Дэлхийн шилдэг хөгжмийн сургуулиудын нэг Беркли хөгжмийн коллежийг дүүргэж, олон улсын мэргэжлийн уран бүтээлчид дунд өөрийн орон зайг бат тунхаглаад буй нэгэн гайхалтай уран бүтээлчийг өнөөдөр танилцуулъя. Хөгжмийн 40 орчим зэмсэг тоглодог, мэргэжлийн дуулаач, дууны инженер Болдбаатарын Уянга “League of Legends” тэргүүтэй алдарт видео тоглоомуудын дууг дуулж, “Mulan”, “Waiting for the Barbarians”, “Spider-Man: Maximum Venom” зэрэг кино, цувралуудын багт ажилласан арвин туршлагатай. Сүүлд гаргасан, “The Pathless” видео тоглоомын дуу нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн “Game Audio Network Guild Awards” (G.A.N.G)-ын инди тоглоомын шилдэг дуугаар тодорсон юм. Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа түүний ажлын арга барилтай танилцацгаая.
Байршил: АНУ, Лос-Анжелес хот
Эрхэлдэг ажил: Дуучин, дууны инженер, хөгжмийн энтрепренер
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Uyanga Bold (Вэб хуудас, Youtube, Facebook, Instagram, Clubhouse, LinkedIn, IMDB)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Аав ээж хоёр намайг эдийн засаг, хуулийн чиглэлээр мэргэшүүлье гэдэг байсан ч би багаасаа л тэс өөр зүйлийг хүсдэг байлаа. Зургаан настайгаасаа төгөлдөр хуур тоглосон. Сонгодог хөгжим баригдмал санагддаг байсан болохоор арай өөр чиглэлээр дэлхийн томоохон сургуулиудад суралцах зорилго тавин судалж билээ. Тэр жил АНУ-ын Бостон хот дахь Беркли хөгжмийн коллежид элсэх завшаан тохиож, тэнд суралцсан анхны монгол оюутан болсон доо. Миний харах өнцгийг тэлж, олон гайхалтай уран бүтээлчидтэй танилцуулж, карьерын минь гарааг тавьж өгсөн сургууль. Тэнд сурч байхдаа Румын улсын Бухарестын симфони найрал хөгжмийн чуулгын урилгаар “The Masterpiece Experience” тоглолтод оролцсон минь олон хүнд хүрч, салбарынханд танигдахад дэм болсон. Тэр тоглолтын ачаар ажил хөөцөлдөж явах шаардлагагүйгээр хүмүүс өөрсдөө нааш хандаж эхэлсэн юм. Түүнээс хойш олон бүтээл дээр ажиллалаа. “Дисней”-н бүтээлд оролцох хүсэл минь “Мулан”-д биеллээ оллоо, “Marvel”-ийн продакшн багт орж ажиллах сан гэж бодож яваад “Spider-Man: Maximum Venom”-д орлоо. Өнгөрсөн жил “Motherland: Fort Salem” теле цувралын дууг дуулж бас нэг зорилтоо биелүүлсэн. 2017 онд Бээжинд болсон, “League of Legends”-ийн ДАШТ-ий финалын тоглолт мөн сэтгэлд тод үлджээ.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөөг яаж эхлүүлэхээс өдрийн өнгө, бүтээмж шалтгаалдаг учраас босмогцоо бясалгал, иогийн дасгал хийдэг. Мэргэжлийн дуучин хүний хувьд бие махбод минь гол зэмсэг тул биеэ тордож, эрүүл байхаас аргагүй. Дараа нь хэдэн цаг хоолойны дасгалаа хийнэ. Гэр-студидээ олон цагаар бичлэг хийдэг болохоор хоолойгоо дасгалжуулж бэлдэх хэрэгтэй. Интернэтэд байршуулах видеогоо бичиж эвлүүлэх, маркетингийн, админ ажил гээд л цааш ундарна даа. Ирсэн ажлын саналуудтай танилцаж, гэрээ хэлцэл байгуулахаас өгсүүлээд олон уулзалттай байдаг. Ажлаа 9 гээд эхлүүлэхийг боддог ч заримдаа хамтран ажиллаж байгаа олон улсын уран бүтээлчдийн цагийн зөрүүнээс шалтгаалаад бүр эрт, эсвэл орой ажиллах үе гарна. Цагийн хуваариа өөрөө зохицуулдаг болохоор амар шүү.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Би өөрийгөө олон талаас хөгжүүлж чадсаны хүчинд энэ зэргийн амжилттай явна гэж боддог. Өнөөдөр поп, маргааш францаар жазз, нэг өдөр нь оросоор бүүвэйн дуу, нөгөө өдөр нь “Гладиатор”-ын маягийн эпик бүтээл гээд л өөр өөр хэв төрхөд орж дуулна. Ур чадвараа аль болох л төрөлжүүлж, зогсолтгүй хөгжүүлэхийг эрмэлздэг.
Лос-Анжелесийн кино урлагийн сургуульд дууны инженерингийн чиглэлээр суралцсаны ачаар дуу бүтээх бүхий л үйл явцыг нарийн ойлгосон болохоор тайзан дээр дуулахдаа ч дууны мэргэжилтэн, инженерүүдтэй чөлөөтэй ойлголцоод амар байдаг. Тэнд сурсан эрдэм минь ямар ч нөхцөлд, хүссэнээрээ бүтээх туурвих эрх чөлөөг нээж өгсөн. Дуу бичих, найруулах, эвлүүлэх, студид ажиллах гээд л одоо ашиглаж буй бүхнээ тэндээс сурсан даа.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Tick Tick гэдэг апп ашиглан, хэвшүүлэхийг хүсэж буй дадлаа, харин Sleep Cycle дээр нойроо бүртгэдэг. Олон нийтийн сүлжээний аппликэйшнүүдийг бас байнга ашиглана. Иогийн янз бүрийн аппууд, Master Class-ийг бас идэвхтэй ашиглаж байгаа. Хэрэгсэл гэвэл олон зэмсэг, төхөөрөмжүүд минь байна. Германы “Neumann” брэндийн микрофоныг илүүд үздэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Багцлаад хийчих нь илүү үр дүнтэй. Олон нийтийн сүлжээнд орж пост бичих, хүмүүстэй харилцах зэргийг нэг хийгээд хэсэгтээ орхих, дуу бичлэгээ нэг суултаар дуусгах гэх мэтчилэн, эргэн эргэн орохгүйгээр хийхийг боддог. Гэр-студиэ асаагаад л шууд тоглохоор тохируулаад бэлдчихсэн, бүх зэмсэг, продакшн төхөөрөмжүүд маань нэг дор байдаг учраас тохируулга хийж цаг алддаггүй. Хоолойгоо бичихдээ гэрийнхээ гадна байдаг тусгай бүхээгт орж, бусад бичлэгээ доторх студидээ хийнэ.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Утасныхаа календарь дээр л тэмдэглэдэг дээ. Хийх зүйлсээ өнгө өнгөөр ялгаад тэмдэглэчих нь хамгийн үр дүнтэй санагддаг. Энэ техникийг эзэмшихэд тэдэн цаг, энэ зэмсэг дээр тэдэн цаг гээд л тодорхой цагуудад хуваарилна. Ажлын бус уулзалтуудаа бас нэг өнгөөр, өөрийнхөө хөгжилд зарцуулах цагийг нэг өнгөөр, өөрийгөө хайрлаж эрхлүүлэх цагийг нэг өнгөөр гэх мэт. Мэдээж хүн л юм хойно Youtube дээр сонин хачин видео үзэх гэх мэтээр зүгээр суух үе бий л дээ. Тийм үеүдээ “цагийн алуур” гэж нэрлээд саарлаар тэмдэглэдэг. Хуанли дээрээ саарал өнгө бага байлгахыг хичээнэ (инээв). Амьдрал асар богинохон, сурах зүйлс хэмжээлшгүй их, хорвоо дэлхий хэнийг ч хүлээхгүй хувьссаар урагшилсаар байгаа хэдий ч өөртөө амрах эрх чөлөө өгч сурахыг хичээж байгаа. Энгийн үед бол өдөрт 4-6 цаг л унтдаг. Хангалтгүйг нь мэдэх учраас энэ жил өөрчлөхийг, тэнцвэртэй амьдарч сурахыг эрмэлзэж байна. Насаараа л үүнд суралцах байх даа.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Дуулах, хөгжим бүтээх үйл явц тэр чигтээ эрч хүчний ундарга. Цаг хугацаа, бүхнийг мартаад бүрэн автаж, үргэлж л эерэг сайхнаар цэнэглэгдэж байдаг. Богино хугацаанд олон дуу гаргах, шахуу ажиллах шаардлагатай үеүдэд өглөө хүртэл студидээ ажиллах нь бий. Ингэж ажиллах дэмий л дээ, гэхдээ ингээд ч ядрахгүй байна гэдэг хийх л ёстой зүйлээ хийгээд явж байгаагийн минь илрэл болов уу. Ой мод, уулсаар хүрээлэгдсэн сайхан газарт амьдардаг болохоор гарах болгондоо л байгалиас эрч хүч авч, сэтгэл тэнийдэг. Амьсгалын дасгал, иог, бясалгал хийх нь өөрийгөө зөв горимд оруулах үр дүнтэй арга.
Би цэвэр сортын какао нунтгаар ундаа хийж уух дуртай. Урьд нь кофе их уудаг байсан ч хэт сэргээчихдэг учраас больсон. Соло уран бүтээлчдэд боломж эрж хөөцөлдөж, өрсөлдөөнтэй салбарт хөлөө олох шаардлага тулгардаг. Тэр тэмцэл дунд хэт хурц эрчим энергитэй болчих нь бий. Тэр энерги надад, миний уран бүтээлд зохидоггүй.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би сайн дурын ажил их хийдэг. Өнгөрсөн жил Ковидтой тэмцэхэд зориулсан хандивын аянд оролцож, алдарт “Cowboy Bebop” анимэ цувралын саундтрэк “The Real Folk Blues”-ийг дуу зохиогчидтой нь, орон орны уран бүтээлчидтэй хамтран бичүүлсэн. Тэр дуу маань Billboard чартад бичигдэж, хэдэн зуун мянган доллар цугларсныг “Doctors Without Borders” олон улсын байгууллагад хандивласан. Энэ жил сайн дурын хоёр ажилд төвлөрлөө. Нэг нь ойрын үед АНУ даяар идэвхжээд буй, азиудыг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн бол нөгөө нь энх тайвны төлөөх Universal Peace Sanctuary хэмээх санаачилга. Бостонд байхдаа хүүхдийн засан хүмүүжүүлэх газар, ахмадын асрамжийн газруудад тоглолт зохион байгуулдаг байлаа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Өөрийн зэмсэг, ур чадвараа өндөр түвшинд хадгалж, хөгжүүлэхийн төлөө бүхий л анхаарлаа төвлөрүүлж, хүч чадлаа бүрэн дайчилдаг нь нэг талаар хэцүү. Дуу хоолой гэдэг маш онцгой зэмсэг. Өөр өөр жанрт хөрвөж дуулдаг учраас сайтар анхаарч арчлах шаардлагатай. Хүн дуу хоолойгоо цаг үргэлж ашигладаг шүү дээ. Хоолой шиг ингэж зогсоо зайгүй ашиглагддаг өөр зэмсэг үгүй. Хашхирч, хоолойгоо дэмий зовоохыг хүсдэггүй учир би чанга дуутай газарт очихоос зайлсхийдэг. Зэмсгээ хамгаалахын тулд олноос хөндий, бөглүү газар амьдардаг юм. Бүгдийг нь бие даан хийж байгаа учраас ганцаардах үе байна. Нөгөөтээгүүр, олны өмнө гарах тусам хүмүүс янз бүрээр ярьж хэлэх нь ихэсдэг. Ийм ч учраас олны өмнө аль болох бага гаран, даруухан амьдарч ирсэн. Харин сүүлийн үед энэ байдлаа өөрчилж, илүү нээлттэй байхыг хичээж байгаа. Хүмүүс “Чи дуулж байхдаа дотоод хүч чадлаа бидэнд харамгүй дэлгэн харуулах юм. Ингэснээрээ чи миний сэтгэлийг ч нээж, бидэнд өөрийнхөөрөө байх эрх чөлөөг өгч байна” гэж хэлэхэд би үнэхээр баярладаг. Хөгжмөөс илүү хүнийг уярааж, сэтгэлийн утсыг хөндөж чадах зүйл үгүй болов уу. Нэг сири залуу бүтээлийг минь сонсохоор дайны тухай мартаж, орчлонгийн сайн сайханд итгэх итгэл найдвар нь сэргэдэг гэж бичсэн байсан. Хүнд тийм зүйлийг мэдрүүлэх боломжтой байна гэдэг жаргал шүү дээ. Нэг ч гэсэн хүний зовлонг нимгэлж, гэрэл түгээж чадвал миний зорилго биелж, хөдөлмөрийн минь үнэ цэн оршиж байна гэсэн үг, тийм биз?
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Одоо нэг эмчилгээний цомог (healing album) дээр ажиллаад дуусаж байна. Долоон чакраг өөр өөр хөгжмөөр төлөөлүүлэн бичсэн, тун сонирхолтой цомог. Хийл, саксафон гээд л төрөл бүрийн зэмсгээр тоглож, госпелээс өгсүүлээд сонгодог хүртэл олон стилиэр дуулсан. Энэ цомог дээрээ ажиллаад ойрд урам зориг дүүрэн байна. “The Pathless” гэдэг видео тоглоомын хөгжим дээр оркестртой хамтарч ажиллаад дууслаа. Дуу маань “Game Audio Network Guild Awards” (G.A.N.G)-ын инди тоглоомын шилдэг дуугаар тодорсон. Өнгөрсөн долоо хоногт G.A.N.G шагнал гардуулах ёслол дээр дууллаа. Оркестртой ажиллах гайхалтай шүү. Хөгжмийн, хүн төрөлхтний сайн сайхан оркестрт цогцолсон байдаг. Зуун хөгжимчний насан туршийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн нэгэн цэгт нэгдэх нь үгээр илэрхийлшгүй гайхамшигтай зүйл.
Хөгжмийг урлагийн бусад чиглэлүүдтэй хослуулан шинэлэг бүтээл гаргахыг эрмэлзэж, янз бүрийн уран бүтээлчидтэй сонирхолтой төслүүд хэрэгжүүлж байгаа. Япон буто бүжигчинтэй хамтрахаар ярилцаж байна, амьтны эрхийг хамгаалахын төлөө, “Animals Facing Left” нэрээр бүтээл туурвидаг, израиль залуутай хамтарч байна. Цахимаар үзэж байгаа үзэгчид ямар нэг амьтан нэрлэмэгц мань эр зургаар, би дуу, хөгжмөөр тэр амьтныг илэрхийлнэ. Дууссан хойно тэр хоёр бүтээлийг нийлүүлэхэд үнэхээр сонирхолтой урвал болдог. Энэ мэт, шинэ содон олон зүйлс туршихыг хүсэж байна даа. Бас, олон нийтийн сүлжээний хаягуудаа хөгжүүлэх тал дээр ойрд нэлээн анхаарч байгаа юм байна шүү.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Өдөр болгон ямар нэг шинэ зүйл сурах зорилт тавьдаг. Хөгжмийн аль нэг зэмсэг дээрээ шинэ барилт сурах ч юм уу. Тэр сурсан зүйлээ дараагийн бичлэгтээ оруулдаг. Хөгжмийн салбарынхан үргэлж л урьд сонсогдоогүй, шинэ зүйлийг эрж хайж байдаг улс, тиймдээ ч зах хязгааргүй тэлж хөгжиж байна. Тэр хөгжлөөс би хоцрохгүй байхыг л бодно. Ер нь өөрийнхөө төсөөлснөөс хавьгүй ихийг амжуулж, хөгжиж чадсан гэж боддог. Мэдээж цаашид ч сурч боловсрох болно.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Дотоод галыг минь өрдөж, бүтээх туурвих арга барилыг минь эгнэгт өөрчилсөн ном бол “The War of Art”. Сэтгэлийн дуудлагаа сонсохгүй, бүтээлч сэтгэлгээгээ сөрж хаагдуулахын хор уршгийг таниулсан бүтээл юм.
Өдөржин хөгжим дээр ажилладаг учир чөлөөт цагаараа хөгжим барагтай сонсдоггүй. Үнэхээр хүсээд, цаг зав гарвал, үе дамжсан хөгжимчдийг сонсох дуртай. Туурвил нь цэвэр нандинаараа ялгардаг. Бишрэн сонсдог уран бүтээлч гэвэл Каушики Чакрабарти байна. Уйгагүй хөдөлмөрлөж, ур ухаанаа шингээн, агуу сайхныг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болтол төгөлдөржүүлчихсэн бүтээлийг, виртуозо уран бүтээлчийг сонсохыг хичээнэ. Тэндээс өөртөө аль болох л шингээж авч, тэр бүтээлийг хийж байхдаа юу бодож байсан бол, яаж ажилласан бол гэж бодож тунгааж тусгаж авахыг хичээдэг. Киноны тухайд гэвэл шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдэд “нугасгүй” учир тэр төрлийн кинонуудыг хамж түүж үздэг дээ.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
“Үндэс язгуураа сана”. Би барууны, орчин үеийн хөгжмийн сургуульд орох гэж байгаа юм чинь R&B, поп хөгжим сурна гэж бодож догдолж энд ирсэн. Харин ирсэн хойноо өөрийнхөө гэсэн өвөрмөц шинж төрхийг гаргаж ирэх нь илүү сонирхолтой юм байна гэдгийг ойлгосон юм. Өөр хэн ч хийхгүй, би л хийх зүйлийг олох нь чухал.
Боломж, сонголтын араас хөөцөлдөхийн оронд өөрийгөө хөгжүүлж, боломжийг өөр лүүгээ тат гэж би хаа нэгтээгээс уншиж билээ. Лос-Анжелест анх ирээд би салбарынхантайгаа танилцаж, холбоо тогтоох гэж байнга л элдэв нетворкинг арга хэмжээнд очдог байсан. Хэсэг хугацааны дараа нэг л хөндий хоосон мэдрэмж төрөөд байхаар нь өөрийгөө хөгжүүлж, бусдын анхаарлыг эрхгүй татахаар чадвартай болтлоо өндийхгүй хөдөлмөрлөе гэж шийдсэн юм. Хэрэг болох үгүй нь тодорхойгүй элдэв зүйлсэд зарцуулах цагаа ур чадвараа хөгжүүлэхэд зориулаад, цаг нь ирж учрах ёстой хүнтэйгээ таарах үед хэдийн тэдэнд яг хэрэгтэй хүн болсон байх гэх үү дээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Энэ орчлонгоос одсон хойноо хэрхэн дурсагдахыг хүсэж байна вэ? Таныг хүмүүс хэрхэн дурсаасай гэж боддог вэ? Юуг бүтээж, юу үлдээх вэ? “Audiomachine” хөгжмийн (production music) компанийг үүсгэн байгуулагч Пол Динлэтир “Өөрийнхөө амьдралыг үдэж үг бичээд үз. Тэгээд яг тэгж дурсагдахын төлөө амьдар” гэдэг юм. Заримдаа ойр зуур ажлын хөлд дарагдаад, алсын хараа алдагдчих нь бий. Тийм ч учраас “Би зүгээр завгүй гүйгээд байна уу, эсвэл үнэхээр үр бүтээлтэй байж чадаж байна уу? Би аар шаархан зүйлд анхаараад үнэхээр чухлыг нь орхигдуулаад байгаа юм биш биз?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй болов уу.


Сэтгэгдэл бичих (3)


N Nana 66.181.161.40
Ихэнх хүмүүс бизнесийн салбарын амжилттай яваа хүмүүсийн мэдээллийг унших дуртай байдаг бол би эсэргээрээ бизнесээс бусад салбарын хүмүүсийн мэдээллийг унших дуртай. Би өөрөө бизнесийн салбараар суралцдаг болоод ч тэр үү урлаг, спортын хүмүүсийн амьдралын хэв маяг, сонирхол, үзэл бодол их сонирхолтой санагддаг. Энэ нийтлэлд олон авууштай зүйлс байгаа учраас үнэхээр их таалагдлаа. Ярилцлага өгсөн хүн нь өөрийгөө эрт таниж мэдсэн, хичээнгүй, мундаг хүн юм.
З Зочин 66.181.189.114
Амжилт хүсье. Маш мундаг карьертай яваа бүсгүй бөайна монгол нэрээ онцолж тодруулж байгаа танд амжилт хүсье
З Зочин 59.153.112.135
Үнэхээр бахархаж байна <3 Саяхан Уянгагийн талаар олж мэдээд сошиал дээр дагаж эхэлж байтал дуртай булангаар минь ярилцлага өгсөн их баяртай байна. Баярлалаа Unread!