Ярилцлагын ээлжит дугаартаа бид бизнесийн шинэ үеийн лидерүүдийн төлөөлөл О.Тэнүүнийг урилаа. Тэрээр уул уурхай, санхүү, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон салбарт арав гаруй охин компани, 1700 орчим ажилтантай Оюуны Ундраа группийг удирдан ажилладаг юм. О.Тэнүүн захирал 2010 оноос хойш группийнхээ доод шатнаас эхлэн дэвшин ажилласаар 2018 онд гүйцэтгэх захирлын албыг авчээ. Группээ удирдахын сацуу Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, залуучуудыг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Оюуны Ундраа Группийн гүйцэтгэх захирал
Сонгуульт ажил: Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч, YEC-ийн ТУЗ-ийн гишүүн, Эрдмийн язгуур ТББ-ын үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Samsung Note 9, iPhone 7
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro, Huawei Pad
Сошиал хуудсууд: Tenuun Otgonbayar (Фэйсбүүк), Otgonbayar Tenuun (Твиттер), o.tenuun (Инстаграм)

Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ?

Хэд хэдэн үйл явдал ажил карьерт маань их нөлөөлсөн. Анхных нь сүлжээ дэлгүүрийн туслах ажилтнаар бүтэн сар ажиллаад анхны цалингаа авсан мэдрэмж. Би 13 настайдаа Америкт анх сурахаар очсон юм л даа. 300 доллар гар дээрээ авчихаад аль хэдийн онилчихсон байсан сагсан бөмбөгийн өмсгөлөө авснаа мартдаггүй. Хэдий санасандаа хүрсэн ч ийм их ажиллаж олсон бүх мөнгөө ганц л өмсгөл болгож орхисноо ойлгоод урам хугарах шиг болсон. Тэгээд л шошгыг нь авалгүй сургуульдаа нэг өдөр өмсөн найзууддаа гайхуулаад буцаагаад өгчихсөн. Ээж аавыгаа 1000, 2000 доллар босгох гэж ямар их хөдөлмөрлөдөг бол гэж бодож, мөнгөний үнэ цэнийг ойлгох шиг болж байлаа.

Монголд ирээд группийнхээ санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанид зээлийн эдийн засагчаар ажилласан. Тэр үед хувиараа төмрийн хийц хийдэг ахад 300 сая төгрөгийн зээл олгосон юм. Хожим Zaisan Square-ийн ажлаар Гурвалжингийн гүүр орчим лифтний төмрөө зүсүүлээд зогсож байтал портер хөлөглөсөн нэг хүн учиргүй танимхайрч ирээд, талархлаа илэрхийлсэн нь өнөөх ах хүү байв. "Чи бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн шүү, хэрэгтэй зүйл гарвал заавал хэлээрэй" гэж хэлээд явсан нь үнэхээр сайхан санагдаж билээ. Өөрийн анзаараагүй шийдвэрүүд ч гэсэн бусад хүний амьдралд агуу томоор нөлөөлдөг юм байна, хийж буй ажлуудаараа хүмүүсийн амьдралд дорвитой нөлөө үзүүлж болох юм байна гэсэн итгэл тэгэхэд төрсөн. Зээлийн эдийн засагчаар ажилласан минь намайг хөрсөн дээр бууж, нийгмээ мэдэрч ойлгоход тусалсан гэж боддог.

Харин Zaisan Square, Zaisan Hill төслүүдийг удирдаж ажиллахдаа би ажил хөдөлмөрийн үнэ цэн, нарийн ширийнийг илүү ойлгосон шүү. Том барилгын дотор нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй асар их ажил хөдөлмөр шингэсэн байдаг юм билээ. Тиймээс жижиг гэлтгүй ажлыг үнэлж сурсан байж мэднэ. Нарийн деталь ажлуудыг өөрөө биеэр мэдэрч, туршиж үзэж байж л үнэ цэнийг нь ойлгож байв. Zaisan Hill төсөл маань улс төр, бизнесийн олон асуудлыг давсаар санаачлагдсан цагаасаа 15 жилийн дараа л бүрэн дууссан даа.

таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө 6:30-д босоод 8:30 гэхэд ажилдаа ирсэн байдаг. Бүх ажлаа аль болох эрт шахаж, эрт дуусгахыг эрмэлздэг. Өглөөнөөс үдийн цай хүртэл чухал уулзалтуудаа товлож, үдээс хойш байгууллагын дотоод ажилд түлхүү төвлөрдөг. Орой фитнессдээ явж, заримдаа сагс тоглоно. Унтчихаар "юмнаас хоцроод" байгаа юм шиг санагддаг болохоор шөнө 12 цагийн үед унтдаг даа (инээв).

Таны ажлын нөү-хау?

Би ажлыг хойш тавилгүй, аль болох хурдан шуурхай гүйцэтгэхийг хичээдэг арга барилтай. Хийж болох ажил байвал дараа гэлгүйгээр шууд л хийхийг хичээнэ. Ажлынхандаа ч тийм шаардлага тавьдаг. Маргааш гээд яваад байвал яваад л байж болно, тиймээс яг одоо хий, яг одоо эхэл, яг одоо залга гэдэг. Цагийн юм цагтаа гэж сургасан аавын өгсөн хүмүүжилтэй холбоотой байх.

Миний хувьд аль болох их мэдээлэл цуглуулахад цаг гаргаж, зөв зүйтэй шийдвэр гаргахыг боддог. Мэдээллийг шүүн боловсруулж, түүнээс үүдсэн эхний мэдрэмждээ тулгуурлан шийдвэр гаргахыг илүүд үздэг. Зөв буруу, үнэн худал олон төрлийн мэдээллийг цуглуулан шийдвэр гаргахдаа ашиглах хэрэгтэй гэж боддог.

ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Олон хүнтэй харилцдаг учир сошиал апп-уудыг эхлээд онцолъё. Харилцагч, түншүүд маань юу хэрэглэж байна, түүнийг нь л сонгож ашигладаг. Солонгосчуудтай бол Kakao, хятадуудтай Wechat, монголчуудтай Meme Chat-аа ашиглах жишээтэй.

Байгууллагын дотоод харилцаа Slack дээр, файл хуваалцах, хадгалах явц Google Drive дээр хийгддэг. Гэртээ Netflix-ийг тогтмол хэрэглэдэг. Kindle-ээр ном уншина. Сагс завсарлаагүй байхад NBA League Pass-аар тоглолт үздэг байв.

Мөн ажлын өрөөндөө босоо ширээтэй. Байнга суугаад байхаар шинэ санаа гарахгүй гацчихаад байх шиг санагддаг. Харин босоод ажиллахаар төрөл бүрийн санаа ундарна шүү.

цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Гол чухал ажлуудаа үдээс өмнө шахаж хийх нь цаг хэмнэдэг. Тэгэхээр илүү тайван болж, өдрийн үлдсэн хугацааг сэтгэл ханамжтай, бүтээмжтэй өнгөрөөх бололцоотой байдаг.

хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Орой маргааш зайлшгүй хийх ажлуудаа өөр лүүгээ имэйлдчихдэг. Тэгээд өглөө хамгийн түрүүнд имэйлээ шалгана. Хийх ажлын жагсаалт гаргах бол яахын аргагүй өөрийгөө хөдөлгөх, урамшуулах том хөшүүрэг.

Өрөөнд маань гурван төрлийн самбар бий. Самбар ашиглаж төсөөллөө бодитоор буулган ажлаа төлөвлөх, багаараа ярилцах дадалтай. Самбар ашиглах нь илүү хурдан ойлголцоход, илүү төсөөлөл авахад нэмэр болдог байх. Багадаа архитектур болохыг мөрөөддөг байсан, одоо ч сурах хүслээ хаяагүй л явна.

эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Юуны түрүүнд сагсан бөмбөг. Лос Анжелест ахлах сургуулийн шигшээ багт сонгогдсон анхны монгол тоглогч болж байсан. Би багын л хөдөлгөөнтэй хүүхэд байсан, таэквондогоор ч хичээллэсэн удаа бий.

Мөн фитнесс хийдэг. Өргөнө, гүйнэ, харайна. Заримдаа кросс, мото зэрэг экстрим спорт сонирхож оролдоно. Спортоор хичээллэхэд бүх стресс арилж тайвшраад ирдэг юм. Илүү бүтээлч байхад ч тусалдаг байх.

үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоог эхлээд онцолъё. Ажлаа авснаас хойш тамирчдынхаа боловсролд их анхаарч байгаа. Сүүлийн гурван жил лигт тоглохыг хүсвэл голч дүнгээ тодорхой хэмжээнд хүргэх шаардлага тавьсан нь зөв зүйтэй ажил болсон гэж боддог. Америкт аль хэдийн туршигдсан энэ жишгийг Монголд нутагшуулах гэж оролдож байна. Сагсчид маань хэд хэдэн лигт давхар тоглож, их ачаалалтай гүйсээр хичээл номоо орхигдуулах нь их. Тиймээс залуусынхаа ирээдүйг баталгаатай болгох зорилго өвөртөлсөн нь энэ. Эрүүл мэндийг нь ч орхигдуулалгүй анхаарч, Монре Даатгалтай хамтран 1000 тамирчныг гэнэтийн ослын даатгалд хамруулсан нь бас нэг жишиг ажил боллоо.

Мөн "30+" буюу 30-аас дээш насныхны сагсан бөмбөгийн лигийг илүү гэр бүлийн эвент болгон хөгжүүлэх менежментийг хийж эхэлсэн. Бид тамирчдынхаа эхнэр, хүүхдийг ч тэмцээндээ хамруулж, эерэг дулаан уур амьсгал бий болгохыг зорьж байна. Гэр бүлийн харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байгаа.

Мөн Young Entrepreneurs Council буюу Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийг үүсгэн байгуулсан. Бид БНСУ-аас 4.5 сая долларын хөрөнгө оруулалт татаж, Монголд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих цогц төв байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.

хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Оюуны Ундраа Групп маань өдгөө уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудад 16 охин компани, 1700 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бид тогтвортой ажлын байр үүсгэж, нийгмийн хөгжилд бодитой нөлөө үзүүлж байгаагаараа бахархдаг. Zaisan Hill цогцолбор маань л гэхэд гэр бүлүүдийн хамгийн ирэх дуртай байршил болчихлоо. Бид хүн бүрд зориулсан бүтээгдэхүүн-үйлчилгээг бий болгохоор зорьж байна. Нийгэм рүү чиглэсэн ажлууддаа бас сэтгэл хангалуун байдаг. Ирээдүйн бизнес эрхлэгчдийг дэмжихэд, залуу тамирчдыг амьдралын гараагаа зөв эхлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Асуудал бэрхшээл мэдээж бий. Гэхдээ тэр болгоныг туулаад даваад л гарна даа. Би ер нь их өөдрөг хүн.

та одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ? Ойрын төлөвлөгөө?

Блокчэйн дээр суурилсан финтек төсөл MemePay маань хэрэгжээд явж байна. MemeChat апп-аараа бид Монголын анхны мессенжерийг хөгжүүлж, 60 мянга гаруй хэрэглэгчтэй болоод байна.

Ойрын хугацаанд дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний чиглэл, газар тариалан, логистикийн салбаруудад дорвитой ажил эхлүүлэх зорилготой байгаа. Технологийн салбарт HomeMedia төсөл дээрээ төвлөрч байна.

та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Бизнес, технологийн чиг хандлага, ололт амжилтын тухай нийтлэл, өгүүллүүдийг өдөр бүр тогтмол уншдаг. Уншсан нийтлэлүүдээ багийнхантайгаа хуваалцаж, санал сэтгэгдлээ солилцдог соёлыг бүрдүүлсэн.

Мөн дэлхийн хэмжээний том компаниудын түүх замнал, асуудал бэрхшээлийг даван туулсан туршлага, хэрэгжүүлж буй төслүүдээс байнга суралцдаг. Олон улсын хэмжээний төсөл, технологиос бид юуг нь сурч, юуг нь нутагшуулах хэрэгтэй вэ гэж эргэцүүлж явдаг юм. SpaceX-ийн хөөргөж буй интернет түгээх хиймэл дагуулуудын тухай уншаад, манай компанийн харьяа MNBC-ээс нэвтрүүлж буй HomeMedia үйлчилгээ утасгүй сүлжээг ашиглан захын хорооллууд, орон нутаг руу тэлэх боломж үүсгэж байгаатай хэрхэн уялдуулж, ямар хамтын ажиллагаа үүсгэж болохыг эрэлхийлэх жишээтэй.

санал болгох ном, хөгжим, кино?

Яг одоо уншиж буй "The Advantage" номоо санал болгоё. Патрик Ленчионигийн энэ ном бизнесийн эрүүл байдал хэрхэн өрсөлдөх давуу талыг үүсгэж, амжилтад хөтөлдөг тухай өгүүлдэг юм. Киноны хувьд яг одоо "Money Heist"-ийг үзэж байгаа. Үйл явдлын өрнөлийг нь хараад ямар гайхалтай төсөөлж, ямар супер стратегиудыг гаргаж ирж вэ хэмээн гайхаж сууна.

Төвлөрч суухдаа зөөлөн аяз сонсох дуртай. Харин бэлтгэл хийхдээ бол чанга хөгжим тавина. Сүүлийн үед The Hu-г их сонсож байгаа шүү.

авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Аав минь эцэг эхээс есүүлээ. Би найман хүүтэй энэ айлын 10 дахь гишүүн нь юм шиг л өсөж торнисон юм. Олон эрчүүдтэй айлд хатуужиж өссөн нь надад амьдралын сургууль болсон юм шиг санагддаг. Нас насны, төрөл бүрийн араншинтай хүмүүстэй харилцаж сурсан минь одоо бизнес хийхэд мөн ч үр өгөөжөө өгч байна. Одоо ч ах нараасаа суралцсаар л байдаг. Тэд маань намайг үргэлж хурцалж, хэрэгтэй цагтаа шар хөдөлгөж, улам бүр урагшлах итгэл өгсөөр ирсэн юм байна гэж боддог.

бусдад шидэх санаа?

Өөрийгөө өрөөлийн оронд тавьж, тэр хүний үзэл бодол, хэлэх үгсийг зөв ч бай, буруу ч бай ойлгох гэж хичээдэг залуус олон байгаасай гэж хүсдэг. Хэт өөрийнхөөрөө хандлага их түгээмэл байна уу даа гэж санагддаг.

Үүнтэй холбоотой бас нэг санаа: Бид"би"-ээсээ ангижирч, "бид" гэдэг сэтгэлгээгээр аливаад хандаж тэмүүлж чадвал хамтдаа хөгжинө, хамтдаа өснө. Би 1000 хүн эзэмшдэг кофе шоп, 500 хүн эзэмшдэг уран зураг үзсэн. Тийм л зүйлийг Монголдоо бий болгохыг мөрөөдөж байна. Ёс зүйтэй, зарчимтай залуус нийлж, том зүйлийн нэг хэсэг болж чадвал дан дангаараа зүтгэснээс хавьгүй хурдан үр дүнд хүрэх байх.

Мөн зарим залуучууд "хулхины" байхаа болих хэрэгтэй. "Хор"-оо эртхэн гаргамаар байна, гаргах гэж хичээмээр байна. Хамтын ажиллагаанд итгэлцэл чухал. Ёс зүйтэй, үнэнч шударга байж л нөгөө талдаа итгэл төрүүлнэ. Би анх Prime Cineplex кино театрыг байгуулах гэж хөрөнгө оруулагчид руу имэйл бичин холбогдож байлаа. Хоёр жилийн турш татгалзсан хариу авсан ч шантраагүй. Энэ хооронд би тогтмол хийж буй зүйлсээ хуваалцаж, итгэлийг нь олохыг хичээсэн. Улмаар хөрөнгө оруулагч маань 4 сая долларын санхүүжилт өгөхийг зөвшөөрсөн төдийгүй кино театрынхаа нэрийг хүртэл өөрсдөө сонгох эрхийг бидэнд өгсөн шүү. Цаашлаад хөрөнгө оруулагчтайгаа байнга санаа бодлоо солилцон зөвлөлддөг ах дүүсийн харилцааг үүсгэсэндээ баяртай байдаг юм. Сонирхуулахад, Prime гэдэг нь бүр 2000-аад оны эхэн үед Yahoo дээр үүсгэж байсан миний имэйлийн нэр.