Тоёота болон Лексус брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер компани болох “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь автомашины чиглэлээр мэргэшсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор ТОЁОТА-Тэтгэлэгт хөтөлбөрийг уламжлал болгон зарладаг билээ. Өнгөрсөн жил ХААИС болон ШУТИС-ийн салбар сургуулийн нийт 27 оюутан шалгарч, тэтгэлэг хүртэж байв.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийг автомашины мэргэшсэн механик инженерүүдийг бэлтгэх зорилгоор, T-TEP хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн Авто инженерчлэл, Машины электрон систем болон Авто хөдөлгүүрийн инженерчлэл гэсэн гурван хөтөлбөрийн 3, 4 дүгээр түвшинд энэ хичээлийн жилд элсэн суралцах оюутан залуусаас сонгон шалгаруулах юм. Шалгарсан оюутнуудыг албан ёсны дилерүүд болох “Таванбогд”, “Мөнххада”, “Топ Моторс” компаниудад дадлага хийх боломжоор хангах болсноороо онцлогтой.
Автоматжуулалт, цахилгаанжуулалт зэрэг шинэ технологиуд хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед эдгээр ур чадварыг цаг алдалгүй эзэмших, мэдлэг мэдээллээ сайжруулах нь тун чухал ба тус салбарын боловсон хүчний мэдлэг, ур чадвар, хүчин чармайлт нь Тоёота болон Лексус брэндийг улам бэхжүүлж, хүн бүрийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал билээ.
Энэхүү зорилгын хүрээнд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нийт 10 оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөр буюу зургаан сая төгрөг хүртэлх мөнгөн тэтгэлэг олгоно. Бүртгэлийн хугацаа наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 12-ны хооронд үргэлжлэх юм.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуульд авто инженерчлэл, машины электрон систем, авто хөдөлгүүрийн инженерчлэлийн аль нэг хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд гурав эсвэл дөрөвдүгээр түвшинд элсэн суралцах оюутан байх
- Суралцсан хугацааны голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Бусад тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх
- Тоёота гэр бүлийн гишүүн болох чин хүсэл, эрмэлзэлтэй байх
- Нийгмийн идэвхтэй, урлаг, спортын амжилт үзүүлж байсан бол давуу тал болно
Энэхүү тэтгэлэг нь зөвхөн санхүүгийн тусламж үзүүлэх төдийгүй оюутнуудын хичээл зүтгэл, авьяас чадвар, ирээдүйн боломжийг бий болгоход чухал үр нөлөөтэй билээ. Иймд тус тэтгэлэгт хамрагдсанаар оюутнууд та бүхний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, өсөлт хөгжилтийг улам хурдасгана гэдэгт найдаж байна.
Материал хүлээн авах: ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн сургалтын алба