. Гэвч өнгөрсөн зууныг хүртэл номыг энгийн хэрэгцээ бус, дээд зэрэглэлийн “тансаг хэрэглээ” гэх ойлголт дэлхийд ноёлж байжээ.



Өдгөө дэлхийн хамгийн том, нөлөө бүхий таван хэвлэлийн газар үйл ажиллагаагаа явуулж буй. Тэдгээр нь Penguin Random House, HarperCollins, Macmillan Publishers, Hachette Book Group, Simon & Schuster нар бөгөөд ойролцоогоор англи хэл дээрх номын зах зээлийн 80 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр таван хэвлэлийн газар болон тэдгээрт хамаардаг редакцуудаас эрхлэн гаргасан номууд дэлхийн бусад орны хэвлэлийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, шилдэг борлуулалттай номын жагсаалтыг “тодорхойлдог”. Мөн орчуулгын эрх болон кино, театрын бүтээл зэрэг бусад төрлийг хамаарах зохиогчийн эрхээр дамжуулан масс медиад онцгой нөлөө бүхий үүрэгтэй оролцдог.

2. Хэвлэлийн газрын нөлөө

Дээр дэлхийн хамгийн том таван хэвлэлийн газар хэрхэн олон улсын зах зээлд нөлөө үзүүлдэг тухай товч дурдлаа. Харин хэвлэлийн газрууд ерөнхий утгаараа буюу дотоодын хэвлэлийн газрууд уншигчдад ямар нөлөө үзүүлдэг бол?

Мэдээж нэн тэргүүнд дотоодын уншигчдынхаа юу унших, ямар зохиолчийг шинээр нээх вэ гэдэгт онцгой нөлөө үзүүлнэ. Гэхдээ зах зээлийн онцлогоороо уншигчдын сонирхлыг харгалзан авч үзэх нь тодорхой боловч манай орон шиг чөлөөт хэвлэлийн салбар нь хөгжөөд удаагүй байгаа улсад томоохон хэвлэлийн газруудын номын сонголт уншигчдын номын сонголтод шууд нөлөөлөх юм. Тэрчлэн Penguin Random House зэрэг нөлөө бүхий хэвлэлийн газрууд төрөл бүрийн номын дэлгүүртэй өргөн хүрээний хамтын ажиллагаатай тул асар өргөн хэмжээний мэдээллийн сантай. Түүгээрээ дамжуулан хэвлэх номуудынхаа борлуулалтыг урьдчилан тооцоолох, ямар номыг хэзээ хэвлэх, эсвэл эс хэвлэхээ тодорхойлдог. Энэ нь ямар санаа, утга агуулга хэзээ, хэнд, хэрхэн хүрэхийг “шийдэж буй” хэрэг гэхэд хилсдэхгүй.



Хоёрдугаарт, тухайн хэвлэлийн газрын хэмжээ, нэр хүндээс хамааран биет болон цахим номын дэлгүүрийн зайд нөлөөлөх боломжтой бөгөөд үүгээрээ бие даан номоо хэвлүүлсэн зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдыг зах зээлээс “шахах” сөрөг үр дагавартай.

Гуравдугаарт, олон улсад хэвлэлийн газрууд хувийн болоод хаалттай хувьцаат компани байх нь түгээмэл. Энэ нь бие даан шийдвэр гаргах, редакцын бодлогоо гаднын хамааралгүй байлгах эерэг нөлөөтэй боловч тодорхой нэг өгүүлэмжийн онцлог, уран зохиол, шинжлэх ухааны судалгааны хэв маягийг илүүд үзэн түүгээрээ нийтийн үзэл хандлагад нөлөөлөх эрсдэлтэйг орхиж болохгүй.

Холбоотой нийтлэл: Хэвлэлийн газрууд номын баярт

Дөрөвдүгээрт, хүүхдийн номоор дамжуулан хэвлэлийн газар болон редакцууд нас насны хүүхдийн боловсрол, танин мэдэхүйд олон талаар нөлөөлөх боломжтой. Иймд хүүхдийн ном, зурагт номыг хэрхэн бүтээх, ямар агуулгыг хүргэх зэрэгт анхаарах нь нэн чухал.



Тавдугаарт, хэвлэлийн газрууд эх хэлний уламжлал, шинэчлэлд асар чухал үүрэг оролцоотой. Үүнд гагц зөв бичих дүрмээр тогтохгүй, хэл найруулга, бичгийн хэлний стандарт, орчуулгын чанар, түүнчлэн зохиогчийн эрхийн тухайд олон улсын жишгийг дагаж буй эсэхээс шалтгаан тухайн ном монгол хэлнээ орчуулагдан гарсан хэмээн дэлхийд бүртгэгдэх үгүйд ч оролцоно. Мөн он цагийн явцад утга нь өөрчлөгдсөн эсвэл нийгмийн зарим бүлэгт бүдүүлэг утгыг заах болсон үгсийг хэрхэн хэрэглэх зэрэг бичгийн хэлний ёс зүйн олон асуудлыг ч давхар хамарна.

3. Олон улсын түүхээс

Олон улсад хэвлэлийн газрууд нийгмийнхээ шилжилт, өөрчлөлт, онцгой түүхэн үеүдэд чухал нөлөө, ач холбогдолтой оролцсон тохиолдол олонтоо. Үүний хамгийн тод жишээгээр Японы Мэйжийн шинэчлэлийг нэрлэж болно. Эл түүхэн үеэр олон олон сэтгүүлүүд төрөн гарсан агаад улмаар өнөөгийн томоохон хэвлэлийн газрууд болж өргөжсөн байдаг. Тухайлбал, тэдгээрийн нэг болох Кооданшя (株式会社講談社) хэвлэлийн газар хожим зохиолч Харүки Мүракамигийн анхны романыг хэвлэсний дээр “Attack on Titan” мангаг бүтээсэн Хажимэ Исаяма зэрэг олон шадварлаг уран бүтээлчдийг уншигчдад таниулсан түүхтэй. Түүнчлэн Ёмиүри, Асахи зэрэг томоохон сонины газрууд Мэйжийн эринд төрөн гарж, улсынхаа шинэчлэл, Өрнийн соёлыг хурдацтай дэлгэрүүлэхэд хүчтэй нөлөөлж байв.



Харин Өрнөд буюу Европт хэвлэлийн газрууд шашны болоод улс төрийн байгууллагуудтай тууштай тэмцсээр ирсэн байдаг. Нидерландын Эльзевирийн гэр бүлийнхний байгуулсан “House of Elzevir” хэвлэлийн газар тухайн үедээ хориотой асан философийн болон шинжлэх ухааны бүтээлүүдийг уншигчдад хүргэсээр байсан агаад тэдгээрийн хамгийн тод жишээ нь Галилео Галилейн хамгийн сүүлчийн туурвил болох физикийн шинжлэх ухааныг хамарсан “Хоёр шинэ шинжлэх ухаан” гэж алдаршсан “Discorsi e dimostrazioni matematiche intorno a due nuove scienze” ном багтана. Түүнчлэн Италийн Einaudi зэрэг хэвлэлийн газрууд өнгөрсөн зууны дарангуйллын үед фашизмыг сөрж, эрх чөлөөт үзэл бодлыг дэмжсэн номуудаар уншигчдаа тасалдуулахгүй байжээ.



Америкийн хувьсгалын үеэр ч хэвлэлийн газрууд олон нийтийн үзэл бодлыг нэгтгэх, хувьсгалч үзэл санааг дэлгэрүүлэхэд шууд оролцож байв. Хэдийгээр тухайн үед өнөөгийн хэвлэлийн газрын ойлголттой дүйх хэвлэлүүд үгүй байсан ч хэвлэн нийтлэгчид Британийг сөрсөн тэрслүү хэргээр хоригдох, эд хөрөнгөө хураалгах зэрэг шийтгэл хүлээх эрсдэлийг үүрэн ном, сонин бүтээсээр байсан аж. Мөн өнөөгийн HarperCollins хэвлэлийн газрын суурийг тавьсан Harper & Brothers хэвлэлийн газар Херман Мелвилл зэрэг суут зохиолчдыг хэвлэн үндэснийхээ уран зохиолын хөгжлийг дэмжиж байсныг дурдууштай.


4. Уншигчид юу хийж чадах вэ?

Хэвлэлийн газрууд нийтийн унших соёлд хэрхэн нөлөөлдөг талаар дээр өгүүлсэн ч түүний цаана орших гол хүч нь уншигчид бид гэдгийг мартаж болохгүй. Хэвлэлийн газруудын ямар зохиолчийн аль зохиол бүтээлийг орчуулах, дотоодын зохиолч, эрдэмтэн, судлаачдын туурвилыг хэрхэн хүргэх зэрэг асуудалд уншигч бид үргэлж санал хүсэлт, үзэл бодлоо илэрхийлэх нь чухал. Учир нь мэдээллийн хурд улам бүр нэмэгдэж буй энэ үед ул суурьтай мэдлэг олгодог салбаруудын нэг нь хэвлэлийн салбар, тэр дундаа хэвлэлийн газрууд болж байна.

Холбоотой нийтлэл: 40 дэх удаагийн Номын баяраас онцлох 40 бүтээл

Түүнчлэн бид жижиг, дунд хэвлэлийн газрууд, бие даан номоо хэвлүүлж буй судлаач, бичээчдээ дэмжиж, шинээр хэвлэгдэж буй ном, бүтээлд анхаарлаа хандуулан үргэлж уншигчийн нухацтай сэтгэлгээгээ өнгөлж байх нь хэзээ хэзээнээсээ илүү чухал болж байгааг санууштай.

Уншигч танд 40 дэх удаагийн Номын баярын мэнд хүргэе.