Энэ удаад бид Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын суурин төлөөлөгч Винод Ахужаг урьж ярилцлаа. Дэлхийн 130 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнсний хангамжийг сайжруулах эрхэм зорилгод хүчин зүтгэдэг тэрээр бидэнтэй ажлын арга барил, цаашдын төлөвлөгөөгөө хуваалцсан юм. 28 настайдаа докторын зэрэг хамгаалж, хөгжлийн бодлого, хөдөө аж ахуйн чиглэлээр олон улсын байгууллагуудад ажилласан туршлагатай тэрээр өдгөө гурав дахь жилдээ Монгол дахь FAO-ыг удирдаж буй. Тэрээр Бангкок дахь FAO-д найман жил ажиллахдаа Ази тивийнхээ бүхий л улсын мал аж ахуйн бодлого төлөвлөлттэй нарийн танилцаж, хувь нэмрээ оруулсан арвин туршлагатай мэргэжилтэн юм.

Эрхэлдэг ажил: Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: HP Elitebook, MacBook Air
Сошиал хаягууд: Vinod Ahuja (LinkedIn), Vinod Ahuja (Facebook)



1. Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ? 

Би Энэтхэгийн умард нутгийн жижигхэн тосгонд төрж өссөн. Аав маань харуул, ээж гэрийн үйлчлэгч хийж амьжиргаагаа залгуулдаг байлаа. Манайх ах дүү дөрвүүлээ. “Бид хоёр та нарт боловсролоос өөр юуг ч амлаж чадахгүй шүү. Юу ч болж байсан боловсролыг чинь тасалдуулахгүй, бусад нь хамаагүй” гэж хэлдэг байлаа. Миний багын мөрөөдөл инженер болох. Тэр үед буюу 1970-аад онд инженер, эсвэл эмч болчихвол амжилт гаргалаа гэж бүгд үздэг байлаа шүү дээ. Би инженерийн сургуульд элсэж чадаагүй. Харин удалгүй хөдөө аж ахуйн сургуулийн зарлал хараад очиж уулзан, элссэнээс хэдэн жилийн дараа хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр нарийн мэргэшихээр шийдсэн юм даг. Магистраа 20 настайдаа амжилттай дүүргээд ажилд орох гэтэл мэргэжлээрээ ажиллахын тулд дор хаяж 21 настай байх ёстой байсан юм. Ингээд би бизнесийн удирдлагын сургуульд (IBS) судалгааны туслах ажилтнаар орсноор судлаач болох замнал минь эхэлсэн. Тэр сургууль маань Энэтхэгтээ Харвард л гэсэн үг, дотоод соёл нь ч энгийн сургуулиудаас тэс өөр.

Дараа нь докторын хөтөлбөрт дөрвөн жил бүрэн тэтгэлгээр сурахаар болж, АНУ-ыг зорьсон. Докторын ажил санаснаас удсан, тэгээд ч тэр үед гэр бүлтэй болчихсон байсан учир ажилд орох хэрэгтэй болж азаар Вашингтонд Дэлхийн банканд ажиллах боломж тохиосон юм. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг олон улсын хөгжлийн тайлан дээр ажилладаг багт элсэж, өдөр нь ажлаа хийгээд, шөнө нь дипломын ажлаа бичдэг байлаа. Дэлхийн банканд гурван жил ажилласны дараа гэр бүл, садандаа ойр байхыг хүсэж, нутаг буцахаар шийдсэн. Харьсан хойно урьд нь ажилаж байсан бизнесийн сургуульдаа багшлахаар болж, арван жил ажиллаж, профессор болж байлаа. Мөн л судалгааны ажлаараа холбогдож, Бангкок дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт мал аж ахуйн бодлого хариуцсан ажилтнаар найман жил ажиллах хугацаандаа бүс нутгийн бараг бүх улсад төсөл хөтөлбөр дэмжиж чиглүүлсэн. Харин Монголд гурав дахь жилдээ ажиллаж байна.

2. ТАны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Содон сонирхолтой зүйл байхгүй ээ (инээв). Уулзалт хийнэ, цахим шуудангаа шалгана, элдэв баримт бичиг, тайлантай танилцана, хянана, төв оффис болон бүсийн төлөөлөгчийн газартай холбогдож мэдээлэл солилцоно. Уулзалт цөөн өдөр бол захиргааны ажлууддаа төвлөрч, судалгаагаа амжуулахыг хичээнэ. Би өглөө ажлынхнаасаа цаг гаруйн өмнө ирдэг юм. Ажил ундарч, бужигнахаас өмнө хэсэгхэн ч болтугай тайван сууж, уншъя гэснээ уншиж, мэдээлэл авах гэж тэр. Дасгал хөдөлгөөн сайн хийхийг хичээдэг ч тэр бүр болохгүй юм. Долоо хоногт 2-3 удаа гэр лүүгээ алхдаг. 6 км орчим юм уу даа. Хөдөө явж, малчидтай уулзах бол миний хамгийн дурлаж хийдэг зүйл. Ажлын маань үр дүнг хүртэх гол хүмүүс тэд шүү дээ.



3. Таны ажлын нөү-хау? 

Аль болох шударга байхыг хичээдэг. Ямар нэг амлалт өгсөн бол заавал биелүүлэх зарчимтай учир үнэхээр чадна, амжуулна гэсэн зүйлээ л дааж авдаг. Өөрийнхөө боломж бололцоог бодитоор үнэлэх хэрэгтэй. Цаг барих бас нэн чухал. “Хэн нэгэнтэй 10 цагт уулзахаар тохирсон бол 9 цагаас 60 минутын дараа оччихсон байх ёстой. Тэр жар дахь минут өнгөрөхөд хоцорлоо гэсэн үг” гэж аав маань хэлдэг байсан юм. Цаг барина гэдэг бусдын цагийг үнэлж хүндэтгэж байгаа хэрэг шүү дээ. Бас биеэрээ үлгэрлэхийг эрмэлздэг. Бусдыг хоцролгүй ирүүлэхийг хүсэж байгаа бол өөрөө хоцрох нь бүү хэл болзоот цагаасаа эрт ирэх ёстой шүү дээ.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Би технологийн элдэв хэрэгслийг цэвэр хэрэглээ талаас нь хардаг, шохоорхож судалдаггүй. Үнэтэй машин сэлтийг ч мөн адил. “HealthifyMe” гэдэг аппликэйшнийг ашиглаж хооллолтоо хянадаг. BBC, CNN зэрэг мэдээллийн сувгуудын аппуудыг бас байнга ашиглана. Бусад нь гэвэл ерөнхийдөө бүгдийн л хэрэглэдэг аппууд байна даа: Фэйсбүүк, Инстаграм, Твиттер, Gmail.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Хүмүүст итгэж даалга. Ерөнхийд нь л хяна, чиглүүл. Хүмүүсийг дэмж, урам зоригийг нь бадраа. Ингэвэл илүү ихийг бүтээж чадна. Гэхдээ минийхээр бол хүмүүсийг дэмжинэ гэдэг тэдэнд түшиг тулгуур болох юм. Дэмжин гаргаж ирэх гэж байгаа хүн маань алдаа гаргавал би түүнийг нь дааж гарна, харин амжилт гаргавал тэр гагц түүнийх. Заримдаа хүнийг жаахан л дэмжээд өгөхөд гайхалтай зүйлс тодрон илэрдэг. Зорилгодоо үнэнч багтай байхаас илүү цаг хэмнэх арга үгүй дээ.

5. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Би их сониуч хүн л дээ. Миний ухаан бодол тувт л сониучилж, сэлгүүцэж явдаг. Тийм үед ямар нэг онцлууштай, тэмдэглүүштэй зүйл санаанд орж ирвэл халаасандаа байнга авч явдаг тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд бичдэг. Би төлөвлөх тал дээр маруухан. Хүмүүс намайг зохион байгуулалттай л гэдэг юм, гэхдээ үнэндээ нэг их цэгцтэй, төлөвлөгөөтэй хүн биш л дээ. Бодож төлөвлөдөг зүйл их ч тухайлсан зохион байгуулалтгүй. Жишээ хэлье л дээ. НҮБ-д арга хэмжээ зохион байгуулах үед маш нарийн төлөвлөхийг шаарддаг. Хөтөлбөр, төсөв гээд л маш нарийн гаргах ёстой. Бангкокт ажиллаж байхдаа би нэг арга хэмжээг удирдан зохион байгуулсан юм. Азийн хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь авч үзвэл хамгийн өсөлттэй нь сүү, сүүн бүтээгдэхүүний салбар. Тиймээс улс орнуудад энэ чиглэлийн туршлагаа хуваалцах суваг бий болгохоор олон улсын төлөөллийг цуглуулж хэлэлцэх зорилготой арга хэмжээ байсан юм. 25 хүний жагсаалтыг гаргаад, төсвөө батлуулаад хийхээр болсон. Гэтэл арга хэмжээнд 80 хүн хүрээд ирсэн, өөрсдөө зардлаа гаргаад оролцчихъё гээд. Би бол сэтгэл хангалуун үлдсэн, харин надтай хамт зохион байгуулсан хүмүүст “хар дарсан зүүд” шиг байсан байх (инээв). Тэр уулзалтын үр дүнд бид нар олон орныг нэгтгэсэн платформ байгуулж чадсан нь одоо ч идэвхтэй ажиллаж байгаа. Түүгээр барахгүй өнгөрсөн жил Монголд тусгайлсан оффисыг нь байгуулсандаа маш их баяртай байгаа.

Судлаач, эдийн засагч Уильям Ийстерлигийн “The White Man’s Burden” гэдэг нэг ном бий. Номдоо Ийстерли хүмүүсийг төлөвлөгч, эрэл хайгуулч гэсэн хоёр төрөлд хуваасан. Аль аль нь чухал ч ихэнх том нээлт, хөгжлийн шийдлүүд эрэл хайгуулчдаас төрсөн байдаг гэж онцолсон байна лээ. Би бол гарцаагүй эрэл хайгуулч.



7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж эрч хүч авдаг даа. Би гэртээ байгаа үедээ ажлаа бодохгүй байхыг чухалчилдаг. Эхнэртэйгээ хоол хийх, гэрийн ажилд туслах, аяга тавгаа угаах гээд л гэртээ байх үедээ идэвхтэй байхыг хичээдэг. Бас нохойтойгоо тоглоно, эрхлүүлнэ.

Эхнэр бид хоёр аялах их дуртай. Би бол жолооны ард сууж аваад хол давхихыг илүүд үздэг. Улс дамнаад, Вашингтоноос Торонто ороод л давхиж гарна. Эхнэр бол адал явдал эрэлхийлдэг хүн. “Одоо хаачих вэ?” гээд л, Гималайд авиръя гэдэг ч юм уу, сонин содон төлөвлөгөө гаргачихсан, түүнийгээ төсөөлөөд баярлачихсан сууж байдаг. Хоёр жилийн өмнө гэхэд Мачу Пикчу явсан. Гайхалтай байсан шүү.

8.Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Ажлынхаа хажуугаар хэрэгжүүлдэг төсөл харамсалтай нь алга. Яваандаа хүүхдүүдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх бодолтой яваа. Хүүхдийн цагаан цайлган сэтгэл энэ орчлонгийн хамгийн гэгээн сайхан зүйл шүү дээ.

Би сөлөр нүдтэй, түүнээсээ болж багаасаа шоолуулдаг, хүмүүсийг тэгдэгт нь шаралхаж, засуулахгүй гэж зүтгэдэг байсан юм. Уг нь бол засаж ядах юмгүй л дээ. Энэтхэгт байхад нэг өдөр эхнэрийнхээ ажиллуулдаг уншлагын төвд хүүхдүүдэд үлгэр уншиж өгч байлаа. Нэг жижигхэн охин над руу хараад л байсан, би ч түүн рүү харсан. Гэтэл миний нүд сөлөр болохоор жишүү хараад охинд бол өөр лүү нь ер харахгүй байгаа юм шиг санагдаад гомдчихсон байсан. Үлгэр уншиж дуусахад “Та яагаад над руу огт харахгүй байгаа юм бэ?” гэж асуусан. Олон жил нүднийхээ гажгийг засуулахгүй, энэ бол би, намайг энэ байгаагаар минь л хүлээж авах ёстой гэж зүтгэж ирсэн миний бодол тэр өдөр эргэлтгүй өөрчлөгдсөн дөө. Хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллаж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх өдөр удахгүй ирэх байх.



9. Хийж буй ажлын онцлог юу вэ? ЭЕрэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Би барагтай юманд харамсдаггүй л дээ. Тийм болохоор аливааг хэцүү бэрхшээлтэй гэж харах нь ховор. Гэхдээ мэдээж хүнд бэрхшээлтэй үе байна. Хөгшин аав ээжийнхээ дэргэд байхыг хүсэж, гэрийнхнээ санах юм. Цар тахалтай холбоотойгоор нөхцөл байдал бүр л хүнд болчихлоо. Бусдаар бол ажил маань сайхан. Хүнс, хөдөө аж ахуйн салбар асар их ач холбогдолтой. Хүнийг хоол хүнстэй байлгахын төлөө, хн бүрд хамааралтай ажил хийнэ гэдэг сайхан шүү дээ. Монголын Засгийн газар аливаа саналыг их нээлттэй хүлээж авдаг учир хамтран ажиллахад тун таатай байдаг. Манайх их чадварлаг, сайн багтай шүү. Аль ч түвшинд тэгш, нээлттэй харилцаж чаддаг.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Гантай байсан аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаагийн дээр цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл малчдын ахуй амьжиргаанд нөлөөлөх боллоо. Товчхондоо, байгаль, цаг уур, цар тахал, эдийн засгийн хямрал хавсарсан хүнд үе ирээд байна. Зуд болох эрсдэл өндөртэй зургаан аймгийн, цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй 1000 малчин өрхийн хөрөнгийг хамгаалж, яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг сая шийдвэрлүүллээ. Малчид, тариаланчид буюу хүнс үйлдвэрлэгчид байгалийн бэрхшээлийг эрсдэл багатай даван туулж гэмээнэ тэдний амьжиргаа тогтвортой байж, хот, хөдөөгийн хүн амыг хүнсээр хангана шүү дээ.

Бид Засгийн газар, олон улсын бусад байгууллагуудтай хамтарч малын эрүүл мэндийг хамгаалах, хүнс үйлдвэрлэлийн системийг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлж, салбарын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, МАА, газар тариалан, ойн аж ахуйн гаралтай эрүүл хүнс үйлдвэрлэлийг дотоод, гадаадын хэрэглэгчдийн эрэлт, таашаалд нийцүүлэхээр ажиллаж байна. Ирэх жилээс гурван чиглэлд төвлөрөх төлөвлөгөөтэй. Юун түрүүнд, хөдөө аж ахуйн салбарт дижитал технологийг өргөн нэвтрүүлэх. Монголын газар нутгийн хэмжээ, цаг уурын нөхцөл, хөдөө аж ахуйн систем зэргийг харгалзахад энэ талын технологи ихээхэн үр нөлөөтэй байж болох нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд байгаль орчинд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, бэлчээр доройтож, цөлжилт тэлж, ган, зуд, хүчтэй шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна. Монголын хэмжээнд ялгаруулж буй хүлэмжийн хийн 40 хувь нь хөдөө аж ахуйгаас гаралтайг мөн дурдах нь зүйтэй. Үр бүтээмжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын аль алийг гүйцэлдүүлэх шийдэл байна гэж үзэж байгаа. Гуравдугаарт, залууст чиглэсэн ажлууд. Нийгэмд ихээхэн нөлөөтэй бодлого, шийдвэрүүдэд залуусыг оролцуулах, нийгмийн тухай тэдний ойлголтыг өргөжүүлэхийг нэн чухалд авч үзэж байгаа.


11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Судлаач хүний хувьд их юм уншина, хурал зөвлөгөөнд оролцоно. Ойрд бичих тал дээр их анхаарч байна. Бичиж нийтлэх шаардлагатай үед энгийн үеийнхээс ихийг уншиж боловсруулах хэрэгтэй болдог. Энэ жил би TEDx-д илтгэл тавьсан. 10 гаруй минут илтгэхийн тулд сонгосон сэдвээ хэдэн өдөр уншиж судалж байгаа юм. Өөрийгөө уншигч, сонсогчийн оронд тавьж, тэдэнд хэрэгтэй зүйл бичиж, ярих гэж хичээнэ. Хэлэлцүүлэгт чиглүүлэгчээр оролцох бас тустай. Ерөнхийдөө, өөртөө залхуурах боломж олгох, зугтах боломжгүй нөхцөлд өөрийгөө оруулж, шинийг хурдтай сурахад хүчилдэг гэх үү дээ.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Кино үзэх бол миний хамгийн хийх дуртай зүйлсийн нэг. Сүүлийн үед Болливуд эмэгтэйчүүдэд төвлөрсөн, нийгмийн асуудлыг хөндсөн кинонууд их хийх болсонд баяртай байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоо тал дээр Энэтхэг их хоцрогдмол яваа улс. Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх шаардлагатай учир энэ талын кинонууд гарч байгаа нь тун сайн хэрэг. Энэтхэгийн үндэсний кино академиас шилдэг бүтээлээр нэрлэсэн “Queen” гэдэг киног үзээрэй гэж зөвлөе. “Netflix” дээр бий. Бас “Dangal” гэж киног санал болгох байна. Эцгийн эрхт ёс ихээхэн нөлөөтэй газар төрж өссөн хоёр охин аавынхаа дэмжлэгээр бөхийн спортоор хичээллэж, олон улсын тэмцээнд ялж байгааг харуулдаг, бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл.
Номын тухайд, Барак Обамагийн “A Promised Land”-ийг эхлүүлээд хэд хонож байна. Хамгийн дуртай автор гэвэл Вацлав Смил. Түүний бүтээлүүд ширээн дээр минь байнга байдаг.



13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Бизнесийн сургуульд ажиллаж байхад нэг профессор маань докторын зэрэгтэй бол гэж зөвлөөгүйсэн бол би тэр тухай бодох ч үгүй, өөр замналаар явах байсан болов уу. Материалаа бэлдээд зургаан сургууль руу явуултал тав нь бүрэн тэтгэлэгтэй сурахыг урьсан. Тэндээс Мэрилэндийн их сургуулийг сонгосон юм. Тэр багш маань үнэхээр залуусыг урамшуулж, зоригжуулж, үлгэр жишээ болж чаддаг хүн. Тэгэхэд би түүн шиг хүн байх болно гэж өөртөө хэлсэн. Тэр багш шигээ залууст мэдлэг чадвараа гаргахад, хурцлахад тус болж явахыг хүссэн хэрэг. Одоогоор гурван хүнд АНУ-д докторын хөтөлбөрт элсэхэд нь туслаад байна. Монголд ирснээс хойш олон чадварлаг залуустай таарч, тэднээс урам зориг авч явна.

14. Бусдад шидэх санаа?

Бид хүссэн үедээ дэлгүүр ороод, ид шидээр бүтчихсэн мэт лангуун дээр “байж байдаг” бүтээгдэхүүнийг аваад идчих боломжтой байгаа нь хэчнээн их зол завшаан гэдгийг хүмүүс бодож байгаасай. Хоол хүнсийг бүтээж, үйлдвэрлэж, таны гарт хүргэх явцад маш их хүч хөдөлмөр, байгалийн нөөц шаардагддаг. Худалдаад авчих боломжтой байна гэдэг хаа хамаагүй хэрэглэж болно гэсэн үг биш шүү дээ. Манай байгууллагаас #Дуусгалаа гэдэг аян хэрэгжүүлж, хэтрүүлж идэхгүй, хоол хүнсний хаягдал гаргахгүй, зохистой, хариуцлагатай хэрэглэхийг уриалж байгаа. “Байгаль эх хүний хэрэгцээг хангаж чадна, харин хүний шуналыг хангаж чадахгүй” гэж Махатма Гандигийн хэлснийг санаж явцгаая.