Энэ удаад Ука нэрээр нь бидний мэдэх, Монголын рок попын нэгэн тод өнгө болсон, дуучин Д.Уламбаярыг урилаа. Урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь төрөөс үнэлэн өнгөрсөн баасан гарагт түүнийг "Алтангадас" одонгоор шагнасан юм. Бид коронавирустэй холбоотойгоор үүссэн шинэ нөхцөл байдлын тухай мэдээлэл гарахаас өмнө энэхүү ярилцлагаа хийсэн бөгөөд энэ сарын 20-нд "Буянт ухаа" спорт цогцолборт хийхээр төлөвлөсөн “Do It” тоглолт хэрхэх талаар Ука удахгүй зарлана гэлээ.

Эгэл даруу, элгэмсүү яриа хөөрөөтэй тэрээр нүүр учирч байгаагүй сэтгүүлч миний төсөөлснөөс тун ч өөр нэгэн ажээ. Товчхондоо, найзтайгаа уулзсан мэт дулаан сэтгэгдэл төрөв. "Киви" хамтлагийн гишүүн, "The Voice" шоуны шүүгч, дуурийн дуучин, ажил амьдралаа гарамгай хослуулагч Укагийн арга барилтай танилцацгаая.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: дуучин, продюсер
Хэрэглэдэг гар утас: Huawei P40
Хэрэглэдэг компьютер: Chromebook
Сошиал хуудсууд: Uka (Фэйсбүүк), @theukaofficial (Инстаграм)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

10 жилийн 35, 44-р сургууль, Орхон их сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн анги, СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцаж төгссөн. Одоо СУИС-даа дуурийн дуулаачийн магистр болохоор суралцаж байна. М.Найдалмаа багшийг мундаг эмэгтэй гэж дуулж байсан, Б.Ангирмаа багш ч бас зөвлөсөн болохоор шавь нь болохоор шийдэж, дуурийн дуулаачийн ангид элссэн юм. Миний хоёр дахь эгч дуурийн дуучин. Үйлдвэрлэл урлалын коллежид сурдаг байхдаа эгчийнхээ сургууль дээр (СУИС) хуушуур идэх гэж очоод, ангид нь дагаж ороод гамма унших, дуулахыг нь хардаг байсан минь ч нөлөөлсөн байх. Мэргэжлээрээ тоглолт хийнэ дээ гэж төлөвлөж байгаа. Өсвөр насандаа өөрийн гэсэн үсчин, гоо сайхны салонтой болохыг мөрөөддөг байсан болохоор Үйлдвэрлэл урлалын коллежид орсон юм. Оюутан байхдаа зөөгч, цэвэрлэгч, бүжигчин, DJ гээд л зүсэн зүйлийн ажил хийж мөнгө олдог байлаа.

Анхны бизнесийн түүхээ ярьж өгье. V анги төгссөн зун эмээгийн үнээ тугаллаад. Жигтэйхэн сүүтэй үнээ байсан юм. Тэгээд дүү бид хоёрыг зараад ир гэв ээ. Дүүтэйгээ автобусны буудал дээр сүү зарах болсон. Тэгж байтал сааль татраад (инээв). Хөөрхөн мөнгө олоод байсан болохоор цаашаа ч тэгж ажилламаар байна гэж аавдаа хэлтэл энэ троллейбусанд сууж очоод өглөө вокзал дээрээс сүү авчраад эндээ зараад үз гээд мөнгө өгсөн. Эхний удаад 10 литр сүү юухан байх вэ, гялс зарагдчихсан. Тэгж явсаар аавдаа мөнгийг нь буцааж төлөөд, ашгаараа сүү дахиж авч зарах болсон. Дараа жил нь аавынхаа талхны цехээс талх авч зарж бас үзсэн. Тэр үед хүмүүс “Атар” талх л иддэг байсан шүү дээ. Манай цехээс дөрвөлжин талх гардаг болохоор хүмүүс сайн авна. Талх бүрээс 10 төгрөг гэдэг чинь нэлээн сайн шүү.

“Киви” хамтлагтайгаа 10 гаруй жил болж байна. Биднийг гарч ирэх үед эмэгтэй продюсертэй хамтлаг гэдэг ховор үзэгдэл байлаа. Соло уран бүтээл хийх тухай бодохоос ч айдаг байсан үе. Эмэгтэй дуучдыг эрчүүд их сонирхдог, урлагийн эмэгтэй амьдралаа алддаг, хэцүү гээд бүр итгэчихсэн байсандаа тэр юм болов уу. Цааш нь та бүхэн мэдэх биз ээ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Тогтмол хуваарь байхгүй. Ойрд тоглолтын бэлтгэлтэй байгаа учраас энгийн үеийнхээс нэлээн өөр байна. Хүүхдүүд маань өвөө эмээ дээрээ байгаа. Энгийн үед хүүхдүүдтэйгээ эрхлэлдэнэ, өглөөгүүр бөөн бужигнаан, парти. Нөхөр өглөө эрт босчихдог. Бид гурвыг сэртэл кофегоо уугаад, Netflix дээр дуртай киногоо үзэх гэх мэтээр өөртөө цаг зарцуулна. Түүнээс бусад цагийг өөртөө зориулж амжддаггүй болохоор яг л тэгж таардаг. Миний ажлын ачаалал ерөнхийдөө гайгүй, төлөвлөгөөгөөрөө л явна. Оройдоо утас ч бараг дуугарахгүй.

Өдрийг нөхрийнхөө бэлддэг өглөөний цайгаар эхлүүлнэ. Босоод заавал аяга ус ууна, цайгаа ууна. Овьёосыг чухалчилж хэрэглэдэг. Тэгээд л ажлын уулзалтууд, бэлтгэл, хамтарч ажилладаг байгууллагуудын зураг авалт гээд явж өгнө дөө.


3. Таны ажлын нөү-хау?

Нийгэмд юу зонхилж байгааг ажиж байгаад хүмүүсийн хараагүй өнцгийг олж харж, гаргахыг хичээдэг. Олон нийтийн сүлжээнээс илэрхий байдаг шүү дээ.

Биеэ даах их чухал гэж боддог. Хүний нөмөр нөөлөг дор л яваад байвал тэр хүн байхгүй болох цагт яах билээ. Өөрийгөө сайн сонсож, зөн совингоо дагана, өөртөө найдна. Хүмүүстэй ойлголцохдоо сайн шүү. Хүмүүс надаас сонирхож, суралцах байдлаар өмсөх зүүхээс эхлээд ажлын арга барил гээд л зөвлөгөө их асууна. Тэр үед нь шууд ийм тийм гэхгүйгээр би ийм учраас ингэдэг гэж тайлбарладаг. Тэгэхгүй бол хүн бүр адилхан биш шүү дээ.

Гэр бүлийн нөү-хау гэвэл, хүүхдүүдээ гэрээр хүмүүжүүлдэг. Ээжийн маань дүү бага ангийн багш болохоор сургаж хүмүүжүүлэхэд тусалдаг. Би өөрөө 24-ийн цэцэрлэгт хүмүүжсэн. Тэгээд ээж аавтайгаа хангалттай хамт байж чаддаггүй байсан болохоор ч тэр юм уу, хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй гэж шийдсэн. Хүүхэдтэйгээ ярилцах маш чухал гэж боддог.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Фэйсбүүк, инстаграм мэдээж байнга хэрэглэнэ. “Голомт” банкны апп-ийг бас байнга ашигладаг. Сүүлийн үед Voo, Pocket апп-уудтай хамтарч байгаа учраас финтек апп-уудыг нэлээн сонирхож, хэрэглэж үзэж байна.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг барихыг ихэд хичээдэг. Эрт босчиход хүссэн зүйлсээ амжуулчихдаг шүү. Тоглолтын үеэр бол цаг бүр ч сайн баримтална. Дотор Укагаа сонсоод, зарим өдөр гараас юм гарахааргүй санагдвал заавал өөрийгөө хүчлэхгүйгээр ар гэрийн ч юм уу, бусад ажлаа амжуулдаг. Тийм үед оффис дээрээ очвол цагийг хий үрсэн болчих гээд байдаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Яг нарийн төлөвлөхийг менежер маань хийдэг. Ажлыг тулгах дургүй учраас эртнээс эхлүүлдэг. Би бичиг цаасны ажилд сайнгүй. Нөхөр, Насаа менежер хоёр маань миний дутуу талыг нөхөөд ажилд минь их дэм болдог. Уран бүтээлдээ бүрэн анхаарах нөхцөлийг тэд маань бүрдүүлж өгдөг гэсэн үг.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хүмүүсийн хийж байгааг хараад үргэлж л урам зориг авна. Ер нь би их хөгжүүн, дайчин хүн л дээ. Нэг сайхан санаа сэдэл төрвөл түүндээ эрчлэгдээд л явчихна. Мөрөөдлөө биелүүлж яваа учраас хийж байгаа ажлаасаа эрч хүч сэлбэдэг. Ядрах үе мэдээж байна. Залхуурч харагдах үнэхээр дургүй. Бас гутарч харагдахыг хүсдэггүй. Бусдын залхуурахыг хараад “Хүүе ээ, босооч ээ! Чи амьд байна шүү дээ” гэж хэлмээр санагддаг. Уламбаяр байхгүй боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй, нар манддагаараа мандана. Харин хийсэн бүтээсэн минь үлдэнэ. Тийм болохоор залхуурч суугаад яах билээ, аль болох ихийг бүтээх хэрэгтэй шүү дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Зурах дуртай. Нам хөгжим тавьж байгаад, бийр багс гэхээс илүү будгийн хусуур ашиглаж голдуу акрилаар зурдаг. Гэхдээ зурах авьяастай биш л дээ. Абстракт хэлбэр дүрс гаргадаг л төдий.

Хоёр жилийн дараа 40 нас хүрэх гэж байна. Нийгэмд чиглэсэн ажлууд хийх цаг ирж байна гэж ойлгож байгаа. Хүмүүс надад итгэл хүлээлгэхүйц болтлоо хөдөлмөрлөөд, хүндлэгддэг болсон цагтаа нийгэмд чиглэсэн том ажил хийвэл үр дүнтэй болов уу гэж 30 гарчихаад бодож байлаа. Хүүхдүүд минь ч том болж байна. Сая төрөөсөө шагнал хүртлээ. Түүнийг нийгэмдээ дэм болоорой гэх дуудлага гэж хүлээж авлаа.


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Уран бүтээлийн явцад айхавтар бэрхшээл гараад байдаггүй. Амьдрал дээр бол мэдээж бэрхшээл тулгарна. Амьдралын хар талыг уран бүтээлдээ гаргахгүй байх сан гэж боддог. Бэрхшээл тулгарахад өөрөө л даваад гарахыг бодно. Сул талаа харуулах хүсэлгүй хүмүүс урлагт ордог юм болов уу гэж боддог. Урлаг биднээс тийм л зүйлийг шаарддаг. Тайзан дээр гарч байгаа хүний хаанаас ирсэн, яаж зовсон нь үзэгчдэд хамаагүй. Хүмүүс өдөр тутмын амьдралаасаа холдох гэж, гоё сайхан зүйл үзэх гэж биднийг зорьж ирдэг шүү дээ. Тийм болохоор өөдрөг хүмүүс урлагт байх учиртай юм болов уу.

Ер нь чадахгүй гэж чамласан хүмүүс л намайг энд хүргэсэн дээ. Дандаа л бөөцийлөөд, гоё гоё гээд байвал хүн цадчихна шүү дээ. Би ер нь их шартай, сөрж тэмцдэг төрлийн хүн болохоор дарах тусам улам эрч хүчтэй болдог.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ойрын үед “Do It” тоглолт дээрээ төвлөрч байна. Би том хэмжээний тоглолт хийхээс эмээнгүй байдаг болохоор дандаа жижгэвтэр газар тоглодог байлаа. Харин аавыгаа бурхан болсны дараа энэ жилдээ багтааж заавал том тоглолт хийнэ гэж бодох болсон. “Миний охин Бөхийн өргөөг дүүргээд, хэдэн өдөр тоглолт хийгээд л, аав нь охиндоо цэцэг барьж очоод” гээд л ярьдаг байсан юм, миний аав. Бөхийн өргөөг л мэддэг байсан болоод тэр байх. Амьд ахуйд нь тийм тоглолт хийж чадаагүй. Бүжгийн хувьд ч, найруулга, тайзны тавилт гээд л бүх талаар маш сайхан зохион байгуулна гэж бодож явна. Тоглолтдоо өмсөх гутлыг хэдэн сар хайсны эцэст олоод авчихлаа. Гутал л эвтэйхэн байвал “цөм авах” гээд байгаа байхгүй юу (инээв).

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Амархан уйддаг зантай. Тийм болохоор үргэлж шинийг эрэлхийлдэг. Хүмүүстэй харилцахдаа, кино үзэхдээ, ер нь юуг ч хийж байхдаа ойр тусгаж авч, анзаарч явдаг. Миний эргэн тойронд харж суралцахаар чадварлаг хүмүүс олон бий. Шарк Д.Энхтүвшин ах хэрэгтэй зүйлс байнга хэлж өгнө. Тэр ном дээр ингэж бичсэн байна лээ, энэ кинон дээр ингэж гарсан гэхчлэн ярьж өгдөг нь холуур мэт боловч сэтгэлд тусаж, сургамж болдог. Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ (Батка) хоёр маань бас ажил хэрэг тал дээр бол үнэхээр урам зориг авахаар, хөдөлмөрч хүмүүс шүү.

Сүүлд "The Voice" шоунд ажилласнаар маш ихийг сурлаа, сайхан гэр бүлийн найзуудтай боллоо. Дээд зэргийн дэг, зохион байгуулалттай хамт олон. Өчигдөр нь орой болтол ажилласан улс өглөө сайхан инээмсэглээд бие биетэйгээ мэндэлдэг, хэчнээн ч оройтсон байсан маргаашийнхаа ажлыг төлөвлөөд л, тэгж сэтгэл гаргаж байгааг нь харахад бахадмаар. Оролцож байгаа залуус ч үзэл бодлоо тодорхойлчихсон, бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг, мундаг байна.

Сүүлийн хэдэн жилд мөн ч ихийг сурч байна даа. Байгууллагуудтай хамтарч ажиллахад бас ихийг сурна. Бүтээлч салбарын хүн учраас Инстаграмаас зураачид, зурагчдын бүтээлийг харж сэдэл, урам зориг авна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Митч Элбомын “Tuesdays with Morrie” миний хамгийн дуртай ном. Амьдралаас явж байгаа нэг профессор буд гараг бүр өөр дээр нь ирдэг шавьдаа амьдралаас авсан сургамжаа ярьж өгч байгааг өгүүлдэг ном л доо. Хандлага, гэр бүлийн харилцаа, мөнгө, карьер гээд л бүх зүйлийн тухай өгүүлдэг. Уншсанаасаа хойш байнга л хүмүүст санал болгож, байн байн нээж харж байна. Сургамжит өгүүллэгүүд уншина, “Амьдрахуй”, “Арьсан хүрэмт Мадонна”-д бас дуртай.

Хөгжмөөс гэвэл, продюсер Оки (Б.Одбаяр)-гийн хөгжимд хамгаас дуртай. Миний олон дууг зохиосон, дуу хөгжмийн талаар надад ихийг зааж сургасан хүн. Ойрд Yebba-г их сонсож байна, AM-C, Nene, Don Dior бас таалагддаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хамгийн түрүүнд Д.Болд ах маань санаанд орж байна. “Одоо хүн болгон чамд гоё хандана, гэхдээ хэзээ нэгэн цагт чи уналтад ороход хүмүүс яг тэр сайн сайхнаараа чамд хандахгүй. Харин тэгж уналтад орох үедээ удаан хямралгүйгээр гялс даваад гараарай. Чи зүгээр л хийдэг, чаддаг зүйлээ хийхэд л болно” гэж байсан.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Эрэгтэйчүүддээ л хандаж та нар минь өөрсдөдөө хайртай, халамжтай, ухаантай байгаарай гэх хэлмээр байдаг даа. Нийгэмд эзлэх байр сууриа бат болгоод, амьдралын хэв маягаа тодорхойлчхоод, өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдчихээд эхнэрээ сонгож, үр хүүхэдтэй болдог байвал манай нийгэм сайхан болох гээд байх шиг санагддаг. Ганц бие ээжүүд мөн ч олон таарах юм.. Эмэгтэйчүүд хүчтэй, өөрийгөө юу ч болж байсан аваад гарчихдаг тал ажиглагддаг. Эрчүүд харин өөрсдийгөө илэрхийлж чадахгүй гутарна, архи дарс ууна, зорилгоо алдана. Гэр бүлүүд бүрэн бүтэн байхын төлөө бүгд л хичээмээр байна.