Наймдугаар сарын 8-нд зохиогдсон Data Summit-д оролцсон олон улсын мэргэжилтнүүдийн нэг нь Стефан Шлегл. Түүний хувьд Теслагийн Берлин хот дахь Gigafactory-д гурван жил ажиллаад өөрийн стартапаа босгож яваа энтрепренер инженер.
Монголчуудын нийтлэг нэгэн мөрөөдөл бол монгол компаниуд, тэр дундаа технологийн стартапууд олон улсын түвшинд хүрэх. Гэсэн ч сүүлийн жилүүдэд стартапуудын идэвх мэдэгдэхүйц унаж, шинэ стартап төрөх нь багассан тул хаа нэгтээ өөрийн мөрөөдлөө бодит болгохоор хичээн ажиллаж буй технологийн энтрепренерүүддээ урам өгөх үүднээс энэхүү ярилцлагыг хийлээ.
“Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлагын энэ удаагийн дугаараас Стефаны ажлын арга барил болон олон улсад стартапаа хөгжүүлж буй бодит туршлага, анхаарах ёстой зүйлсийг олж мэдээрэй.
Байршил: Берлин хот, ХБНГУ
Эрхэлдэг ажил: Үүсгэн байгуулагч/CTO, BlueAlpha Labs
Хэрэглэдэг гар утас: iPhone 12
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудас: LinkedIn

1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?
Мюнхений техникийн их сургуульд механикийн инженерээр суралцаж төгссөн. Аав маань механик инженерээр ажилладаг байсан болохоор энэ чиглэлийг сонгосон болов уу. Ялангуяа Германд энэ чиглэлийн төгсөгчид үргэлжлүүлээд магистрын зэргээ горилох нь нийтлэг. Тиймээс миний хувьд BMW-д дата анализын чиглэлээр дадлага хийхийн зэрэгцээ магистрын зэрэгтээ суралцсан. Магистраа төгсөөд Германдаа юмсын интернэтийн (IoT) чиглэлээр ажилладаг стартапд орсон. Тэндээ машин сургалт дээр суурилсан төслүүд дээр ажилласан туршлагатай. Жишээлбэл, Lidar технологи ашиглан цэнэглэх станц руугаа автоматаар очдог систем хөгжүүлж байлаа.
2020 оноос Берлин хотод Tesla-гийн автомашин үйлдвэрлэдэг Gigafactory-ийн бүтээн байгуулалт эхэлсэн. Герман шиг уламжлалт оронд Tesla шиг шинэлэг компани орж ирэхээр болсон нь чухал үйл явдал байсан юм. Ингээд үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхээс нь өмнө ажилд орж, таван хүнтэй өгөгдлийн чанарын багт data scientist-аар ажиллаж эхэлсэн. Жил гаруй ажиллаад Senior data scientist болон тушаал дэвшиж багаа ахалдаг болов.

Стартап, хувийн бизнесээ эрхлэх зэргийг бага наснаасаа сонирхдог байсан тул 2023 оны зун Tesla-гаас гарч, хэд хэдэн төсөлд гар бие оролцсон байна. Одоогоор хамтран үүсгэн байгуулсан BlueAlpha Labs стартап дээрээ төвлөрч буй. Хоёрхон сарын өмнө үүсгэн байгуулсан энэ стартап маань аливаа компанийн маркетингийн өгөгдлийг шинжилдэг. Компанийн төрөл бүрийн сувгийн маркетингдаа зарцуулж буй зардлыг бодит үр дүн буюу KPI-даа хэр зэрэг нөлөөлж байгаа харуулдаг гэсэн үг. Бид “Proof of concept” буюу санаагаа баталгаажуулах шатандаа явж байна. Мөн MVP - Minimum Viable Product буюу платформынхоо хамгийн эхний хувилбарыг хөгжүүлж байгаа.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Хамтран үүсгэн байгуулагч болон багийн хоёр гишүүн маань АНУ-д, харин миний бие болон өөр нэгэн гишүүн маань Европт амьдардаг. Бидэнд оффис байхгүй, бүгд зайнаас ажилладаг. Миний хувьд технологийн хөгжүүлэлт болон бизнес стратеги, маркетингаа хариуцдаг. Стартапын эхэн шатанд олон ажил хийх бол байдаг л зүйл.
Өглөө 7 цагт босоод шууд л ажиллаж эхэлнэ. Эхлээд 10-15 минут төвлөрөн сууж, тухайн өдөртөө юу хийхээ төлөвлөнө. Өдрийн 12-3 цагийг гадуур алхах, дасгал хийх, хоол идэхэд зориулж хоосон үлдээдэг. 12 цагаас өмнө барагтай л уулзалт, дуудлага товлохгүй, үдийн хоолны дараа товлохыг хичээдэг. Цагийн зөрүүнээс шалтгаалаад оройн 6 цагийн үед хамтран үүсгэн байгуулагч маань сэрдэг бөгөөд бид цаг гаруйн хугацаанд ярилцаж, чухал мэдээллүүдээ солилцоно. Хөгжүүлэлтийн төлөвлөгөө, явц, шинэ харилцагчид, маркетинг гээд бүх зүйлээ ярьдаг гэсэн үг. Ингээд л оройн 11-12 цагт хүртэл код бичиж, платформоо хөгжүүлж байгаад амардаг.


3. Таны ажлын арга барил?
Шаргуу ажиллаад ч хүссэн үр дүндээ хүрэхгүй байж болно. Тиймээс төлөвлөгөө хамгийн чухал. Хэзээ, юу хийж, юунд хүрэх вэ гэдгээ л байнга боддог байх хэрэгтэй. Цаг хугацаа бидэнд байгаа хамгийн үнэтэй хөрөнгө шүү дээ.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Код бичихдээ Visual Studio Code, хөгжүүлэлт хийхдээ Docker-ийг ашиглана. OneNote-ийг бас дурдаж болно. Аль болох бага апп, хэрэгсэл ашиглахыг хичээдэг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Бусдад ажлаа шилжүүлэх. Өөрийн хамгийн сайн хийж чадах ажилдаа л анхаарч, бусдыг нь чаддаг хүмүүст нь даатгах хэрэгтэй. Үүний тулд сул болон давуу талаа мэддэг байх нь зүй. Мөн аливаа ажлыг зохих түвшинд нь хийгээд дараагийн ажилдаа шилжих чухал.
Хөгжүүлэлт гэдэг хүмүүсийн бодож байгаа шиг хамгийн чухал зүйл биш. Хамгийн гол нь бодит асуудлыг шийдэх. Тиймээс тухайн асуудалтай бодитоор тулгарч байгаа хүмүүстэй ярилцах, санаа бодлыг нь сонсох хамгаас чухал. Энэ ажилд цагийн хязгаар гэж бараг байхгүй. Чадах чинээгээрээ тогтмол хийх хэрэгтэй.
Бүтээгдэхүүнээ аль болох хамгийн хурднаараа хөгжүүлээд хэрэглэгчдэд бодитоор ашиглуулж, санаа бодлыг нь сонсоод улам сайжруулах л цаг хэмнэх хамгийн сайн арга юм.


6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Компанийнхаа урт хугацааны төлөвлөгөөг хоёр долоо хоног тутамд шинэчилнэ. Технологийн, залуу компани учраас нэг удаадаа хэдэн сараар л төлөвлөнө. Хувийн ажлаа амралтын өдрүүдэд төлөвлөөд, ажлын өдөр бүрийн өглөө тухайн өдрөө илүү нарийвчлан төлөвлөдөг.
Төлөвлөгөө гаргахдаа өмнө нь Notion ашиглаж байгаад одоо бол Slack-ийг ашиглаж байна.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Дасгал хөдөлгөөн. Саяхан нохойтой болсон учраас ажлаас хөндийрөх, гарч орох шалтгаан нэгээр нэмэгдсэн. Мөн хэт их мэдээллийн урсгалаас аль болох хол байхыг хичээдэг. Наад зах нь хоол идэж байхдаа утсаа харахгүй, юм үзэхгүй байх.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Компаниа эхлүүлэхээс өмнө ажиллаж байсан хэд хэдэн төсөл маань одоо ч үргэлжилж байгаа. Хобби гэвэл өмнө нь хуучин автомашин засдаг байлаа. Хотод амьдардаг болсноос хойш боломж олдохгүй л байна.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Маш их зүйл сурна. Стартап үүсгэн байгуулбал зөвхөн мэргэжлээсээ гадна байгууллагын бүтэц, маркетинг борлуулалт гээд их олон зүйл сурдаг. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн тулд олон төрлийн зүйл хийх шаардлагатай болдог нь том компаниас их өөр шүү.
Бэрхшээлтэй тал гэвэл ажил, амьдралын тэнцвэр. Жишээлбэл, аливаа технологийн асуудлыг засах нь миний хариуцлага, надаас өөр хүн байхгүй. Тиймээс заримдаа хэт их ажиллах үе гарна.
Стартапаа эхлүүлээд л амжилтад хүрнэ гэдэг ховор зүйл. Олон хүнтэй харьцах, санаагаа сайжруулахад цаг их орно. Технологийн хүмүүс дотогшоо байх хандлагатай ч стартап эхлүүлж байгаа бол хүмүүстэй ярьж, харилцаж сурахаас өөр аргагүй.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Product Market Fit буюу бүтээгдэхүүн маань зах зээлд нийцэх эсэхийг турших шатандаа явж байна. Үүний тулд Paid Pilots буюу төлбөртэй харилцагчдын тоогоо нэмэгдүүлэхэд анхаарч байна. Эцсийн хэрэглэгчид яг юу хэрэгтэй вэ, бид ямар үнэ цэн өгч чадах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгаа гэсэн үг.
Технологийн салбарын аливаа асуудалд ихэвчлэн нэгээс олон шийдэл байдаг. Биднээс өөр шийдэл хөгжүүлж байгаа өрсөлдөгчид маань ажиллаж байгаа цагт бид ч гэсэн шаргуу хөдөлмөрлөх ёстой.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Технологийн чадварыг өөрөө туршиж үзэх, бусдын хийснийг судлах гэсэн хоёр л аргаар сайжруулж болно. Стартапаа хөгжүүлж байгаа энэ үед бол хийж үзэх, бусдын хийснийг харах замаар л суралцаж байна. Мөн чадварлаг хүмүүстэй хамт ажиллаж байх явцдаа олон зүйлийг сурдаг.
12. Санал болгох ном, кино, хөгжим?
“Good Will Hunting” киног, “Black Keys” хамтлагийг, “Freakonomics” болон “Clean Code” номыг санал болгоё.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Аав маань тодорхойгүй цаг үед тасралтгүй урагшлахыг сануулдаг. Ялангуяа хурдан өөрчлөгддөг, өндөр өрсөлдөөнтэй салбарт ажиллаж байгаа үед энэ зөвлөгөө их тустай байна.
14. Бусдад шидэх санаа?
Стартапаа эхлэх гэж байгаа бол шийдэхийг хүсэж байгаа асуудлыг нь чинь бодитоор туулж яваа дор хаяж 20 хүнтэй ярилц. Мөн асуудлыг шийдлээ гээд тэр чинь хангалттай орлого олох бизнес болох эсэхийг тооц. Товчхондоо хэрэглэгчдээс энэ төрлийн шийдэлд хэр их мөнгө төлөх талаар баримжаатай болох хэрэгтэй. Эхэндээ албан ёсны компани байгуулах гэж яарахгүй, Proof of Concept буюу санаагаа баталгаажуулахад л анхаар. Эрт эхэлж, хурдан хөгжүүлж, тогтмол сайжруул.


Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 2024.09.05 202.126.88.163
mna mongol zaluuchuud hze iim bolnoo keke, tiimee manaihaan. ghde yahaw manaihan hugjnuu hze negen tsagt