Дэлхийг хамгаалагч супер баатруудын нэгдэл Авенжэрс, өхөөрдөм хөөрхөн Падингтон баавгай, үзэсгэлэнт лусын дагина Ариел гээд дэлгэцээс л харах боломжтой ер бусын уран зөгнөлт түүхүүдийг технологийн дэвшил ашиглан амилуулагчид бол визуал эффект артист, инженерүүд юм. 

Өнөөдрийн дугаарын зочин бол дээр дурдсан дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлүүдийн визуал эффектийг хариуцан ажилладаг "Framestore" компанийн визуал эффект хөгжүүлэгч инженер (pipeline technical director) Д.Төмөртогтох. 

Багаасаа "Харри Поттер"-ыг шимтэн үзэж, яг л тийм уран бүтээл хийж үзэх хүсэлд хөтлөгдөж явсан тэрээр Английн Шеффилдийн их сургуулийг дүүргэж, өдгөө Холливүүдийн кино урлагт визуал эффектийн чиглэлээр ажиллаж буй юм. "Spiderman", "Doctor Strange", "Fantastic Beast III" зэрэг бокс оффисыг тэргүүлсэн кино төслүүд дээр амжилттай ажилласан тэрээр "Mermaid" киноны багт ажиллаж байна. 

Байршил: Их Британи улс, Лондон хот
Эрхэлдэг ажил: "Framestore" студийн визуал эффект хариуцсан техникийн ахлах, програмист
Хэрэглэдэг гар утас: Samsung S10 Plus
Хэрэглэдэг компьютер: HP Z600, Centos8, 96gb, SSD (тоноглолтой)
Сошиал хуудсууд: Tumurtogtokh Davaakhuu (Вэб, Facebook, Instagram, Twitter, LinkedIn, IMDb, Youtube, Github)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Хийж буй ажил, хүсэл мөрөөдөл, ирээдүйн төлөвлөлт маань бүгд хүүхэд насны сонирхол шохоорхлоос үүдэлтэй. Багадаа "Бөгжний эзэн", "Харри Поттер" зэрэг уран зөгнөлт кинонуудыг үзээд үйл явдлаас илүүтэй тэр бүхнийг хэн, яаж, хэрхэн бүтээсэн вэ гэдэгт татагддаг байсан юм.

Дотаг 2000 эхээр тун ч шимтэн тоглосон. График дүрслэл, анимейшн нь тухайн үед шинэлэг гоё санагддаг байлаа. Яаж зүгээр байх вэ, толгойд үүнийг яаж хийдэг юм бол гэх бодол эргэлдэнэ. Яах аргагүй, сонирхдог байсан тул гэртээ интернэтгүй ч боломж, чадвартаа тааруулаад мини хэмжээний дота хувьдаа хийж, туршиж эхэлсэн. Одоо бодоход эндээс суурь нь тавигдсан байх. Найз маань хараад надад видео студидээ ажиллах санал тавьснаар видео контенттой танилцсан юм. Тэгэхээр 2007 онд анх Youtube-тэй танилцсан байх нь.

Нэгэнт Youtube-ийг мэддэг болсон хүн англи хэлгүй ч мэддэг найзаараа бичүүлээд киноны визуал эффектийг хэрхэн хийдэг вэ, Харри Поттерыг хийж буй үйл явц зэргээр хайж, төрөл бүрийн мэдээлэл цуглуулж эхлэв ээ. Ирээдүйд энэ чиглэлээр мэргэшиж, гаднын оронд ажиллана гэж шийдээд, бага багаар бэлтгэх болсон. Студид ажиллах хугацаандаа "MCS Coca Cola", "TV8 суваг", "Coke'nBeat" наадам гээд төрөл бүрийн байгууллагад видео контентын ажил хийж, туршлага хуримтлуулахын хажуугаар ажлын бус цагаар англи хэлэндээ нэлээд шамдсан. 2-3 жил нухсаны дүнд IELTS-ийн боломжийн оноо авч, олон улсын мэргэжилтнүүд рүү и-мэйл явуулах түвшинд хүрсэн байх шүү.

Гаднын сайн уран бүтээлч, мэргэжилтнүүд рүү мэйл явуулж, өөрийнхөө юу чаддаг, цааш ямар хүсэл зорилготой байгаагаа илэрхийлж, түүнд хүрэхийн тулд ямар ур чадвар, туршлага хуримтлуулах тухай зөвлөгөө өгөхийг асуудаг байлаа. Урамтай нь, хэдэн сарын дараа ч хариу ирдэг байв. Тэр имэйл харилцаанаас тун сайн чиг баримжаа авсан шүү. Тэр дундаа Allan Mckay (хамгийн алдартай уран бүтээлүүдийн нэг нь Avengers: Endgame) гэх хүнтэй нэлээд дотно танилцаж, одоо миний ментор болсон.

Тухайн үед би Монголд эдийн засаг-програмчлал хосолсон ангид элссэн байсан ч нэгдүгээрт эдийн засгийн хичээлүүдэд сонирхолгүй, хоёрдугаарт визуал эффект гэж бодоод байснаас програмчлалыг сайн мэддэггүйгээс гадна сонирхож буй салбартай хэрхэн холбогдохыг ойлголгүй дундаас нь больчихсон юм.

Гэхдээ хүрэхийг хүссэн цэг минь тодорхой байсан учраас олон оролдлогын дүнд 2014 онд эхний зорилтдоо хүрч Их Британи руу сурахаар явсан. Нэг их удалгүй гэр бүлийн шалтгаанаар эргээд ирсэн ч 2016 онд "The University of Sheffield" сургуулийн компьютер програмчлалын ангид тэнцсэн юм. Хичээл хийгээд л байхад ард нь гардаггүй байсан болохоор хажуугаар нь визуал эффектээр сурна даа гэх бодлоо оюутан байхдаа огт хэрэгжүүлж чадаагүй. Ингээд төгссөнийхөө дараа боломж бүрийг судалж, ашигласны эцэст одоогийн компанидаа ажилд орсон. Гурав дахь жилдээ "Framestore" студид визуал эффект хөгжүүлэгч инженерээр ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Цар тахлын үеэс хойш гэрээс ажиллаж сурсан. Хүсвэл оффисоос ажиллаж болох ч энэ нь илүү амар санагдаад байгаа. Өглөө 10 цагт ажил эхэлнэ. Хамгийн түрүүнд мэйлээ шалгаад, дараа JIRA системээ шалгаж ажлын үйл явцаа хянана. Ингээд л үндсэн ажлууд руугаа орно доо.

Визуал эффектийг шат шатандаа гурван төрлийн хүмүүс хийдэг. Эхнийх нь загвар, дизайн, бүтээлч санааг гаргадаг визуал эффект артистууд, хоёрдох нь түүнийг хийгч, холбогч технологийг бүтээдэг инженерүүд, гуравдахь нь бүх л үйл явцыг хянаж, тасалдуулалгүй авч явах үүрэгтэй продьюсерүүд. Бүгдээрээ визуал эффект мэргэжилтнүүд гэж явна.

Миний хувьд визуал эффект инженерээр ажилладаг. Компанийн зүгээс ажлаа цагт нь, чанартай л гүйцэтгэж байвал харьцангуй уян хатан ажиллах боломж олгодог ч би зөвхөн ажлын цагтаа бүрэн төвлөрч, бүтээмжтэй ажиллаад цагтаа тардаг юм. Юу ч байсан 18 цагтаа л дуусгана.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Нэг ажилтай удаан зууралдаад байдаггүй. Нэг мөсөн чанартай хийгээд хурдан дуусгахыг боддог. Түүний ачаар инженерүүд өдөрт дунджаар 1-2 багтай ажилладаг бол би 3-4 багтай ажиллаж амждаг байх. Бидний ажил бол визуал эффект хийхэд тулгарч буй технологийн асуудлуудыг шийдэж, улам гоё, бодит хийхэд шаардлагатай програмуудыг сэдэх, хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх явдал юм. Иймээс асуудалд шийдэл гаргах чадвар нэлээд хэрэгтэй. Одоогийн ажиллах арга барилд Дота тоглож байхдаа олж авсан олон зүйлс нөлөөлсөн гэж боддог. Багаар ажиллах, дарамт өндөртэй нөхцөлд тайван байх, тэр дунд өөрийгөө бариад, логик шийдвэр гаргах гэх мэт. Миний хувьд өгөөжөө өгсөн тоглоом.

Мөн хурдтай суралцах чадвар байна. Манай мэргэжилд ажлаа гартаа оруулах гэх ойлголт бараг байхгүй. Жил ирэх бүр технологи шинэчлэгдэж, өөрчлөгддөг учраас өдөр бүр шинэ юм сурч, судлахгүй л бол болохгүй. Жишээ нь, 2019 онд Pixar USD гэх технологийг ашиглахад салбарынхан нь гайхаж шагшиж байсан бол 2020 онд "Мандолариан" гээд цуврал дээр Led Screen шинээр ашиглаж эхэлсэн байдаг. Гэтэл 2021 онд "Dune" дээр ногоон дэлгэц биш орчинд нь тохируулаад саарал дэлгэц ашиглах технологи гараад ирлээ.

Тэгэхээр нэг зүйлтэй удаан зууралдалгүй, хурдан сураад, цааш мартаад явах нь амар. Нэг ажил дуусгасан бол сурсан гол зүйлсээ тэмдэглэж аваад дараа нь толгойноосоо арччихдаг. Тэр болгоныг санаж, зүлгэж явах гэж хүчилдэггүй.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Мэдээж мэргэжил бүхэнд мэддэг, чаддаг байх ёстой суурь хэрэглүүр, програмууд байдаг. Бидний хувьд тэр нь Autodesk Maya, Sidefx Houdini, Foundry Nuke, 3DE. Энэ дөрвийг гартаа оруулах хэрэгтэй.

Холливүүдийн кинонуудын визуал эффектийг хийдэг студи бүр өөрсдийн онцлогтой, тусдаа ашигладаг програмтай. Манай студийн хувьд дүрийн эффектээрээ илүү алдартай. Падингтон баавгай, "Galaxy of Guardians"-ийн илбэнхийн үснээс харж болно. Үсний динамик хийлээ гэхэд л салхинд яаж хийсэх, усанд яаж хөлдөхөөс эхлээд нарийн зүйлс олон байдаг. Олонд мэдэгдээгүй програмууд ч их бий. Тэр бүрийг шинээр сэдэж, хийснийг нь сайжруулж явна.

Мөн "G-mail filter"-ийг сайн ашиглаж, өөрт хэрэгтэй мэдээллээ шүүж авдаг. Бүгдийг нь нарийн ангилж, тохиргоог нь хийсэн болохоор үнэхээр чухал и-мэйл л сонордуулга болж ирнэ гэсэн үг.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өдөрт 1-2 цагийг deep focus буюу гүн төвлөрөлтэй ганцаараа ажиллахад зарцуулдаг. Тэр үедээ ямар ч хурал уулзалтад оролцохгүй, дуудлага авдаггүй. Зөвхөн үр дүн, эцсийн бүтээгдэхүүнд анхаардаг. Тэр үедээ ямар хөгжим сонсохоос шалтгаалж ажиллах хэлбэр, хугацаа өөрчлөгддөг байх тун магадлалтай.

Хурал уулзалт нэн шаардлагатай л биш бол зугтдаг талдаа. Ялангуяа хуралд оролцож буй хүмүүс нь асуудлаа сайн ойлгосон эсвэл орох ёстой хүмүүс нь биш байвал заавал байх шаардлагагүй гэж үздэг. Орохоор бол хурлын шалтгаан, ярилцах сэдэв, асуудлыг судлаад, өөрийн зүгээс ярих зүйлс, шийдлээ боловсруулаад орно. Тэгж байж л цагаа хэмнэж чадна даа.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Нэн түрүүнд одоогоор аль нь илүү чухал вэ гэдэг асуултад хариулж, ажлаа сонгодог. Жишээ нь, "Хүн аалз", "Доктор Стрейнж" хоёрын төсөл зэрэг болж байсан ч "Хүн аалз" түрүүлж нээлтээ хийх тул тэр ажлыг эхлээд барьж авах байдлаар гэсэн үг.

Харин дараа нь урт хугацаанд үргэлжлэх ажлуудаа ямхын онолоор урагшлуулна. Тухайлбал, нийт 8-9 сарын хугацаанд хийх том төслүүд байвал хугацаа байна даа гэж тайвширч хойшлуулалгүй аль болох өдөрт нь бага багаар ахиулахыг боддог. Эртхэн шиг асуудлаа олоод, тусламж хэрэгтэй бол хэрэгтэй хүндээ хандаад явбал амар. Учиртай болоод л урт хугацаа тавьсан байгаа шүү дээ. Ер нь энд ирснээсээ хойш цаг тулгаж хийдэг зангаа хаях гэж их юм болсон. Багагүй сургамж авсны эцэст энэ л дадлаасаа салж, 1-2 жил өнгөрч байна. Өөртөө энэ дадлыг суулгахын тулд их хүч хөдөлмөр орсон болохоор цаашдаа ч сахилга баттай хадгалж явахыг хичээдэг дээ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Киногоо хийчхээд ажлынхантайгаа уулзаад ганц хоёр шил пиво уух сайхан байдаг. Мэдээж кино театр зорьж, киногоо үзнэ. Бас байнга сууж ажилладаг болохоор долоо хоногтоо 4-5 удаа цаг гарган гүйнэ.

Өдөр тутамдаа гэрээсээ гараад Лондоны ямар нэг хуучны гудамжаар алхангаа хүмүүсийн хэрхэн амьдарч буйг ажиглах сонирхолтой. Энд хуучных хэдий ч үнэтэй гудамжууд байдаг юм л даа. Тэнд байгаа эртний язгууртан хүмүүс цаанаа л ондоо байдаг. Нэг хэсэг би хатан хааны ордонтой их ойрхон амьдардаг байлаа. Хөгшчүүл ихтэй хэсэг л дээ. Аяга кофе авчхаад хэсэгхэн байхад л нэг хөгшин өдөр бүр 10 эсвэл 12 цаг биш, яг 11 цагт кафед орж ирдгийг, ажлын өдөр ямар ч хүнгүй байсан цэцэрлэгт хүрээлэн амралтын өдөр хэрхэн дүүрдгийг, олон нохойтой хосууд нохдоо салхилуулахаар хэрхэн гарч ирдгийг харж суудаг байсан. Энгийн ч гэлээ энэ дадал амралтын минь салшгүй хэсэг.

Өө тийм, сүүлд "Call of duty"-ийг стрессээ гаргахад их зүгээр юм гээд тоглох дуртай болчихоод байгаа (инээв).



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Дурлаж хийдэг гэхээр ажил л болчхоод байна. За байз, ажилдаа хэрэглэж байгаа програмууддаа гаршаад ирэхээр дуртай кинонуудынхаа эффектийг өөрөө хийж үзэх сонирхолтой байдаг. Арай өмнө гэвэл блог их хөтөлдөг байсан. Сүүлийн үед жилдээ бараг л 1-2 бичвэр л арай гэж оруулдаг болчихсон (инээв). Уг нь цаг гарвал толгой доторхоо суллаж бичих нь их зүгээр байдаг юм. Бичих зуураа жижиг санаануудаа тэмдэглээд явах нь тун сонирхолтой.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Давуу тал гэвэл энд ажиллаж байгаа хүмүүс бүгд аз жаргалтайгаар ажлаа хийдэг. Учир нь, ажилд ороход нэлээд өндөр шалгууртай, тэрийг нь хангахын тулд багагүй хугацааны эрэл хайгуул, идэвх зүтгэл, хөлс хүч ордог юм. Үүнийг л хийх гэж чин сэтгэлээсээ хүсэж тэмүүлсэн хүмүүсээр дүүрэн байдаг гэх юм уу даа. Ажилдаа хандах хандлага нь эерэг, шинийг хийж бүтээе, болгоно чадна гэх эрч хүчтэй хүмүүстэй баг болж ажиллах урамтай. Их ч юм сурна. Нэмээд ажилласан бүтээлээ кино театрын өргөн дэлгэцээр үзнэ гэдэг том бонус, тун сайхан мэдрэмж байдаг.

Мөн ажлын цагийг дурдах нь зүйтэй. Артистууд, жүжигчид, зураг авалтын багийнхны ажлын цагийн хуваарь тааварлашгүй. Зарим үед унтах ч завгүй ажилладаг ч, зарим үед огт ажилгүй болох нь бий. Тиймээс ажил амьдралаа төлөвлөж, тогтмол бөгөөд тасралтгүй ажил эхлүүлэхэд хүндрэлтэй. Миний хувьд адилхан уран бүтээлч хэдий ч яг цагтаа ажилладаг. Тэр хэрээр хувийн амьдрал болон ажлын цагийн хуваарь илүү ойлгомжтой, тодорхой байдаг.

Англид ирээд хамгийн анхны оролцож ажилласан төслүүдээс дурдвал Netflix-ийн “A boy called christmas”, "Warner Bros" компанийн “Tom and Jerry”, BBC-ийн “His dark materials” цуврал байсан. Хамгийн том төсөл гэвэл “Fantastic Beasts III” гэх байна. Уг төсөл дээр “Postvis” (Post visualization) гэдэг шинэ аргачлалыг ашигласан. Зураг авалт дууссаны дараа бичлэг дээрээ нэмж, хасах, засварлах бүхнийг туршиж үзнэ гэсэн үг.

Previs, Techvis гэх аргачлал нь зураг авалт эхлэхээс өмнө бүх зураглалаа тодорхой болгож төлөвлөдөг. Тухайлбал, "Gravity" кино бол зураг авалтаас өмнө бүх хэсгийг хоёр удаа авч үзсэний дараа хийсэн Previs, Techvis аргачлалын тод жишээ. Visdev гэхээр зураг авалтын план дээр гэхээс илүү дүр дээр ажилладаг. Энэ аргачлалаар Доктор Стрейнжийн даавуун галтай мангас дээр хэдэн долоо хоног ажилласан.

Харин “Fantastic Beasts III” дээр бүх зураг авалт хийсний дараа ямар амьтан байх, яаж хөдлөхийг шийдэж, цэвэр оргүй хоосноос бий болгосон гэхэд болно. Үүнээс цааш нарийн ширийнийг дурдах боломжгүй ч энэ болсонгүй гээд ахин зураг авалт хийх эрх байдаггүйг нь бодохоор нэлээд хүнд арга шүү.

Сул тал нь өрсөлдөөн л юм даа. Чадахгүй бол, сураагүй бол ямар ч найраа байхгүй. Чиний оронд чадах хүн боломж гарч ирэхийг анаад хүлээж байгаа. Хэн ч чамайг хүлээхгүй, хүчлэхгүй гэдэг хатуу ч гэлээ үнэн бөгөөд зэрлэг зарчим энд үйлчилдэг.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Сүүлд трэйлер нь цацагдсан "Mermaid" дээр нэг шинэ аргачлал хөгжүүлсэн. Анимейшн хийхэд хүн ч бай, амьтан ч бай булчинг нь хийх нэлээд төвөгтэй байдаг юм. Яаж ч хичээсэн төгс болдоггүй. Харин энэ киноны "shot sculpting" дээр бид тусдаа програм ашиглан, илүү төгс рүү дөхүүлэх технологи хөгжүүлсэн. Удахгүй үзэгчдэд хүрэх байхаа.

Ойрын үед студидээ "crowd work" хийх систем бичиж байгаа. Кинонд олон масстай бүтээл хийх тохиолдол цөөнгүй. Жишээ нь "Бөгжний эзэн" дээр гардаг оркуудын дайн ч юм уу. Түүнийг дижиталаар хийх боломжтой тул уг системийг хөгжүүлж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Өдөр бүр ажлаа яг цагт нь дуусгаад, шөнө дунд хүртэл чадвараа сайжруулахад анхаардаг. Бие даан төрөл бүрийн сургалт хайх, програм оролдох, туршилтын төслүүд дээр ажиллах зэргээр өнгөрүүлдэг. Байнга сурахгүй л бол юу юугүй хоцрогдчих гээд байдаг салбар болохоор ингэхээс ч аргагүй. Бас бусдыг их ажигладаг.

LinkedIn дээр салбарынхаа нэлээд чухал хүмүүсийг дагадаг болохоор тэдний зарлаж буй сургалт, хэлэлцүүлгийн мэдээллийг алдалгүй авч, болж өгвөл хэрэгтэй бүхэнд нь хамрагдахыг боддог. Сургалт авдаг тусдаа сайт ч бий. Технологи өөрчлөгдсөн ч суурь туршлага хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтын нэг гэдэгтэй санал нийлдэг. Тиймээс салбарын акулуудыг тэтгэвэртээ гарсан ч дагасаар байдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

"I forgot to die" гээд ном их санагдсан.

Киноны хувьд БНСУ-ын трэйлэр төрлийн бүрэн хэмжээний кинонуудад дуртай. "Old Boy", "Parasite", "New World" гэх мэт. Бас "сонин" кинонуудад дуртай. Сэтгэхүйн хүрээг тэлсэн, толгой ажиллуулсан, эргэлзээ төрүүлсэн, бодолд автуулсан, нийгмийн асуудлыг бүтээлч өнцгөөс хөндөн гаргаж ирсэн тийм л уран бүтээлүүд.

Сүүлд гэхэд 1900-аад оны дунд үеийн Францын үр хөндөлтийг хуулиараа хориглодог нийгэм дэх эмэгтэйчүүдийн амьдралыг өгүүлсэн кино их таалагдсан. Хүүхдээ төрүүлчихвэл үлдсэн бүх амьдралаа тосгоны авгайн хувиар өнгөрүүлэхээс өөр сонголтгүй үлдэх залуу бүсгүйчүүдийн хүндхэн нөхцөл байдлыг харуулдаг.

Бас Каннын наадамд нэр дэвшсэн итали кино байна. Хар тахлын үеийг дүрсэлсэн. Мухар сүсэг, шашны суртал ухуулгад хэт автсан тэр цаг үеийнхэн хар тахлыг хэрхэн хүлээж авч буй тухай юм. Үзүүштэй кино байсан шүү.

Хөгжим гэвэл ихэвчлэн гадаад уран бүтээлчдийг сонгодог юм байна. DJ Korolova, SEV, Luxor-ыг дурдаж болох юм. Монголоос Татар, Люмино, Big Gee гээд нэрлэхээр цөм одоо идэвхтэй уран бүтээл гаргахаа больсон болохоор дандаа л хуучны дуунууд нь гэж болно.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Дээр дурдсан ментор болох Allan Mckay маань надад нэг удаа "Сонгосон нэг чиглэлдээ сайтар төвлөрөөд, хэн ч харсан чамайг "тэр зүйлд сайн биш юм" гэж дүгнэх боломжгүй болтол нь түүнийгээ нүд, мэргэш. Тэр цагт чамд маш их боломж, эрх чөлөө гарч ирнэ. Эрх чөлөө гэдэг дараа нь чи юу ч сонирхсон түүнийгээ бүтэхгүй байх вий гэдэг айдасгүйгээр амар амгалан, аз жаргалтай хийж чадна шүү дээ. Угаасаа чамд чаддаг зүйл байгаа юм чинь" гэж хэлж байсан юм. Энэ л юм даа. Ер нь хүнд сайн чаддаг, хаана ч баатарлаг хийдэг, хоолоо олдог нэг л ажил байхад хангалттай, бусад нь бол хобби байхад болно.

Мөн бага сургуульд орж байх үед аав "Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л мэддэг юм шүү" гэж байсан юм. Дээд боловсрол эзэмшээгүй, хөдөөний эгэл хүмүүс болох аав ээж маань их сургуулиа орхих шийдвэр гаргах үед ч энэ хэлж байсан шигээ ирээдүйг минь миний гарт, надад итгээд үлдээсэн. Шийдвэрт нөлөөлөх гэж огт хүчлээгүй. Тэр утгаараа их хүчтэй үг шиг санагддаг юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өөрийнхөө хүсэл тэмүүлэл болон чин сэтгэлээсээ хийх дуртай зүйлээ мэддэг байгаарай. Тэгээд түүндээ таарсан сонголтоо хийж, нэгэнт шийдвэр гаргасан бол зөв, буруугаас үл хамааран хариуцлагаа үүрэх чадвартай байгаасай.

Юу хийх нь, хаа хүртэл явах нь, тэр байтугай үнэхээр бүтэлтэй болох эсэх нь тийм чухал биш дээ. Гол нь л аливаа зүйлийн төлөө ганхалгүй эрс шийдвэр гаргаж, зорилгодоо хүрэхийн тулд биеэ дайчлах юм. Чадахгүй бүх юмаа оролдож, чаддаг болохын төлөө тэмцээд явах сайхан. Тэгвэл илүү жаргалтай, харамсахгүй амьдрах байх.