Бид Unplug 2019-ийн тайзнаа 700 гаруй үзэгчийн өмнө, бүтэн улирлын тоглолтоо амжилттай дуусгасан 3х3 сагсан бөмбөгийн Ulaanbaatar MMC Energy багийн тамирчидтай ярилцсаныг манай зарим уншигчид санаж буй болов уу. Энэ яриагаа баяжуулан уншигчдадаа хүргэхээр саяхан бид тэдний бэлтгэл дээр зочилсон юм. Тэд 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн гол цөмийг бүрдүүлдэг бөгөөд Монголоос багийн спортын төрлөөр анх удаа Азийн аварга болж, мөн анх удаа Олимпод ороход тун ойрхон яваа бахдам амжилтын эзэд билээ. Ингээд тэдний хэрхэн бэлтгэлээ базааж, том зорилгынхоо төлөө хэрхэн хөдөлмөрлөж байгаатай танилцсанаа хүргэе.

Багийн нэр: "Ulaanbaatar MMC Energy" баг

Бүрэлдэхүүн: Багийн ахлагч Б.Дэлгэрням (Дээк), Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар (Цэрка), Н.Ганбаатар
Спонсор: Г.Батцэнгэл захирал "Энержи Ресурс" ХХК
Дасгалжуулагч: С.Тулга

Сошиал хуудас: 3х3 Ulaanbaatar MMC Energy (фэйсбүүк)

Unplug 2019-ийн тайзнаа. Crocus Event Hall. 2019.12.02

БАГИЙНХАА ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Манай баг 2017 онд байгуулагдсан. Түүнээс хойш 3 жил яг мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, гадаадын олон тэмцээнд оролцож ирлээ. Энэ хугацаанд багагүй амжилт гаргаад байгаа. Тухайлбал, багийн спортын төрлөөр Монголоос анх удаа Азийн аварга болсон. Дэлхийн аваргын шилдэг наймд багтаж, Гран-при тэмцээнүүдэд аваргалсан. Манай баг өмнө нь 4 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бол энэ жилээс 5 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн. 3х3 сагсан бөмбөгийн олон улсын улирал 4-11 сарын хооронд маш өндөр ачаалалтай явагддаг болохоор 5 гишүүнтэй байх нь зөв гэдэг шийдвэр гаргасан юм л даа.

Бид энэ жил 3-р сард Энэтхэгт Олимпын эрх авах шилдэг 20 багийн тэмцээнд оролцох байсан ч COVID-19-ийн улмаас хойшилсон. Олимп ч хойшилж, энэ эрх авах тэмцээн маань 2021 оны 5-р сард зохиогдохоор болоод байна. Энэ намраас олон улсын тэмцээнүүд эхлэх байх.

3 х 3 САГС БӨМБӨГИЙН СПОРТЫН ОНЦЛОГИЙН ТАЛААР?

Дээк: 3х3-ийг уламжлалт сагс буюу 5х5-тай хүмүүс харьцуулдаг. Зарим нь 3х3-д Санчир, Билгүүн зэрэг шилдэг сагсчид яагаад тоглодоггүй юм бэ гэж асууна. 3х3 бол огт өөр төрөл юм. Нэг талдаа тоглодог, бөмбөг нь жижиг. 21 оноогоор буюу 10 минутаар тоглодог болохоор тэсвэр тэвчээр, хурдан сэтгэх чадвар их шаарддаг. Довтлох хугацаа гэхэд ердөө 12 секунд. Энэ төрөлд зохицсон тамирчин гэж байдаг. 3х3 тоглоход маш их ядардаг. Яг л 100 метрт гүйхтэй адил.

3х3-ийн тэмцээнүүд нь дотроо зэрэглэлтэй, 10 түвшинд хуваагддаг гэж болно. Хамгийн өндөр буюу 10-р зэрэглэл нь World Tour буюу Их дуулга. 9-р түвшин нь Challenger буюу Гран при. 8-р түвшин нь Дэлхийн аварга. 7-р түвшин нь Азийн аварга, Элсний наадам гэх мэт. Мөн багууд дотоодын тэмцээнүүдээс бас оноо цуглуулдаг. Зарим улсууд дотооддоо их тэмцээн хийгээд оноо аваад яваад байдаг талтай.

БЭЛТГЭЛИЙН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Цэрка: Бид 7 хоногийн 5 өдөр бэлтгэлтэй байдаг. 3 өдөр нь хүчний бэлтгэл хийнэ. Хуучнаар Орчлон сургуулийн зааланд бэлтгэлээ хийдэг. Тэмцээн уралдаан дөхсөн эрчимтэй бэлтгэлийн үед Хандгайт дахь зааланд вакумжин бэлтгэлээ базаадаг. "Энержи Ресурс" компани биднийг бэлтгэлээ сайн хангаж, тэмцээн уралдаанд оролцох бүх л боломжоор хангадаг. Дасгалжуулагч, туслах ажилтнуудын баг 6 хүнээс бүрддэг. Зарим дасгалжуулагч маань статистик хариуцна, зарим нь техникийн зөвлөгөө өгнө гэх мэтээр төрөлжин ажилладаг. Бидний сар болгоны бэлтгэл өөр өөр. Түүнийг дасгалжуулагчид сарын эхээр баталдаг. Манай баг "Сансар" багтайгаа хамт бэлтгэл хийдэг учир их амар байдаг. Манайд тоглож байсан Ананд маань тус багт шилжин орсон юм. Тухайн багийн чансаа нь тоглогчдын чансааны нийлбэрээр тодорхойлогддог учир Анандын чансаа "Сансар" багийн чансааг нэлээд өндөр болгосон шүү.

Хэдийгээр Covid-19 тэмцээн уралдааныг хойшлуулсан ч бид бэлтгэлээ тасралтгүй хийсээр байна. Олимпын эрх авах том зорилготой байгаа учраас энэ хойшилсон хугацааг улам сайжрах боломж гэж харж байна даа. Одоо удахгүй гадаа талбайгаа засан бэлтгэл хийж эхэлнэ.

ТА БҮХНИЙ ТОГЛОЛТЫН АРГА БАРИЛ?

Дээк: За би бол мөргөнө, өргөнө, түлхэнэ (инээв). Эсрэг багт ямар хүчтэй, өндөр хүн байна, түүнийг хамгаалдаг даа. Би 18 настайгаасаа буюу нэлээн хожуу сагс тоглож эхэлсэн. Тийм болохоор нарийн техник арай тааруу байж магадгүй. Хүчний л тоглолт хийдэг дээ.

Цэнгүүн: Би шидэгч хүн. Шидэгчийн үүрэг гүйцэтгэхийн сацуу айлын жижиг тоглогчийг хамгаалдаг. Мөн багийнхаа төрөл бүрийн хувилбаруудыг эхлүүлдэг үүрэгтэй.

Цэрка: Манай Дээк бол дэлхийд гайхагдаж байгаа хүчний тоглогч. Бүр Монстер Дэк хоч авсан шүү. Манай Дөлгөөн харин маш эрч хүчтэй тоглолттой. Бөмбөгийн араас маш сайн зүтгэдэг. Довтолгоо, хамгаалалт жигд сайн.

Дээк: Манай Цэрка бас айлын том тоглогчтой тулдаг. Бас л бүхнийг хийдэг, багт бүх талаар эерэг нөлөө үзүүлдэг тоглогч. Манай шинэ гишүүн Ганбаагийн хувьд үеийнхэн дундаасаа ялгарч буй, багт эрч хүч авчирч буй залуу тоглогч.

БАГИЙН 2019 онд ОРОЛЦСОН ТЭМЦЭЭНҮҮДИЙН ТУХАЙ?

Цэнгүүн: Өнгөрөгч 2019 он манай багийн хувьд адал явдал, амжилтаар дүүрэн байлаа. Би 2019 оны 5-р сард бэлтгэл дээр унаад шагайны хүнд бэртэл авсан. Ингээд Ананд маань орлож, тэмцээнүүддээ үргэлжлүүлэн оролцсон. 9-р сараас миний бэртэл арай гайгүй болоод шидэлтүүд хийж эхэлсэн. Улирал дуусах 2-3 тэмцээн үлдсэн байсан болохоор яараад яахав гэж бодож байлаа. Тэгсэн Ананд маань 23 наснаас дооших залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд орох болсон тул би Жэжүгийн Гранприд хөлөө сайн шиг боож байгаад тоглосон доо. Улмаар бид бүр түрүүлж, бөөн баяр болсон доо.

Дээк: 2019 он хүнд жил болсон. Олимпод эрх авах том зорилготой байв. 2018 оны 11 сард 3х3 төрөл олимпод шинээр орохоор зарлагдсан юм л даа. Ингээд бид 2019 оны бүх тэмцээнд сайн оролцох ёстой болов. Тэр үед бид чансаагаараа дэлхийд 5-р байранд явж байсан тул байраа ахиулж эхний дөрөвт багтах ёстой байлаа. Яг урд маань АНУ байсан гэхээр бодохоор л сүрдмээр. Эхний 2 тэмцээндээ жаахан тааруу ороод итгэл алдрах шахсан. Ингээд Азийн аваргад Цэнгүүний оронд Гансүхийгээ авч явж, мань хүн ч сайн тоглож, бид мөнгөн медаль авч итгэл нэмсэн. Манилагийн Гран-прид гуравт ороод ахиад итгэл нэмэв. АНУ-д болсон World Tour-д дөрөвт орж чадаад бүр л өнгө ороод явчихлаа. Дараа нь Солонгосын Жэжүд Гран-при тэмцээнд орох боломж гарав. Өмнөхөн нь бидэнд мэдэгдсэн ч визгүйн ачаар явж чадсан. Тэнд эхний тоглолтдоо "Харлем" багт хол хожигдлоо. Дараа нь Солонгосын багийг хожоод зооноосоо гарсан. Дараа нь Сербийн Zemun гэх сайн багтай таараад 13:6-аар хожигдож эхэлдэг юм. Тэгэхээр нь завсарлага аваад бүгдээрээ оноогоо мартаад зүгээр л сайхан сагс тоглоцгооё, зүгээр л хөгжилдөцгөөе гэж ярилцаад талбайд эргэн гарсан. Тэгээд маш сайн ойлголцож бариад хожиж чадсан шүү. Цааш амжилттай тоглосоор түрүүлж, тэмцээний шилдэг тоглогчоор Дэлгэрням гэж зарлахад ёстой итгэж чадаагүй шүү. Мартагдашгүй сайхан цаг мөч болсон.

Ингээд улирал дуусахад бид АНУ-г гүйцэж эхний дөрөвт орж олимпын эрхийн болзол хангасан юм. Гэвч Япон зохион байгуулагч орны хувиар эрэгтэй багтаа цагаан хуудас өгч олимпод оруулах шийд гаргасан нь жаахан харамсалтай хэрэг болсон доо. Гэхдээ бид цаашдаа эрх авахын төлөө өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийнэ ээ.

ТА БҮХЭН ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Цэрка: Гэрээрээ агаар салхинд гарах их дуртай. Мөн авто спорт их сонирхдог шүү.

Цэнгүүн: Чөлөөт цаг бага гардаг болохоор гэртээ л сайхан амрахыг илүүд үздэг юм байна.

Дээк: Хүн чинь ер нь дандаа нэг зүйлээ хийгээд байвал ядардаг шүү дээ. Орчноо сольж, өөр өөр зүйл хийвэл эрч хүч сэлбэгддэг. Тэр утгаараа сагснаас өөр зүйлс хийж л сэргэлт авдаг.

Дөлгөөн: Чөлөөт цагаараа гэр бүлдээ цагаа зориулна. Мөн найзуудтайгаа уулзах дуртай. Миний нэг хобби гэвэл дуулах.

ТА БҮХНИЙ ҮЛГЭР ДУУРАЙЛ АВДАГ ХҮМҮҮС?

Цэрка: Уулзаж буй хүн бүрээс л сайн чанарыг нь олж харахыг, суралцахыг хичээдэг дээ. Хүн бүхэнд сайн чанар, давуу тал бий гэж боддог.

Дээк: Мэдээж гэрийнхнээсээ, ойр дотно хүмүүсээсээ үлгэр дуурайл авдаг. Хийх ёстой юмаа чимээгүйхэн сайн хийчихээд аливаа зүйлийн ард байж байдаг ах, эгч нар байдаг даа. Тийм хүмүүсийг хүндэлдэг шүү.

Цэнгүүн: Ээж маань бас сагс тоглодог, спортын хүн байдаг. Ээжээсээ үлгэр дуурайл авна. Мөн үе үеийн сагсны ах нараасаа сурах зүйл их.

ТА БҮХНИЙ АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Дээк: Өнгөрсөн зун Хятадад болсон Гран-при тэмцээнд оролцоод бид "Гагарин" багт нэмэлт цагт 2 торгууль алдаад хожигдсон юм. Тэгээд сэтгэлээр уначихсан амьтад сууж байлаа. Тэгтэл Словенийн "Пиран" багийн Овнек гэдэг ах ирээд бидэнд "It’s learning. You don’t make mistake next time" гэсэн юм. Юм нэгээр дуусахгүй, алдаанаасаа суралцаад явахад алзахгүй гэсэн санаа юм даа. Тэр үг надад их хоногшсон шүү. Улмаар бид их хичээж, улирлаа сайн төгсгөж чадсандаа баяртай байгаа.

Цэрка: Би багаасаа л сагсанд их дуртай байлаа. Гадаа гудамжинд их тоглодог байв. Аав ээж маань ч дэмждэг байлаа. Ер нь аливаа зүйлийг их хүсэж тэмүүлж хийвэл зорилгодоо хүрч чаддаг юм байна даа гэж өөрийнхөө жишээнээс боддог болоод байгаа.

Цэнгүүн: Манай баг 2019 онд мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажилласан. Золзаяа эгч бидэнд маш хэрэгтэй чухал зөвлөгөөнүүдийг хэлсэн. Их сайнаар нөлөөлж байгаа шүү.

Дөлгөөн: Тулга багш маань "хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэж байнга хэлдэг. Энэ үгийг дотроо санаж явдаг даа.