Хаана, хэрхэн аж төрөх бидний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг билээ. Энэ л шийдвэрээс ямар ажил хийх, ажилдаа очиход хэдэн цаг зарцуулах, өглөө хэдэн цагт босох зэрэг энгийн зүйлсээс эхлээд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч чадах эсэх ч шалтгаалдаг.  

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ

Энэ удаагийн дугаарын зочид өнөөдрөөс 10 жилийн тэртээ нэг ч барилга баригдаагүй, дэд бүтэц хөгжөөгүй байсан Яармагийн дэнжид очин тугаа зоож, олон улсын стандартад нийцсэн, хүн төвтэй цогцолбор хорооллын барилгын ажлыг эхлүүлж байжээ. Шинийг бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж, бизнесийн шинэ манлайллыг түүчээлж буй Ц. Ууганбаярын ажил, амьдралын арга барилтай хамтдаа танилцъя.

Байршил: Хан-Уул дүүрэг, Моннис бьюлдинг, 3 давхар
Эрхэлдэг ажил: United projects corporation компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro (13 inch), iMac

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

ШУТИС-ийг 2008 онд Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж, найзуудтайгаа нийлэн төрөл бүрийн бизнесүүдэд зөвлөгөө өгдөг, судалгаа хийдэг компани үүсгэн байгуулсан. Тэр үед барилгын бизнесүүдтэй ойрхон ажиллаж байлаа. Барилгын салбар банкны өндөр дүнтэй зээлээс санхүүждэг учир тогтворгүй, дампуурах эрсдэл өндөртэй байсан. Тийм учраас баригдаж дуусаагүй барилгууд болон барилгын карказ зарна гэсэн зар олон байсан үе.

Өөр нэгэн асуудал байсан юм. Тэр бол байр авахад тулгардаг санхүүгийн хүндрэл. 2010-аад оны үед байр авахын тулд жилийн 17-18 хувийн хүүтэй, таваас арван жилийн хугацаатай зээл авах хэрэгтэй болдог байсан. Энэ бол залуусын хувьд маш өндөр шалгуур. Тиймээс гадаад орнуудын нөхцөл байдлыг судалж, байр авах гэж буй хүнд ирэх өрийн дарамт нь хоёроос гурав дахин бага байж болох ипотекийн зээл гэдэг зүйлийг салбарын сайд болон УИХ-ын даргад танилцуулж байсан юм. Бидний тооцоогоор ипотекийг шийдэж чадвал Монголд 100,000 айлыг орон сууцтай болгох боломж байсан. Энэ саналаа бодит ажил хэрэг болгохын тулд салбарын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, хууль эрх зүйн орчныг бэлдэх, зээлийг багцлаад үнэт цаас болгох, эргээд түүгээрээ санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэхэд гар бие оролцсон.

Ийнхүү 2012 оноос хувийн компаниа үүсгэн байгуулж, барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болов. Тэр үед Монголд барилгын зураг төслийг маш энгийн загвар, хийцээр гаргадаг байсан учраас ур чадвартай залуу архитекторуудтай гар нийлэн ажиллаж, олон давхар, бүрэн цутгамал байшин, цаашлаад дундуураа автомашины замгүй хороолол зэрэг олон сонирхолтой төслүүдийг хийж эхэлсэн нь өнөөдрийн Шинэ яармаг хорооллын суурь болсон юм. Гурван жилийг зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, зөвшөөрөл зэрэг зүйлсдээ зарцуулж, 2015 онд ямар ч барилгагүй Яармагийн дэнжид анхлан очиж тугаа зоогоод барилгын ажлаа эхлүүлж байлаа.



Тухайн үедээ манай төсөл хотын төвөөс хамгийн хол баригдсан орон сууцны хороолол болж байсан. Мэдээж зөвхөн ашиг харсан бол хотын төвд барилга барих нь зөв. Гэхдээ бизнесийн байгууллагын хувьд өөр төрлийн манлайлал үзүүлэхийг хүссэн учир хотын төвлөрөл, түгжрэлийн эсрэг ийм шийдвэрт хүрч байлаа. Одоогоор Шинэ яармаг хороололд 1000 орчим айл амьдарч байна. Өнөөдрөөс 12 жилийн өмнө Шинэ суурьшлын бүсийн үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын дундаж үнэ 3.0 сая төгрөг болох төлөвтэй байна гэдэгт хэн ч итгээгүй. Гэхдээ одоо м.кв-н дундаж үнэ 3.8 сая төгрөгт хүрсэн.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Миний хувьд Шинэ яармаг хороололдоо амьдардаг. Өглөө 5:30-т босоод 6 цаг гэхэд хотын төвд ирээд дасгал хийдэг. Дасгалаа аль болох яаралгүй хийхийг хүсдэг болохоор хоёр цагийг зарцуулдаг. Хотын төвөөс хол амьдардаг болсноос хойш өглөө эрт сэрдэг болоод байгаа. Мэдээж хотын төв рүү орж ирэхгүй Шинэ яармагтаа бүтэн байх өдрүүд ч байна.

Дасгалаа дуусгаад ажил дээрээ ирэхэд оюун бодол сийрэг байдаг учир үдийн цай хүртэл төлөвлөх, бодох ажлуудаа хийдэг. Үдээс хойш төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн ажилдаа анхаарна. Цайны цагийн дараа хагас цаг унтдаг дадалтай. Өдөр нь унтчихвал өглөө эрт сэрсэн ч орой 6-8 цаг хүртэл ажиллахад ядардаггүй. Гэхдээ хэтрүүлж унтаж болохгүй. Унтахаасаа өмнө кофегоо уучихвал сэрэх үе, кофе үйлчлэхтэй таараад тун сэргэг байдаг.

Хотын төвөөс Яармаг руу явахдаа оройн 5 цагаас өмнө гарвал түгжрэл багатай. Гэхдээ Даваа болон Баасан гарагуудад л замын хөдөлгөөн их байдаг. Бусад өдөр бол хэдэн цагт ч гарсан хагас цагийн дотор оччихно.



3. Таны ажлын нөү-хау?

Гарч ажил амжуулчхаад буцаж ирээд төвлөрч ажиллахад хугацаа алдах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг асуудлууд тулгардаг. Тиймээс гадуур явах, уулзалт хийхээ долоо хоногийн нэг өдөрт багтаачихвал тун зүгээр. Тэр өдөр нь Даваа гараг байвал зохимжгүй. Энэ өдөр хүн бүр л уулзалттай байдаг. Тиймээс Лхагва эсвэл Пүрэв гараг байвал илүү зохимжтой.

Удирдах ажилтны хувьд хүмүүсээр ажил хийлгэх, хийх нөхцөл байдлыг нь бүрдүүлэх, үр дүн дээр нь санал шүүмж хэлэх нь чухал. Компанийн үйл ажиллагаа тэлэх тусам өөрөө бүх ажилд оролцоод байж чадахгүй болсон. Тэгэхээр хүн бүртэй уулзах бус, хариуцсан ажилтнуудаасаа шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, цуглуулсан мэдээлэл дээрээ тулгуурлаж оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй болдог.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Компанийн дотоод харилцаандаа Microsoft 365-ийн бүх үйлчилгээг ашигладаг. Бусдаар тийм ч олон апп байхгүй. Хэрэгсэл ч гэсэн тун цөөхөн. Apple Watch болон энэ түрийвчээ цаг ямагт биедээ авч явдаг.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хамгийн сайн арга бол төлөвлөх. Мөн эцэсцэг (deadline) хамгаас чухал. Уулзах, хуралдах, шинэ санаа гаргах чухал ч хэтрүүлж болохгүй. Уулзалтаас гараад гүйцэтгэлдээ анхаарч, хийх ёстой зүйлээ төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийдэг л байдаг хэрэгтэй.



6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Хувийн болон ажлын зүйлсээ хооронд нь холихгүйн тулд гараар тус бүрд нь бичиж тэмдэглэдэг. Одоогоор ажлын цагийнхаа 50 хувийг ирээдүйг төлөвлөх, бодоход зарцуулж байна.


7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Тийм ч содон арга байхгүй. Сүүлийн үед боксоор хичээллэж байна. Боксоор хичээллэх үед бээлий өмсөөд, рингэн дээр гардаг учир утсаа оролдохгүй, ажил бодохгүй яг л тухайн мөчид анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Мөн богино хугацаагаар гадагшаа яваад ирэхэд эргэн тойрны асуудлаа өөрөөр харж эхэлдэг. Нэг газраа байгаад л байвал асуудлууд энгийн зүйл шиг санагдаж эхэлнэ.

Нэг удаа Израйлд Еврей найзындаа очоод Еврейчүүд Шаббат буюу Баасан гарагийн оройноос Ням гарагийн орой хүртэл зөвхөн гэр бүлдээ цаг зарцуулж, бүрэн амарч чаддагийг анзаарсан. Энэ их чухал санагдсан шүү.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Бид хуучны байшин, барилгуудыг сэргээх арга шийдэл, боломж бололцоог судалж байна. Сүүлийн үед хуучны барилгуудыг нурааж байгаа нь харамсалтай санагддаг. Өмнө нь манай компани Ю.Цэдэнбал даргын гэр, оффисыг сэргээж байсан. Хуучин барилгыг сэргээнэ гэдэг шинээр барьснаас илүү өндөр зардалтай. Ялангуяа түүхийн холбогдолтой барилгыг шинэчлэхдээ өмнөх өнгө үзэмж, төлөвлөлт зэргийг нь хадгалахын зэрэгцээ орчин үетэй хослуулна гэдэг хүндхэн даалгавар.


9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хэт тодорхойгүй байдаг нь барилгын салбар шиг урт хугацаа, өндөр хөрөнгө шаарддаг салбарт том бэрхшээл болдог. Жишээлбэл, ипотекийн зээлийн санхүүжилт хагас жил тутам тасалдах, эх үүсвэрийг нь өөрчлөх яриа гардаг нь энэ салбарын борлуулалтад нөлөөлж байдаг. Төрийн зүгээс ядаж хэдэн жил энэ зээлийн санхүүжилтийг тасалдуулахгүй байлгана гэчихвэл бид ч гэсэн уртаар төлөвлөх боломжтой. Бодлогоо жил бүр тэр ч байтугай улирал тутам өөрчилж, тогтворгүй байлгаж буй нь зөвхөн манай салбар ч бус бүх л салбарт сөргөөр нөлөөлж байна.

Эерэг тал нь мэдээж нийслэлчүүдэд амьдралын өөр нэгэн хэв маягийг бүрдүүлж, заавал хотын төвд шахцалдаж амьдрах бус, хотоос хол, хүнээ бодсон төлөвлөлттэй хотхонд амьдрах боломжийг бүрдүүлж буй явдал маань. Түүнээс гадна манайх олон залуу ажилтантай компани учраас эрсдэлээс айлгүй шинийг бүтээх, бүтээснээ хараад өөрсдөөрөө бахархах, ахиад шинийг хийх итгэл төрдөг нь тун сайхан.

Жишээлбэл, бидний хамтран бий болгосон Steppe Arena-ийн зураг, төслийг тэр чигээр нь монгол залуус гардаж хийсэн. Эхэлж байхад монгол залуус чадахгүй, гаднын хүмүүсээр хийлгэх хэрэгтэй л гэдэг байсан. Гэхдээ чадахгүй гээд суугаад л байвал хэзээ ч чадахгүй. Мэдэхгүй зүйлийг сурч, судалж болно. Гол нь мэдье, чадъя гэсэн хүсэл эрмэлзэл л хэрэгтэй.



10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Барилгыг барина гэдэг нэг асуудал. Барьсныхаа дараа тордоно гэдэг бас өөр нэг асуудал. Барилгын дараах үйлчилгээг сайн хийхгүй бол тухайн үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ хурдан алдана. Тиймээс бид СӨХ гэдэг зүйлийг яаж илүү сайжруулж болохыг судалж байна. Оршин суугчид өөрийнхөө эд зүйлд маш гамтай ханддаг. Хаалгаа хаагаад гэртээ л орсон бол байнгын цэвэрлэгээ, арчилгаа хийдэг. Харин хаалганы гадна байх талбайг хүний юм гэж хараад хогоо ил задгай хаяхаас эхлээд эвдэж, сүйтгэх асуудал үүсгэнэ. Өөрсдийнх нь тав тухын төлөө байгуулсан эдгээр зүйлсэд оршин суугчид өөрийнхөө зүйл шиг гамтай хандаж сурах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд манай групп зарим бизнесүүдээ зарж, үйл ажиллагааны чиглэлээ илүү нарийвчилсан. Салбараа судалж, асуудлуудыг нь ойлгож, шинэчлэн сайжруулна гэдэг нүсэр ажил. Бидний харж байгаагаар нэг бизнесийг хамгийн сайнаар хийхэд багадаа 10 жил шаардлагатай. Нөгөө талаас групп компаниуд заавал олон салбар руу орохгүйгээр нэгээс хоёр салбартаа тууштай ажиллах нь тэр салбарын хөгжилд эергээр нөлөөлдөг. Сайн ажиллаж чадвал нэг салбар нэгдэхгүй, маш том зах зээл байдаг.

Зөвхөн ашиг харвал бүх л салбарт орж болно. Гэхдээ бүх юмыг хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Миний бодлоор дотоодын бүх бизнесүүдийн хооронд олон улсад гарах өрсөлдөөн өрнөх ёстой. Гадаад хэрэглэгчдийн стандартыг хангаж, хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийнэ гэдэг бизнес бүрийн гэрийн даалгавар гэж боддог. Бид ч үүн дээр анхаарч байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Өөрийн гараар хийж байж л сурдаг. Наад зах нь шинэ төхөөрөмж авлаа гэхэд танилцуулгыг нь уншаад суух бус шууд л асаагаад ажиллуулдаг. Энэ нь манай ард түмний онцлог ч байж магадгүй. Монгол хүн тавилга угсрахад заавал хоёроос гурван боолт илүү гардаг гэдэг дээ.

12. Санал болгох ном, кино, хөгжим?

Питер Морроугийн Миний монгол, Эрик Версавелын Mongolia: Cracks in the Eternal Blue Sky: A Journey гэх хоёр номыг санал болгоё. Гадаад хүмүүс манай орныг хэрхэн харж, яаж дүгнэж байгаа нь их сонирхолтой санагдсан. Улам олон гаднын мэргэжилтнүүдийг Монголд урьж авчраад тэдний үзэл бодол, санал сэдлээр ном бичүүлээсэй гэж боддог юм.

Pursuit of Happyness киног үзэхийг зөвлөе. Өөрийн бизнесээ хийхийн тулд яг л энэ кинонд гардаг шиг олон сорил, бэрхшээл туулах ёстой болдог. Хуучны бүтээлүүдийг орчин үеийн хэв маяг, арга барилаар шинэчилсэн үүн шиг дуунуудыг сонсох дуртай.



13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Манай Еврей найз нэг удаа “Хэрвээ алдаа гаргасан, бизнес чинь дампуурсан, мөнгөө алдсан бол гуниглах, харамсах хэрэггүй. Үнэтэй сургуульд сурлаа л гэж бод. Алдаагаа давтахгүй байхад л болно.” гэж хэлж байсан нь одоо хүртэл бодогддог.

14. Бусдад шидэх санаа?


Залуус “Хэрвээ би өөрийнхөө бизнесийг хийсэн бол илүү шаргуу ажиллаад, амжилтад хүрчихсэн байгаа” гэж ярих нь элбэг болсон. Миний хувьд ийм яриа сонсохоор яагаад урдах ажлаа тултал нь хийж болохгүй байгааг гайхдаг юм. Яг л өмнө нь дурдсан шиг заавал хаалгаа хаагаад өөрийн гэртээ орж эсвэл өөрийн бизнесээ эхлүүлж байж л сайн ажиллаж, сайхан амьдарна гэж бодох хэрэггүй.

Мөн гоё санаа төрлөө гээд сайн бизнес бий болохгүй. Алдаа гаргана, суралцана. Үүнд цаг хугацаа их ордог. Бидний үзэж байгаа контентууд дээр гардаг хангалуун, тансаг амьдралын хэв маягт тийм ч амар хүрэхгүй. Тэр бол цаг хугацааны эрхээр хөдөлмөрлөж чадсан хүнд ирдэг зүйлс. Тиймээс бүхнийг мөнгөөр хэмжилгүй, сурах зүйлээ сурч, хийх зүйлээ хийдэг байгаарай.