Бид ээлжит ярилцлагынхаа зочноор “Ашид Ассет Менежмент” компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Цэлмэгийг урилаа. Тэрээр 2008-2015 онуудад дэлхийн алдарт J.P. Morgan банкны Ирланд дахь хөрөнгө оруулалтын сангийн татварын зөвлөх, удаах гурван жилийн хугацаанд дэлхийн тэргүүлэгч нисэх онгоцны худалдаа, түрээсийн компаниудын нэг "SMBC Aviation Capital"-д санхүүгийн менежрийн албыг хашсан бөгөөд Монголдоо эргэн ирээд Хас банканд санхүү удирдлагын газрын захирлын албыг энэ оныг хүртэл гүйцэтгэжээ.
Ингээд алс холын Ирланд улсад 17 жилийг ажиллаж, аж төрж өнгөрүүлсэн тэрээр энэ оноос Монголынхоо иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгож, хамтын үнэ цэнийг бүтээх зорилгодоо хөтлөгдөн “Ашид Ассет Менежмент” компанид хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж буй.
Байршил: Сити тауэр, 10-р давхар, 1001 тоот
Эрхэлдэг ажил: “Ашид Ассет Менежмент” компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone XS
Сошиал хуудсууд: Tselmeg Batmunkh (ЛинкэдИн)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Дархан хотод төрж өссөн. Дунд ангиа Дарханы долдугаар сургуульд, ахлах ангиа Мон-Туркд дүүргэж, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэж байлаа. Монголдоо нэг жил суралцаад үргэлжлүүлэн гадаадад сурахаар болж 2001 онд Ирланд улсыг зорьсон. Үндсэндээ миний мэргэжил сонголт, гадаад улсыг зорих болсон шалтгаан маань бүгд тохиолдлын шинжтэй гэж ойлгож болно.
Ингээд Ирландын Дублин хотын “American College Dublin” сургуулийг 2008 онд олон улсын бизнес менежмент, маркетинг хосолсон чиглэлээр бакалавр, 2016 онд олон улсын мэргэшсэн нягтлан бодогч буюу АССА зэргийг авсан.
Ажил карьерын тухайд үндсэн мэргэжлийнхээ дагуу J.P. Morgan банканд хөрөнгө оруулалтын сангийн салбарт долоон жил, SMBC Aviation Capital нисэх онгоцны худалдаа, түрээсийн компанид санхүүгийн менежрээр гурван жил ажилласан юм.
Нэг л мэдэхэд 17 жилийг эх орноосоо хол, хилийн чанадад өнгөрүүлсэн байв. Тиймээс 2018 онд Монголдоо ирэх шийдвэр гаргаж, гэр бүлийн хамт эх нутагтаа эргэн ирсэн. Чамгүй хугацааг гадаадад өнгөрүүлсэн хэдий ч буцаж ирээд суурьшихад тийм ч хэцүү байгаагүй шүү. (инээв) Монголд ирээд “Хас” банканд санхүү удирдлагын газрын захирлын албыг дөрөв орчим жил гүйцэтгэсэн.
Харин энэ оны долдугаар сараас “Ашид Ассет Менежмент” компанид нэгдэж, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Бид сүүлийн 18 сарын турш зөвхөн хөрөнгө оруулалтын санд зориулсан шинэ платформ хөгжүүлж, улмаар зах зээлд нэвтрүүлж эхний хөрөнгө оруулалтын сангаа үүсгэхэд төвлөрч байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өмнөх ажлын туршлагуудаа ажихад хэдийн үйл ажиллагаа нь төлөвшсөн томоохон институтүүд байсан тул өдөр, сар, улирлаар нь төлөвлөж, зайлшгүй хийх ажил хэрэг нь ихэнхдээ эртнээс тодорхой байсан юм билээ. Харин одоо бол хөгжил нь дөнгөж эхэлж байгаа салбарт компаниа босгож байгаа учраас баг хамт олон, ажлын төлөвлөгөөний хувьд ялгаатай зүйл олон байна.
Ажлын дундаж өдөрт хамт олонтойгоо өглөө болон оройдоо богино уулзалт хийж, ажлын явц, ахиц дэвшлийн талаар мэдээлэл солилцдог. Түүнчлэн гадуур хурал, уулзалт цөөнгүй болохоор өдөрт дунджаар 3-4 уулзалтад оролцож, сүүлийн үед оффистоо ч тогтохоо байлаа. (инээв)
Ажлаас гадна гэвэл өдөр бүр ажлаасаа өөр орчинд мэргэжлийн бус ном унших эсвэл усанд сэлэх зэргээр өөртөө чөлөөт цаг гаргахыг хичээдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Би хэтэрхий их бодож, дотроо төлөвлөж, зурагладаг зантай. Нэг талаас аливаа эрсдэлийг урьдчилан тооцоолох, боломжит үр дүнг бодолцож үзэх зэрэг авууштай тал бий ч нөгөө талаас тухайн ажлын үйл явцыг удаашруулах сул талтай. Тиймээс сүүлийн үед хамт олонтойгоо тогтмол санал солилцож, мэдлэг чадвараа хуваалцан шинэ санал, санаачилгыг хамтран гаргаж байна.
Түүнчлэн би хийх зүйлсээ заавал цаасан дээр ноороглож бичдэг. Орой ажил тарах үеэр гүйцэтгэсэн ажлуудаа шалгаад цаасаа базаж хаяна. Өдөр бүр нэг ноорог хийнэ гэсэн үг. Ингэснээр гүйцэтгэсэн ажлуудаа эргэн дүгнэх болон дараагийн ажилдаа бүрэн шилжихэд дэмтэй.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажлын орчинд Google-ийн бүх програм ашигладаг. Хувьдаа UBcab апп-ын байнгын хэрэглэгч.
Мөн iPhone-ий Notes апп-ыг их ашиглана. Хэр баргийн апп-уудаас илүү олон хэрэгцээт функцтэй, хэрэглэхэд хялбар юм шиг санагддаг.
Сошиал апп-уудын тухайд ЛинкэдИн, Твиттерийг голчлон хэрэглэж байна.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Үнэнийг хэлэхэд цаг төлөвлөлтийн тал дээр тийм ч сайн биш. Гэхдээ ажлаа цаг алдахгүй урагшлуулахад тусалдаг нэг арга бий. Санхүүгийн мэргэжлийн онцлог ч байж мэдэх юм. Би аливаа ажлаас гарч болох хамгийн муу болон хамгийн сайн үр дүн хүртэл жагсааж боддог. Өөрөөр хэлбэл, урьдчилан таамаглаж, олон янзын хувилбараар бодчихсон байхад асуудал гарлаа ч түргэн хугацаанд зохицуулах боломжтой.
Манай Монголын нэг онцлог байна. Ямар ч ажлын үйл явц хурдан мөртлөө удаан явдаг. Уг нь гүйцэтгэхэд тийм ч их хугацаа шаардахгүй боловч үйл явц нь удаан гэсэн үг л дээ. Үүнд мэдээж замын түгжрэл, төрийн байгууллагын олон шат дамжлага, дуншсан шийдвэр гаргалтууд гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гол нь энэ асуудлыг өргөс авсан мэт шийдэх боломжгүй учраас дасан зохицож, уян хатан байх л хэрэгтэй.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Өмнөх шөнө нь толгойдоо төсөөлөн зураглаж бодно. Маргааш өглөө нь цаасан дээр ноороглож буулгаад аль уулзалтыг хэдэн цагт, ямар ажилтай уяж болох талаар бодож, зохицуулдаг. Мөн ижил зарчмаар гар утасны Notes апп дээр өдрийн төлөвлөлтүүдээ бичиж, дууссан даруйд нь устгадаг дадалтай.
Ажлын тухайд багийнхантайгаа групп чат зэргээр төслийн мэдээллээ байнгын солилцох замаар төлөвлөнө.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Усанд сэлж эрч хүчээ сэлбэдэг. Фитнест хийж буй 30 минутын идэвхтэй хөдөлгөөнийг усанд аравхан минут сэлээд л авах боломжтой. Маш сайн дасгал хөдөлгөөн болдгийн зэрэгцээ сайхан амралт болж өгдөг.
Мэдээж гэр бүлээ орхигдуулж болохгүй. Амралтын өдрүүдийн аль нэгийг зөвхөн тэдэндээ зориулж, англи өглөөний цай бэлдэж өгдөг заншилтай.
Түүнчлэн салбар бүрийн мэргэжилтнүүдийн амжилтаа бүтээсэн түүхийг хуваалцдаг “Finding mastery”, "The Rich Roll" подкастуудыг сонсоно. Ном уншина. Уул хаданд авирч, алхах зэргээр өөртөө төвлөрөх цагийг ч орхигдуулахгүйг хичээдэг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Гурван ажил байна.
Эхнийх нь багшлах. Ирландад байх үеэс л мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцахыг хүсдэг байлаа. Тэр ч утгаараа СЭЗИС-д санхүү удирдлага, стратегийн хичээлээр багшилж үзсэн. Манайхан хөрөнгө оруулалтын сангийн тухай төдийлөн мэдлэг багатай учраас энэ салбарын талаар оюутан залууст заах хэрэгцээ болон сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээлийг оруулах шаардлагатай байна.
Дараагийнх нь олон жил бодож явсан ном орчуулах ажилдаа дөнгөж ороод байгаа. Алдарт хөрөнгө оруулагч Жим Рожерсийн “Hot Commodities: How Anyone Can Invest Profitably in the World's Best Market” номыг орчуулах зөвшөөрлийг нь аваад эхлүүлчихсэн явж байна.
Сүүлийнх нь “Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн. Манай холбооны үйл ажиллагааны чиглэл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, гадаад дотоодод хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар бизнесийг нь дэмжихийг зорьдог.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Эерэг болон бэрхшээлтэй талын аль аль нь манай улсад хөрөнгө оруулалтын сангийн салбар шинээр хөгжиж буйтай холбоотой болов уу.
Энэ салбар Монголд сүүлийн хоёр жил хөгжиж байна. Хөрөнгийн зах зээлийг цааш хөгжүүлэхэд шинэ бүтээгдэхүүнүүдээс гадна, хөрөнгө оруулалтын шинэ бүтэц маш том түлхэц болох бөгөөд үүнд хөрөнгө оруулалтын сан нь чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөнгө хүний төлөө "ажиллах" ёстой болохоос биш, хүн мөнгөний төлөө ажиллаж, амьдрах учиргүй. Үүний тулд эхлээд хүн бүхэн өөрт тохирох хөрөнгө оруулалтын үйлчилгээ авч чаддаг тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Бэрхшээлтэй тал гэвэл хууль эрх зүйн орчинд илүү нарийн зохицуулалт шаардлагатай байна. Мэдээж шинээр хөгжиж байгаа учраас алс хэтдээ хөгжиж, сайжрах нь дамжиггүй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Одоогоор “Ашид Арвижих” хамтын сангийн эрх, зөвшөөрлийг авч, олон нийтээс хөрөнгө татах ажил эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд маркетинг, сурталчилгааны кампанит ажил, танин мэдүүлэх сургалтууд нийслэлд төдийгүй орон нутагт өрнөж байна. Манай сан нь хөрөнгө оруулалтын үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, хялбар, хямд, хариуцлагатайгаар хүргэх замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдаж, хөрөнгө оруулагчдадаа үр өгөөж хүртээх зорилготой хамтын, нээлттэй сан гэж ойлгож болно.
Үүний дараа үл хөдлөх хөрөнгөд суурилсан болон хувийн тэтгэврийн хуримтлалын сангийн үйл ажиллагаанд төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Ном уншдаг. Сошиал орчинд ямар ч цензургүй хэт их мэдээлэл хөвөрч байгаа нь эргээд ном уншихад нөлөөлж байгаа гэж боддог.
Мөн өмнө нь хэлсэнчлэн үндсэн ажлын хажуугаар төрөл бүрийн чиглэлээр бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцан, салбар бүрийн онцлог, тулгарч буй бэрхшээл, амжилтад хүрэх үндсэн зарчим зэрэг ямар ч сургууль, курс, ном, сурах бичгээс илүү үнэ цэнтэй мэдлэг, мэдээллийг олж авч, суралцдаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Миний хамгийн дуртай ном бол “Зуун жилийн ганцаардал”. Түүхийн олон үеийг нэгэн овгийн гэр бүлээр дамжуулан харуулдаг Нобелийн шагналт зохиолчийн энэхүү номыг ахлах сургуульд байхад багшийнхаа санал болгосноор анх уншиж байлаа. Ирландад очоод ч англи хэл дээр хамгийн түрүүнд уншсан ном юм.
Үүнээс гадна хүн бүрийг Библи, Коран судар, Буддын сургаалыг уншиж үзэхэд илүүдэхгүй гэж боддог. Дэлхийн иргэншил бүрийн амьдралын үнэлэмж, хүний ёс суртахуун, ухамсрын гол нөлөөг нь ойлгоход тусална.
Мэргэжлийн хүрээнд утга зохиолын хэлбэрээр процессын менежментийн тухай тайлбарласан Eliyahu M. Goldratt-ын “The Goal”, IT чиглэлийн мэдлэгээ нэмэхийг хүсэж байгаа санхүүгийн мэргэжилтнүүд уншихад тохиромжтой Gene Kim-ийн “The Phoenix Project” зэрэг номыг санал болгоё.
Дуу хөгжмийн тал дээр надад нэг муу зуршил бий. Эхлүүлсэн дуугаа дуустал нь сонсдоггүй. Тэр ч утгаар жанр, хэв маяг, хэл ялгалгүй маш олон төрлийн дуу сонсдог. Тэр дундаа уран сайхны киноны хөгжмийн аяудыг түлхүү сонсдог юм байна.
Харин үзүүштэй киноны тухайд “Margin Call” (2011), “Big Short” (2015) бүтээлүүдийг санал болгож байна. Ялангуяа манай салбарынхан үзэх хэрэгтэй.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Ирландад дөнгөж очоод коллежийн нэгдүгээр курст суралцаж байх үед миний мэдэх ерөнхий мэдлэгийн зүйлс зааж, цаг үрээд байгаа юм шиг санагдаж байсан юм. Тэгээд багшдаа төгсөх курсийн сургалтын материал авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд надад зөвлөх нь тэр. “Бакалаврын боловсрол гэдэг хүнд тодорхой нэг суралцах арга барил олоход тусалдаг юм. Семинар бичих, сууж төвлөрөхөд, тэр тусмаа аливаа мэдээллийг өөртөө хүлээж авах, боловсруулах, бусдад таниулах арга барилаа олж авахад сургадаг тул яарах хэрэггүй” гэж хэлсэн. Үүнийг би залуус, дүү нартаа хэлмээр санагддаг юм.
Мөн түүний хэлсэн өөр нэг зөвлөгөө нь “Do not let perfect be enemy of the good” буюу аливаа зүйлийг хэтэрхий төгс болгох гээд дордуулж, цаг алдах шаардлагагүй гэх зөвлөгөө юм. Одоо ч санаанаас гардаггүй байнгын баримталдаг зарчмаа болгохыг хичээдэг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Сурахад хэзээ ч оройтохгүй шүү гэж хэлмээр байна. Бүх насныханд хамаатай ч тэр дундаа өөрийн үеийнхэндээ шинэ хэл сурахад бүр ч оройтохгүй гэдгийг онцлон хэлье.
Харин залуу дүү нартаа эхлүүлсэн зүйлдээ тууштай байгаарай гэж зөвлөмөөр байна. Аливааг ам бардам, бүрэн дүүрэн мэдэж, чадна гэдгээ итгэлтэйгээр хэлэх шиг сайхан чадвар хаа байна.


Сэтгэгдэл бичих (2)


Орших (Ирландаас) 2022.11.12 77.75.244.24
Irelandad sain golf ⛳️ toglodog bsanaa het daruuhan zan gargaad durdsangui ee … yur ni zov humuujiltei zaluu gej boddog shuu… minii sonirhon hicheelledeg extreme sport buyu open water, ultra marathon geed hunii tesver tevcheer shaarddag toroloor orolddog gejugaa… bas l ulger duurial avmaar ene ueiin shildeg zaluuchuudiin neg mon shuu … , Amjilt Eruul enhiig husey…
Д Даваа 2022.11.12 82.7.65.100
10 жилд байхдаа бичиж байсан гээд аймр фиолсофийн ишлэл бичсэнг нь уншиж байсан юм байна… Санал болгосон номуудыг нь сонирхоноо… амжилт