Өнгөрөгч есдүгээр сард “The Economist” сэтгүүлээс гаргасан “The Prince” найман ангит цуврал подкаст маш өндөр хандалт авч, одоог хүртэл сонсогчдын тоогоор олон улсад тэргүүлсээр байна. Хятадын Коммунист Намын хурал болохоос өмнөхөн Ши Жиньпиний амьдрал, ажлын замналын талаар сурвалжилж, БНХАУ-ын орчин цагийн хөгжил, хүч нөлөөний талаар олон талаас, маш өргөн хүрээнд судлан хүргэсэн энэ подкастын зохиол, найруулга, хийц нь энэ салбарт ажилладаг хүний хувьд үнэхээр сонирхол татаж байлаа.
Тиймдээ ч өөрийн “The Media Show” цувралаа завсарлаад байсан миний хувьд “The Prince” подкастыг бүтээгч, сэтгүүлч Сью-лин Вонтой “Unread”-ийн нэрийн өмнөөс уулзаж ярилцлаа. Сью-Лин Вон нь хятад гаралтай австрали сэтгүүлч бөгөөд Хятадын нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар дагнан бичиж Хятад, Хонг Конгод суурин сурвалжлагчаар ажиллаж байжээ.
Тэрбээр Хятадын эдийн засаг, технологийн томоохон компаниудын өсөлт, үйл ажиллагаа, Хойд Солонгосын асуудал, Хонг Конгийн бослого зэрэг анхаарал татсан сэдвүүдийг хөндөж ирсэн байна. Энэ удаа хийсэн “The Prince” подкаст нь “The Economist” сэтгүүлийн гол нийтлэл болж гарсан нь тус сэтгүүлийн түүхэнд анх удаа аудио нийтлэлээр ковер хийсэн тохиолдол болсон юм.
Байршил: Сингапур улс
Эрхэлдэг ажил: "The Economist" сэтгүүлийн сурвалжлагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 12
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Sue-Lin Wong (Твиттер)
Подкаст: The Prince
Ярилцсан: Ж.Хулан (Твиттер)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Австрали улсад төрж, өссөн австрали хүн. Австралийн үндэсний их сургуульд хууль болон Ази тэр дундаа Хятад судлалаар суралцсан. Энэ хугацаандаа буюу төгсөх курстээ Хятад руу солилцооны хөтөлбөрөөр явж суралцсан минь надад гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж, суралцах хугацаагаа сунгаж байлаа.
Буцаж ирээд сургуулиа төгсөөд Австралид менежментийн зөвлөхөөр ажилд орохоор олон газар өргөдөл явуулж, ярилцлагад орсон юм. Тэгээд нэг газрын ярилцлага ид дундаа явж байтал цаад хүн маань гэнэтхэн “Чи сэтгүүлч болох ёстой хүн юм шиг санагдаад байна” гэж хэлсэн. Би маш их гайхсан ч эргээд бодоход би тэдэнд сонирхож байгаа сэдэв, үзсэн харсан амьдрал, түүхээ маш их бадрангуй ярьсан юм шиг байна билээ.
Ингээд Сидней дэх “Reuters” агентлагийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, ажилд орж улмаар Шанхай, Бээжинд ажиллах болсон. Хятадын эдийн засгийн талаар багагүй сурвалжилж, Хятад-Хойд Солонгосын хилийн хотод байрлаж, тэндхийн бизнес эрхлэгчид, эдийн засаг, нийгэм гээд олон талаар сурвалжилга бэлдсэн. Үүний дараа Кени ч юм уу, Африкийн улс руу явахыг их хүсэж байсан ч шилжиж ажиллах боломж ер гараагүй.
Би хэдийгээр хятад гаралтай, мандарин хятад хэлээр ярьдаг, англиар бичдэг, энэ нь надад сэтгүүл зүйн ажлаа эхлүүлэхэд маш сайн гараа болсон ч олон жил Хятадын талаар бичих сонирхолгүй байсан тул аль болох тэндээс явахыг хүсэж байлаа. Гэвч тэр үед “Reuters” агентлаг Шэньжен хотод салбараа нээх гэж байсан тул намайг тийшээ томилсон. Тухайн үед маш олон технологийн компаниуд нээгдэж, технологи, бизнесийн төв болж байлаа. Улмаар “Financial Times” сонин ч Шэньженд салбараа нээх болсон бөгөөд надад санал тавьсан юм.
Ингээд би FT-д ажиллах болж Хятад болон өмнөд Хятадын эдийн засаг, цаашлаад Хонг Конгийн талаар бичиж байв. Тэгж байтал цаг үе ч өөрчлөгдөж 2019 онд Хонг Конгийн бослого, хөдөлгөөн гээд миний сурвалжлах сэдэв эдийн засгаас хальж эхэлсэн. Удалгүй ковид-19 гарч, цар тахал эхэлснээс хойш буюу 2020 оноос би “The Economist” сэтгүүлд ажиллах болсон.
Ер нь сурвалжлагчид эхлээд маш их мэдээний урсгал дунд, ачаалалтай агентлагуудад ажиллаж эхэлдэг шүү дээ. Тэгээд өдөр тутмын сонинд, тэгээд тойм, анализ бичдэг болно гэхчлэн яг л тэр замаар явсан. Мэдээнд өдөрт гурван мэдээ хийх гээд л гүйдэг бол одоо “The Economist” сэтгүүл долоо хоногт нэг дугаар гардаг тул арай аажуу хэмнэлтэй. Энэ нь ч бас миний хувь хүний зан төлөвтэй илүү тохирдог юм болов уу гэж боддог.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Сэтгүүлчийн ажлын нэг сонирхолтой тал нь өглөө бүр тухайн өдөр юу хийхээ огт төсөөлөх боломжгүйгээр сэрдэг. Ялангуяа, өдөр тутмын хэмнэлтэй хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд бол өнөөдөр хаана, юу болохыг тааж мэдэхгүй учраас үл мэдэх тэр байдалтай нүүр тулах нь сонирхолтой. Харин одоо долоо хоног тутмын хэвлэлд ажиллаж байгаа учраас өөр болсон.
Би хүүхэд байхаасаа л өглөө бүр сэрмэгцээ тэмдэглэл хөтөлж дадсан. Энэ нь заавал утга учиртай байх албагүй, би хүнд уншуулахыг хүсдэггүй, ер нь өөрөө ч эргэж уншаад байдаггүй. Зүгээр л бодлоо цэгцэлж, төвлөрч бичих нь надад өөрөө амралт, бясалгал юм шиг санагддаг. Тэгээд өглөөний цайгаа уугаад ажил руугаа явна. Очоод мэдээ, цахим товхимлууд унших гэхчлэн цаг үеийн мэдээллүүдтэй танилцдаг.
Мөн миний хувьд өглөө илүү бүтээмжтэй байдаг тул гүн төвлөрч шинэ нийтлэлийн судалгаа, ярилцлагын бэлтгэл зэрэг ажлуудаа амжуулдаг. Үүний дараа и-мейлээ шалгаж, хариулах гэхчлэн өдөр үргэлжилнэ дээ. Гэхдээ энэ бол ердийн өдөр гэж болно. Мэдээж гэнэтийн үйл явдал гарах, редактор шинэ даалгавар өгвөл цонхоор хараад, мейлээ уншаад суугаад байна гэж үгүй шүү дээ.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Би Evernote аппликейшний тусламжтайгаар ажлаа төлөвлөн зохион байгуулдаг. Мөн ажлын холбогдолтой хүмүүсийнхээ харилцах мэдээллийг хот, салбар бүрээр нь ангилж мэдээллээ хадгалдаг. Заримдаа бүр цаг нь болоогүй байсан ч гэрийнхэндээ төрсөн өдрөөр нь өгөх сонирхолтой бэлгийн санаагаа ч энд тэмдэглээд явдаг.
Сэтгүүлчдийн хувьд мэдээллээ боловсруулж Microsoft Word дээр файл нээгээд бүх мэдээллээ бэлтгээд, дахиж нэгийг нээж эцсийн нийтлэлээ бэлдээд л эргэж тэр файлуудаа нээдэггүй. Нэг хүнээс авсан хоёр цагийн ярианаас хоёрхон өгүүлбэрийг тухайн нийтлэлдээ ашиглаад үлдсэнийг нь дахиж хэзээ ч хардаггүй гэсэн үг шүү дээ.
Гэтэл тэнд тухайн үедээ холбогдолгүй ч, дараа нь хэрэг болох маш их мэдээлэл үлддэг. Тиймээс би Obsidian гэх программ ашигладаг болсон. Энэ нь яг л Word-той адил боловч файлуудаа түлхүүр үгээр таг хийж тэмдэглэх боломжтой.
Ингэснээр дараа нь сэдэвтэй холбоотой өөрт байгаа мэдээллээ эргэж харахад маш их дэмтэй, цаг хэмнэж өгдөг. Жишээ нь, би Индонезийн далдуу модны тосны талаар бичих бол эргээд файлаасаа далдуу мод гэж хайгаад хэрэгтэй хүмүүсийн яриагаа олох боломжтой юм.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Юун түрүүнд хэт олон аппликейшн хэрэглэхээс зайлсхийдэг. Тэнд нэг шинэ юм гарлаа гээд л тэр бүрийг туршиж, “нүүгээд” байх нь өөрөө маш их цаг үрсэн асуудал. Сэтгүүлч хүний хувьд дээр дурдсанчлан Microsoft Word хамгийн түгээмэл ашиглахаас гадна манай ажлын хувьд Google Docs түлхүү хэрэглэдэг. Утасныхаа Notes дээр тэмдэглэл хөтөлж, давхар Evernote ашиглаж ажлаа төлөвлөдөг. Мэдээж үүнээс гадна и-мейл, сошиал медиа аппликейшнүүд хэрэглэнэ дээ.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Миний нэг асуудал бол хэтэрхий их ажилладаг. Нэг төвлөрөөд, нэг орчихвол амрахаа мэдэхгүй. Гэхдээ ажлаа эмх цэгцтэй явуулах хамгийн зөв арга бол түр зогсоод бодолхийлэх. Нийтлэлээ яаж бичих, олсон мэдээллээ боловсруулах, ярилцлагын зочинтойгоо холбогдох гэхчлэн бидний ажил өндөр хэмнэлтэй боловч яг тэр эрчмээр нь яваад байвал санаа, зорилгоо алдах учраас түр зогсоод бодох юм бол дараачийн алхмаа төлөвлөхөд илүү хялбар, өргөн утгаараа илүү их цаг хэмнэнэ.
5. ПОДКАСТ ЯАГААД ХИЙХ БОЛСОН БЭ? БИЧДЭГ СЭТГҮҮЛЧИЙН ХУВЬД АУДИО НИЙТЛЭЛ ТУУРВИХАД ЯМАР БАЙВ?
Жилийн өмнө хамт ажилладаг хүн маань подкаст хөтлөх сонирхол бий юү гэж асуусан юм. Сэдэв нь Хятадын удирдагч Ши Жиньпин болон энэ улсын талаар гэхэд маш их сонирхолтой санагдаж байлаа. Гэхдээ бас тэр хэрээр бэрхшээлтэй санагдсан. Учир нь, тухайн үед би Хонг Конгод ажиллаж байсан бөгөөд миний визийг тодорхой шалтгаангүйгээр сунгахаас татгалзаад байсан юм.
Ингээд Хятадын тухай, тус улсын удирдагчийн тухай Хятад явалгүйгээр подкаст хийнэ гэхээр санаанд багтахгүй байлаа. Жо Байдены тухай Америкт очилгүйгээр сурвалжилга хийнэ гээд төсөөл дөө, яг л үүнтэй адил шүү дээ. Гэвч сайтар бодож, төлөвлөсний эцэст хамт олныхоо хүчээр ард нь гарлаа. Хүнд, хэцүү ажил байсан ч, ололт нь илүү арвин байсан. Бидний ажил энэ оны нэгдүгээр сард эхэлж есдүгээр сар гэхэд найман ангит цувралаа сонсогчдод хүргэсэн.
Миний хувьд гол төлөв эдийн засгийн чиглэлээр дагнан сурвалжилдаг тул ийм өргөн хүрээтэй сэдвээр нийтлэл бэлдэх нь хөдөлмөр шаардсан, хэцүү ажил байсан. Мөн эх сурвалжуудтай харилцахад хятадуудын хувьд удирдагчийнхаа талаар болон улс төрийн хувьд үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэггүй, ер нь эмзэг, хаалттай сэдэв учраас үүнийг сурвалжлах нь тийм ч амар биш. Гэсэн ч зөвхөн судалгааны явцад л гэхэд бид нийт 55 хүнтэй ярилцлага хийж, тэр бүр нь 5-8 цаг үргэлжилж байлаа.
Ингээд хэдэн зуун цагийн материалаа боловсруулж, подкаст нийтлэлийн зохиол гаргах, цуврал ангиудад багцалж төлөвлөх ажил явсан. Намайг Хятад, Хойд Солонгосын худалдааны асуудлаар бич гэвэл би анхаарах өнцгүүд нь юу байх вэ гэдгээ төвөггүй мэднэ. Харин Ши Жиньпиний амьдрал карьер, Хятадын орчин цагийн хүч нөлөө, хөгжлийн хандлагын талаар бичихэд анхаарах өнцөг юу байх билээ гэдгээ үргэлж санаж энэ олон цагийн материалыг боловсруулах амар байгаагүй.
6. ХҮЛЭЭН АВАГЧДЫН СЭТГЭГДЭЛ ЯМАР БАЙСАН БЭ?
“The Economist” сэтгүүлийн хувьд даацтай анализ нийтлэл гаргадаг учраас өөр хэлбэрийн бүтээлээр сонсогчидтой уулзах нь шинэлэг байсан. Бид сэтгүүл зүйн даацтай, чанартай хэр нь сонирхолтой, сонсогчидтойгоо харилцаж чаддаг контент хийхэд анхаарлаа хандуулсан. Наад зах нь аудио нийтлэл бичих нь сонин, сэтгүүлийн бичгийн хэлнээс тэс өөр учраас би яг л шинэ ажилтан шиг догдолж, суралцаж ард нь гарсан.
Хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд сонсогчдод ямар санагдах бол гэж бодохоос надад ч хэцүү байлаа. Би хэдийгээр хятад гаралтай боловч эх газрын хятад хүн биш, тэнд өсөөгүй, зөвхөн гадаадын сурвалжлагчийн нүдээр Хятадын талаар сурвалжилдаг сэтгүүлч шүү дээ. Тиймээс тухайн газар орны иргэд юу гэж хүлээж авах бол гэдгээс эмээж байлаа. Харин подкаст цацагдсаны дараа маш олон хятад сонсогч таалагдсанаа хэлж, талархлын мессежүүд илгээж байсан. Мөн Англи, Америк гээд олон улсын сонсогчдын хүрээлэл бий болжээ.
Хятад сонсогчид болон бусад гадаад хүлээн авагчдын хувьд арай ялгаатай хандлага харагдаж байлаа. Хятадуудын хувьд хоёр мөчийг онцгойлон дурдаж байсан юм. Нэг нь 2008 оны Бээжингийн Олимпын наадам. Надад ч бас энэ үйл явдалтай ангийг хийж байхад тэр үед төрж байсан өөдрөг сэтгэгдэл минь санаанд орж байлаа. Би тухайн үед өөрөө сурвалжилга хийж, Хятад орон нээгдэж, супер хүч эргэн сэргэж байгаа мэт санагдаж байсан.
Өөр нэгэн үйл явдал нь Шанхайн хөл хорионы үеэрх цаг үе. Зөвхөн Шанхай хотод хатуу хөл хорио тогтоож, иргэд гэрээсээ “Маргааш илүү сайхан болно” гэх хятад дууг дуулж байсан үе юм. Энэ дуунаас итгэж найдвар тээсэн сэтгэл мэдрэгддэг. Яг л удахгүй хөл хорио дуусна, удахгүй ковид дуусна, удахгүй ирэх цаг хугацаа илүү сайхан болно гэж буй мэт.
Гэвч энэ бүхнийг эргээд бодохоор Хятад орон тэрхүү цаг хугацаанаас хойш илүү хаалттай, илүү авторитар хандлагатай болжээ. Тиймээс надад маргааш үнэхээр илүү сайхан байх болов уу, тийм бол хэнд илүү сайхан болох вэ? Хятадын ард түмэнд үү, эсвэл Хятадын коммунист намд уу гэсэн эргэлзээтэй бодол төрж байлаа. Энэ нь энгийн иргэдэд ямар үр нөлөөтэй байх вэ гэхчлэн олон асуулт төрж байсан нь хятад сонсогчдод ч бас хүрч туссан бололтой.
Харин бусад гадаад сонсогчдын хувьд арай өөр. Илүү анализыг нь ойлгох гэж сонсож байна. Мөн бидний ярилцсан дүрүүд их сонирхолтой байх шиг байсан. Томоохон сошиал медиа компанийн захирлууд, Америк руу дүрвэсэн хятадуудын яриа анхаарлыг нь татсан байх. Энэ мэтчилэн сонсогч өөрөө хэн бэ гэдгээс шалтгаалаад хүлээж авах байдал нь ялгаатай.
7. ПОДКАСТЫГ ИЛҮҮ ХӨНГӨН, ЗУГААТАЙ ЯРИА ӨРНҮҮЛЭХ ХЭЛБЭР ГЭЖ ХАРАХ ХҮМҮҮС БИЙ. ХАРИН СЭТГҮҮЛ ЗҮЙН ДААЦТАЙ АГУУЛГА БЭЛТГЭХЭД ЯМАР САНАГДСАН БЭ?
Хамтран ажилласан багийнхан маань надад аудионд зориулж бичих өөр гэдгийг их хэлж байлаа. Найзтайгаа кофе уунгаа ярьж өгч байгаа мэт энгийн байх ёстой, учир нь хүмүүс подкастыг автобус хүлээх зууртаа, хоолоо хийхдээ, юм угаахдаа гэхчлэн ямар ч үед сонсож болдог. Энэ утгаараа үг хэллэг, агуулга, хэлбэр нь аль болох энгийн байх ёстой юм байна гэдгийг бодож байлаа.
Гэхдээ бас мэдээж чихэвчээ зүүгээд анхааралтай сонсох хэрэгтэй подкастууд ч бий. Тэгэхээр өгүүлэх гэж байгаа сэдэв, агуулгаасаа хамаараад ямар ч найруулгатайгаар сэтгүүл зүйн даацтай бүтээлийг подкастаар хүргэх боломж бий гэж бодож байна.
Сайн сэтгүүл зүйн бүтээлийн суурь нь судалгаа гэдэгтэй маргах хүн үгүй байх. Энэ сууриа сайн тавьсан бол нийтлэл, нэвтрүүлгийнхээ бүтэц, зохиолыг гаргахад хялбар байх болно. Сэдвээ гүн судлаагүй, ойлгохгүй бол юу хэлэхээ мэдэхгүй шүү дээ. Энэ даваагаа давсан байхад хүргэх хэлбэр чинь подкаст байна уу, нийтлэл байна уу хамаагүй байх. Миний хувьд үүнийг үргэлж анхаардаг бөгөөд ямартай ч хүмүүст хүрэх бүтээл гараас минь гарчээ.
Сонирхуулахад, энэ подкастын хөгжмийг ч тусгайлан зориулж шинээр бичсэн. Сингапурт байдаг авьяаслаг хөгжмийн зохиолч бидэнтэй ажилласан юм. Өөрөө хятадын уламжлалт хөгжмийн зэмсгүүдээр тоглодог басхүү төгөлдөр хууртай хоршсон гоёмсог хөгжим хийж өгсөн нь олон хүний сэтгэлд хүрсэн. Зохиолтой уялдаатай, сэтгэл хөдөлгөсөн мөчүүдэд нутаг оронтой нь холбоотой аялгуу тоглох зэргээр зохиомжилсон юм. Энэ мэтчилэн жижиг хэсэг бүрд анхаарч ерөнхий продюсер, продюсер, дууны найруулагч зэрэг үндсэн таван хүнтэй баг болон Хятад дахь 10 хүнтэй баг мөн ажилласан.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Би саяхан Индонезид бясалгалд суугаад ирлээ л дээ. Дөрвөн өдөр утсаа унтраагаад бүхий л төрлийн бясалгал хийдэг. Жишээ нь, хоол идэж байгаа бол үнэр, амтыг нь мэдэрч, удаанаар зажлах гэхчлэн. Энэ бясалгал их сайхан байлаа. Учир нь, бидний ажлын онцлог бол толгой маань үргэлжилж ажиллаж байдаг.
Бас найз нөхөд гэрийнхэнтэйгээ цаг өнгөрүүлэх дуртай. Мөн боломж гарвал усанд сэлнэ, иог хийнэ. Хэдийгээр маш тааруу тогооч боловч хоол хийх дуртай.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Үнэнээ хэлэхэд сэтгүүлчийн ажлын хажуугаар өөр зүйлд зарцуулах цаг байдаггүй. Гэхдээ энэ бол миний дурлаж хийдэг зүйл. Би ийм дуртай зүйлээ ажлаа болгосон нь үнэхээр азтай. Бага байхаасаа л маш сониуч хүүхэд байсныг ээж маань хэлдэг юм. Нэг хүүхэд уйлж байвал очоод зүгээр эсэхийг нь асуугаад, ярилцаад л. Тэр чанар минь намайг хөтөлсөн байх. Үүнийгээ ажил, мэргэжлээ болгож, үүгээрээ амьдарч, маш сонирхолтой хүмүүстэй уулзаж, тэдэнд асуулт тавьж, суралцаж, танин мэдэх нь гайхамшигтай байдаг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Сорилттой тал нь гэвэл би ихэнхдээ Хятадын асуудлыг сурвалжилж ажиллажээ. Гэтэл энэ нь олон улсын сэтгүүлчийн хувьд тийм ч таатай мэргэшсэн чиглэл биш болж байна. Би Хятадын тухай сурвалжилдаг хэр нь Хятадад байдаггүй маш олон сэтгүүлч мэднэ. Тэдний визийг олгохгүй удаах гэхчлэн янз бүрийн шахалт үзүүлж байна.
Нөгөөтээгүүр АНУ-ыг аваад үзсэн ч өмнөх Ерөнхийлөгч нь сэтгүүлчдийг үргэлжилж доромжилдог, хуурамч мэдээлэлтэй холбодог, энэ мэргэжлийн нэр хүндийг унагаж ирсэн. Ер нь Азийн бүс нутагт авторитар үзэл хандлага давамгай болж хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдах хандлагатай болж байгаа нь сэтгүүлч хүний хувьд санаа зовоож байна.
Мөн өргөн утгаараа медиа бизнесийн орчин маш их хүндрэлтэй тулж байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага хэрхэн санхүүжих вэ, энэ экосистем хэрхэн эрүүл бизнесийн орчин байх ёстой вэ гэдгийг хөндөн ярьж байна. Олон компани өрөнд орж, үүдээ барихгүйн төлөө тэсвэрээ шалгаж байна шүү дээ.
Сэтгүүлчийн хувьд бол урьд нь бусдын хөндөж байгаагүй асуудлыг, өөр шинэ өнцгөөс харуулж чадвал сэтгэл дүүрэн байдаг. Хийж буй ажил маань дэлхий ертөнцийг дордуулах зүйл биш байгаасай гэж боддог. Миний хийдэг сэтгүүл зүй тийм биш ч гэж бодож байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би Зүүн өмнөд Ази, тэр дундаа Индонези, Малайзын асуудлаар сурвалжилдаг болж байгаа. Тиймээс удахгүй хоёр сарын хугацаатай индонези хэлний сургалтад хамрагдах гэж байна. Маш сонирхолтой санагдаж энэ бүс нутагтай холбоотой ном, зохиол бүтээлүүдийг судалж байна.
Бүхэл 10 жил Хятадын тухай сурвалжилсны дараа цоо шинэ хуудас эхлүүлж буй мэт сонирхолтой санагдаж байна. Хэл сурахдаа AnkiApp ашиглаж, шинэ үгсээ тогтоодог юм. Мөн Индонези дэх найзуудтайгаа холбогдож тэдний амьдрал ахуй, соёл уламжлалаас суралцах боломж гараад байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Миний хамгийн дуртай ном бол “Little Women”. Би хэдэн удаа уншсанаа ч санахгүй байна. Энэ зохиолоор бас олон кино бүтээл гарсан. Бүх цагийн үеийн дуртай кино минь “Gilmore Girls” цуврал. Гол дүрийн охин Рори сэтгүүлч болдог шүү дээ. Австралид энэ киног хүүхэд байхаасаа л үзэж өссөн нь надад ойр санагддаг байж мэднэ. Харин дууны хувьд би мандарин хятад хэлээрх дуунуудад дуртай. Хэлээ мартахгүй байхад маань ч энэ тусалдаг. Бас би караокед дуулах их дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Ахлах сургуульд байхад эрхлэгч маань “Чи таатай, тухтай байгаа тэр газраасаа холдсон цагт л өсөж, хөгжих болно” гэж хэлдэг байсан юм. Би хүнд, хэцүү зүйл хийх бүрдээ энэ үгийг өөртөө сануулдаг. Хэцүү байлаа ч, би өсөн хөгжиж байгаа гэж бодох нь сайхан байдаг. Би дуртайдаа, хялбархан байсан болохоор л сэтгүүлч болоод Хятад явчихсан юм биш. Олон сорилтыг давсан, гэхдээ тэр бүр нь надад гүн, сайхан туршлага болж үлдсэн.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Дээр дурдсан “Gilmore Girls” кинон дээр Роригийн хүсэл мөрөөдлөө хуваалцаж байгаа хэсэг байдаг. Чи аливаа төсөөлж байгаагаасаа, өөрийн буйгаасаа том зүйлийн нэг хэсэг болж байж хорвоо ертөнцийг танин мэднэ гэдэг. Ямар ч хүн, Монголын хөдөө, алс сууринд амьдран буй хэн ч бай илүү том зүйлд тэмүүлж, илүү том зүйлд гар бие оролцох хүсэл мөрөөдөл дүүрэн байвал хорвоог танина шүү гэдгийг залуу уншигчдад хэлье.
С Сэтгэгдэл 2022.11.18 100.36.147.187
Азид авторитар дэглэм тогтох хандлагатай байгаа нь нэг талаар хятадын хөгжилтэй холбоотой. Хятадын хөгжлийг харж үлгэр авч буй орнууд жишээ нь манайх байна. Нөгөө талаар засаг нь хүчтэй байснаар барууныхнаар тоглуулаагүйнх ч байх
M Moogii 2022.11.18 103.161.242.77
What an inspiration! You’re so creative and brave! These days politics of China, Hong kong that’s getting more serious. Its not an easy topic that every journalist cant handle to deep into it. Good luck!