Манай ярилцлагын ээлжит зочноор 30 жилийн ойтоогоо золгож буй “Интерактив” группийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Ууганбаяр оролцож байна. Түүний хувьд Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар шинэ инновац бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн оюутны ангийн хоёр найз, багшийн хамтаар компаниа үүсгэн байгуулж байжээ.

Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: Улаанбаатар хот, Хан-уул, 20-р хороо Мишээл сити, Мишээл лайф стайл тауэр, 2-р оффис, 11-р давхар
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro Max
Хэрэглэдэг компьютер: iMac, MacBook Air M3
Сошиал хуудсууд: Uuganbayar Badamsuren (Facebook)

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би ахлах сургуульд байхаасаа л компьютер, программ хангамжийг сонирхож эхэлсэн. Үүний шалтгаан нь намайг есдүгээр ангид байхад буюу 1989 онд манай сургуульд 6 компьютер бүхий лаборатори анги нээгдсэн явдал юм. Тухайн үед математик, физикийн сонгонд сурдаг хүүхдүүд бусдаасаа илүү олон цагаар хичээл заалгахын сацуу багшаас гадна их сургуулийн төгсөх курсийн оюутнууд ч ирж анхан шатны программчлалын хичээл заадаг байсан. Тэндээс л би бодлого бодох, код бичих зэрэг оролдлого хийсээр энэ салбартаа эргэлт буцалтгүй дурлаж байв.

Ирээдүйн мэргэжил маань тодорхой байсан тул ШУТИС-ийн КТМС-д суралцаж, 1995 онд программ хангамжийн инженерээр төгссөн. Дипломын ажлаараа “Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн систем”-ийг боловсруулж, улмаар тус банкны Тооцоолох төвөөс ажлын гараагаа программистаар эхлүүлж байлаа. Тухайн үед манай улс Төв банк болон арилжааны банкны хоёр шатлалт тогтолцоонд шилжиж байсан тул Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн системийг шинэчлэх шаардлага тулгарсан юм. Иймд би дипломын ажлаа үргэлжлүүлэн хөгжүүлж, тэр оныхоо 10-р сараас эхлэн хэлтсийн хамт олонтойгоо Монголбанкны 18 салбарт уг системийг нэвтрүүлэх ажлыг 6 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Тэгж байтал 1996 оны намар КТМС-д компьютерын ухааны хичээл заадаг байсан Р.Ганболд багш, манай ангийн Одхуяг, Чимэдээ нар уулзаж, аж ахуйн нэгжүүдэд зориулсан НББ-ийн программ бичиж зах зээлд нийлүүлцгээе гэсэн санал тавьснаар “Интерактив” компани үүсэх эхлэл тавигдсан юм. Тэр үед Монголбанканд системээ нэвтрүүлчихсэн, нэр хүндтэй, цаашлаад хоёр жил ажиллахад байр амлаж байсан учир ажлаа солих шийдвэр гаргахад үнэндээ амаргүй байв. Гэвч надад төрийн байгууллагын тогтвортой албанаас илүүтэй бизнесийн салбарт хүч үзэж, технологийн шинэ шийдэл бүтээх асар том эрмэлзэл байлаа. Ингээд эрсдэл үүрэн хувийн бизнес рүү зориглон орсон нь миний карьерын анхны том эргэлтийн цэг болсон юм.



“Интерактив” ХХК-ийн түүхэн замналыг гурван арванд хуваан харж болно. Эхний 10 жилд бид санхүүгийн программ хөгжүүлэлтэд бүрэн анхаарч, 2007 он гэхэд нягтлан бодох бүртгэлийн Diamond ERP буюу санхүүгийн системийн 5 дахь хувилбарыг зах зээлд нэвтрүүлээд байв. Үүнтэй зэрэгцэн Засгийн газраас “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, цахим засаглалын олон төслийг гаднын томоохон компаниуд гүйцэтгэж эхэлсэн юм. Бид тэдний туслан гүйцэтгэгчээр 2-3 төсөлд ажиллаж, олон улсын мэдээллийн технологийн менежмент, арга зүйгээс асар их туршлага хуримтлуулж амжсан.

Энэхүү туршлага дээрээ үндэслэн хоёр дахь арваны эхэнд буюу 2008-2009 онд компаниа хоёр хуваах хүндхэн шийдвэр гаргасан юм. Бэлэн бүтээгдэхүүнээ нэг талдаа үлдээж, шинэ зах зээл рүү орсон нь эрсдэлтэй байсан ч үр дүнд нь LegalInfo.mn, сонгуулийн санал тоолох систем, иргэний шинэчилсэн бүртгэлийн хурууны хээний систем, цахим татвар, шүүхийн цахим систем, худалдан авах ажиллагааны Tender.gov.mn зэрэг үндэсний хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Аливаа төслийг хэрэгжүүлэх арга зүйг бүрэн эзэмшсэн ч, бид зүгээр нэг төслийн компани чигээрээ үлдэхийг хүссэнгүй. Тийнхүү 2016 онд бидний хөгжлийн гурав дахь том эргэлтийн цэг тохиож, бизнес болон төрийн бүхий л үйл ажиллагааг загварчилдаг технологийн суурь платформ хөгжүүлэх ажлаа эхлүүлсэн юм. Энэхүү платформ нь заавал программчлалын мэдлэг шаардахгүйгээр, бусад салбарын мэргэжилтнүүд бизнес процессын загварчлал, тодорхойлолтыг хийхэд л түүнийг нь шууд программ болгон хөрвүүлдэг давуу талтай. Одоогийн ойлголтоор бол энэ нь Low-Code Platform төрлийн шийдэл юм. Тухайн үед дэлхий нийтэд Low-Code гэх нэршил гараагүй байсан тул бид “Бизнес процесс загварчлалын платформ” гэж нэрлэн, түүн дээрээ суурилсан 50 гаруй модультай “Veritech ERP” шийдлийг угсарч зах зээлд амжилттай нэвтрүүлсэн билээ.

Өдгөө манай Veritech платформ дээр банкны салбарын манлайлагчид болох ХААН, Голомт, Хасбанк, үүрэн холбооны тэргүүлэх оператор Юнител, Мобиком, түүнчлэн Тэсо, Грийн, Премиум, Некст, Саммит Групп, Тэс Петролиум зэрэг үндэсний 200 гаруй томоохон аж ахуйн нэгж болон өмнө дурдсан Засгийн газрын стратегийн шийдлүүд амжилттай ажиллаж байна. Мөн сүүлийн 2-3 жилд бид уг платформдоо хиймэл оюуны боломжуудыг нэвтрүүлж, байгууллагуудын дотоод өгөгдөл дээр семантик давхарга нэмэх замаар бизнесээ илүү оновчтой, ухаалаг удирдах шийдлүүдийг хөгжүүлсээр байна.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Миний хувьд компаниуддаа Chief Enterprise Architect буюу Ерөнхий архитекторын албан тушаал хашиж байна. Олон улсын томоохон байгууллагуудад түгээмэл байдаг бөгөөд бизнесийн стратеги, үйл ажиллагаа, өгөгдөл болон технологийн хөгжлийг нэгдмэл архитектурт уялдуулах үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, стратегийн түвшний зорилтууд нь Enterprise шийдлүүд дээр бодит бизнес процесс, өгөгдлийн загвар, системийн архитектур болон хэрэглэгчийн туршлага (UX) болон зөв бууж буйг зангидаж ажилладаг юм. Байгууллага томрох тусам нэгж, төсөл, системүүд тус тусын чиглэлээр салангид хөгжих эрсдэл үүсдэг тул энэхүү үүрэг нь бизнесийн тогтвортой өсөлт, дижитал шилжилтийн амжилтад нэн чухал нөлөө үзүүлдэг.

Өдөр тутмын гүйцэтгэх менежментийг тусдаа баг хариуцдаг тул миний хувьд архитектурын гол шийдвэрүүд, багуудын уялдаа холбоонд голлон төвлөрдөг. Үдээс өмнө урт хугацааны төслүүдийн явц, тулгамдсан асуудал, харилцагчдын чухал шаардлагуудыг шийдвэрлэхэд анхаардаг бол үдээс хойш дотоод багуудын судалгааны явцтай танилцах, ажлын чиглэлийг нэгтгэн зангидах зэрэг дотоод үйл ажиллагаандаа анхаардаг юм.

ERP систем нь байгууллагын менежментийн 30-40 орчим тогтолцоог хамардаг бөгөөд модуль бүрийн ард тусдаа баг ажилладаг. Тэдний бүтээж буй шийдлүүдийг аалзны тор шиг нарийн холбож, нэгдмэл нэг экосистем болгох нь миний үндсэн үүрэг. Шаардлагатай үед бизнес архитектур, өгөгдлийн загвар, техникийн функцээс эхлээд веб болон мобайл аппын UX/UI дизайн, хэрэглээний хялбар байдалд хүртэл оролцоно. Стратегийн санаа эцсийн хэрэглэгчийн өдөр тутмын үйлдэл хүртэл утгаа алдалгүй бууж чадвал архитектур ажиллаж байна гэсэн үг.

Ийнхүү том зургаас жижиг деталь руу, баг хоорондын уялдаа руу тасралтгүй шилжин ажилласаар ихэвчлэн оройн 19:00-20:00 цагийн үед ажлын өдөр дуусдаг даа.



3. Таны ажлын нөү-хау?

Технологийн салбарын инженерүүдэд нэг нийтлэг сул тал бий. Бид өөрсдийнхөө логикоор гоё бүтээгдэхүүн, программ хийчхээд "Энэ технологи үнэхээр өөрчлөлт авчирна, одоо шууд зах зээл дээр борлуулагдана" гэж бодох хандлагатай байдаг. Гэвч амьдрал дээр тэр бүр амжилттай байна уу гэвэл үгүй. Миний хувьд өнгөрсөн 30 жилийн турш ганцхан зарчмыг баримталж ирсэн нь "Хэрэглэгчийн эцсийн хэрэгцээ шаардлагад бодитой үнэ цэн нэмж, тулгамдаж буй асуудлыг нь шийдэж чадаж байна уу?" гэх асуулт юм.

Программ хангамжийн бизнес нь манайх шиг жижиг зах зээлтэй, оюуны өмчийн хамгаалалт ба үнэлгээ сул, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлтэй орнуудад бие даан тогтвортой хөгжихөд тун амаргүй салбар. Нөгөө талдаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өдөр бүр өсөж, олон салбарын шийдлүүдийг ганц компани дангаараа хөгжүүлж нэвтрүүлнэ гэдэг асар өндөр зардалтай. Тиймээс сүүлийн 10 жилд бид хэрхэн олуулаа нэгдэн, хамтарсан шийдлээр хамтын үнэ цэн бүтээх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ирлээ. Учир нь манай компанид байгаа 150 хүн хэчнээн хичээгээд ч олон зуун харилцагчдын бүхий л шаардлагыг дангаараа хангах боломжгүй шүү дээ.

Яг энэ хэрэгцээ, зорилгоос үүдэн манай Low-Code платформ бүтээгдсэн юм. Энэхүү платформ нь зөвхөн манай хөгжүүлэгчид төдийгүй харилцагчид болон шийдэл бүтээх сонирхолтой хэн бүхэнд зайнаас, нэг экосистем дээр хамтран хөгжүүлэлт хийж, үнэ цэн бүтээх боломж олгосон билээ.

Өнөөдрийн байдлаар манай корпорейт харилцагчид бүгд дотооддоо хөгжүүлэлтийн багтай болж, бид бүтээгдэхүүнүүд дээрээ хамтран ажилладаг боллоо. Түүнчлэн манай платформ дээр суурилан банк, санхүү, татвар, аудитын зөвлөхүүд дижитал суурьтай шинэ стартапуудыг байгуулан амжилттай ажиллаж байна.

Удирдагчийн арга барил, харилцааны тухайд би залуустайгаа тулж ажилладаг. Тэдний хийж буй ажил, бичиж буй мөр код бүр нь бидний том зургаар харж буй стратегитай хэрхэн уялдаж байгааг ойлгуулж, дэмжлэг үзүүлэн чиглүүлэг өгдөг юм. Залуус маань ч намайг дарга, захирал гэхээс илүү хамтдаа системээ босгож, асуудлаа шийдэж байгаа инженер, архитектор гэж хардаг. Ийм нээлттэй харилцаа, ажлын гүн рүү орж ажиллах зарчим маань техникийн багаа амжилттай чиглүүлж, ойлголцлын зөрүүгүй ажиллахад хамгийн том хөшүүрэг болдог доо.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Харилцагч болон дотоод багуудтайгаа өдөр тутмын ажлаа шуурхай явуулахын тулд Microsoft Teams дээр хамтын ажиллагааны группууд үүсгэн ажилладаг. Мөн архитектурын хөгжүүлэлтдээ зориулсан модулиудаа байнга ашиглахаас гадна сүүлийн үед хамгийн их ашиглаж байгаа хэрэгсэл маань мэдээж хиймэл оюун юм.

Гэхдээ би AI-аас зүгээр нэг бэлэн хариулт авахаасаа илүүтэй хамтдаа бодож сэтгэх хамтрагчаа болгодог. Тэр тусмаа “Энэ санааны сул тал нь юу вэ?”, “Өөр ямар хувилбар байж болох вэ?”, “Энэ архитектур ямар ачаалал эсвэл нөхцөлд эвдрэх вэ?” гэх мэтээр шүүмжлэлтэй ярилцахыг илүүд үздэг юм. Энэ нь дэлхийн тэргүүлэх технологийн байгууллагуудад Red-Teaming гэх нэрээр стандарт болсон арга барил буюу өөрийн шийдвэрийг нухацтай шалгаж, эвдэх зорилготой турших дасгал юм. Томоохон компаниуд үүнийг тусгай баг томилон хийдэг бол надад AI л хамгийн сайн мэтгэлцэгч, хамтрагч болж өгдөг.



Үүнээс гадна өдөр бүр ухаалаг самбар ашиглан архитектурын шийдлүүдээ зурагладаг. Заримдаа ганц сайн диаграм арван хуудас тайлбараас илүү хурдан ойлголцлыг бий болгодог шүү дээ. Энэ бол зөвхөн харагдах байдлын асуудал биш, харин Visual Thinking буюу визуалиар сэтгэх арга барил юм. Багийнхан хоорондоо монголоор ярилцаад бие биеэ ойлгож байгаа мэт боловч толгойдоо огт өөр төсөөлөлтэй байх нь бий. Харин хамтдаа ярилцаж гаргасан схем, диаграм л тэрхүү ойлголцлын зөрүүг арилгах цорын ганц, шуурхай арга болдог.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ажилдаа баримталдаг миний нэг зарчим бол буруу зүйлийг хурдан хийхгүй байх. Энэ бол зүгээр нэг зөвлөгөө биш шүү. Харин миний өөрийн карьераас авсан хамгийн хатуу сургамжуудын нэг. Шаардлагагүй эсвэл буруу асуудлыг асар сайн код бичээд шийдчихсэн тохиолдол зөндөө байдаг. Технологийн салбарт сайн хийгдсэн мөртлөө буруу асуудлыг шийдсэн шийдэл шиг их нөөц, цаг хугацаа залгидаг зүйл байхгүй.

Тиймээс би эхлээд асуудлынхаа суурийг зөв тодорхойлоход хангалттай цаг зарцуулдаг. Хурд шаардсан бизнесийн орчинд энэ нь заримдаа удаан гэж харагдаж магад. Гэхдээ бодит байдал дээр асуудлаа зөв тодорхойлоход зарцуулсан ганц 7 хоног нь буруу ойлгож хийсэн зүйлээ дараа нь 3 сар засаж цаг алдахаас хавьгүй хямд тусдаг юм.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Ажлыг төлөвлөх олон аргачлал байдаг. Миний хувьд чухалчилдаг арга нь нэг ажлаас болоод ард нь олон ажил хүлээгдэж байгаа эсвэл тэр ганц ажлыг хийчвэл 100 харилцагчийн ажил хялбарчлагдаж байвал нэн тэргүүнд авч үздэг. Өөрөөр хэлбэл, ажлуудын хоорондын хамаарлыг эрэмбэлдэг гэж ойлгож болно.

Энэ бол системийн онолд leverage point гэдэг ойлголт бөгөөд өөрчлөлтийн нөлөө хамгийн их гарах цэг. Тиймээс би өнөөдөр хэдэн ажил дуусгах вэ гэхээс илүү ямар шийдвэр гаргавал хамгийн олон ажил хөдөлж эхлэх вэ гэдгийг харж, төлөвлөхийг хичээдэг дээ.



7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Хүн хоббигоо ажил болгочихвол хамгийн сайхан гэдэг дээ. Би яг л тэр замаар явж байгаа хүн. Программ бичиж, технологийн салбарт 30 гаруй жил ажиллачихлаа, одоо больё, биеэ амраая гэж бодвол бодохоор хугацаа. Гэхдээ манай салбарынхан, ялангуяа миний хувьд ажлаас авдаг хамгийн том эрч хүч, урам зориг бол асуудал шийдвэрлэх үйл явц юм.

Хүнд асуудалтай тулгарна, түүнийг шийдэхийн тулд ямар технологи ашиглах вэ, олон улсын ямар шилдэг туршлага байна вэ гэдгийг эрэлхийлнэ. Ингэж эрэлхийлж, эргэцүүлж, зовж зовж байгаад ард нь гарч, шийдлийг нь олж чадах тэр л агшин юутай ч зүйрлэшгүй.

Нөгөө талдаа, манай инженерүүдийн хийсэн шийдлийг бусад компани өдөр тутам ашиглахыг харах сайхан байдаг шүү. Манай системүүд улс орны хэмжээнд ч, бизнесийн салбарт ч инновац авчирч, асар их зардал хэмнэн, хяналтыг сайжруулж байгааг мэдрэх нь инженер хүний хувьд том бахархал, урам зориг болдог.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Би бага ахуйдаа л зурах дуртай, сургуулийнхаа ханын сонин зэргийг чимэглэж, зурдаг байлаа. Энэ сонирхол маань намайг мэргэжлийн салбартаа орсноос хойш, ялангуяа сүүлийн 10 гаруй жилд дизайн, UI/UX буюу вэб болон мобайл аппуудын харагдах байдал, хэрэглэхэд хялбар шийдлүүд рүү хөтөлсөн юм.

Миний үндсэн ажил нь систем архитектур, ар талын харагдахгүй нарийн шийдлүүдийг боловсруулахад чиглэдэг буюу тархины логик талыг ажиллуулдаг. Харин дизайн гэдэг тархины бүтээлч талыг сорьдог учраас надад сайн амралт болдог гэх үү дээ. Түүнчлэн, би дизайнеруудтайгаа бүх цаг үед маш ойрхон ажиллаж ирсэн. Томоохон стратеги, архитектур, бизнесийн логикууд эцсийн хэрэглэгчийн дэлгэц дээр хэрхэн буухыг тэдэнтэй ярилцаж, уялдаа холбоог нь сайн гаргаж өгөхгүй бол систем хэрэглэгчээс хөндийрдөг сул талтай. Тиймээс нарийн шийдэл, моделиудаа ярьж дуусаад дизайнеруудтайгаа цуг суун, бүтээлч зүйлс ярилцах, өнгөний чиг хандлага, гэрэл сүүдэр, зохиомж, хэрэглэхэд хялбар байдал гэхчлэн хэлэлцэх зүйл мундахгүй.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Уламжлалт үйлдвэрлэлийн салбарт нэг стандарт бүтээгдэхүүний орц, найрлага, дизайныг нь гаргаад массаар нь үйлдвэрлэж, бизнесээ тэлэх боломжтой. Харин манай B2B буюу бизнесээс бизнест чиглэсэн технологийн салбарт нэг бэлэн бүтээгдэхүүн хийгээд л Монголын бүх компанид шууд ашиглуулна гэвэл бүтэшгүй. Компани бүр салбарын онцлог, дотоод дүрэм журам, бүтцийн хувьд харилцан адилгүй тул шийдлийг тухайн байгууллага бүрд тохируулах шаардлага гардаг. Тэгээд тэр өөрчлөлт бүр нь ардаа дахин шинэ асуудлуудыг дагуулж байдаг нь энэ салбарын хамгийн сорилттой тал юм. Түүнчлэн АНУ зэрэг том зах зээлд нэг л сайн бүтээгдэхүүн хийгээд олон мянган харилцагчид шууд борлуулж болж байхад Монголын жижиг зах зээлд томоохон бизнесүүдийн тоо цөөн тул тасралтгүй шинэ шийдэл эрэлхийлэх шаардлагатай.

Гэвч энэ хэцүү сорилт нь өөрөө биднийг байнга хурцалж, "Энэ хүнд асуудлыг яаж ийж байгаад шийдвэрлэнэ" гэх мэргэжлийн хор шарыг төрүүлдэг юм. Дэлхий нийтэд гарч байгаа шинэ технологи, инновацыг ашиглан нарийн асуудлуудыг илүү хялбар шийдэх тусам инженер хүний хувьд тогтмол суралцаж, гал эрмэлзлээр ажиллах үндэс болдог.



10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Энэ жил манай компанийн 30 жилийн ой тохиож байгаа. Тиймээс өнгөрсөн түүхээ тэмдэглэхээс гадна дараагийн 30 жилд бид хаашаа явах вэ гэдгээ харуулахыг илүү чухалчилж байна.

Ойн хүрээнд хийх гол ажлын нэг нь есдүгээр сарын 25-нд харилцагч, түншүүддээ зориулан зохион байгуулах “Veritech Platform 3.0 болон Enterprise AI-ийн танилцуулга” юм.
Өнөөдрийн ERP системүүд ихэвчлэн “Юу болсон бэ?” гэдгийг бүртгэж, тайлагнадаг. Харин дараагийн үеийн системүүд нь “Яагаад ийм зүйл болов?”, “Одоо ямар шийдвэр гаргах ёстой вэ?”, “Ямар үйлдлийг автоматжуулж болох вэ?”, “Гарсан үр дүнгээс юу сурах вэ?” гэдгийг ойлгодог болох ёстой.

Жишээлбэл, борлуулалт огцом буурахад систем зөвхөн улаан график харуулах бус, холбоотой өгөгдөл, процесс, өмнөх нөхцөлүүдийг шинжилж, боломжит шалтгааныг тодорхойлоод, авах арга хэмжээг санал болгоно. Шаардлагатай бол зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд AI Agent-аар тодорхой ажлыг гүйцэтгүүлж, дараа нь үр дүнг нь хэмжинэ.
Бизнесийн байгууллагуудад хүний нөөцийн хомсдол, ажилтны хөдөлгөөн томоохон сорилт болж байна. Нэг туршлагатай хүн ажлаас гарахад түүнтэй хамт байгууллагын мэдлэгийн нэг хэсэг алга болдог. Тиймээс бид AI-ийг ерөнхий асуултад хариулдаг туслагч биш, тухайн байгууллагын өгөгдөл, дүрэм, процесс, эрх мэдлийн хүрээг ойлгодог, тодорхой үүрэг хүлээсэн “AI мэргэжилтэн” болгон ажиллуулахыг зорьж байгаа.

Манай шийдлийн гол ялгаа нь хиймэл оюуныг ERP болон бизнес процессоос тусдаа функц биш, нэгдмэл нэг орчинд органик байдлаар ажиллах боломжтой болгож буйд оршино. Байгууллагын өдөр тутмын ажил хэлтэс, нэгж дамжсан тасралтгүй урсгал байдаг. Бид тэр урсгалын тохирох цэгүүдэд AI-ийг оролцуулж, ажлыг автоматжуулахаас гадна юу хийсэн, яагаад хийсэн, ямар үр дүн гарсныг тайлбарлаж, тайлагнадаг болгоно.

Өнгөрсөн 30 жилд бид байгууллагын үйл ажиллагааг программд оруулахыг зорьж ирсэн бол одоо байгууллагын мэдлэг, учир шалтгаан, ажиллах зарчмыг AI-д ойлгуулах дараагийн шат руу орж байна. Ойрын хугацаанд миний хамгийн их төвлөрч байгаа ажил бол энэ.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Миний хувьд бэлэн сургалтын хөтөлбөр гэхээс илүүтэй амьдрал дээрх шийдэж чадахгүй байгаа бодит асуудлууд сайн багш болж өгдөг. Сүүлийн үед технологийн шинэ бүтээгдэхүүний функц бүрийг нэг бүрчлэн хөөж судлахаас илүүтэй, технологийн ертөнц бүхэлдээ хаашаа чиглэж байгааг томоор нь харж, дүн шинжилгээ хийх дуртай болсон.

Тухайлбал, хиймэл оюун яагаад энгийн туслагч байхаас хальж, бодит ажил гүйцэтгэдэг бие даасан агент (AI Agent) руу шилжиж байна вэ? Дата, үйл ажиллагааны процесс, интеграци, хиймэл оюун яагаад улам бүр нэгдэж, нэг цул болон ойртож байна вэ? Байгууллагын түвшинд хиймэл оюун бодитоор ажиллахын тулд суурь системүүдийн архитектур чухам юугаараа өөрчлөгдөх ёстой вэ? Цаашлаад, нэг бие даасан байгууллагын системээс олон байгууллага хоорондоо хамтран ажилладаг экосистем руу хэрхэн хөл нийлэн шилжих вэ? гэх мэт асуултууд миний анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

Учир нь өнөөдрийн шинээр гарч ирж буй өнгөн талын функц, боломжууд маргааш гэхэд л хуучирч өөрчлөгдөнө. Гэхдээ түүний цаана орших суурь асуудал, томоохон шилжилтийг олж харж чадвал дараагийн хэдэн жилийн ирээдүй, стратегийг зөв тодорхойлох боломжтой.



12. Санал болгох ном, хөгжим, кино?

Салбарын залуустаа зориулж "The Lean Tech Manifesto" номыг санал болгоё. Өнөөдөр бид Agile арга барилын тухай ярихдаа баг бүрийг бие даалгаж, хурдан ажиллуулах тал дээр ихэд анхаарч байна. Гэвч баг болгон өөр өөрийнхөөрөө хэт бие даан хол явбал байгууллагын систем хоорондоо уялдаагүй, давхцал ихтэй болж, цаашид удирдаж боломгүй төвөгтэй бүтэц рүү орох эрсдэлтэй. Энэхүү ном нь багийн бие даасан байдлыг үгүйсгэхгүй, харин түүнийг Lean стандарт, архитекурын нэгдмэл чиглэл, тасралтгүй сайжруулах сахилга баттай хэрхэн хослуулах ёстойг оновчтой тайлбарласан.

Дуу хөгжмийн тухайд чөлөөт цагаараа Kenny G-ийн саксофоны намуухан аялгуунуудыг сонсох дуртай. Өдөржин нарийн төвөгтэй систем, логик асуудлууд бодсоны дараа үггүй хөгжим чихэнд эгшиглэх нь олон бодлыг аниртуулж, тархийг өөр хэмнэлд оруулан, сайхан амрааж чаддаг юм.

Киноны хувьд боломж гарвал уран зөгнөлт жанрын бүтээлүүдийг шимтэн үздэг. Бодит ертөнцийн хязгаараас түр гарч, огт өөр дүрэмтэй ертөнц, ирээдүйн технологи, хүний төсөөллийн хязгаар хаа хүрдгийг харах их сонирхолтой шүү.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Үүнийг хэн нэгнээс нэг удаа сонссон зөвлөгөө гэхээсээ илүү, 30 жилийн турш алдаж, онож байж ойлгосон сургамж гэж хэлэх байх. Энэ бол “Асуудлыг зөв тодорхойлж чадвал шийдлийн тал нь олдсон гэсэн үг” гэсэн сургамж юм.

Анх програм хийж эхэлж байхдаа хэрэглэгч шаардлага хэлмэгц аль болох хурдан хийж өгөхийг л хичээдэг байлаа. Хурдан хийвэл сайн ажиллаж байна гэж бодно.
Гэтэл олон төслийн дараа хэрэглэгчийн хэлж байгаа шаардлага болгон жинхэнэ асуудал нь байдаггүйг ойлгосон. Заримдаа хүмүүс асуудлынхаа шалтгааныг бус, гадна талд илэрсэн шинж тэмдгийг хэлдэг. Түүнийг нь яг хүссэнээр нь хийж өгсөн ч үндсэн асуудал хэвээрээ үлдэх тохиолдол олон.

Тиймээс одоо хэн нэгэн шийдэл асуухад би шууд хариулахын оронд “Бид хоёр зөв асуултаа асууж байна уу?” гэж түр зогсохыг хичээдэг. Энэ зогсолт бол шийдэл мэдэхгүй байгаагийн шинж биш. Харин шийдэл рүү хэт эрт үсрэхгүй байх мэргэжлийн сахилга бат юм. Туршлага суух тусам хүн хурдан хариулдаг болохоосоо илүү, аль асуултыг эхэлж асуухаа сайн мэддэг болдог юм шиг санагддаг.

AI-ийн эрин үед энэ чадвар бүр ч үнэ цэнтэй болно. AI бидэнд асар хурдан, бараг өртөггүй хариулт өгч эхэлж байна. Гэхдээ аль асуудал нь үнэхээр чухал, юуг эхэлж шийдэх ёстой, ямар үр дагаврыг тооцох хэрэгтэйг хүн өөрөө тунгаах чадвар улам үнэтэй болно гэж бодож байна.



14. Бусдад шидэх санаа?

Залуу хөгжүүлэгчдэдээ би "Кодонд хэт дурлаж болохгүй, харин асуудалдаа дурла" гэж захих дуртай.

Хиймэл оюун эрчимтэй хөгжиж буй энэ үед код бичих нь үнэ цэнгүй болно гэсэн үг огт биш. Харин ч код бичих үйл явц нь өөрөө бүтээх үйл явцын улам бүр нарийн хэсэг болон хувьсаж байгаа хэрэг. Энэхүү өөрчлөлт зарим хөгжүүлэгчдэд айдас төрүүлж болох ч, миний хувьд тэднийг илүү том орон зайд чөлөөлж буй түүхэн боломж гэж хардаг. Код бичих техникийн ур чадвар зайлшгүй шаардлагатай хэвээр байх ч гэлээ бусдаас ялгарах гол өрсөлдөх чадвар нь өөр хавтгайд шилжиж байгаа юм.

Ирээдүйн технологийн хүн бизнесийн логик, үйл ажиллагааны процесс, өгөгдлийн утга учрыг гүн ойлгодог, дизайныг мэдэрдэг, системүүдийн өөр хоорондын уялдаа холбоог бүхэлд нь хардаг байх шаардлагатай. Тиймээс ч бид Veritech платформ дээр ажилладаг Citizen Developer-ээс Citizen Architect руу шилжих дараагийн том хувьслын тухай ярьж эхлээд байна.

Хүн бүр заавал кодер эсвэл программист болох албагүй. Гэхдээ өөрийн ажиллаж буй орчинг бүхэлд нь систем шиг харж, тулгамдсан асуудлаа задлан шинжилж, логик холбоосыг нь олж, улмаар технологи ашиглан шинэ шийдэл зохиомжилж чаддаг байх нь хамгийн чухал. Энэ бол ерөөсөө л технологийн ур чадвараас хальсан Системийн сэтгэлгээг (Systems Thinking) ерөнхий боловсролын түвшинд түгээн дэлгэрүүлэх шаардлага юм.

Тэртээ 30 жилийн өмнө бид "Энэ ажлыг компьютероор яаж хийлгэх вэ?" гэж боддог байсан бол өнөөдөр "Байгууллагаа яаж компьютерт ойлгуулах вэ?" гэж бодох болжээ. Магад дараагийн 30 жилийн хамгийн сонирхолтой, ач холбогдолтой асуулт яг л үүнээс эхлэх болов уу.