Энэ дугаартаа бид Монголын тэргүүлэгч банкны удирдлагын түвшинд ажиллаж, банк санхүүгийн салбарт хамт олноо амжилттай удирдан манлайлж яваа нэгэн эмэгтэйг урилаа. Энэ хүн бол ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Н. Сэргэлэн.
Олон Улсын мэргэшсэн нягтлан бодогч /АССА/ мэргэжилтэй түүний хувьд ажлын гараагаа Улаанбаатар Хотын банкнаас эхлүүлсэн бөгөөд 2019 оноос хойш тасралтгүй ХХБ-д ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд тэрээр байгаль орчинд ээлтэй, ногоон болон нийгмийн чиглэлийн ногоон төсөл хөтөлбөрүүдэд олон улсын байгууллагатай хамтран ажиллах, санхүүжилт татах, босгох зэрэг ажлуудыг идэвхтэй санаачлан, гүйцэтгэж иржээ. Хэдхэн хоногийн өмнө гэхэд Монгол Улсаас анх удаа Олон улсын зах зээлд 50 сая долларын ногоон болон нийгмийн бонд гаргаад байгаа аж.
Байршил: Улаанбаатар хот, Худалдаа Хөгжлийн банкны төв байр
Эрхэлдэг ажил: Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook
Сошиал хуудас: Sergelen Nyamdorj (LinkedIn)
1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Багаасаа л санхүүгийн чиглэлийн хүн болно гэдэгтээ итгэлтэй байсан гэж боддог. Дунд сургуульд байхдаа математикийн хичээлдээ сайн, их дуртай байсан. Тиймдээ ч мэргэжил сонгох хэцүү шийдвэр биш байсан гэж хэлж болно. Оюутан болохдоо СЭЗИС-ийн Олон Улсын мэргэшсэн нягтлан бодогч /АССА/ мэргэжлийн хөтөлбөрт элсэн орсон. Бакалаврынхаа сүүлийн хоёр жилд Их Британийн Oxford Brookes University-д суралцахын хажуугаар дэлхийн аудитын салбарт тэргүүлэгч "Том дөрөв" буюу "Big Four"-ын нэг Ernst & Young (EY)-д дадлагажих боломж тохиосон. Энэ боломж өнөөдрийн карьерт маань их үнэ цэнтэй туршлага болсон гэж боддог шүү.
Эх орондоо эргэж ирмэгцээ ажлын гараагаа Улаанбаатар Хотын банкны Олон улсын бизнес хариуцсан менежерээс эхлүүлж байлаа. Олон улсын банкнуудтай харилцах, хамтран ажиллах, эх үүсвэр татах зэрэг олон сорилттой ажлын эхний өдрөөсөө л нүүр тулсандаа ч юм уу анхны ажлаасаа их зүйл суралцсан гэж боддог. Хэдий эзэмшсэн мэргэжлээс маань арай өөр чиглэл байсан боловч санхүүгийн тайлан, шинжилгээ дээр ажиллахаас эхлээд олон улсын мэргэшсэн нягтлан бодогч мэргэжил маань алхам тутамд давуу талж болж байсан.
Тэр цагаас хойш олон улсын банкны харилцаагаар цаашид ажиллах суурь тавигдсан гэж боддог. Улмаар 2019 онд карьерын шат ахиж, Худалдаа Хөгжлийн банкны Олон Улсын банкны газарт орлогч захирлаар ажиллаж эхэлсэн ба тухайн үед байгуулагдаж байсан Стратегийн багт орж ажилласан. Намайг ажилд ордог тэр он бол банкны хувьд их онцгой жил байсан л даа. Бид ирэх арван жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны зорилтоо тодорхойлж байсан үе. Гэтэл яг энэхүү том ажилтай зэрэгцээд дэлхий даяар цар тахал дэгдчихсэн.
Эргээд бодоход, цар тахлын жилүүдэд багаа удирдаж, стратегийн зорилтуудыг шинэчилж байсан нь миний карьерын хамгийн сорилттой үе байсан юм болов уу. Мөн цар тахлын үеэр дэлхийн алдарт зураач Ромеро Бриттотой хамтын ажиллагаа эхлүүлж, Бритто картаар банкныхаа өнгө төрхийг шинэчлэн тодорхойлоход хувь нэмрээ оруулсан. Сорилт өндөр байх тусам түүнийг дагаж ирэх боломж нь өндөр байдаг шүү дээ.
Дөнгөж ажилдаа ороод удаагүй байхдаа гар бие оролцсон, 2030 он хүртэлх стратегийн зорилт мааньч мөн адил өнөөдрийн байдлаар тун амжилттай хэрэгжиж байна. ХХБ-ны Олон улсын бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчийн хувьд багаа удирдан байгаль орчинд ээлтэй, нийгмийн болон ногоон төсөл хөтөлбөрүүдэд олон улсын байгууллагатай хамтран ажиллах, санхүүжилт татах, босгох, харилцагчдадаа зориулсан ногоон бүтээгдэхүүн гаргах, харилцагчдынхаа бизнесийг хэрхэн ногооруулах вэ гэдэг дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын дагуу тайлагнах зэрэг ажлуудыг эхлүүлэн удирдаад явж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Охиддоо өглөөний цайг нь бэлдэх, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс өдөр эхэлдэг. Ажил дээр ирмэгцээ нэн тэргүүнд хариу өгөх шаардлагатай цахим шуудангуудад хариулна. Дараа нь тухайн өдрийнхөө төлөвлөлтийг гаргаж, ажлуудаа хуваарилна, хурлын өмнөх материалуудтай танилцана гээд ажлууд ар араасаа хөвөрнө.
Манай баг олон улсын санхүүгийн байгууллагуудтай байнгын хамтран ажилладаг тул 9-18 цагийн хооронд ажиллана гэсэн тогтсон ойлголт байхгүй. Биднийг унтаж байх зуур дэлхийн нөгөө өнцөгт ажил өрнөж байгаа тул цаг алдахгүйгээр, хурдан шуурхай харилцах ёстой. Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй байгаа мэт санагдах өдрүүд олон.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ажил, амьдралдаа хурдтай бөгөөд бүтээмжтэй байхыг хичээдэг. Зөвхөн надаас шалтгаалах ажлыг аль болох хурдтайгаар гараасаа гаргахыг хүсдэг. Түүнчлэн санхүүгийн салбарын мэргэжилтэн тул санхүү, хүний нөөц гээд бүхий л төрлийн нөөцийг хийж буй ажлууд дээрээ үр ашигтай зарцуулах тал дээр их анхаардаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сүүлийн үед ажлын бус цагаар хамгийн идэвхтэй ашиглаж буй апп гэвэл Eparent байна (инээв). ХХБ даяар Microsoft-ын хэрэглээний программуудыг бүхэлд нь ашигладаг. Зах зээлийн мэдээ, мэдээллийг Bloomberg аппаас өдөр тутамдаа авна. Менежмент удирдлагын чиглэлээр уншиж судлах дуртай учраас Harvard Business Review-ийн апп их таалагддаг. Ялангуяа Coaching Real Leaders гэдэг подкастын дугааруудыг алдалгүй сонсох дуртай, уншигчдад ч мөн санал болгоё.
Harvard Business Review-ийн энэ подкастын дугаар бүр дээр туршлагатай удирдагч, гүйцэтгэх захирлууд өөрсдөдөө тулгарч буй асуудлынхаа талаар илэн далангүй ярилцаж, мэргэжлийн коачаас тэдгээр асуудлыг шийдвэрлэх арга замын тухай зөвлөгөө авдаг юм. Яг бизнесийн бодит хөрсөн дээр тулгардаг бэрхшээлүүдийг хөнддөг тул мөлжих санаагаар тун баялаг подкаст.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Төлөвлөгөө гаргасан бол түүнийгээ ягштал дагана. Олон ажил руу нэгэн зэрэг орохоос илүүтэй нэг ажил дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлж, бүрэн дуусгаж байж дараагийн ажил руугаа шилждэг төрлийн хүн.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
To do list дээр бүх ажлуудаа жагсааж байгаад чухлаар нь эрэмбэлж, яаралтай хийх ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлнө. Бүүр хүүхэд байхын тэмдэглэлийн дэвтэр миний дотнын найз байлаа. Мөн цахим шуудан илгээх, утсаар ярих зэрэг тухайн мөчид шийдэж болох ажлуудыг тэр дор нь хийхийг эрмэлздэг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Ээжийн үүрэг хариуцлага, ажлын ачааллыг төгс тэнцвэртэй байлгана гэдэг бодит амьдрал дээр бараг боломжгүй. Ямар ч албан тушаал хашиж байсан ялгаагүй ээж хүн хүүхдүүдийнхээ боловсролд анхаарлаа хандуулах, өвлийн улиралд ханиад томууг нь эмчлэх гээд гэр бүлийнхээ дийлэнх хариуцлагыг үүрдэг нь нууц биш.
Гэхдээ миний хувьд энэ тэнцвэрийг өөрийн хэмжээнд хадгалахын тулд ажлаа тараад гэрийнхээ үүдээр ормогцоо ажлаа мартана гэдэг зарчимтай. Орой охидтойгоо тоглох, хичээлийг нь бэлдүүлэх зэргээр тэр хугацааг чанартай өнгөрөөхийг зорьдог. Амралтын өдрөөр охидтойгоо тоглоомын төв орох, кино үзэх, агаарт гарах нь эргээд эрч хүчээ сэлбэх, стрессээ тайлах нэг төрлийн арга болж хувирдаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Энэ зан чанар маань одоо ч амьдралд минь томоохон байр суурь эзэлсэн хэвээр. Саяхан би Sustainable Solutions Foundation гэх ТББ үүсгэн байгуулсан. Одоогоор үндсэн ажлынхаа хажуугаар төвлөрч ажиллах боломж төдийлөн гарахгүй байгаа ч томоохон зорилтууд тавин ажиллахаар төлөвлөж байгаа.
Жил бүр зохион байгуулагддаг COP хурлын үр дүнд хөгжингүй орнууд 100 тэрбум долларын Уур амьсгалын Ногоон Сан (Green Climate Fund) болон бусад Impact Fund буюу нөлөөллийн санхүүжилтийн механизмуудыг бий болгож, хэрэгжүүлэхээ амласан. Эдгээр сангууд нь угтаа уур амьсгалын өөрчлөлтийн гол “хохирогч” болсон хөгжиж буй орнуудад зориулагдсан боловч бодит амьдрал дээр Монгол болон манай улстай төстэй улс орнуудад ашиглахад шаардлага өндөр, хүртээмж бага.
Тиймээс ч байгууллагын үндсэн зорилго маань дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудын нэг болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсад тохирсон, бодит шийдлүүд, бичил төслүүдийг бойжуулах, энэ салбарын гаднын төсөл хөтөлбөрүүдийг Монголдоо хэрэгжүүлэх явдал юм.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН тань ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Мэдээж, Монгол Улсын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагад залуу эмэгтэй хүний хувьд төлөөлөл болж, удирдлагын багт ажиллаж байгаадаа баярлаж, талархдаг. Манай баг гадаад, дотоодын шилдэг их сургуулиудын “бүтээгдэхүүн” болсон залуусаас бүрдсэн болохоор тул тэднээс өдөр тутамдаа суралцаж, эрч хүч авч байдаг.
Бэрхшээлийн тухайд, эх орондоо томоохонд тооцогдох санхүүгийн байгууллага учраас нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, улс орны эдийн засагтай бидний хийж буй ажлын үр дүн шууд уялдаа холбоотой байдаг. Тэгэхээр улсын эдийн засагт тулгарч буй асуудал, эрсдэл зэрэг нь ажил дээр шууд болон шууд бусаар нөлөөлөх тохиолдол бий.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох "Climate 30+ Cанаачилга: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт олгох үндсэн зорилго өмнөө тавьсан.
Энэхүү зорилтынхоо хүрээнд хэдхэн хоногийн өмнө 50 сая долларын нийгмийн болон ногоон бондыг гаргаж, дэлхийн топ аравт багтдаг Ассет Менежмент Компаниас хөрөнгө оруулалт татсан Монголын анхны хувийн хэвшлийн компани боллоо. Энэхүү ногоон бонд маань олон талаараа Монгол Улсдаа анхдагч болж буй онцлогтой. Тухайлбал:
- Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт зориулан Монгол Улсаас гаргасан анхны ногоон бонд
- Хөрөнгө оруулалтын Bloomberg терминал дээр бүртгэлтэй Монголын анхны ногоон болон нийгмийн бонд
- 2015 онд ХХБ-ны гаргасан бондоос хойших анхны хувийн хэвшлийн гаргаж буй таван жилийн буюу урт хугацаат бонд гэх мэт.
Энэ бондын 40 сая долларыг бид ногоон зээл буюу сэргээгдэх эрчим хүч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, тогтвортой газар тариалан, ногоон барилга зэрэг ногоон төслүүдэд зарцуулах болно. Харин 10 сая доллараар нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсролын хүртээмж зэрэг нийгэмд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх юм.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би өөрийгөө Life long learner буюу тасралтгүй суралцагч гэж боддог. Академик сургалтаас гадна бодит амьдрал дээр хүнд хамгийн сайн мэдээлэл өгч чадах зүйл бол хүмүүс. Ажил мэргэжлийн онцлогоор би үргэлж салбар бүрийн туршлагатай эксперт, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа болохоор байнга өөртөө суралцах боломжийг олгож байгаа хэмээн боддог шүү.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Сүүлийн үед кино үзэх зав ер гарсангүй. Гэсэн хэдий ч саяхан томилолтоор явж байхдаа онгоцонд домогт дуучин Селин Дионы амьдралын тухай өгүүлсэн “I Am” баримтат бүтээлийг үзэж, сэтгэл маш их хөдөлсөн шүү. Бид түүнийг дэлхийн тайзнаа алдар хүндийн оргилд хүрсэн, бүхний атаархлыг төрүүлсэн супер од мэтээр хардаг ч энэ бүхний цаана олон жилийн турш хүнд өвчинтэй тэмцэж, өвчнийхөө өмнө ганц ч удаа сөхрөөгүй агуу эмэгтэйн түүх гардаг.
“Гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх” гэсэн хүчтэй үгсээрээ өөрийгөө зоригжуулж, өвчиндөө бууж өгөлгүйгээр үзэгчдэдээ зориулан тайзан дээрээ гарахын төлөө тэмцэж буй түүний хичээл зүтгэлийг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
Номын тухайд, Питер Франкопан зохиолчийн The Silk Roads: The Present and Future of the World бүтээлийг яг одоо уншиж байна. Өмнөх дэвтэр болох The Silk Roads: A New History of the World ном нь олон зууны өмнө дэлхий ертөнцийг холбож байсан торгоны замыг зохиолч маань зөвхөн худалдааны зам биш, харин дэлхий нийтийн соёл, инноваци, эрх мэдлийн амин судас байсан гэдэг санааг дэвшүүлдэг бол шинэ номдоо хурдацтайгаар өөрчлөгдөж орчин цагийн дэлхий дахины шинэ торгоны зам хаана байх вэ? гэх асуултад хариулж байгаагаар онцлог. Олон улсын улс төр, геополитикийн сэдэв сонирхдог уншигчдад санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ
Тэвчээртэй, тууштай, хөдөлмөрч байх юм бол боломж хэзээд олдоно гэх зөвлөгөөг амьдралынхаа чиг шугам болгосоор ирсэн. Энэ чадварууд хүнийг ахин дэвшихэд зайлшгүй туслах чадварууд хэмээн боддог.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Тасралтгүй суралцагч байгаарай. Мэдэхгүй чадахгүй гэж бууж өгөхгүй, үргэлж шинэлэг зүйлсэд нээлттэй ханддаг байх хэрэгтэй.
Мөн өөртөө хөрөнгө оруулаарай. Энэ нь зөвхөн мөнгө санхүү өөртөө зарцуулах биш, эрүүл мэнддээ анхаарах, өөртөө цаг гаргаж, шинэ зүйл сурч, тасралтгүй ур чадвараа хөгжүүлж байхыг эрмэлзээрэй.