Зуны XXXIII олимп зохион байгуулагдаж буй Франц улсын Парис хотоос мэндчилж байна. Өнөөдрийн зочин бол Парист ажиллаж амьдардаг, YouTube контент бүтээгч Б.Түшиг.
Бид түүнтэй МҮОХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй эх орныхоо соёл уламжлалыг таниулахын сацуу Монголын баг, тамирчдыг дэмжих зорилготой зохион байгуулагдсан “Mongolia House”-аар зочлоход нь уулзсан билээ. Тэрээр бүтэн цагийн контент бүтээгчийн ажлыг 2018 оноос хийж буй бөгөөд өдгөө YouTube суваг нь 947 мянга гаруй захиалагчтай болоод байна.
Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Парис хот, Франц улс
Эрхэлдэг ажил: YouTube сувагт контент бүтээгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro M1
Сошиал хуудас: Facebook, Instagram, YouTube
1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?
Би 2012 онд ХҮДС-ийг Худалдааны менежмент мэргэжлээр төгссөн. Их сургуульд сурч байх хугацаандаа загвар өмсөгч, телевизийн хөтлөгч гээд олон төрлийн ажил хийж, ер нь аль эртнээс л өөрийгөө сорих дуртай нэгэн байлаа. Тийнхүү 2015 онд Франц улсыг зорьж, Сорбонны их сургуульд хэл, маркетингийн чиглэлээр суралцсан.
Контент бүтээгч болсон тухайд би анх Франц улсад ирээд эндэхийн YouTube контент бүтээгчдийг ажиглаж, хэрхэн ажилладаг талаар нь судалж эхэлсэн юм. Тухайн үед Монголд тоотой хэдэн YouTuber байсан болохоор оролдоод үзэж болох юм гэсэн бодол төрж, 2018 онд анхны контентуудаа хийж байв. Үүний зэрэгцээ ээж маань тэгэхэд камер бэлэглэж таарсан нь контент хийж эхлэхэд түлхэц болсон гэж боддог.
Миний зорилго анхнаасаа маш тодорхой байсан. Монгол залуучуудыг өөрийнхөө суваг дор нэгтгээд хамтдаа хөгжих зорилго тавьж, одоог хүртэл үүнийхээ дагуу контент бүтээсээр байгаа.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө аль болох тааваараа унтах дуртай. Ажилдаа мэдрэлийн энерги их зарцуулдаг учраас сайн амарч, чанартай нойр авах нь чухал. Жаахан л ядарчих юм бол бичлэг дээр шууд мэдэгддэг. Идэвхтэй хөдөлгөөн, чанартай нойр бол миний ажлын нэг хэсэг гэж ойлгож болно.
Боссоныхоо дараа фитнесс хийх эсвэл гарч гүйнэ. Эргэж ирээд хүйтэн шүршүүрт ороод өглөөний цайгаа уудаг. Зарим өдөр цай уулгүй шууд бичлэгээ хийх нь ч бий. Ер нь өдөр бүр контентынхоо ажилд идэвхтэй 1-2 цагийг зарцуулдаг.
3. Таны ажлын арга барил?
Хурд. Богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилладаг. Нэг хэсэг хуулиар сурч байхдаа олон зуун хуудас хэрэгтэй танилцаж, хураангуй дүгнэлт гаргах дасгал хийдэг байсан нь ажиллах арга барилд маань эерэгээр нөлөөлсөн гэж боддог юм. Товчхондоо нэг контент гаргахад шаардлагатай бүхий л мэдээллийг богино хугацаанд уншиж, толгой дотроо зураглан төсөөлөөд цаасан дээр түлхүүр үгс болгон тэмдэглэдэг. Үг нэг бүрээр нь бичиж цаг алдахын оронд цэгцтэй бөгөөд товч байдлаар 30 минутаас хэтрүүлэлгүй бичлэгээ хийдэг дээ.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Аппын тухайд бичлэгүүдийнхээ нүүр зургийг янзлахад Picsart, спонсоруудтай харилцахад Instagram, контентын үзүүлэлт харахад YouTube Studio-г тогтмол ашигладаг.
Технологийн хэрэгсэл гэвэл Sony ZV-E10 камерыг ашиглаж байгаа.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Сахилга бат. Энэ бол бүх зүйлийн эхлэл. Ажил карьер, хувийн амьдрал, гэр бүл, хосын харилцаа гээд бүгд сахилга батаас ихээхэн хамаардаг. Үндсэндээ хийх ёстой зүйлээ, хийх ёстой цагтаа хийж байж өөрт оноогдсон цаг хугацаагаа үр ашигтай өнгөрүүлж чадна.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Миний хувьд хэтэрхий олон зүйл төлөвлөх дургүй болохоор ойрын хугацааны төлөвлөгөөгөө гараар бичиж, тэмдэглэдэг. Физик бүтээл явагдаж байгаа гэдэг утгаараа цаанаа л өөр мэдрэмж өгдөг юм.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Спортоор хичээллэхгүйгээр долоо хоног ч тэсэж чадахгүй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн эрч хүч өгөхөөс гадна тархи амрааж, анхаарал төвлөрлийг бий болгодог тул өглөө бүр дасгал хөдөлгөөн хийдэг. Сэтгэлзүй талаасаа ч бүх ажил бүтэмжтэй, бүтээмжтэй байх юм шиг эерэг сэтгэгдэл төрдгийн зэрэгцээ өөртөө итгэлтэй, урам зоригтой байж чаддаг.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Контентынхоо хажуугаар спортод хамгийн олон цаг зарцуулдаг. Мөн контент хэрхэн хийх тухай сургалтаа сайжруулж, бэлтгэнэ.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
YouTuber байхын сайшаалтай тал олон бий. Хүмүүст танигдах, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээс эхлээд эерэг нөлөөлөлтэй контент бүтээгч байж чадвал энэ бол утга учиртай ажил. Хамгийн гол нь ажлаасаа үнэ цэн мэдэрч, өглөө бүрийг аз жаргалтай эхлүүлж чаддаг.
Хэцүү бэрхшээлтэй тал бараг байхгүй дээ. Энэ ажлынхаа эд хэсэг бүрээс сэтгэл ханамж мэдэрч, сөрөг сэтгэгдэл бүрийг түүж уншаад өөрийгөө сайжруулахад анхаарч ирсэн.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Ирэх есдүгээр сард сувгийнхаа захиалагчдын тоог нэг саяд хүргэх төлөвлөгөөтэй байна. Яг одоо эрүүл мэнддээ анхаарч, амралтын байдалтай байгаа ч тун удахгүй үүнд төвлөрч, контентуудаа хийгээд явна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Интернэт, ном хоёроор өөрийгөө хөгжүүлж байна. Өнөө цагт хаанаас ч, хэдийд ч интернэт ашиглан хүссэн зүйлээ сурч мэдэх боломжтой болсон учраас энэ давуу талыг тултал ашиглахыг эрмэлздэг.

12. Санал болгох ном, кино, хөгжим?
Хөгжмийн тухайд анхаарал төвлөрөл дээшлүүлдэг Brain Focus чимээг санал болгоё. Оюутан байхдаа энэ чимээг сонсоод хичээл хийж, ном уншдаг байсан. Хувийн туршлагаас харахад анхаарал төвлөрөл, ажлын бүтээмжийг 20-30 хувиар нэмдэг.
Ном гэвэл Marcus Aurelius-ын “Meditations” бүтээлийг санал болгомоор байна. Стоицизмын урдаа барьдаг номуудын нэг бөгөөд унших үед бясалгал хийсэн мэт мэдрэмж төрүүлдэг юм.
Киноны хувьд “Matrix”-ын нэгдүгээр ангид маш дуртай. 1999 онд хийгдсэн бүтээл гэхэд өнөөгийн нийгэм, ирээдүйг тун сайн зөгнөж дүрсэлсэн. Өмнө нь тулаантай хэсгүүдийг шимтэн үздэг байсан бол одоо харилцан яриануудыг анхаарч үзэх болжээ.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
“Өөрийнхөөрөө бай” гэдэг зөвлөгөө их таалагддаг. Юун түрүүнд ямар хүн бэ гэдгээ ойлгож, онцлог чадвараа танин мэдэх хэрэгтэй.
14. Бусдад шидэх санаа?
Бүх зүйл дээр сахилга баттай хандаарай гэж уриалмаар байна. Өөрөө өөртөө чанга хатуу байж гэмээнэ амьдралаас ирэх сорилтууд хэцүү санагдахгүй.


Сэтгэгдэл бичих

