Өнөөдрийн дугаартаа бид тун удахгүй 25 дахь жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй, "World Wine" нэрээр танигдсан "Ноён уул эрдэнэ” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хатагтай Ц.Түвшинбаярыг урилаа. Тэрээр 1990-ээд оны дундуур Монголын зах зээлд европ дарсыг анхлан нэвтрүүлж, олон жилийн турш салбартаа тууштай ажиллан дарсны соёлыг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний Германд их сургуулиа төгсөөд амаргүй цаг үед эхлүүлсэн бизнес өдгөө гурван охин компани, 180 орчим ажилтан, найман салбар дэлгүүр, ресторантай томоохон аж ахуйн нэгж болж өргөжжээ. Ингээд тун саяхан "олон жилийн турш франц дарс, франц соёлыг түгээж ирсний төлөө" Францын Ерөнхийлөгч Э.Макроны зарлигаар "Хүндэт легионы одон" хүртээд буй эрхмийн ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Ноён уул эрдэнэ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook
Сошиал хуудсууд: Tuvshinbayar Tsolmon (Фэйсбүүк), Tuvshinbayar_ts (Инстаграм)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Германы Дрезден хотын Техникийн их сургуулийг 1994 онд төгсөөд Монголдоо ирж, 1995 оны хоёрдугаар сард "Ноён уул эрдэнэ" компаниа байгуулсан. Түүнээс хойш дарсны бизнесээ 25 дахь жилдээ тасралтгүй удирдан явуулж байна.

Бид Франц, Итали, Испани, Герман зэрэг дарс тариалдаг бүх л алдартай бүс нутгийн 30 гаруй үйлдвэрлэгчээс 700 орчим нэр төрлийн дарс, оргилуун дарс, коньякийг 3000 гаруй харилцагчаараа дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг. Мөн бид дарсны соёл, зөв зохистой хэрэглээг түгээх зорилгоор таван жил дараалан дарсны үзэсгэлэнг зохион байгуулаад байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 9-9.30 цагийн үед ажил дээрээ ирээд цахим шуудангийн хаягаа шалган ажлаа эхлүүлдэг. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдахтай холбоотой ажлууд мэдээж мундахгүй их. Дотоод хурал уулзалтууд хийнэ, гаднын болон дотоодын түншүүдтэйгээ харилцана. Ажлаа голдуу 17-19 цагийн үед дуусгадаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Өөрийгөө их нээлттэй, бас дажгүй хурдан ажилладаг гэж боддог. Багийнхантайгаа асуудлуудаа ил тод ярилцаж, аливаа шийдвэр гаргахдаа жижиг деталиудыг ч гэсэн харгалзаж тооцоолохыг зорьдог. Цаг үеэсээ хоцрохгүй, шинэлэг байхад мөн их анхаардаг. Гадаад түншүүдийнхээ санал зөвлөгөөг сонсох дуртай. Тэд ихэвчлэн энэ төрлийн бизнесийг хэдэн үеэрээ хийсэн, баялаг нөү-хаутай хүмүүс байдаг юм.

Онцлох ёстой өөр нэг зүйл бол би заавал өөрийн биеэр амталж, үйлдвэр дээр нь очиж, эзэдтэй нь танилцаж байж бүтээгдэхүүнээ сонгодог. Салбарынхаа мэдээлэл, трэндээс хоцролгүй хөл нийлүүлж алхахын тулд ном, сэтгүүл байнга захиалж уншдаг даа.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Имэйлээр харилцахдаа "Outlook"-ийг ашигладаг. "WhatsApp", "WeChat", "Viber", "Messenger" зэрэг харилцаа холбооны аппуудыг байнга ашиглаж таарна. Дарсны шошгыг уншуулахад амт, үнэлгээ, үнэ зэрэг бүх л мэдээллийг нь гаргадаг "Vivino" гэх апп-ийг мөн байнга ашигладаг. Сүүлийн үед энэ апп-ийг хэрэглэн дарс сонгодог хэрэглэгчид нэмэгдэж буйд олзуурхаж байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Төлөвлөх л хамгийн сайн арга шүү дээ. Удирдах ажилтны хувьд хурал, уулзалтыг үр дүнтэй хийх нь асар чухал. Зөв зүйтэй багийн ажиллагаа бас их цаг хэмнэнэ. Миний хувьд салбар хэлтсийн захирлууддаа итгэж, өөрөө гол хийх ёстой зүйлсээ барьж авахыг хичээдэг. Цагаа барьдаг, хоцордоггүй байх нь мөн нэг цаг хэмнэх арга гэж итгэдэг дээ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлаас гадна хувийн ажил, хүүхдүүдтэй холбоотой зүйлс гээд төлөвлөх зүйлс их. Харин бизнестэй холбоотой ажлаа жилээр нь төлөвлөөд, хуанлигаа дөрвөн сараар нь хардаг тохируулгатай. Тэгж хийх зүйлсээ арай урт хугацаагаар харах боломжтой болдог. Тэгээд мэдээж илүү нарийвчилж сараар, долоо хоногоор төлөвлөөд явдаг. Төлөвлөлт хийхдээ дэвтэр ашигладаг юм байна.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би юм юм сонирхдог төрлийн хүн. Ажиллаагүй үедээ гимнастик хийнэ, усанд сэлнэ, иог оролдоно, ууланд алхана. Зарим өдөр гэртээ юм уу кинотеатрт кино үзэх дуртай.

Хамт олноосоо, багийн чадварлаг залуусаасаа ихийг суралцаж, урам авч, цэнэглэгдэж явдаг даа. Мэдээж хань ижил, үр хүүхдүүд, найз нөхдөөсөө эрч хүч авдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би JCI-ийн "Central" салбарын гурван үүсгэн байгуулагчийн нэг. Тиймдээ ч JCI-ийн томоохон арга хэмжээнд оролцож, сургалт семинар болбол хамрагдаад явдаг. Нийгмийн асуудалд мэдээж анхаарна. Энэ хүрээнд манайх хүүхдийн ТББ-ууд, асрамжийн төвүүдэд дэм болохыг хичээж ажилладаг.

Байгууллага, хувь хүний захиалгаар олон төрлийн хүлээн авалт, арга хэмжээнд хоол, уух зүйлсийн зохицлын талаар зөвлөгөө өгөх, дарсны тухай мэдээлэл, сургалт явуулдаг. Иймэрхүү хүсэлтүүдэд боломжоороо туслахыг боддог шүү.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дарс бол хүний хамгийн баяр жаргалтай үеүд, сэтгэлээ уудлах агшин хормуудтай холбогддог, өөрийн гэсэн том соёл, ертөнцтэй бүтээгдэхүүн. Ийм онцлогтой бүтээгдэхүүнийг Монголдоо нутагшуулж, амжилттай бизнес болгон хөгжүүлээд явж буйдаа баяртай байдаг. Жил ирэх бүр л дарсыг хэрэглэх соёл дэлгэрч, хэрэглэгчид нэмэгдэж байна.

Мөн олон улсын гуч гаруй үйлдвэрлэгчтэй урт хугацаанд хамтарч ажиллахаар олон сайн гадаад найзтай болдог юм байна. Энэ нь манай бизнесийн онцлог юм даа.

Бэрхшээлтэй зүйлс бас мэдээж бий. Манай бизнесийн орчин тийм ч таатай бус. Хууль тогтоомжууд ойрхон солигддог тул дотоод, гадаадын компаниудад хөл нийлүүлж явахад амаргүй байдаг. Дарсны бизнес нь хуулиараа бол архины бизнестэй ижил хуулийн зохицуулалттай. Тэр нь бас хатуу тусдаг талтай.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид компанийнхаа 25 жилийн ойг ирэх сард тэмдэглэхээр төлөвлөөд, бэлтгэл ажлаа хангаж байна. Оны сүүлийн улирал эхэлчихсэн тул бүгд л завгүй ажиллацгааж байна. Мөн "Vinotage" ресторануудынхаа тохижилт, үйл ажиллагааг сайжруулах тал дээр нэлээд хүч хаяж байгаа. Дарс, хоол хоёр зохицож явах учиртай тул рестораныхаа үйлчилгээнд анхаарах нь зүй.

Хямралтай цаг үе байгаа болохоор шинэ, том ажил эхлүүлэхээс илүүтэй ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх нь хамгийн чухал.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Орчин цагт байнга л суралцаж, хөгжиж байхгүй бол ямар ч салбарт, хэн ч байсан, хоцрогдохоор болж. Саяхан хөл хорио тавигдмагц би менежментийн болон тархи судлалын шинжлэх ухааны зэрэг хэд хэдэн сургалтад суугаад амжлаа. Сүүлийн үед "Growth Summit"-д дэлхийн топ захирлуудын хийсэн сургалт, лекцүүдийг ажлынхантайгаа хамт онлайнаар сонсож байгаа. Мөн подкастаар үе үе мэдээлэл авдаг. Сонсох дуртай Идэрээгийн подкастдаа зочноор оролцоод амжсан.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Би онгоцонд ном унших дуртай. Нэг нисэхэд бараг нэг ном дуусгаад буудаг. Бизнес хийж буй хүмүүст "Дракертай хамт 365 өдөр" номыг санал болгоно. Сүүлд уншсан гэвэл "Бизнесээ томруулах нь" ном юм байна. Мөн "Цойлогсод" номыг охидтойгоо уншиж байгаа. Еврейчүүд хүүхдүүдээ хариуцлагатай, сахилга баттай, тууштай болгон өсгөдөг юм байна. Энэ бүгд нь нийлээд гарцаагүй амжилтад хүргэдэг юм билээ. Тэд бас сурахаа хэзээ ч зогсоодоггүй. Хийх ёстой юмаа давтаад л, сайжруулаад л явдаг нь авууштай. Миний дарсны сэдэвт номын цуглуулга бас багагүй.

Хөгжмийн тухайд, өөрийн үеийн томчуулыг ч, одоогийн хит дуунуудыг ч сонсоно. Машинд охидтойгоо Рианна, Лэди Гага сонсох дуртай. Дээхэн үеийн Элтон Жон, "Queen", Майкл Жэксон, Мадонна нарыг сонсоно. Монголоос бол Хурд, Баярцэцэг, Сараа, Ариунаагийн дуунуудад дуртай. Бусдын адил дэлхийд амжилттай гараад буй "Hu" хамтлагаар бахархдаг.

Кино гэвэл саяхан МҮОНРТ дээр гарсан “Үнс” нэртэй цуврал таалагдсан. Дэлхийн II дайны өмнөх ЗХУ-д үйл явдал нь өрнөх түүхэн сэдэвт кино. Залуудаа хийсэн нэг болчимгүй үйлдэл нь нэг гэр бүлийн хувь заяаг хэрхэн эргүүлж буйг өгүүлсэн кино л доо. Сүүлийн үеийн кинонуудаас "Жокер" сэтгэгдэл төрүүлсэн шүү. Өнөөгийн нийгмийн сөрөг талыг харуулсан байна лээ. Өнгөрөгч бүтэн сайнд "Tenet"-ийг үзсэн. Толгой нэлээн сайн ажиллуулах хэрэгтэй, үзүүштэй санагдсан шүү.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Аав, ээж хоёр минь хуульч хүмүүс л дээ. Их сургуулиа төгсөөд Хэнтийд шүүгчээр томилогдон ажиллаж байх үед нь би төрсөн юм. Аав минь "Миний охин шударга байх ёстой шүү. Хүн алдаж болно. Алдлаа гэхэд түүнийгээ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй" гэх зэргээр зөвлөдөг байсан. 1994 онд Германаас бараа оруулж ирдэг байхад миний охин бизнесийг хууль ёсных нь дагуу хий, албан ёсоор бүртгүүлж компаниа байгуул гэснээр компаниа анх байгуулж байсан юм. Тэгж зөвлөснийх нь хүчинд энэ жил бид компанийнхаа 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Залуучуудыг холын мөрөөдөлтэй байгаарай гэж хэлнэ. Тэр замд зовлон бэрхшээл зөндөө л тулгарах байх. Тэр бүхнийг давахад сэтгэлийн тэнхээ зайлшгүй хэрэг болно.

Ажлаа том жижиг, чухал чухал бусаар эрэмбэлж сурах бол орчин цагт маш чухал чадвар болчихлоо. Хүн нэгэн зэрэг бүгдийг хийж чадахгүй. Нэг жилд нэг том зорилго тавьдаг ч юм уу, хийх зүйлсээ эрэмбэлээд, ангилаад явахгүй бол аль ч үгүй хоцорно. Үүний зэрэгцээ мэдээллийн энэ их шуурган дунд өөрийнхөө дотогшоо чимээлж, өөрийгөө таньж, дотоод хүнтэйгээ зөвлөлддөг байх нь их чухал болсон санагдаж байгаа.

Бас залуучуудыг бусад улс үндэстний хэл, соёлыг тасралтгүй судалж суралцаасай гэж хүсдэг. Би одоо гаднынхантай их харилцдаг болохоор илүү олон гадаад хэл үзэж байхгүй яав даа гэж боддог юм.