Энэ удаагийн дугаартаа бид уншигчдаас зочноор оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг ихээр ирүүлдэг "MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшинг оролцуулж байна. Бид энэхүү ярилцлагыг өнгөрөгч сард “Clubhouse” апп дээр зохион байгуулж, 600 орчим хүний хамтаар түүнтэй шууд хөөрөлдсөн билээ. Тэрээр MУИС-ийг төгсөн 1997 онд "МCS" группээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус компанийн олон төсөлд үр бүтээлтэй ажиллаж, “Дэлхийн хөгжлийг Монголд” уриагаа бодитоор хэрэгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Монголын топ компанид 20 гаруй жил ажиллаж, бизнесийн талбарт арвин туршлага хуримтлуулсан Д.Энхтүвшин сүүлийн жилүүдэд "Шарк Танк" нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, гарааны бизнесүүдийн тулхтай дэмжигч, зөвлөх болоод буй. Ингээд Д.Энхтүвшин шаркийн ажлын арга барил, амьдралын дадал хэвшилтэй танилцъя. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "MCS" группийн дэд ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 12, iPad
Хэрэглэдэг компьютер: Dell компьютер, MacBook
Сошиал хуудсууд: Tuvsche (Фэйсбүүк, Твиттер, Клабхаус, Линкэдин)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Дорнодод 10 жилээ төгсөөд хамгийн эрэлттэй мэргэжил хэмээн МУИС-ийн ЭЗС-ийн менежментийн ангийг сонгож байлаа. Гэхдээ хоёрдугаар курсээсээ менежментийг практик дээр хүнтэй ажиллаж байж сурах юм байна, харин санхүүгийн мэргэжлийн хэрэгцээ илүү байж магадгүй гэж тооцоод сургалтын албандаа санхүүгийн мэргэжлээр давхар суралцах хүсэлт тавьсан юм. Хүсэлтийг минь зөвшөөрснөөр би МУИС-ийн ЭЗС-ийг санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгсөж, 1997 онд "MCS"-д санхүүгийн шинжээчээр анх ажилд орсон. Өөр мэргэжлээр давхар суръя гэсэн тэр мэдрэмж, шийдвэр маань тун чухал байж дээ гэж боддог.

Миний 23 жилийн карьерын нэг онцлог гэвэл, би CEO буюу гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаагүй. Голдуу дэд захирал эсвэл аль нэг функц хариуцсан менежер гэх мэтээр удирдлагын хоёрдугаар, гуравдугаар түвшинд ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, дандаа л дээрээ удирдлагатай, дэргэдээ ижил түвшний менежерүүдтэй, доороо баг, хамт олонтой ажиллаж ирсэн байдаг. Хэдий гүйцэтгэх захирал болох боломж байсан ч надаас илүү хүмүүс байгаа, тиймээс тэр захиралдаа сайн дэмжлэг үзүүлье гэж бодож, баг болж ажиллахыг илүүд үздэг байлаа. Энэ нь эргээд надад шинэ юм сурах, байнгын өөрчлөлтөнд бэлэн байх, аливаад дасан зохицох, өөр олон чиглэлийн ажил хийх боломжийг олгож ирсэн шиг санагддаг. Зүйрлэвэл нисдэг тэрэг шиг дээш, доош, хажуу тийш гээд бүх л чиглэлд ажиллах боломжтой орчинд байсан гэх юм уу даа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Одоо би илүү удирдах зөвлөлийн түвшинд буюу бодлогын түвшинд ажилладаг. "Mongolian Mining Corporation", дижитал бизнестэй холбоотой болон бусад хэд хэдэн охин компанийн удирдах зөвлөлд ажиллаж байна. Мөн группийн үйл ажиллагаа, байгууллагын соёлыг бэхжүүлэх, сайжруулах зорилгоор группийн ёс зүйн хороо, аудитын хороо зэрэг бүтцүүдэд ажилладаг. "Шарк Танк" нэвтрүүлэгт орсны дараа захирлууд дундаа олон нийтэд, ялангуяа сошиал орчинд илүү танигддаг нь болсон учраас группийнхээ олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа.

Ажлын өдрийн хуваарийн хувьд эрт эхэлдэг талдаа. Өөрөө удирдах боломжтой цаг байдаг болохоор өглөөний цагийг сайн ашиглахыг хичээдэг. Голдуу 6 цаг орчимд дасгал хөдөлгөөнөөр өдрөө эхлүүлэн төвлөрч унших, судлах ажлуудаа амжуулж, бодлоо цэгцэлж, ойролцоогоор 9 цагийн үед ажилдаа ордог.

Өдрийн цагаар голдуу хурал, уулзалтуудтай. Төвлөрч суух цаг барагтай л гардаггүй. Орой гэртээ аль болох ажлаа бодохгүй байхыг хичээдэг ч хэрэгжүүлэх нь ховор. Хөл хорионы үед гэр, ажлын зааг бүдгэрээд амаргүй л байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Гурван зүйл дурдаж болох байх. Нэгдүгээрт, би өөрийгөө бусдын оронд тавьж бодохыг эрмэлздэг. Бизнес гэдэг урт хугацааны харилцаа учраас өнөө, маргаашаа бодсон, зөвхөн өөртөө л ашигтай яриа, хэлцэл хийгээд байвал хамтын ажиллагаа хол явахгүй. Нөгөө талынхаа өнцгөөс асуудлыг харж хэн хэндээ ашигтай шийдэл гаргаж чадвал урт хугацаанд илүү үнэ цэнтэй санагддаг. Ингэх нь аливааг өөрөөр харахад ч сургадаг шиг байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ арга барилдаа өөрөө эргэлзэх, багийнхан маань намайг хэт нөгөө талдаа ороод байна гэж шүүмжлэх үе ч гарч байсан. Гэхдээ эргээд харахад ийм шийдлүүдийн оносон нь илүү байдаг.

Хоёрдугаарт, би хийж байсан ажлуудаа мартчихдаг. Хэзээ хойно бичиг цаас ухаж байхдаа ч юм уу ийм юм хийсэн билүү гэж гайхдаг. Ингэж мартдаг нь надад олж авсан мэдлэгтэйгээ зууралдаад байхгүй, хэт мэдэмхийрээд байхгүй байх боломжийг олгодог шиг санагдсан. Нөгөө талаас энэ зан нь өөр ажил шинээр эхлүүлэх бүрд би чадахгүй байх гэсэн тийм хэцүү, айдастай, таагүй мэдрэмжийг надад төрүүлдэг.

Гуравдугаарт, сонсох. Үнэндээ би компани дотроо, найзууд дундаа бага ярьж, их сонсдог талын хүн. Шаардлага гарахгүй бол нэг их ярьдаггүй. "Керри"-ийн Томас захирлаас хүнийг хэрхэн сонсох талаар үлгэр жишээ авч байсан. Тэр хүн Шангри-лагийн олон том төслүүдийг хариуцдаг, тун завгүй ажилладаг хэдий ч хүнтэй уулзаж байгаа бол цаад хүндээ анхаарлаа бүрэн хандуулж, тун анхааралтай сонсон ярилцаж чаддаг. Хүнтэй цаг гаргаад уулзаж байгаа бол анхааралтай сонсох сурах хэрэгтэй юм билээ. Уулзчихаад сайн анхаарахгүй, өөр юманд сатаарахаар бол анхнаасаа уулзахын хэрэггүй. Хүмүүс нөгөө хүн нь эсрэг байр суурь илэрхийлэхээс илүү өөрийг нь үл тооход, анхаарахгүй байхад дургүй байдаг юм шиг санагддаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Технологи бидний амьдралын хэв маягийг өдөр ирэх тутам улам их дижитал болгож байна. Дижитал болсноор зөвхөн өөртөө таарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой болж, улам л өөрийнхөөрөө байх боломжийг нээж өгч байна. Ажлын хувьд манайх Microsoft Teams ашигладаг.

Байнга ашигладаг аппууд гэвэл таксины хэрэгцээ гарвал UBCab-ийг, онлайн дэлгүүрийн хувьд Shoppy, Amazon, сэтгүүлийн хувьд Zinio, Apple News+, номын хувьд Kindle, MPlus, Blinkist, хөгжмийн хувьд Apple Music, Tidal, Shazam, сургалтын хувьд Udemy, Coursera, MasterClass, шатар тоглохдоо Chess, тэгээд мэдээж банкны болон сошиал медиа апп-уудыг ашигладаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бүтээмжтэй холбоотой санаануудаасаа хуваалцья. Өөрийн хамгийн бүтээмжтэй байдаг өглөөний цагуудад чухал ажлаа амжуулахыг хичээдэг. Хэрвээ гацаад явж өгөхгүй бол өөрийгөө нэг их хүчилдэггүй, орхичхоод дараа нь боломжтой үедээ үргэлжлүүлдэг. Анхаарлаа ихээхэн төвлөрүүлэх ёстой ажилд олон цаг зарцуулсны дараа ямар ч бүтээмжгүй болчихдог. Тиймээс хүнд, хөнгөн ажлуудаа ээлжилж хийвэл зүгээр санагддаг юм. Энэ аргыг "Помодоро техник" гэдэг. 30-45 минут хүнд, хэцүү ажил хийгээд, дараа нь 10-15 минут хөнгөн ажил гэх мэтээр ээлжлээд явахад илүү бүтээмжтэй байдаг.

АНУ-д технологийн чиглэлээр ажилладаг Э.Жагдагдорж ахын Clubhouse дээрх ярианаас "time-log" буюу хийсэн бүх зүйлсийнхээ зарцуулсан цагийг бүртгэдэг аргын тухай сонссон. Шүд угаах, цай уух, утас маажих, спорт хийх гээд бүх л үйлдлийнхээ цагийг бүртгээд дараа нь тэр бүртгэлээ хараад бүтээмжээ сайжруулж, зарим хэрэггүй дадлуудаа өөрчилж болдог юм байна л даа. Түүнийг турших санаатай цагаа бүртгээд явж байгаа.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Зургаан настай хүүгээсээ “Чи 12 жилийн дараа юу хийнэ гэж бодож байна” гэж асуусан чинь "Би тийм холын юм боддоггүй шүү дээ" гэж билээ. Тэрэн шиг нэг их урт хугацаагаар бол төлөвлөдөггүй. Хамгийн уртдаа нэг жил. Он дуусах үед хийх ажлуудаа долоон хэсэгт хуваагаад дараа жил хийх төлөвлөгөөнүүдээ гар утасныхаа "Notes" дээр тэмдэглэдэг. Тэр нь эрүүл мэнд, гэр бүл, ажил, мөнгө санхүү, найз нөхөд, хобби, хувь хүний хөгжил гэсэн долоон зүйл. Амьдралын мөчлөг бүрд энэ долоогийн эрэмбэ өөр, өөр байдаг юм шиг. Ингэж харж байвал илүү тэнцвэртэй төлөвлөх боломжтой санагдсан.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Загнуулчихаар сэргээд ирдэг хүн дээ (инээв). “Хүн бодол дотроо бодит байдлаас их зовж зүдэрдэг” гэж Сенека хэлсэн байдаг. Бодолдоо хэт зүдэрч явахад газардуулах, байранд нь тавих шүүмж хүч оруулдаг. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг. Эхнэртээ хааяа загнуулахаар хийморь сэргээд л явчихдаг.

Бас яг нойр хүрсэн үедээ унтахаар их сайхан сэргэдэг. Тархины алжаалыг мөн хөлс сайн тайлдаг санагдсан. Үүнийг би хүүгийнхээ жишээнээс анзаарсан шүү. Хүү маань сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглодог. Улирлын тоглолт нь үргэлжилж байх үед ямар ч ачаалалтай байсан хөнгөн, сэргэлэн яваад мөртлөө байдаг улирал нь дуусан үед нэг л түүртсэн ядарсан байдалтай болчихдог байсан. Би нэг их гавьтай биш ч янз бүрийн спорт сонирхож үзээд л байна. Хөл хорионоос өмнө долоо хоногт 2 удаа сагс тоглож, бокс, талбайн теннис заалгаж байсан. Өмнө нь Сингапурт байхдаа триатлонд орж байлаа. Энэ жил триатлонд орох санаа байгаа.

Мөн хүний энерги огт алга болдоггүй юм шиг байгаа юм. Хэчнээн ядарсан байлаа ч үнэхээр дуртай юмандаа хүний энерги ундраад л ирдэг. Тэгэхээр дуртай зүйл, хоббитой байж, дандаа ажил гэхгүй түүндээ цаг зарж байх нь чухал гэж боддог.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Намайг хүүхэд байхад манайх наймуулаа 12 м2 байранд амьдардаг байлаа. Хичээлээ гэртээ хийх бололцоо бага учраас гэрийн хажууд байсан номын санд их сууна. Тэр номын сан хичээл сурлагад минь сайнаар нөлөөлсөн. Тиймээс нэг ч гэсэн хүүхдэд тус больё гэж бодоод Баянхошуунд нэг Франц найзтайгаа хамтраад сургууль завсардсан хүүхдүүдэд албан бус боловсрол олгодог "Хүүхдийн гэр" гэдэг ТББ-д номын сан, мөн Вива сити хотхонд "Бяцхан мэргэд" гэдэг хүүхдийн номын сан байгуулж өгсөн.

Мөн хэд хэдэн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд тус дэм болохыг хичээдэг. Анд Глобалын Ч.Анар захирал, талийгаач Ж.Оюунгэрэл захирал бид хоёрыг Монголын математикийн олимпиадын хороонд урьж, одоо тус холбоонд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн Монголын E-sport-ын холбооны удирдах зөвлөлд байдаг. Урлагт дуртай болохоор залуу уран бүтээлчдийг дэмжиж урлангаар хангах, уран бүтээлийг нь худалдаж авах, дуу клип хийхэд нь боломжоороо туслахыг хичээж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

1990 оны сүүл, 2000 оны эхээр улсыг сайн сайхан болгоход улс төрийн манлайлал их чухал юм байна, түүнд нь хувь нэмрээ оруулья гэсэн хувийн итгэл үнэмшлээр нэг хэсэг МАН-ын оюутан, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байлаа. Тэгтэл нэг өдөр Ж.Оджаргал захирал уулзаад "Чамайг яг өөрийн хүсэл тэмүүллээр улс төрд орлоо гэж хүмүүс мэдэхгүй байх. Компани л улс төрд хүнээ оруулж улс төр хийх нь гэж харах байх" гээд аль нэгийг нь сонгоорой гэсэн. Би ч эргэцүүлж бодоод, эргэлзээгүй компаниа сонгосон. Эргээд харахад би бизнесийн талбар, хувийн хэвшилд ажиллаж, олон шинэ төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, түүгээрээ олон хүнд боломж олгож, улс орны хөгжилд чамлахааргүй хувь нэмэр оруулжээ гэж боддог.

Манай компани "Дэлхийн хөгжлийг Монголд" уриатай ажиллаж, ажиллаж буй салбарууддаа шинэ жишиг, стандарт тогтоож явахыг эрмэлзэдэг. Шинэ стандарт тогтоох нь хэрэглэгчдээ хөгжүүлж, хүлээлтийг нь өндөрсгөж, түүнийг дагаад өрсөлдөгчдийг ч чадваржуулж байдаг. Жишээ гэвэл, биднийг анх шилэн барилга барих гэхэд стандарт байхгүй гээд зөвшөөрдөггүй байлаа. Ингээд стандарт үүсгээд барьсны дараа ийм барилгууд олноор бий болсон. Уул уурхайн салбарт эмэгтэй хүн экскаватор барьж болохгүй гэдэг байв. Одоо харин тэр бүхэн өөрчлөгдсөн. Бизнесийн стандарт дээшлэх тусам хөгжил наашилж байдгийг ойлгосон. Өдгөө MCS-ийн гэр бүлд 10 мянга орчим хүн ажиллаж байна. Энэ хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, эргэн тойрондоо, улс орондоо нөлөөлөл үзүүлж байгаадаа талархдаг.

Харин ингээд ажлаа хийгээд хөдөлмөрлөөд явж байхад манай компанийг харлуулж, элдвээр хэлж бичдэг үе байсан. Бид ч тэр болгон хариу өгөхгүй яваад байхаар худлаа зүйл үнэн юм шиг болчихдог юм билээ. Хүмүүст нэг өрөөсгөл төсөөлөл суучихаар түүнийг арилгана гэдэг төвөгтэйг харсан. Одоо харин бид олон нийттэй харилцахдаа илүү идэвхтэй байхыг эрмэлзэж байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Сүүлийн үед "Сошиал СЕО" гэсэн ойлголтыг бий болгохоор ажиллаж байна. Харилцагчид, хүний нөөц, өрсөлдөгчид, бодлого боловсруулагчид бүгд өдөрт дунджаар 4-5 цагийг сошиал медиад зарцуулж байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар, ажилчид компанийнхаа талаар санал, сэтгэгдлээ шууд илэрхийлэх боломжтой болсон нь компаниудын хувьд үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг бас олгож байгаа юм. Нөгөө талаар сошиал орчинд зохион байгуулалттайгаар хуурамч мэдээлэл тараах явдал их байдаг. Худал мэдээлэл маш хурдан тархаж хүмүүсийн ойлголт, төсөөллийг өөрчлөх боломжтой. Дараа нь тэр ойлголтыг засаж залруулахад маш их цаг хугацаа, мөнгө хөрөнгө шаарддаг. Тиймээс компанийн талаар хамгийн их мэдээлэлтэйн хувьд гүйцэтгэх удирдлагууд сошиал медиаг үр дүнтэй ашиглаж сурах ёстой гэж бодох болсон. Ялангуяа B2C буюу хувь хэрэглэгчийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудаа энэ чиглэлд ач холбогдол өгдөг болгохоор зорьж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Өөрөөсөө мундаг хүмүүстэй ажиллахад их зүйлийг илүү богино хугацаанд сурдаг юм билээ. Шинэ ажил эхлүүлэх бүрд тухайн салбарын олон чадварлаг хүнтэй хамт ажиллах боломж гарч байсан. Манай компанид ийм хүмүүс олон байдаг нь энэ олон жил нэг компанид ажилласан нэг том шалтгаан гэж боддог. Ж.Оджаргал, Ж.Од, Д.Энхцэцэг, Л.Гантөмөр, Б.Солонго нарын захирлууд, Юнителийн Р.Ганболд, Энержи ресурсийн Г.Батцэнгэл захирал зэрэг олон чадалтай хүнтэй хамт ажиллаж байгаадаа их олзуурхдаг. Ер нь ажил хийнгээ буюу идэвхтэй оролцоогоор хүн илүү сайн суралцдагийг ойлгосон. Энэ талаар сүүлд уншсан "How We Learn" номонд нэлээн дэлгэрэнгүй бичсэн байсныг хуваалцъя.

Сурахад дөрвөн үндсэн багана байдаг гэнэ:

1. Анхаарал – Анхаарлаа сайн төвлөрүүлснээр аливааг сурах нөхцөл бүрдэнэ. Хүүхдүүдийг танхимд 45 минут бусад бүх зүйлсээс тусгаарлаж, анхаарлыг нь төвлөрүүлж хичээл ордог нь санаандгүй хэрэг биш юм байна.

2. Идэвхтэй оролцоо – Унших, сонсох гэх мэтээр пассив байдлаар сурахаас илүүтэй санал бодол, төсөөллөө илэрхийлэх зэргээр идэвхтэй оролцох нь илүү үр дүн авчирдаг. Үүний тулд тухайн хүн санаа бодлоо айдасгүй илэрхийлж чадах орчинг бүрдүүлэх нь чухал гэсэн байсан.

3. Алдааны хариу мэдээлэл – Хүнд төсөөлөл бий болдог. Түүнийгээ идэвхтэй оролцоогоор туршаад төсөөлөл, бодит байдал хоёрын зөрүүгээ ойлгож, улмаар төсөөллийн алдаагаа залруулж, шинэ төсөөлөлтэй болдог. Ийм замаар хүн төсөөллийн алдаагаа багасгаж бодит байдалтай илүү дөхүүлэх байдлаар суралцдаг. Өөрөөр хэлбэл алдаа гаргахаа хүлээн зөвшөөрч, алдааны мэдээлэлд ач холбогдол өгөх хэрэгтэй гэсэн санаа.

4. Нэгтгэж автоматжуулах – Хүн аливааг байнга ухамсартайгаар хийнэ гэж байдаггүй. Бидний өдөр тутмын шийдвэрүүдийн бараг 95 хувийг далд ухамсар гаргадаг. Хүн олж авсан мэдээлэл, ур чадвараа нэгтгэн мэдлэг болгож, далд ухамсартаа хадгалдаг. Өөрөөр хэлбэл сурсан зүйлсээ автоматжуулдаг гэсэн үг. Мэдээлэл нэгтгэгдэж, автоматжуулах процесс унтах үед их явагддаг. Тэгэхээр сурахад унтах бас чухал үүрэгтэй юм байна лээ.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ном хүн болгонд өөр өөр төсөөлөл, мэдрэмж өгдөг болохоор ийм ном уншаарай гэж зөвлөх сонирхол байдаггүй. Технологи, даяаршлын нөлөөгөөр дэлхийн хүмүүсийн идэж уух, өмсөх зүүх, үзэж харах зүйлс улам л адилхан болоод байгаа энэ үед аливаад өөрийн үзэл бодолтой байх нь илүү үнэ цэнтэй гэж боддог. Тэр эрлээ өөрөө л хийсэн нь зөв байх. "Хүнд 10 ном л үнэ цэнтэй байдаг, түүнийгээ олохын тулд 1000 ном унших хэрэгтэй болдог" гэж хаа нэгтээгээс уншиж байсан, ортой юм шиг санагддаг. Тиймээс өөрийн 10 номоо өөрөө л олсон нь дээр байх.

Голдуу ажил, мэргэжилтэй холбоотой номууд уншдаг байсан алдаагаа засах гээд сүүлийн үед монгол хэлээр хуучны уран зохиолын ном, зохиолууд түлхүү уншиж, сонирхож байна. Сүүлд С.Буяннэмэх гуайн "Алсыг зорьсон алтан загас" гэдэг туужийг уншлаа. Утга санаа, илэрхийлэл, үгийн сонголтууд үнэхээр гайхалтай санагдсан.

Дуу, хөгжмийн хувьд шинээр гарсан дуунуудаас өөрт таалагдсанаа олж сонсдог. Нэг үедээ гацалгүй байнга шинэ юм сонсохыг хүсдэг. Улирал бүр плэйлист гардаг. Ямар нэгэн чарт юм уу хүний зөвлөсөн листийг хардаггүй. Киноны тухайд бол нэг их үздэггүй. Ялангуяа Холливүүд маягийн кино бол бүх юмыг нь бэлэн тавиад өгчихсөн, юу болох нь ойлгомжтой шахуу, нэг их сонирхолтой биш санагддаг. Харин үзээд дууссаны дараа ч толгойд үргэлжилдэг, юм бодогдуулдаг арт маягийн кино, эсвэл бодит үйл явдалд сэдэвлэсэн кино илүү таалагддаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Петровисийн Ж.Оюунгэрэл агсны төрсөн өдөр тохиож, дурсгалыг нь хүндэтгэх арга хэмжээ болсон юм. Тэнд очиход талийгаачийн "Хэн юу хэлэх бол гэж бодохоо болиод өөрөөрөө байж чаддаг хүн амьдарч чадаж байна" гэсэн үгийг хэвлэсэн байсныг хараад сэтгэл хөдөлсөн шүү.

Өөрөөрөө байна гэдэг хэцүү зүйл. Хүн заримдаа өөрийгөө олохгүй төөрчихдөг шүү дээ. Орос матрёшкагаар жишээ авахад, өөрийгөө хамгийн том, гадна талынх нь тоглоом гэж бодоод явж байтал үнэндээ хамгийн дотор талын, хамгийн жижиг нь байж болно. Тэр хамгийн жижиг нь байвч том нь байх гэж дүр эсгэлгүй өөрөөрөө байна гэдэг л хамгийн үнэ цэнтэй, утга учиртай амьдрал юм шиг. Нийгмийн харилцаанд ямар нэг дүр эсгэлгүй өөрөөрөө байх орон зайгаа авч үлдэнэ гэдэг амаргүй. Тэр хэрээрээ энэ чанар бүр ч үнэ цэнтэй юм уу даа.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Би ингэж боддог юм, хүнд жаргалтай амьдрахад хэрэгтэй бүх л арга зам, хэрэгсэл өөрт нь бэлэн байдаг байх гэж. Өөрөөр хэлбэл хүн амьдралдаа ахиц гаргах арга замыг заавал бусдаас хайлгүй, өөрийгөө сайн ухвал олон хариулт гарч ирнэ. Миний мэдэх, амжилтад хүрсэн хэд хэдэн хүн ном уншдаггүй гэдгийг сонсоод би нэлээн гайхаж байв. Тэр хүмүүс өөрийгөө илүү уншиж, өөрийнхөө гүн рүү шагайж аливаа зүйлийн хариултыг олдог юм байна даа гэсэн гаргалгаа хийсэн. Мөн 2016 онд Бутан улсад явж байхдаа фото зураг авахуулсан хүүхдүүдэд чихэр өгөх санаатайгаа хэлсэнд хөтөч маань "Битгий. Зүгээр л зураг авсны төлөө чихэр өгөх хэрэггүй. Хялбар амьдралд сургаж болохгүй" гэж гуйсан нь их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Өмссөн зүүсэн нь брэндийн гоё ганган биш ч гэсэн бутанчууд бүх юмаа өөрсдөө хийчихдэг, их амьжиргаатай, арчаатай хүмүүс шиг санагдсан. Бусдын гар харахгүйгээр амьдралаа авч явж чаддаг хүмүүсийн харц их ухаалаг байдаг юм байна гэж тэр үед бодогдож байсан.

Өөр нэг санаа гэвэл хоёр том гүрний дунд байдаг манайх шиг жижиг улсын хувьд эдийн засгаа хурдан томруулах нь стратегийн маш чухал зорилт санагддаг. Одоо байгаа 14 тэрбум долларын эдийн засгаа ядаж 3-4 дахин нэмэгдүүлэхийн тулд энэ гурван асуудалд илүү төвлөрөөсэй гэж боддог: 1. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг илүү татах 2. Хоёр хөрш рүүгээ хийх экспортоо нэмэгдүүлэх 3. Эдийн засгийн том төслүүдээ хэрэгжүүлэх. Гадаадын хөрөнгө оруулалт болон экспортын асуудлын хувьд хүссэн хүсээгүй уул уурхайн салбартай шууд холбогдоно. Энэ салбарын бодлогоо илүү шинжлэх ухаанч, илүү тогтвортой байдлаар гаргаасай. Том төслүүдийн хувьд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон нийтийн зохистой оролцоог чухалчлаасай гэж боддог.