11 дэх жилдээ үргэлжилж буй "Би хэрхэн ажилладаг вэ" цуврал ярилцлагын 2026 оны анхны зочноор уул уурхай, эрдэс баялгийн салбарт 17 дахь жилдээ тууштай ажиллаж буй А.Цолмон оролцож байна. Тэрбээр Монгол Улсын ирээдүйн эрчим хүчний шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэх газрын ховор элементийн "Халзан бүрэгтэй" төслийг хэрэгжүүлэгч "МНРИК" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хариуцлагатай албыг сүүлийн нэг жилийн хугацаанд хашиж буй. 

АНУ-д мэргэжил дээшлүүлж, Дэлхийн банканд ахлах мэргэжилтнээр ажилласан түүний олон улсын туршлага, геологич мэргэжлийн нарийн мэдрэмж нь өнөөдрийн амжилтынх нь суурь болжээ. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай илүү ойроос танилцъя.

Байршил: Худалдаа Хөгжлийн Банкны төв байр, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлэгч "МНРИК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad
Сошиал хуудсууд: Tsolmon Adiya (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 2009 онд ШУТИС-ийг геологич мэргэжлээр төгсөж байлаа. Анхандаа нийгмийн ухааны хичээлүүддээ дуртай, энэ чиглэлийн мэргэжил сонирхдог байсан ч эцсийн сонголт маань геологич байсан. Их сургуульд ороод мэргэжлийнхээ нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгүй, яах ийх учраа олохгүй үе гарсан ч мэргэжлийн хичээлүүдээ үзэж эхлээд жинхэнэ утгаараа мэргэжилдээ дурласан юм. Геологи бол зөвхөн уул уурхай биш, сансар огторгуй, байгалийн маш өргөн хүрээний ухагдахууныг судалдаг шинжлэх ухаан учраас мэргэжилдээ их хайртай.

Их сургууль төгссөн даруйдаа Тавантолгойн нүүрсний ордоос ажлын гараагаа эхэлж, дундуур нь 2015-2017 онуудад мэргэжил дээшлүүлэх зорилгоор АНУ-ын Ютагийн их сургуульд магистрын зэргээ хамгаалж байв. Эргэн ирээд үргэлжлүүлэн ажиллаж байгаад, 2021 оноос Халзан бүрэгтэй төслийн ерөнхий геологичоор ажиллаж эхэлсэн. Тийнхүү ажиллаж байх зуур нэгэн завшаан тохиосон нь Дэлхийн банкнаас ажлын санал авсан явдал байлаа. Энэ бол гарцаагүй карьерын хувьд онцлох үе маань. Би тэнд хоёр жил гаруй уул уурхайн ахлах мэргэжилтнээр ажиллаж, хөгжиж буй орнуудын засгийн газруудад уул уурхайн засаглалыг сайжруулах, хууль тогтоомж, татварын орчныг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан. Гэсэн ч миний хувьд ажлаа хүлээлгэн өгч, Монголдоо эргэн ирэх шийдвэр гаргасан юм. Карьерын хувьд Дэлхийн банкнаас алдаж боломгүй, татгалзахын аргагүй саналууд тавьж байсан ч, миний хэтийн зорилго Монголдоо суурьшин амьдрах байсан учраас ийм сонголт хийсэн.



Ингээд 2025 оны нэгдүгээр сараас эхлэн Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын албанд томилогдож, нэг жилийг ардаа үдээд байна. Намайг АНУ-аас ирэхтэй зэрэгцэн, манай төсөлтэй холбоотой цөөнгүй бэрхшээлтэй зүйл болсон байв. Өөрөөр хэлбэл, төслийг огт хэрэгжээгүй байх үед нь цацраг, хортой гэх мэт яриа маш ихээр тархаж нэлээн хүнд байдал руу оруулчихсан байсан. Тиймээс нэн түрүүнд орон нутгийн удирдлагууд болон сумын иргэдтэй уулзаж, нөхцөл байдлыг тодруулах, цаашлаад талуудын ойлголцлыг сайжруулах, төслийг зөв голдиролд нь оруулах ажлуудыг өнгөрсөн хугацаанд шат дараатайгаар хийгээд явж байна.

Онцлон дурдвал, Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар харилцан ойлголцлын ажлын хэсэг байгуулагдаж, Мянгад сумын төрийн бус байгууллага, иргэд, төсөл хэрэгжүүлэгчид хоорондоо нээлттэй ярилцах талбарыг бий болгосон. Мөн өнгөрсөн есдүгээр сард болсон нийтийн сонсголын үр дүнд манай төсөлтэй холбоотой олон эргэлзээтэй асуудалд шинжлэх ухаанд суурилсан дүгнэлтүүдийг гаргаж, хариуцлагатай уул уурхайг хийж чадвал хүн, мал, байгаль орчинд аюулгүй гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гараад байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Улаанбаатар дахь оффист байхдаа ажлын найман цагийн талаас илүү хувийг хурал, уулзалтуудад зарцуулдаг. Тиймээс ширээний ард тухтайхан суух цаг тун бага гардаг юм. Төвлөрч суух боломж гарвал бичиг баримт боловсруулах, дүрэм журмаа шинэчлэх, шинжлэх ухааны нийтлэл уншиж салбарынхаа өөрчлөлттэй хөл нийлүүлэхийг хичээнэ. Ерөнхийд нь харвал үдээс өмнөх цагийг уулзалтад, үдээс хойших цагийг төвлөрч суухад зарцуулдаг.

Харин төслийн талбай дээр байгаа үед цагийн хуваарь маш шахуу болж, өглөөнөөс шөнийн 11-12 цаг хүртэл ажиллах тохиолдол бий. Энэ хугацаанд голчлон оролцогч талуудтай (stakeholders) уулзах, ажилчдын аюулгүй байдал, хоол хүнс, гэрээт компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, газар дээр нь үүссэн алдаа дутагдлыг засаж залруулах, төслийн талаар харилцан ойлголцлуудыг бэхжүүлэх, сайжруулах тал руу анхаарч ажилладаг.

Сонирхуулахад, манай төсөлд одоогоор үндсэн, зөвлөх, гадаадын лаборатори гээд 120 гаруй хүн ажиллаж байна.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?

Миний хувьд асуудлын цөм рүү нь орж, тулж ажилладаг (hands-on) арга барилтай. Олон нийт уул уурхайг эрэгтэй хүн давамгайлсан салбар гэж хардаг ч 17 жил геологичоор ажиллахдаа хүйсийн ялгаа нэг их мэдэрч байгаагүй. Өөрөө ч хүйсийн ялгаатай байдалд дургүй. Технологи хөгжихийн хэрээр хүнд хүчир ажил багасаж, эмэгтэйчүүд энэ салбарт амжилттай ажиллах боломж бүрдсэн гэж хардаг.

Мэдээж Дэлхийн банканд олон улсын нийтийн сервентээр ажиллах хугацаандаа томоохон төсөл удирдах арга барилыг эзэмших, туршлагатай хүмүүсээс суралцсан. Ер нь Дэлхийн банк шиг томоохон институцид ажиллах нь дипломат харилцаа болон стратегийн төлөвлөлтөд л хамгийн сайн сургадаг юм билээ. Техникийн хүн өндөр түвшний харилцааны албанд томилогдсон учраас маш хурдан суралцах шаардлагатай тулгарсан. Гол нь тэр үед туршлагатай менторуудаа зөв сонгож, тэднээс сайтар суралцах нь л чухал. Тэнд ажиллах хугацаанд уулзалтын зорилгоо тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх алхмуудаа урьдчилан төлөвлөх, стратеги боловсруулах зэрэг харилцааны чухал чадваруудыг суралцах гэж хичээсэн байна.


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажилдаа Remarkable төхөөрөмжийг тэмдэглэл хөтлөх зорилгоор тогтмол ашигладаг. Цаас хэмнэхээс гадна англиар бичсэн зүйлсийг шууд текст болгон хувиргаж, клауд руу хуулдаг давуу талтай. Мөн мэргэжлийн Micromine программ дээр ажиллаж, ордынхоо мэдээллийг эргүүлж тойруулж харах дуртай.

Бусдын л адил Outlook болон чатны аппуудыг тогтмол ашигладаг. Түүнчлэн технологийн хөгжлийг дагаад хиймэл оюунд суурилсан платформуудыг ажил хөнгөвчлөх, цаг хэмнэх үүднээс түлхүү ашиглаж байна. Харин юу ч бодолгүй, тархиа амраахыг хүссэн үедээ Tik Tok гүйлгэх дуртай.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж төлөвлөлт. Манай салбар өөрөө минутын бүтээмжээр хэмжигддэг учраас ямар нэг зогсолт гаргахгүй байх нь чухал. Цаг хэмнэхийг хүсвэл олон ажлыг зэрэг амжуулах л хэрэгтэй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Төслийн хувьд урт хугацаандаа төлөвлөгөө нь гарчихсан байдаг учраас ерөнхийгөөс нарийн руу төлөвлөдөг. Хувийн гүйцэтгэх ажлуудаа долоо хоногийн өмнөөс төлөвлөж, уулзалтуудаа товлон, календарь дээрээ бүртгэдэг дадалтай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ажлын стрессээс ангижрахын тулд гэр бүл, бяцхан үрдээ цаг гаргаж эрч хүч авдаг.

Мэдээж геологич учраас байгальтай ойр байх дуртай, хээр явахдаа сонирхолтой чулуу, дээж харах хоббитой хэвээрээ л байгаа. Тиймээс миний хувьд хөдөө орон нутаг руу томилолтоор явах нь нэг талаар эрч хүчээ сэлбэх бас нэг сайн арга болдог.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Зөвхөн газрын ховор элемент гэлтгүй бусад төрлийн алт, зэс гэх мэд ордуудын тухай уншиж, судлах дуртай. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа ч геологичийнхоо хувьд нэг байрандаа гацчихгүй байх юм сан гэж хичээдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Геологич бол интроверт төрлийн мэргэжил. Ганцаараа хээр хөдөө явж, хайгуул судалгаа хийнэ, тэдгээрийг сайтар бодож тунгаан, учир шалтгааныг нь олох гэж хичээнэ гэхчлэн нэг төрлийн мөрдөгч шиг ажилладаг гэж болох байх. Би бас өөрөө интроверт төрлийн хүн учраас мэргэжлийн энэ онцлог нь надтай нийцдэг болов уу гэж бодож байна. Нөгөөтээгүүр, одоогийн ажил маань надаас илүү олон хүнтэй харилцах, экстроверт байхыг шаардаж байгаа. Тиймээс зарим талаар хүндрэлтэй санагдах үе гардаг ч олон янзын хүмүүстэй уулзаж, төрөл бүрийн асуудал шийдвэрлэж байгаа болохоор хэцүү гэхээс илүү сонирхолтой санагддаг.

Халзан бүрэгтэй төслийн тухайд судалгаа, шинжилгээний ажил нь нэлээн урагшилсан, Монголд буй газрын ховор элементийн ганц төсөл гэдгээрээ онцлогтой. Эрчим хүчний шилжилтэд хэрэгтэй түүхий эд болох газрын ховор элементийг манай улс 1980-аад оноос нөөцийг нь судалж, хайгуулын ажлыг нь эхлүүлсэн байдаг. Тэгэхээр энэ бол гэнэт гарч ирсэн, цоо шинэ зүйл биш гэдгийг олон нийт маань ойлгох хэрэгтэй болов уу.

Ерөнхий уул уурхайн салбарын хувьд гэвэл манай улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа цор ганц салбар шүү дээ. Үүний ард мэдээж манай монгол залуус шаргуу ажиллаж байгаа. Тиймээс энэ ярилцлагыг уншиж буй та бүхэн тэдгээр хүмүүс болон уул уурхайн салбарт талархдаг байгаасай гэж хүсмээр байна. Монгол Улсын олон хүнд цаг үеийг нуруун дээрээ үүрч гарсан, гарсаар ч байгаа ганц салбар бол уул уурхай.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай төслийн хувьд одоо хайгуулын шатны ажил дуусаж, олон улсын стандартын дагуу ТЭЗҮ (Техник эдийн засгийн үндэслэл)-ээ боловсруулах ажилд төвлөрч байна. Мөн Монгол Улсын стандартын дагуу нөөцөө батлуулах төлөвлөгөөтэй байгаа. Үүний тулд өрөмдлөгийн ажлуудыг хийх шаардлагатай бөгөөд дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн энэ ажил идэвхжих юм. Өвлийн цагт өрөмдлөг хийхэд хүндрэлтэй байдаг тул яг одоогоор бид бэлтгэлээ базааж байна.

Үүний зэрэгцээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил идэвхтэй явагдаж байгаа. Бид энэхүү үнэлгээг олон улсын байгууллагаар хийлгээд бэлэн болохоор нь орон нутгийн иргэдэд танилцуулж, нөлөөлөл нь ямар байх талаар мэдээлэл өгөх юм. Нөөцөө тогтоосны дараа үнэлгээний ажил бүрэн дуусдаг тул эдгээр нь хоорондоо нягт уялдаатай хоёр том ажил гэж ойлгож болно.

Ташрамд дурдахад, Халзан бүрэгтэй төсөл нь бидний боловсруулж буй концепцоор уурхайн ашиглалтын хугацаа (Life of Mine) нь ойролцоогоор 25 жил байх юм. Хэрэв бидний төлөвлөгөө бодит ажил хэрэг болж, аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдвал зөвхөн тухайн аймаг гэлтгүй бүс нутгийн хэмжээнд маш том нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл болно. Хүмүүс "Яагаад ийм олон жил хайгуул хийдэг юм бэ?" гэж асуух нь элбэг. Сайн уурхай нээхийн тулд, ялангуяа байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай, олон улсын стандартад нийцсэн уурхайтай болохын тулд олон жил судалгаа хийх шаардлагатай байдаг. Технологи сайжрахын хэрээр бид дээж авах, лабораторийн шинжилгээ хийх ажлаа дахин дахин давтаж, нөөцөө нягталж байж л хамгийн зөв дүр зураг гарч ирдэг юм.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би геологийн мэргэжилдээ их хайртай. Тиймээс ажил, төслөөс үл хамааран хөдөө хээр явахдаа сонирхолтой чулуу, дээж харах хоббитой.

Харин өөрийгөө хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны өгүүллүүдийг тогтмол уншдаг. Сүүлийн үед оролцогч талуудын харилцаа (Stakeholder engagement) болон энэ чиглэлийн түүхэн өөрчлөлтүүдийг сонирхон судалж байгаа. Мөн зөвхөн өөрийн ажиллаж буй газрын ховор элемент гэлтгүй алт, нүүрсний салбарын шинэ технологи, лабораторийн шинжилгээний аргуудыг ч орхигдуулалгүй судлахыг хичээдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

АНУ-ын өмнөд мужид, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт гүн суусан үеийн түүхээс өгүүлсэн "To Kill a Mockingbird" номыг санал болгомоор байна. Зохиолч Харпер Ли энэхүү романаараа шударга ёс, ёс суртахуун, хүний эрхэм чанарыг хүүхдийн нүдээр харуулж, унших бүрд гүн бодолд автуулдаг. Ялангуяа ёс зүй, үнэт зүйлийн суурь төлөвших, нийгмийн шударга бус байдлыг таньж сурах, "Зөв зүйл хийх” нь үргэлж амар байдаггүй гэдгийг ойлгох, дуугүй байх уу, шударга байх уу гэдгийг сонгох мөч гэх мэт хүний амьдралын олон мөчлөгт өөр өөр утга агуулгыг ойлгуулдаг юм шиг санагддаг.

Киноны тухайд "Friends" цувралыг санал болгомоор байна. "Friends" бол олон хүний нэг удаа үзээд мартагддаг цуврал биш, амьдралын өөр өөр үед ахин дахин үзэхдээ дандаа эерэг мэдрэмж өгдөг кино нь болов уу.

Хөгжмийн тухайд ихэвчлэн амрах үедээ намдуу, тайван хэмнэлтэй дуу сонсдог.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Дэлхийн банканд ажиллаж байх үед миний хүндэлж явдаг нэгэн мундаг эмэгтэй "Trust your gut" буюу "Өөрийнхөө мэдрэмждээ итгэж байгаарай" хэмээн хэлж байсан юм. Ялангуяа хэцүү үеүдэд энэ зөвлөгөө их хэрэг болдог. Мэдээж судалгаа, тоо баримт чухал ч анхны мэдрэмж, хүний дотоод зөн совин маш зөв чиглүүлэгч болдог. Хэрэв дотоод мэдрэмж чинь "буруу" гэж хэлж байвал тэр нь ихэвчлэн зөв байх магадлалтай гэсэн үг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

"Үргэлж эерэг байж, тэр байдлаа хэзээ ч бүү алдаарай" гэж хэлмээр байна. Сурах, ажиллах гээд амьдралын бүхий л үе шат өөрийн гэсэн хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Тэр болгонд өөрийгөө алдалгүй, эерэг хүмүүсээр хүрээлүүлж, байнга эерэг цэнэгээр өөрийгөө цэнэглэж байх нь чухал шүү. Аливаа зүйлийг гэгээлэг өнцгөөс хардаг тэр хандлагаа хэзээ ч өөрчилж болохгүй гэж л хэлмээр байна.

Техникийн мэргэжилтний хувьд англи хэл, STEM шинжлэх ухаан, нэмээд монгол хэлээ сайн эзэмшээрэй гэж хэлмээр байна. Сүүлийн үеийн судалгааг харахад байгалийн шинжлэх ухаан, техник, тооны ухааны чиглэлээр элсэгчдийн тоо буурч байгаа нь ажиглагдсан. Гэтэл уул уурхай бол Монгол Улсыг олон жилийн турш авч явах, эдийн засгийн хамгийн чухал салбар шүү дээ. Хятад шиг дэлхийн үйлдвэрлэлийн том төвийн хажууд байгаа манай улсын хувьд эдийн засгаа солонгоруулах нь хэцүү ч уул уурхай дээр түшиглэн хөгжих асар их боломж бий.

Бид нэгэн судалгаанд оролцож байхдаа "Бид түүхий эдээс гадна өөр юу зарж болох вэ?" гэж хэлэлцсэн юм. Тэр нь ерөөсөө л уул уурхайн салбарын мэдлэг, чадвар (skill) юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өнөөдөр манай залуучууд Төв Ази руу гарч зөвлөх үйлчилгээ үзүүлж байна шүү дээ. Энэ бол маш том боломж. Ялангуяа манай төсөл дээр ажиллаж байгаа залуучууд Монголын газрын ховор элементийн анхны мэргэжилтнүүд болж бэлтгэгдэж байгаа учраас ирээдүйд мундаг чадвартай залуус маань манай салбар руу олноор орж ирвэл уул уурхайн талаарх олон нийтийн болон эцэг эхчүүдийн ойлголт ч эергээр өөрчлөгдөж болно.