Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 

Энэхүү түүхэн өдрийн зочин бол Монголын арилжааны банкуудын томоохон төлөөлөл болсон Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банкуудад 20 орчим жил удирдах алба хашсан Л.Соронзонболд. Зөвхөн Монгол төдийгүй Узбекистан, Зүүн Тимор зэрэг Ази тивийн хөгжиж буй улс орнуудын бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн үйлчилгээг хүртээх чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд арвин туршлага хуримтлуулсан тэрээр өдгөө Монголын анхны необанк болох М Банкийг удирдан, дижитал банкны үйлчилгээг хөгжүүлэхээр багийн хамтаар ажиллаж буй. 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Central Tower, М Банк
Эрхэлдэг ажил: М Банкны Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Z Fold
Хэрэглэдэг компьютер: Dell брэндийн суурин компьютер, Samsung брэндийн таблет
Сошиал хуудсууд: Soronzonbold Lkhagvasuren (LinkedIn)



1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

1997 онд МУИС-ийг банкны менежментийн чиглэлээр төгссөнөөс хойш энэ салбартаа тасралтгүй ажилласаар нэг мэдэхэд 30 жил болох гэж байна. Ажлын гараагаа ХОТШ банкинд (Хөрөнгө Оруулалт, Технологи Шинэчлэлийн банк) маркетингийн мэргэжилтэн, Хөгжлийн Алтан Сан ББСБ-д салбарын зохицуулагч хийн эхлүүлж байсан. Үүнээс удаа ч үгүй карьерын дараагийн том боломж ирсэн нь дөнгөж шинээр байгуулагдаж байгаа арилжааны банкинд ажилд орж, банк хөгжүүлэх үйл явцыг дэргэдээс нь харж суралцах, түүний нэг хэсэг болох явдал байлаа.

Тодруулбал, Хас банкинд. Энд өнгөрүүлсэн 10 жилдээ Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Салбарын удирдлага, Маркетинг хариуцсан Газрын захирал, Гүйцэтгэх тэргүүн Дэд захирал гээд шат шатны албан тушаалд ажиллаж, арвин туршлага хуримтлуулсандаа баярлаж явдаг юм. Жишээ нь, шинэхэн байгуулагдсан банкны хувьд асар богино хугацаанд 21 аймагт салбараа нээх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ аль болох олон хүмүүст танилцуулах гээд олон сорилттой ажлууд байсан. Бид салбар төвийг ердөө гурван долоо хоногийн дотор нээж чаддаг болох хүртлээ мэргэшсэн шүү.

Улмаар Хас банкны хувьцаа эзэмшигчдийн нэг болох АНУ-ын Хөгжлийн агентлаг миний ажиллах арга барил, үр дүнг ажиглахаас гадна хэлний мэдлэг, туршлага, зорилго зэргийг тодорхой шалгуураар үнэлсний дүнд Азийн хөгжиж буй орнууд болох Узбекистан, Зүүн Тимор улсуудад хэрэгжүүлж буй төслүүддээ орж ажиллахыг санал болгосон юм. Ийнхүү Хас Банкинд ажиллаж байх хугацаандаа, 2005-2006 оны хооронд тус хоёр улсад бичил санхүүгийн төсөлд төвлөрч ажилласан. 2009 онд гэр бүлийн хамтаар Австрали улсыг зорьж, Викториа мужийн Мельбурны Их сургуулийг Худалдааны чиглэлээр магистрын түвшинд суралцан төгссөн.

Ирснийхээ дараа Худалдаа Хөгжлийн Банкинд иргэдийн зах зээл буюу бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, цахим банкны бизнес салбарын удирдлага, харилцагчийн үйлчилгээ хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаад 2019 оноос М банкны төсөлд орж, өнөөдрийг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Их л бужигнаантай өнгөрдөг дөө. Үндсэн ажлаас гадна мэргэжлийн чиглэлээрээ нэлээд олон төслүүдэд оролцдог болохоор өдөр бүр өөр өнгөрнө. Ганцаар төвлөрч суухад 2-3 цаг, ажлын хурал уулзалтад 2-3 цаг, гадуурх уулзалтад 2-4 цаг зарцуулна.

Ингэхдээ өдрийн турш эрчтэй байхын тулд өглөөдөө хөнгөн дасгал болон бясалгал хийхийг боддог юм. Ачаалал даахад нэмэртэй байдаг гэх үү дээ. Ажлаас тарж ирээд оройдоо 30 минутыг салбарын мэдээ, шинэ ойлголтын тухай уншиж мэдэхэд зориулдаг. Манай салбарт цаг хугацаа маш чухал болохоор нэг өдөр уншихгүй өнгөрөхөд л олон мэдлэг, мэдээллээс хоцорч байдаг талтай.



3. Таны ажлын нөү-хау?

Сэтгэлээсээ хийх, хурдтай ажиллах болон бие даан шийдвэр гаргах боломжийг хүн бүрд олгох. Мэргэжилтний хувьд аливаа ажилд өөриймсөг хандаж, сэтгэлээсээ хийхийг эрхэмлэдэг. Энэ арга барил маань л үе үеийн удирдлагууддаа үнэлэгдэж, карьерын хувьд тасралтгүй өсөн дэвжих боломжийг олгож ирсэн болов уу.

Харин өөрөө баг удирдахдаа багийн гишүүддээ маш сайн чиглэл, ойлголт өгөөд, цаашаа бие даан шийдвэр гаргах эрх чөлөөг нь олгохыг эрхэмлэдэг. Гол нь гаргасан шийдвэрийнхээ амжилтыг ч, хариуцлагыг ч шударгаар дааж чаддаг байгаасай л гэж хүсдэг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Outlook бол байнгын хэрэглээ. Android үйлдлийн системийн үнэнч хэрэглэгч. Ер нь энэ тал дээр хийж буй сүүлийн үеийн сонголтууд бүгд л өндөр нягтаршил, өргөн дэлгэц гэдэг гол шалгууртай болоод байна. Олон жил ойрын хараагаа ачаалуулсны үр дүн бололтой.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Мэдлэг, туршлага хоёр. Ажлын байран дээр гарснаас хойш, жил ахих бүр тухайн хүний хариуцлагын хүрээ, хийж буй ажлын ач холбогдол тасралтгүй өсөж явдаг. Тэр бүрд шийдвэр гаргах, сонголт хийх шаардлага улам л ихэснэ. Яваандаа шийдвэр гаргах нь чиний бүтэн цагийн ажил болохыг үгүйсгэхгүй. Энэ үед цагаа сайн ашиглаж, өөрийгөө хууралгүй мэдлэг, туршлага хуримтлуулж чадсан бол аливаа асуудал тэр чинээгээр хялбар болж, алдаа гаргах магадлал багасаж, цаг хэмнэж чадна. Ухаандаа, шат шатны ажлын байран дээрээ хийсэн, сурсан бүхэн чинь дан ганц тушаал дэвших, цалин нэмүүлэхэд биш харин илүү өргөн цар хүрээнд ажиллахад тус болж байдаг. Алдсан ч, оносон ч, таалагдсан ч, таалагдаагүй ч, чиний нэр гарах байсан ч, гарахааргүй байсан ч өөрт оногдсон ажил бүрийг гололгүй, боломж гэж бодоод сэтгэлээсээ хийсээр л байх чухал.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Хувьдаа Notes-ийг сайн ашиглана. Хайлт хийхэд амар байдаг нь их тусалдаг. Ажил дээр бол төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийн хугацааг шахахад багийнхан буюу тухайн чиглэл бүрийг хариуцсан захирлууд илүү үүрэгтэй оролцдог юм. Харин миний хувьд хэрэгжилтээ үр дүнтэй байлгах, тухайн төлөвлөгөөг агуулга талаас нь харж, том зургаар нь гол зорилго руугаа чиглүүлэхэд илүү анхаардаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Агаарт гарч, холын бараа харах. Тэр дундаа нутаг явах их сайхан. Дорнод аймгийн Буйр нуур, Баян ууландаа очиход өсөж төрсөн газар болохоор сэтгэлд дотно, санаа амар сайхан байдаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Дээр хэлсэнчлэн мэргэжлийн хувьд ч, хувь хүний хувьд ч жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн гаргах, энэ салбарын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд дур сонирхолтой байдаг юм. Үндсэн ажлын хажуугаар удирдлагын багт нь орж ажилладаг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд ч аль болох энэ талаа барьж ажиллахыг хичээдэг. Үүнд “Монголын банкны холбоо”, “Дорнод аймгийн нутгийн зөвлөл”, “Аймгийн бизнес эрхлэгчдийн холбоо” гэх мэт байгууллага, нэгдлүүд орно.

Монгол орны хувьд уул уурхайн салбараас хэт хамааралтайгаараа онцлог. Энэ хамаарлыг солонгоруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлье гэвэл шинэ гарч ирж буй залуусаа сонсож, хийх гээд хичээж байгаа зүйлийг нь чадахаараа дэмжих ёстой. Тиймээс туршлага дутаад ирсэн залууст зөвлөгөө өгч, туршлага байгаа ч хөрөнгө оруулалт дээрээ гацаад байгаад нь санхүүжилтийн арга, суваг зааж өгөх, боломжтой хүмүүстэй холбох нь л үндсэн ажлын хажуугаар дурлаж хийдэг зүйл дээ. Дурлаж хийх гэхээс илүү урт хугацааны ач холбогдол, үнэ цэнтэй ажил гэдэгт итгэдэг гэвэл илүү тохирч магадгүй.



9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

М банк бол необанк буюу дижиталд суурилсан банк санхүүгийн үйлчилгээг хүргэхээр зорьж буй байгууллага. Тиймдээ ч нийт ажилтны 50 орчим хувь нь мэдээллийн технологийн хүмүүс байдаг. Бид үйлчилгээнийхээ бүх л програм хангамжийг дотооддоо хөгжүүлэн ашигладгаараа онцлог. Энэ нь уламжлалт банкинд 20 жил ажилласан туршлагад минь том сорилт, давуу тал, боломж болдог юм.

Бид ирээдүйд иргэдийн зах зээлд системийн хэмжээний том, хүртээмжтэй банк болох гол зорилготой. Үүний тулд мэдээллийн технологи, дижиталд суурилсан үйлчилгээгээр дамжуулан үйл ажиллагааныхаа зардлыг боломжит дээд хэмжээгээр багасгаж, тэр хэмнэлтээрээ зээлийн хүүг бууруулан иргэдийн зах зээлд санхүүгийн илүү үр ашигтай бүтээгдэхүүнийг санал болгох юм.

Сорилт бэрхшээлтэй тал нь яах аргагүй үгүй хүний нөөц. Сайн мэргэжилтэн олж авна гэдэг аз, залуу мэргэжилтнийг сайн мэргэжилтэн болгож бэлтгэнэ гэдэг ухаан, тэднийгээ тогтоон барина гэдэг бүр том асуудал юм. Өмнө нь сайн мэргэжилтнүүдийг дотоодын компаниуд өндөр цалин амлаж авдаг байсан бол одоо олон улсаас амьдралын таатай нөхцөл санал болгож өөртөө татдаг болсон байна. Хувь хүнийхээ хувьд залуу хүмүүс өөрийн ур чадвар, мэдлэг оюунаа үнэлүүлж, амьдралаа сайжруулж байгаад өмнөөс нь баярладаг. Харин ажил олгогч талаас харахад нэг ажилтан ирэх, явахаас илүү дотоодын зах зээлд, салбар бүрд тулгамдаж байгаа хүний нөөцийн нийтлэг асуудалд санаа зовж явдаг.

10.  Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Бид саяхан Олон улсын картын байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Ингэснээр М Банк UnionPay, Visa тэргүүтэй олон улсын картуудтай үйлчилгээгээ холбох боломж бүрдэх юм.

11.  Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Financial Times-ийн байнгын уншигч. Мөн дижитал банкны чиглэлээр дагнасан стратегич Крис Скиннер, “Банк 4.0” номын зохиогч Брэт Кинг тэргүүтэй салбарын томоохон төлөөллүүдийг цахим орчинд дагаж, өдөр тутмын мэдээлэл, энэ салбарт хийгдэж буй судалгаа, шинэ ойлголтуудтай тогтмол танилцдаг.

Мөн богино хугацааны сургалтуудад хамрагдах дуртай. Швейцар, Герман, Япон, Ирланд, Сингапур зэрэг улс орнуудад банк санхүүгийн чиглэлийн сургалтад хамрагдаж байсан. Энэ бүхний дотроос хамгийн үр дүнтэй, өгөөжтэй байсан нь Харвардын Бизнесийн сургуулийн "Executive education" гэх долоо хоногийн хөтөлбөр. Долоо хоног гэж байгаа ч угтаа дөрвөн өдөр л үргэлжлэх хуваарьтай тухайн сургалт 11 мянган ам.долларын төлбөртэй байсан нь анхандаа их л үнэтэй санагдаж байсан юм. Тэгсэн эхний өдрөөсөө л яагаад тийм үнэтэйгээ шууд л мэдрүүлж эхэлдэг юм даа. Ер нь энэ сургалтаас авсан мэдлэг, мэдээлэл одоог хүртэл ажилд минь тасралтгүй хэрэг болж, хөрөнгө оруулсан дүнгээ хэд дахин нугалж хэргээ гаргаж явна. Иймд чанартай сайн сургалтуудаас цаг, мөнгөө харамлахгүй байхыг боддог.



12.  Санал болгох ном, хөгжим, кино?

Нэг хэсэг дижитал банкны сэдвийг их сонирхсон юм. Сүүлийн үед банк санхүүгийн салбарыг хиймэл оюун хэрхэн өөрчлөх тухай сэдвийг голчлон судалж байна. Үүнтэй холбоотой эргүүлж тойруулж харах нь ихсэж байгаа “AI 2041: Ten Visions for Our Future” гэдэг номыг санал болгоё. Нэмээд “Harvard Business Manager” сэтгүүлийг энэ салбарт ажилладаг бол сонирхоод үзээрэй.

Кино, хөгжмийн тал дээр хуваалцаад байх зүйлгүй дээ. Өсөх наснаасаа сонсож ирсэн Modern Talking, Филипп Киркоров, Уитни Хюьстон зэрэг уран бүтээлчдэдээ хэзээд дуртай хэвээрээ.

13.  Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Аав ээж минь надад даруу байхыг л их сургадаг байсан юм. Хувь хүний онцлогоо харахаар нээрэн л даруу төлөв байхыг хичээж явах ёстой хүн гэж боддог.

Худалдаа Хөгжлийн Банкны Б.Мэдрээ Ерөнхийлөгч маань надад “Мөнгийг байна аа, хэмнэж байж хуримтлуулдаг юм шүү. Олсны хэмжээгээр үрэх бас тийм ч таатай эд биш дэг.” хэмээн хэлж байлаа. Банк бол асар их үйл ажиллагааны зардалтай салбар. Тийм ч болохоор тухайн үед “Энэ дайны юм хийхэд ийм зардал гарч л таараа, гарах ёстой зардал гарах л ёстой” гэж үздэг нөхөр байсан байх нь л дээ. Тэр үгээс хойш өөрийн хэвшмэл ойлголтоо аль болох эргэн сөхөж, дүгнэлт хийж, хязгаарлагдмал нөөцийг яаж үр дүнтэй зарцуулах вэ гэдгийг илүү ул суурьтай боддог болж өөрчлөгдсөн.

14.  Бусдад шидэх санаа?

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай л явдаг байх хэрэгтэй. Бууж өгөхгүй босоод цааш явах тэр дадлыг, сэтгэлийн хатыг өөртөө суулга. Алдчихсан гээд унжийгаад байж болохгүй. Ер нь хүн алдах бүрдээ ахиж тэр алдааг давтахгүй болж хөгжиж байдаг юм.