"Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагынхаа энэ дугаарт Тохоку их сургуулийн доктор, биотехнологич, дуучин Ч.Цэлмүүнийг урилаа. UBS телевизээс зохион байгуулсан "Universe Best Songs" тэмцээний эхний улирлын ялагч гэдгээр нь монголчуудын сайн мэдэх түүний ажлын арга барил, үзэл баримтлалтай танилцана уу. Тэрээр монгол хүүхдийн амны хөндийн өвчлөлд эцэг эхийн боловсрол, орлого хэрхэн нөлөөлж буй талаар болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх өөр олон сонирхолтой судалгаа хийж яваа залуу судлаач билээ.

Байршил: Япон улс
Эрхэлдэг ажил: Айчи-Гакуин их сургуулийн зочин судлаач, Амны хөндийн эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн зохицуулагч, Уруул, тагнайн сэтэрхий судлалын олон улсын сангийн зохицуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone Pro 11
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro 2020
Сошиал хаягууд: Tselmuun Chinzorig (LinkedIn, Instagram)


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж, анагаах ухааны доктор зэрэг хамгаалсан болохоор дан судалгаа л хийдэг гэж хүмүүс төсөөлдөг бололтой юм билээ. Анх Японы их сургуульд зочин судлаачаар ажиллаж эхэлсэн ч ороод удалгүй өөр хоёр байгууллагад давхар ажиллах санал хүлээн авсан. Ингээд Японы анагаах ухааны салбарт эрдэм шинжилгээний чиглэлээр дотоодын болон олон улсын түвшинд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, бодлогын баримтыг боловсруулах, улмаар эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Япон улсын болон гадаадын их дээд сургууль, судалгааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би өндөр бүтээмжийг ажлын гүйцэтгэл, төлөвлөлт гэх зэргээр хязгаарлахгүй байхыг хичээдэг. Өглөө оффистоо ирээд Япон болон Монгол дахь ажлын хамтрагч, түнш байгууллагуудаас ирсэн албан имэйлүүдтэй танилцан, хариу бичиж, дараа дараагийн төлөвлөгөөндөө тусгаж, уулзалтуудаа товлоно. Үндсэн ажлын багийн дотоод хурлуудтай зэрэгцэн гадаад болон дотоодын хамтрагч төлөөлөл, байгууллагуудын албан уулзалт их байдаг учир аль болох ухаалаг зохицуулахыг хичээдэг. Тиймээс тухайн өдөр хийх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлэн хуваарилна. Ажлын өдрийнхөө багагүй цагийг сүүлийн үеийн нотолгоонд суурилсан, олон улсын ижил төстэй бодлого, загвар, судалгааг уншиж танилцаж, боловсруулж, дүн шинжилгээ хийн ажилдаа тусгаж, гарц шийдэл олоход зарцуулдаг. Ажлаа 21-22 цагийн үед дуусгах нь олонтоо.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хэд хэдэн байгууллагад зэрэг ажилладаг учраас ажлын ачаалал даах, богино хугацаанд шинэ орчин нөхцөл, шаардлагад дасан зохицох, асуудалд тохирсон оновчтой шийдвэр гаргах, удирдан зохицуулах чадвар суусан гэж бодож байна. Мэргэжлийн салбарт олж авсан мэдлэг, чадвар, туршлага, дээр нь салбарын бус мэдлэг, ур чадваруудыг үр дүнтэй хослуулан ажилдаа ашиглаж чаддаг нь миний ажлын нөү-хау, аливаа ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нөхцөл болдог гэж дүгнэж болох юм. Жишээ нь, вэбсайт хөгжүүлэх зэрэг мэдээллийн технологийн суурь мэдлэг, чадвар.


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Найзын маань хийсэн customized bookmark manager байдаг юм. Түүний ачаар ажил, амьдралтай холбоотой хуудсуудаа цэгцтэй хадгалахад тун хялбар болсон. Англи хэл дээр захидал их бичдэг учраас яарч сандарсан үед алдах, эсвэл тохиромжгүй үг сонгохоос сэргийлэн Grammarly-ыг хэрэглэдэг. Олон улсын томоохон хурал цуглаан зохион байгуулах үед том хэмжээний файл ойр ойрхон явуулах шаардлага гардаг учраас WeTransfer-ыг байнга ашиглана. Өдөр тутмын ажил, амьдралын хүрээнд тогтмол ашигладаг Canva, WordPress, Microsoft Teams, Slack, Zoom-ээс өгсүүлээд UberEats, Amazon, Netflix гээд ашиглахгүй байж чаддаггүй апп олон бий.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний өдөр өглөө биш өмнөх өдрийн оройноос эхэлдэг гэж боддог. Тиймээс орой хэрхэн сайн бэлтгэл, төлөвлөлт хийснээс хамаарч маргаашийн цаг төлөвлөлт өгөөжтэй, хэмнэлттэй эсвэл тааруу байдаг. Өөрийнхөө хамгийн үр бүтээлтэй ажилладаг, идэвхтэй биологийн цагаа мэдэх, мөн ажлаа ач холбогдлын дарааллаар нь эрэмбэлэх нь цагийг зөв зарцуулах, хэмнэхэд нэмэртэй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Өдөр, долоо хоног эсвэл сард өөртөө ногдуулах ажлын ачааллыг тооцоолж, тухайн ажлыг гүйцэтгэхэд хангалттай, эрүүл ажиллах нөхцөл хэр байгаад тулгуурлан “time blocking” хийдэг. Төлөвлөлт сайн байлаа ч эрч хүч, тэнхээ дутуугаас товлосон ажлаа хойшлуулах, үр дүнгүй, чанаргүй хийх, цаашлаад ажил овооруулах эрсдэлтэй. Тиймээс ажлаа ямар арга барилаар, хэрхэн төлөвлөхийг чухалчлахаас илүүтэйгээр ажил, амьдрал, эрүүл мэнд гэх үндсэн гурван талбараа тэнцвэртэй сайн авч явж, эрүүл саруул байх нь хамгаас чухал санагддаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Товчхондоо, олон нийтийн сүлжээнээс хол байх. Дотоод ертөнц дэх бодлуудаа бичиж цэгцлэх, зургаар илэрхийлэх, амьдралаа тунгаан бодох, сэтгэлээ амраан уудалж эрч хүч, сэтгэлийн тэнхээгээ сэлбэхийг хичээдэг. Ихэнхдээ хол замд гарах, далайн эрэг дээр суух, ууланд гарах, салхинд гарч, удаан алхах үедээ хийдэг дээ.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Дурлаж гэхээс илүү, зорьж олон төсөлт ажилд оролцдог. Тухайн төсөл манай улсад хэр үр өгөөж, ач холбогдолтойг харж, ажиллах эсэхээ шийддэг. Би Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбооны үүсгэн байгуулагчдын нэг. Иймд энэ салбар чиглэлээрээ хийж байгаа ажлууд бий. Монголын анхны дижитал эмнэлэг болох “Clinica”-ийн зөвлөхөөр мөн ажиллаж байна. Монголд хэрэгжиж буй олон улсын төсөл, хамтын ажиллагаа гээд яриад байвал олон л ажил нэрлэж болно доо. Мөн сайн дураараа нийгмийн ажилд идэвхтэй оролцохыг хичээдэг, хүсэлт, саналууд ч их ирдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг гэвэл надад байдаг бүхий л мэдлэг ур чадварыг минь олж хараад, хэрхэн үр дүнтэй, бүрэн чиглүүлэн ажиллуулахаа мэддэг байгууллагын дарга, эрдэмтэн багш минь байгаад баярладаг. Мэдээж анагаах ухааны салбарт шаардагдах мэдлэг ур чадварууд бий ч салбарын бус ур чадваруудыг минь их үнэлж, онцолдог. Сөрөг нь магадгүй гэр бүлээсээ хол ажилладаг минь болов уу.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Нөхөр, хүүхэдтэйгээ хамт амьдарч, ээж, гэрийн эзэгтэйн үүргээ бүрэн гүйцэтгэх боломжтой байх л хүсэл эрмэлзэл байна даа.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би юу мэддэггүй вэ? Би хаашаа явж, юу харж, юу идэж, юу мэдэрч үзээгүй вэ? Надад ямар найз нөхөд байхгүй вэ? Би ямар алдааг давтаад байна вэ? Би юуг огт бодож, хийж байгаагүй билээ гэх зэрэг асуултыг өөртөө тавих замаар суралцдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

“Oxygen” гэдэг франц триллер сүүлд үзсэн, их таалагдсан. Кино эхлэхээс дуусах хүртэл гол дүрийн эмэгтэйн тэмцэл зогсохгүй, улам л сонирхолтой болсоор байдаг. Олон ангит цувралаас гэвэл “Bridgerton”, анимэ бол “Erased”, “Violet Evergarden”. Мөн “Money, Explained”, “Our Planet” гэсэн хоёр баримтат нэвтрүүлгийг үзүүштэй. Одоо “The Lucifer Effect” гэдэг ном уншиж байгаа.

Дуу гэвэл Жэк Стоберын “Buttercup”, Оливиа Родриго “deja vu”, Эрон Смитийн “Dancin”, Карл Стормын “With You In The Morning”, Аурорагийн “Runaway”, Ли Хайгийн “한숨”-ыг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Амжилт бол аз жаргал биш.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Олон улсад 3D принтингээр төмөр гүүр, сургууль зэргийг бариад байх юм. Монголд энэ чиглэлээр яригдаж байгаа төсөл байна уу?