Монголын к-поп сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй тоглолт бол “Super Concert”. Уг тоглолтод "Evandis" энтертайнментын урилгаар дуучин, жүжигчин Rain, 2NE1 хамтлагийн дуучин Дара тэргүүтэй Солонгос уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм. Иймд манай редакц тус тоглолтыг зохион байгуулж буй "Evandis" энтертайнментын Үүсгэн байгуулагч Ко Сунг Хуныг шинэ дугаартаа онцолж, цаашдын зорилго, алсын хараа болон ажлын арга барилтай нь танилцлаа.   

Байршил: Юнион Бюлдинг, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: "Evandis" энтертайнментын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: 14” MacBook Pro


1. таны мэргэжлийн замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Одоогоос 25 жилийн өмнө буюу бага сургуульд байхдаа эцэг эхийн хамт анх удаа Монгол оронд ирж байлаа. Тэд маань Монгол дахь Солонгос Их сургуульд профессороор ажиллахаар болсон хэрэг л дээ. Эхэндээ өөр улс, ондоо хэл соёлд дасан зохицоход тун бэрх байсан ч гитар хөгжмөөр дамжуулан тухайн нөхцөл байдлыг илүү өөдрөгөөр хүлээн авах болсон. Бараг бүтэн жил өрөөнөөсөө гаралгүй гитартайгаа найзалж, нэг л мэдэхэд Монгол миний хоёрдахь эх орон шиг санагдах болж, дуу хөгжимд ч татагдаж эхэлсэн.

2013 он шиг санагдаж байна. Оюутан байхдаа “Universe Best Songs” наадамд оролцож, шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарснаар урлагт хөл тавьж байлаа. Би одоо ч гэсэн дуулах дуртай. Заримдаа уран бүтээлчийн хувиар тайзан дээр гарах нь ч бий. Харин энтертайнмент салбарын карьер маань 2019 онд БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран арга хэмжээ зохион байгуулж эхэлснээс үүдэлтэй.

Би багаасаа л өөрт байгаа, өөрийн мэдэх сайхан зүйлсээ бусдад таниулах хүсэлтэй хүүхэд байсан. Тэр ч утгаараа дуу хөгжмөөр дамжуулан Монгол болон олон улсын хооронд соёлын солилцоо бий болгох зорилгоор "Evandis" энтертайнментыг үүсгэн байгуулсан хэрэг.

Бидний алсын хараа бол олон улсын жишигт нийцэхүйц, энтертайнмент, боловсрол хосолсон компани болох явдал юм. Боловсролыг чухалчилж буйн учир нь, аливаа зүйлийн нөлөөг өөртөө хамгийн ихээр шингээж авдаг хүмүүс бол өсвөр насныхан. Харин энэ цаг үед тэдэнд хамгийн их нөлөө үзүүлж буй салбар бол урлаг. Тиймээс бид өсвөр үеийнхэнд урлагаар дамжуулан соёлын боловсрол олгохоор зорьж байна.

2. таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Хүмүүс намайг энтертайнмент компанийн захирал гэхээр ихэд завгүй, нарийн цагийн хуваарьтай нэгэн гэж бодож магадгүй. Үнэндээ энтертайнментаас гадна хэд хэдэн хувийн бизнес давхар эрхэлдэг учраас ажлын цагийн хуваарь дээр аль болох уян хатан байдлыг чухалчилдаг.

Өглөө босоод юун түрүүнд өнөөдрийн ажлын хуваариа шалгана. Өдрийн турш олон уулзалт хийж, цаг өнгөрч байгааг ч анзаараагүй байтал өдөр дуусах нь элбэг. Харин гэртээ ирээд маргаашийн уулзалтууддаа хэлэлцэх зүйлээ бодож, дэвтэртээ цэгцэлж бичээд орондоо ордог.


3. таны ажлын арга барил?

Ажлыг хийх тусам багасах биш улам ихэсдэг юм байна. Тиймээс олон ажил “уяад” байлгүйгээр түншүүдтэйгээ шударга харилцахыг эрхэмлэдэг гэх үү дээ. Олон ажлаас аль нь илүү чухлыг эргэцүүлж үзээд тийм бол тийм, үгүй бол үгүй гээд шулуухан хариу өгөхийг хичээдэг. Гэхдээ татгалзсан хариу өгөх ч яггүй хэрэг шүү. Нээрээ ч чухал юм болов уу, дахиад нэг бодож үзэх хэрэгтэй юу гээд л.

Солонгос, Монгол дахь бизнесийн зарчим эрс тэс. Солонгост “хурдан, хурдан” гэдэг тушаал авсан мэт цаг хугацааг хатуу чанга баримтлан ажилладаг. Үүнийг эерэгээр харвал, ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд тустай боловч бүтээлч сэтгэхүйд саад болох сул талтай.

Харин монголчуудын бодол, сэтгэлгээ газар нутаг шигээ уудам, холч байх нь элбэг. Тиймдээ ч аливаа асуудалд уужуу ухаанаар хандаж, шинэ санаа сэдэх, бүтээлчээр сэтгэхдээ тун гаргууд. Миний хувьд хийж буй ажлаараа дамжуулан Солонгос, Монгол орныг тодорхой хэмжээнд холбодог учраас аль аль арга барилыг нь хослуулж л явна. Оффисын ажилд Солонгосын шуурхай, зарчимч байдлыг баримталдаг бол бүтээлч үйлсдээ монголчуудын номадик хандлагыг өөриймшүүлэхийг хичээдэг.


4. ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Ажил хэргийн харилцаан дээр Telegram, Viber аппуудыг түлхүү ашигладаг.


5. цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Зарим хүмүүс ажилд “хөөгдөж”, хүчээр ажил хийж амьдардаг. Харин зарим нь ажлыг аз жаргал, тав тух мэдрэх хэрэгслээ болгодог. Миний хувьд хоёр дахь төрөлд нь багтдаг учраас цагт багтааж ажиллахыг хичээх биш нөөц боломждоо тааруулж ажилладаг. Тухайлбал, олон ажил зэрэг давхацвал хамгийн чухлаас нь эрэмбэлж, өнөөдөртөө амжихааргүй уулзалт гарвал уучлал ирэн өөр өдөр товлохыг эелдгээр хүснэ.

6. хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Гар утас миний хувийн менежер л гэсэн үг. Гэвч ачаалал ихтэй үед зарим ажлыг анзааралгүй өнгөрөх тохиолдол гардаг тул ажлын хуваариа эргэн тойрныхоо хүмүүст давхар хэлж, сануулах зорилгоор хуваалцдаг.


7. эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Унтах. Сүүлийн үед тоглолтдоо санаа зовсондоо ч тэр үү, нойр хулжиж, дөрвөөс илүү цаг унтаж чадахгүй юм. Гэхдээ эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих нь бидний хувьд хамгийн чухал. Тиймээс томоохон ажил эхлэхийн өмнө ч, дараа нь ч багийнхнаа сайтар амраахыг чухалчилдаг. Энэ удаагийн тоглолтоо дуусгаад л бүгд бүтэн нойртой хонох байх.

8. үндсэн ажлын хажуугаар дурлаж хийдэг төсөл | ажил бий юу?

Ажлын бус цагаар их сургуулийн үзэсгэлэн, төгсөлт зэрэг боловсрол, соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.


9. хиЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ?

Миний ажлын онцлог бол маш олон төрлийн хүнийг маш богино хугацаанд холбож, хоорондын харилцаа холбоог нь тогтоох явдал. Нэг л удаа болоод өнгөрөх тоглолт мэт боловч энэ хооронд соёл, урлаг, санхүү гээд төрөл бүрийн харилцаа өрнөж байгаа шүү дээ. Тиймээс би өөрийн хийж буй ажлыг хамгийн дөт замаар соёлын солилцоо үүсгэх боломж гэж хардаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?

Нэг удаа би урлагийн хүрээллийнхэнтэйгээ уулзалт хийхээр боллоо. Тухайн үед “Super Concert”-ын талаар бодож ч үзээгүй байсан юм. Уулзалтын үеэр Монголд тоглолт зохион байгуулах талаар болон “Your Valentine” тоглолтыг зохион байгуулсан туршлагаасаа хуваалцахад бусад маань ч санал бодлоо хэлж, ярианы сэдэв улам өргөжсөөр нэг л мэдэхэд “Super Concert”-ыг зохион байгуулах шийдвэрт хүрсэн.

Манай энтертайнмент өнгөрөгч хоёрдугаар сард Солонгос, Монгол уран бүтээлчдийн хамтарсан “Your Valentine” тоглолтыг зохион байгуулсан. Харин энэ удаа к-поп дуучин, жүжигчин Rain, 2NE1 хамтлагийн дуучин Дара тэргүүтэй Солонгос уран бүтээлчдийг урьж, “Super Concert” тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Солонгос уран бүтээлчдийн энтертайменттай хэлэлцэх явцад өмнө нь Монголд ирж байгаагүй нь харилцан ойлголцож чадаагүйтэй холбоотой байж дээ гэдгийг анзаарлаа. Монголд тоглолт хийх саналууд өмнө нь их ирсэн ч 90 гаруй хувьд нь энтертайнмент талаас татгалзаж байсан гэв.

Учир нь тоглолт зохион байгуулахаа цуцлах, эргэж буцах асуудлууд Монгол талаас үүсэж байсан болохоор энэ удаа ч бас тэгэх болов уу? гэж болгоомжилж байсан нь мэдээж. Гэхдээ бид өмнөх үл ойлголцлыг залруулж, хэлэлцээрт хүрсэн болохоор энэхүү тоглолтыг хоёр улсын аль аль талд нь сайхан туршлага бас дурсамж болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

"Super Concert"-ын тасалбарыг эндээс аваарай.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?

Олон төрлийн бизнес зэрэг эрхэлдэг гэж өмнө нь хэлсэн дээ. Тэгэхээр яалтачгүй ажлаа хийх үйл явцаасаа олон чадварт суралцана. Гадаад хэлний сургалтын төв, энтертайнмент бизнес, боловсрол, соёлын үйл ажиллагаа, хувийн уран бүтээл зэрэг олон "давхар дээл"-тэй болохоор дараах гурван чадварыг өөриймшүүлж байгаа юм болов уу гэж хардаг. Тэдгээр нь: Харилцан ойлголцол, хариуцлага, мөн гэнэтийн нөхцөл байдлыг шийдвэрлэх чадвар.

Ажлын маань хүрээнд олон улсын харилцаа түлхүү өрнөдөг тул урьдчилан тааварлаагүй асуудлуудтай тулгарах нь элбэг. Гэхдээ тэдгээрээс зугтахын оронд хариуцлагатай, ухаалаг байдлаар шийдвэрлэхийг эрхэмлэдэг дээ.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Кино - “August Rush” (2007) киног онцолъё. Нью-Йорк хотод нэгэн ядуу хүү гитар тоглон, амьдралаа өөрчилж буй тухай өгүүлдэг болохоор тэр киног үзэж, гитар хөгжмийг илүү хичээнгүйлэн сурч эхэлсэн.
Дуу - Америкийн дуучин, дуу зохиогч, хөгжимчин Жон Майерийн “Stop This Train” (2006) дууны үг маш их таалагддаг. Өөрийн амьдралыг галт тэрэгтэй зүйрлэн, энэ галт тэрэг яг одоо зогсоосой хэмээн өгүүлдэг.

13. авч байсан хамгийн сайн зөвлөгөө

Амьдралдаа мөрдлөг болгодог солонгос зүйр үгс байдаг нь:

1. Зугтаж чадахгүй бол зугаац (피할 수 없으면 즐겨라). Зугтаж чадахгүй бол тухайн нөхцөл байдлыг өөдрөгөөр хүлээн аваарай гэсэн утгатай.
2. Би яг одоо байж болох хамгийн зөв газраа байна (내가 지금 있는 곳은 최고해요).

Өмнө нь хэлсэнчлэн, би өөрийн хүсэлтээр бус, эцэг эхийнхээ шийдвэрийг дагаж Монголд ирсэн. Эхэндээ надад хэцүү зүйл тохиолдох ч юм уу саад бэрхшээл тулгарах бүрдээ хэн нэгэнд гомдоллодог хүүхэд байлаа. Тиймээс би “Одоогийн бодит байдалдаа гомдоллосоор байх уу? Эсвэл өөрийгөө баяр хөөртэй болгож чадах зүйлийг хайж олж, хийж бүтээх үү?” гэдгийг бодож эхэлсэн. Уг нь Солонгост үлдэх нь надад хамгийн амар сонголт байх шүү дээ. Гэхдээ би Монголд байгаагаа боломж хэмээн хүлээж авсан учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн болов уу гэж бодож байна.


14. бусдад шидэх санаа

Өвдөлтгүй өсөлт гэж үгүй (고통 없는 성장은 없다). Бүх зүйл болоод өнгөрсний дараа харамсах бус одоогийн нөхцөл байдалдаа хамгийн сайнаараа хичээгээрэй. Учир нь энэ сонголтыг хийсэн хүн нь гагцхүү чи бөгөөд үүрэх хариуцлага нь ч бас чиний нуруун дээр бий.