Өнөөдрийн дугаартаа бид дэлхий даяар олон зуун мянган бизнесийг үүлэн технологиор хангадаг, АНУ-ын Сан Франциско хотод төвтэй "Salesforce" компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал М.Сувдмааг урилаа. Түүний ажилладаг "Salesforce" компани ажлын харилцааны тэргүүлэх платформ Slack-ийг 27.7 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсныг өнөөдөр албан ёсоор зарласан билээ. Вэб үйлчилгээгээр анхдагчдын нэг болох "Yahoo!" компанийн анхны монгол ажилтан болж карьераа эхлүүлсэн тэрээр АНУ-ын АНУ-ын Иллинойсын их сургуульд компьютерын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, цахиурын хөндийд Microsoft, Adobe зэрэг технологийн шилдэг компаниудад удирдах албан тушаал хашсан юм. Өдгөө ирээдүйд өсөн дэвжих боломжтой гарааны бизнесүүдэд анхны хөрөнгө оруулагч болж, мэдлэг, туршлагаа хуваалцаж байна. 

Байршил: АНУ, Калифорниа муж, Окланд хот
Эрхэлдэг ажил: "Salesforce" компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone X (хувийн болон ажлын)
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Suvda Myagmar (Linkedin)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Цахиурын хөндийд 12 жил ажиллахдаа жижиг стартап болон технологийн томоохон компаниудад программ хангамжийн инженер, бүтээгдэхүүн хариуцсан менежер, технологи хариуцсан захирал, үндэслэн байгуулагч зэрэг олон чиг үүрэгтэй ажил гүйцэтгэж ирсэн. Карьераа эхлэхээс өмнө АНУ-д инженерийн сургалтаар тэргүүний сургуульд тооцогддог Иллинойсын их сургуульд компьютерын шинжлэх ухааны доктор зэрэг хамгаалсан юм. Оюутан байхдаа IBM, "Motorola", "Hewlett-Packard" (HP) зэрэг компанид дадлага хийж, ажлын гараагаа "Yahoo!" компанийн анхны монгол ажилтан болж эхлүүлж байлаа. Дараа нь "Microsoft", "Adobe", "Salesforce" зэрэг технологийн топ компаниудад жирийн инженерээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал хүртэл дэвшин ажилласан.

Энэ завсар өөрийн технологийн гарааны компанийг байгуулж, бизнес аналитикийн бүтээгдэхүүн хөгжүүлсэн юм. Хамтран зүтгэгчидтэйгээ нийлэн гал тогооныхоо ширээн дээрээс бүхнийг эхлүүлж, хөрөнгө оруулалт босгож, үйл ажиллагаагаа жигдрүүлсний эцэст бизнесээ зарсан түүхтэй. Гарааны бизнес бол бүх зүйл нь шинэ, сонирхолтой байсан учраас их зүйл сурч, туршлага хуримтлуулсан. Одоо буцаад том корпорацын зөөлөн суудалд сууж байна даа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өөрийн хариуцсан технологийн шийдэл, программ хангамжийн апп зэрэг бүтээгдэхүүнүүдээ амжилтад хүргэх нь миний ажлын гол зорилго. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, хэрэглэхэд амархан болгохын тулд бүх үйл явц, шийдвэрт оролцдог. Тиймээс ажлын нэг өдөр маань ар араасаа цуварсан хурал, уулзалтаар дүүрэн байдаг даа. Хөл хориотой, гэрээсээ ажиллаж байгаа ч ажлын хэмнэл өмнөхөөсөө нэг их өөрчлөгдөөгүй. Дэлхийн олон орны инженер, мэргэжилтнүүдтэй онлайнаар харилцаж ажилладаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ

Би аливааг цэгцтэй төлөвлөж, бэлтгэлтэй байх дуртай. Төлөвлөсний дагуу алхам алхмаар хийх нь зорьсондоо хүрэх баталгаа болдог. Тиймээс ямар ч төсөл эхлүүлэхдээ тухайн ажил олон хүнийг хамарсан нийтлэг чухал асуудлыг шийдэж чадах уу гэдэг асуултыг нэн тэргүүнд тавьдаг. Хэрэв тийм бол дараагийн алхам нь төслийн үр дүн буюу хэтийн төлөвийг нь тодорхойлно. Тухайлбал, "Uber" компанийн хэтийн төлөв, зорилго нь “Хаана ч явсан гар утсаараа дамжуулан хурдан шуурхай, хямд, баталгаатай такси үйлчилгээ дууддаг апп” байж болно. Уг зорилгод үндэслэн төслийн гүйцэтгэх төлөвлөгөө буюу алхмуудыг гаргаж, бусад үйл ажиллагааг энэ зорилгод чиглүүлнэ. Энэ бол стратеги. Дээрх таксины жишээний хувьд төслөө туршихдаа технологийн хувьд дэвшингүй, орчин үеийн томоохон аль нэг хотод хийж болно.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын холбоо харилцаанд "Gmail", "Slack", хувийн харилцаанд "Messenger" түлхүү ашигладаг. Мөн тэмдэглэл, төлөвлөгөө хийхдээ үүлэн технологид суурилсан "Evernote" ашиглах дуртай. Ажлын хүрээнд уулзалт, хуралд оролцохдоо тэмдэглэл хөтлөхөөс гадна шүдний эмчилгээ, автомашины засвар, үйлчилгээ зэрэг хувийн ажлуудтай холбоотой, мартах магадлалтай жижиг сажиг ажлуудаа хүртэл цэгцлээд биччихдэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэх гол арга бол хийх ажлаа эрэмбэлэн жагсаах, төлөвлөх, хялбарчлах. Хувийнх, ажлынх ч бай хийх зүйлсээ чухлаар нь эрэмбэлдэг. Яаралтай хийх дарааллаар нь бус, хэтийн үр өгөөжөөр нь жагсаадаг гэсэн үг. Энэ жагсаалтаа л дагахыг бодно. Тэгэхгүй бол цаг нь тулсан, гэнэт гарч ирсэн, үр өгөөж нь тодорхой бус зүйлд хамаг цаг хугацаа идэгддэг. Хийгдэхгүй, жагсаалтын ёроолд улираад байгаа зүйлсийг ерөөс авч хаявал зохино.

Мөн ажлын болон хувийн төлөвлөгөөг заавал хуанлид оруулж тэмдэглэдэг юм. Би ажил дээрээ өдөр тутам маш их шийдвэр гаргадаг. Чухал бус зүйлд шийдвэр гаргах гэж оролдох нь цаг үрж, стрессдүүлдэг учраас амьдралаа аль болох шийдвэр гаргах шаардлагагүй болтол нь хялбарчлахыг эрмэлздэг дээ.

Манай гэр бүл бага насны хоёр хүүхэдтэй учраас хувийн болон гэр бүлийн ажлуудаа хүртэл дээрх гурван зарчмын дагуу зохицуулдаг юм. Тухайлбал, хувцаслалт дээр гэхэд надад минимал шүүгээ бий. Тэнд ердөө таван ижил өнгийн пудболк, хоёр хар өмд, хоёр өнгөлөг хослол буюу пиджак байгаа. Алийг нь ч өмссөн хоорондоо зохицох учраас хувцсаа сонгоод өмсөхөд хоёр минут л хангалттай. Стив Жобс, Марк Зукерберг зэрэг алдартнууд ч минимал хувцасладгийг мэдэх байх.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хүний биеийн хөдөлгөөн гэдэг сэтгэл санаа, тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг учраас өдөр бүр аудио ном сонсонгоо тогтмол гадаа алхаж эсвэл гүйхийг хичээдэг. Би саяхан сарын турш өдөр бүр таван км, нийтдээ 150 км гүйх зорилт тавьж амжилттай дуусгасан шүү. Мөн гэр бүлээрээ долоо хоног бүр ууланд алхаж, дугуйн аялал хийдэг. Дөрөв, зургаан настай хүүхдүүдээ дагуулаад сэлүүрт завины аялал хийх дуртай. Удахгүй гэр бүлээрээ цанаар гулгах төлөвлөгөөтэй байгаа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Ирээдүйд өсөн дэвжих боломжтой гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор анхны хөрөнгө оруулагч (angel investor) болохоос гадна бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна. Мөн зав, чөлөөтэй үедээ АНУ-д байгаа монгол оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд ажил карьертай холбоотой зөвлөгөө өгдөг юм.

Сүүлийн үед хиймэл оюунд суурилсан гарааны бизнесүүд олширч байна. Мөн хүнд үйлдвэр, барилга, ачаа тээвэрлэлт зэрэг технологийн шийдэл дорвитой нэвтрээгүй уламжлалт салбарууд руу шинэ технологи нэвтрүүлэх хүсэлтэй стартапуудын үйл ажиллагаа тэлэх болжээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт олон гайхалтай шинэ технологи нэвтрүүлж буй компаниуд гарч ирж байгааг онцлох нь зүйтэй. Гарааны бизнес эхлүүлж буй залууст захихад шинэ санаанаас илүүгээр олон нийтэд хамаатай чухал асуудлыг шийдэж байна уу гэдэгт анхаарвал зохино. Санаа бол зөвхөн нэг шийдэл, нэг асуудалд олон төрлийн шийдэл байж болно.

Мөн ямар нэг санаа төрсөн бол нууж хадгалах гэлгүйгээр бусадтай хуваалцаж, санаа бодлоо сайн солилцох тусам сайжруулах боломжууд гарч ирдэг. Нэг ижил санааг хоёр хүн өөр өөрөөр гүйцэтгэх нь тодорхой. Шинэ санаанаас илүүтэй чанартай гүйцэтгэл чухал гэсэн санаа юм. Тухайлбал, "MySpace" олон нийтийн сүлжээ "Facebook"-ээс өмнө гарсан, ижилхэн шийдэлтэй хэр нь гүйцэтгэл нь огт өөр байсан шүү дээ.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Үргэлж шинэ технологи, инноваци дээр ажиллаж, шинэ санаа, шийдлийг уралдуулан тасралтгүй суралцах боломж дунд байдаг нь гайхалтай.

Нөгөө талаас, надад багагүй сорилт болдог зүйл нь үргэлж хүмүүстэй ярилцаж, бусдын санаа бодлыг сонсож, уулзах явдал юм. Орчин үед зөвхөн мэдээллийн технологи гэлтгүй ихэнх салбарт "soft skills" буюу бусадтай харилцах, багаар ажиллах чадвар чухалд тооцогдох болсон. Би нэлээн дотогшоогоо хандсан зан төлөвтэй ч гэлээ ажлын онцлогоос шалтгаалан ихэнхдээ нээлттэй, чөлөөтэй байх шаардлагатай байдаг. Ийм үед заримдаа өөртэйгөө байх хувийн орон зай, цаг гаргаж, өөрийгөө цэнэглэдэг. Гэртээ байхдаа хүүхдүүдээ унтуулсныхаа дараа гал тогоондоо орж, iPad дээрээ дуртай киногоо тавиад, өөртөө вино аягалж, хоол хийх дуртай шүү.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай “Salesforce” компанийн гол бүтээгдэхүүн бол маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах үүлэн технологид суурилсан шийдэл юм. Энэ бол дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг CRM (Customer Relationship Management) программ. Манайх зөвхөн бизнесийнхэнд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг учраас энгийн хэрэглэгчид тэр бүр мэдэхгүй байж магадгүй юм. Саяхан цар тахал, гамшгийн нөхцөлд бизнесүүд хэрхэн үйл ажиллагаагаа явуулах, ажиллах хүчийг яаж зохицуулах болон "contact tracing" буюу халдварт өвчний үүсэл, тархалтыг судлах шийдэл дээр ажилласан. Удахгүй зах зээлд өөр нэг шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

Salesforce оффис

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Ажил мэргэжил, гэр бүл, хүүхдийн хүмүүжилтэй холбоотой номууд түлхүү уншиж, аудио ном сонсож байгаа. Сүүлд уншсан, Ричард Румельтийн бичсэн "Good Strategy/Bad strategy" номыг уншихыг санал болгоё. Миний хувьд аудио сангаасаа одоогоор "The Making of Manager", "How to Talk So Kids Will Listen & Listen So Kids Will Talk", "The First 90 Days: Critical Success Strategies for New Leaders at All Levels" зэрэг номыг сонсож дуусгаад байна.

Подкастын хувьд "Unlock", "Ted Radio Hour", "Harvard Business Review" зэргээс сонсож үзэхийг зөвлөе.

Хөгжим, кино байнга үзэх зав гардаггүй ч хүүхдүүдтэйгээ хамт "Youtube"-ээс "The Hu" хамтлагийн дуунуудыг сонсох дуртай.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Аав минь “Бусдын юу хэлэхийг бүү тоо” гэдэг байсан юм. Хэн нэгэн чамайг муулж, няцаасан ч тэр бүхнийг үл тоож, тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой алх гэсэн санаа. Сэтгүүлч мэргэжилтэй байсан учраас тэгж хэлсэн байж магадгүй юм. Хэлсэн үгийг нь санаж, хэн нэгэн хэрэггүй, болохгүй гэсэн үед бодож үзье гэж хэлээд өөрийнхөөрөө шийдчихдэг. Би ер нь бусдын шүүмжийг эмзэглэхгүйгээр хүлээж авдаг “зузаан арьстай” хүн. Хүнд гомдох нь ховор, гомдсон ч хурдан уучилж, мартахыг хичээдэг. Тухайн хүн ямар нөхцөлд байсныг би бүрэн мэдэхгүй шүү дээ. Амьдрал гэдэг маш богинохон, уурлаж уцаарлан цаг алдах хэрэггүй.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Хүн хийсэн алдаандаа биш хийгээгүй зүйлдээ хамгийн их харамсдаг. “Ганц ч удаа алдаж байгаагүй хүн бол юу ч хийж үзээгүй хүн” хэмээх Альберт Эйнштейний үг байдаг. Тиймээс хиймээр байгаа зүйлээ оролдоод үз, бүтэлгүйтэж үз, алдаад үз.

Хэрэв ирээдүйд юу хийж бүтээж, урдаа байгаа олон зүйлээс алийг нь барьж авахаа мэдэхгүй гацсан бол амьдралд тань юу хамгийн чухал болохыг бодож эргэцүүлж, дараах бясалгалыг хийгээд үзээрэй. Юун түрүүнд, тайван орчинд нүдээ аниад гүн амьсгаа аваарай. Таны дэргэд цаг тооны машин ирээд хаалгаа онгойлгож буйг төсөөлөөд үз. Та дотор нь суугаад, хаашаа ч юм ниснэ. Газардаад буутал одоогоос 30 жилийн дараах цаг үед очжээ. Урд тань байх нэг байшинд ортол таны 30 жилийн дараах дүр хаалгаа нээж, дотогш орохыг урина. Тэр хүнийг болон гэр доторх бүхнийг сайтар ажиглаарай. Юу төсөөлөгдөж байна? Та хоёр хамтдаа сууж ярилцаж, 30 жилийн дараах тэр хүнээс дараах асуултыг асуугаарай. “Та юугаар хамгийн их бахархдаг вэ? Надад өгөх зөвлөгөө байна уу?” гэж. Хариултаа авсан бол түүндээ хүрэхийн төлөө юу хийж бүтээх учиртайгаа сайтар эргэцүүлээд үзээрэй.