Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа уншигч та бүхэнтэй хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ удаагийн зочноор танин мэдэхүйг эх хэлээрээ түгээх үйлсэд түүчээлэн ажиллаж буй нэгэн эрхмийг урилаа.
Түүнийг зарим хүмүүс гитар хөгжим барьсан, хуучны төрхөөр нь санаж байж болох ч сүүлийн үед “Дэлхийгээр нэг тархан суурьшсан хөдөлмөрч олон монголчууддаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн Одмөндөр сувгийн хамт олон хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, эрүүл энх, ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай хэмээн мэндчилж байна” гэх аядуу хоолойгоор илүүтэй таних болсон билээ.
Тэрээр их ажлынхаа дундуур цаг гарган бидэнтэй ярилцаж, танин мэдэхүйг түгээх үйлсээ хэрхэн эхлүүлсэн тухай хийгээд цаашдын зорилго мөрөөдлийнхөө талаар ийн ярилцлаа.
Байршил: Сити центр, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн Үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Z Fold 4
Хэрэглэдэг компьютер: Victus
Сошиал хуудсууд: Zandaa Goosh (Facebook), Zandaa Goosh (Instagram)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Одоогоос 20 жилийн тэртээ “Шөнийн галт тэрэг” хамтлагийн найзуудтайгаа “Цэнхэр шувуу” цомгийг бүтээж байсан нь өдгөө бидний үеийнхэн болон хүүхэд багачуудад “Зөөлөн”, “Үлэг гүрвэл” зэрэг дуугаар танил болон үлджээ. Хожим нь харин юкүлэлэ хөгжмийн “Tiger fish” хамтлагийг байгуулж, “Ну, погоди” нэрт цомхон тоглолт ч зохион байгуулаад амжсан. Ингээд бодохоор үндсэндээ би амьдралынхаа 20 орчим жилийг амьд хөгжимд зориулсан байна.
Харин танин мэдэхүйг түгээх үйлс маань 2017 оноос эхтэй. Г.Лхагвадулам, Э.Очирт, Б.Гэрлээ гэх найзуудтайгаа хамтран шинжлэх ухаан, амьтан, ургамал, түүх гэх мэт найман төрлийн танин мэдэхүйн агуулгыг түгээх зорилготой arav.mn вебсайтыг хөтлөн ажиллуулж, нийт 800 орчим нийтлэл бичсэн байдаг. Тухайн үед хэвлэл мэдээллүүд улс төрийн хар бараан тал эсвэл оддын хувийн амьдрал руу хэт хошуурдаг байсны гороор олон нийт ч тэр зүг рүү анхаарал хандуулж, танин мэдэх гал эрмэлзлээ тархин дотроо унтраачихсан хэрэг. Байдал нэгэнт ийм болсон тул хоёр жил орчмын дараа дампуурч, бид нөхдийн ажил үйлсийн замнал салаалах болсон билээ. Одоо бодоход, танин мэдэхүйн агуулгыг хэрхэн бизнес загвар болгох, аливаа маркетинг сурталчилгааг хэрхэн хийх арга туршлага дутсан болохоор хангалттай сайн ажиллаж чадаагүй гэж боддог.
Дараа нь “Сонирхолтой одон орон” гэх подкаст эхлүүлсэн. Мөн л сонирхолдоо хөтлөгдөн танин мэдэхүйг арай өөр байдлаар түгээхээр оролдсон гэх үү дээ. Удалгүй "MGL Radio зохиолч ажилд авна" гэх зарыг олж харлаа. Тавигдах шаардлага хэсэгт нь байх “Аливааг танин мэдэх хүсэлтэй, түүнийгээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх” гэх үг яг л “Зандаа, чи хүрээд ир ээ, чамайг ажилд авмаар байна” гэж байгаа мэт санагдсан. Ингээд л “Дэлхийн монголчуудын радио” гэх том айл руу орж, нэвтрүүлгийн зохиол бичиж эхэлсэн юм.
Зохиолч хүн тухайн нэвтрүүлэг яг л өөрийнх нь зохиолын дагуу яваасай гэж хүсдэг. Гэтэл заримдаа хөтлөгч нар маань зохиолоос халина, нэмж баяжуулна, тэр нь сонсогчдод таатай ч зохиолчийн хувьд сэтгэл дундуур үлдэх нь олонтоо. Эцэст нь нэг шийдэл олсон нь өөрөө нэвтрүүлгээ хөтөлье гэх саналыг удирдлагууддаа тавьсан явдал байлаа. Тэд ч уриалгахан хүлээн авснаар хөтлөгч, зохиолч гэх хоёр албыг хаших болсон.
MGL Radio ихэнх талаараа сонсогчдыг соён гэгээрүүлсээр ирсэн ч 100 хувь танин мэдэхүйн радио мөн үү? гэвэл биш шүү дээ. Тоймгүй олон нэвтрүүлгийн ард гарч, туршлага хуримтлуулсны эцэст танин мэдэхүйн суваг нээх мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудаж, Одмөндөр сувгийг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулаад ажиллаж байна. Одоогоор бидний дээд чадамж нь өдрийн гурван нэвтрүүлэг. Хэрвээ боломжтой бол өдөрт 30-ыг ч хиймээр байна. Гэхдээ бидэнд цаашид зорьсон ажил олон бий.
Хүмүүс надаас Одмөндөрийн багийг хэрхэн бүрдүүлсэн талаар асуухад л би өөрийгөө ийм олон төрлийн найзтай гэдгийг анзаарч билээ. Манай багийнхан анх уулзахад би бүгдийг нь таньдаг боловч тэд биесээ огт таньдаггүй байсан. Сувгаа нээхээр шийдсэн даруйдаа би эргэн тойрныхоо найз нөхдөд санал тавьж, “Билгүүнээ, чи одон орны талаар яримаар байна уу?”, “Хасаа, чи шинжлэх ухааны талаар яривал ямар вэ?”, “Бат-Эрдэнэ эмчээ, эрүүл мэндийн мэдлэг түгээх үү?” гэх мэтээр. Нэг ёсондоо тал талаас найзуудаа цуглуулаад л Одмөндөрийн 25 хүнийг бүрдүүлсэн дээ.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө сэрэх цаг маань харилцан адилгүй. Ажилдаа ирэхэд манай ерөнхий менежер бүх төлөвлөгөөг гаргачихсан байдаг бөгөөд өдрийн турш уулзалтуудад оролцох, нэвтрүүлгийн зохиол бичих, хөтлөх, судалгаа хийх ажлуудад төвлөрдөг.
Харин долоо хоногийн мягмар, пүрэв гарагт тогтмол оройтож харьдаг. Учир нь би UB Quiz night арга хэмжээнд долоон жилийн турш тогтмол оролцож байна. Энэ бол миний хувьд Монголын хамгийн үзэсгэлэнтэй арга хэмжээ гэж хэлж болно. Ялах, эс ялах нь чухал биш. Уншсан, мэдсэнээ сорьж, нэг үдшийг хамтдаа, жаргалтай өнгөрүүлж буй залуусын нэг хэсэг байх нь л чухал.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Бизнесийн арга ухааныг урьтал болгож биш мэдрэмжээ л дагаж энэ ажлыг хийж байгаа. Тийм болохоор бидний өдөр тутмын ажил, амьдрал яг л Friends цуврал шиг гал цогтой, хөгжилтэй санагддаг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Танин мэдэхүйг түгээхийн тулд маш олон яагаад гэдэг асуултад хариулах хэрэгтэй болно. Тиймээс өдөр тутамдаа ChatGPT-г хамгийн их хэрэглэж байна.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Бидний үйл ажиллагааны нэг онцлог нь бодох, төсөөлөх, эргэцүүлэхэд маш их цаг хугацаа зарцуулдаг. Аливаа сэдвийн талаар хэрхэн сонирхолтой ярих мэргэн санааг гагцхүү тунгааж байж л олно шүү дээ. Тухайлбал, Чингис хааны талаар ярьсан олон төрлийн хувилбараас хэрхэн содонших вэ? гэдгийг тааз ширтэнгээ эсвэл цай уунгаа төсөөлж байгаа хэрэг.
Үндсэндээ бид цаг хэмнэх тал дээр ач холбогдол өгөх шаардлагагүй л гэх гэсэн юм. Гэхдээ яг үнэндээ ямар нэгэн ажлыг хийж амжихгүй байна гэдэг хувь хүний сахилга батын л асуудал байдаг юм даа.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Өглөө ирэхэд өнөөдөр хэн хэнтэй уулзах, юуны талаар ярилцах гэх зэрэг бүтэн өдрийн ажил маань хэдийн төлөвлөгдчихсөн байдаг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Одоогоор миний тархинд эргэлдэж байгаа бодлуудын 90 орчим хувийг Одмөндөр суваг маань эзэлж байна. Нэвтрүүлгийн санаанаас эхлээд ядаж ойрын нэг, хоёр жилдээ тавих цалингаа халаасалчхаад л сая нэг тайван унтаж амрах байх. Бид дөнгөж эхэлж байгаа учраас бизнесийн ертөнцөд амьд үлдэх нэг төрлийн тэмцэл дунд амьдрал өрнөж байна. Одоо байгаа хоёр, гурван сарын цалингийн нөөцөө яаж илүү урт хугацаанд санаа зоволтгүй болгох уу? гэсэн түгшүүртэй мэдрэмжтэй байхаар хүн өөр зүйлд төвлөрч чаддаггүй юм байна.
Харин өнгөрсөн цаг дээр яривал, чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн төгс хэлбэр маань үгийн сүлжээ байлаа. Бөглөх биш зохиох нь надад илүү сонирхолтой санагддаг болохоор би үүнийгээ тодотгож хэлэх дуртай. Сонирхуулахад, би үгийн сүлжээний апп бүтээхийг хүсдэг. Ойрын таван жилдээ биелэх л байх.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Одоогоор 100 хувь Одмөндөр сувгийн ажилдаа төвлөрч байна.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Бие биенээ огт танихгүй 25 хүн цуглаад Одмөндөр гэх малгайн дор нэгдэж, тал бүрийн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэж байхыг би лав Монголд харж байгаагүй. Нөгөөтээгүүр шинжлэх ухаан, танин мэдэхүйг түгээж байгаа нь биднийг олон нийтэд эерэг дүр төрхөөр харуулдаг нь талархууштай. Хэн нэгэн танихгүй хүн хаа нэгтээ тааралдаад Одмөндөрийн хөтлөгч байна гээд халуун дотноор инээмсэглэх нь урамтай санагддаг шүү.
Ганц л бэрхшээл байгаа нь санхүү. Технологийн өргөн боломж нээгдсэн өнөө цагт мөнгө л байвал бид хүссэн бүхнээ хийж болно.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Бид эхлээд юүтүб суваг байгуулсан. Дараа нь бидэнд телевизийн сувгууд санал тавьж, орон даяар нэвтрүүлгүүд маань цацагдах болсон. Үүний ачаар танин мэдэхүйг түгээх үйлс маань улам хүрээгээ тэлж байна гэж харж байгаа. Энэ хүртэл бид Тэнгэр ТВ, Стар ТВ, Сүлд ТВ-ээр нэвтрүүлгүүдээ цацлаа. Танин мэдэхүйг хамтдаа түгээсэн эдгээр телевизийн хамт олонд гүнээ талархаж байна. Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн NTV телевизээр манай сувгийн контентууд гарах хэлэлцээр хийсэн байгаа.
Бидний дараагийн зорилго бол ирэх дөрөвдүгээр сарын 29 буюу сувгийнхаа нэг жилийн ойг тохиолдуулан Одмөндөр радиотой болох. Танин мэдэхүйн радио гэдэг утгаараа дуу явахдаа хүртэл уран бүтээл төрсөн түүхийг нь сонирхолтой байдлаар тайлбарлаж, гадны зохиол бүтээлийг хүртэл монгол хэлний яруу тансаг байдлыг шингээн шүлэглэн орчуулаад түүнийгээ түгээх мөрөөдөлтэй.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Нэвтрүүлгийн сэдэв олж, судалгаа хийж, зохиол бичиж, хөтлөн хүргэнэ гэдэг өөрөө хөгжих үйл явц шүү дээ.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Таван жилийн өмнөөс Pink Floyd гэх “хар тамхи"-нд орсон байдаг юм. Одоо бүр өөр дуу сонсох гэхээр хүн хуураад байгаа юм шиг санагддаг болсон. Би тэрхүү хамтлагийг нэг сонсоод эхэлчихвэл насан үүрд ховсонд нь автана гэдгээ мэдэж байсан учир 40 нас хүртлээ хэргээр зүрхшээж явсан нь тэр л дээ.
Олон дуртай кино байдгаас энэ удаа “Ирээдүй рүү буцсан нь” киног онцолъё. Миний багаасаа мөрөөдсөн мөрөөдөл бол цаг хугацааны машинд суух. Ирээдүй бол сонин биш л дээ, өнгөрсөн л сонин. Тэр дундаа Есүхэй баатар бяцхан Тэмүүжинг унтахаас нь өмнө үлгэр туульс эсвэл аян дайныхаа талаар ярьж, түүний өндөр өвөг Хабул хаан Алтан улсын хааны сахлыг угз татаж байсан тухай, эсвэл Хотул хааны дуу хоолой долоон уулын цаанаас сонсогддог байсан тухай ярьж, Тэмүүжин хариуд нь гайхшран мэлрэхийн зэрэгцээ ход ход инээж буйг дэргэдээс нь харахсан гэж боддог. Бас Есүхэй баатар насан эцэслэхэд овог аймагтаа орхигдон хоцрох Тэмүүжин хүнд хэцүү үеэ хэрхэн даван туулж байгааг нүдээр үзмээр санагддаг.
Номын тухайд, “1001 шөнийн үлгэр” ном араб хэлний үгсийн баялгийг монгол хэлний яруу тансагтай хослуулан орчуулсан тун ч үзэсгэлэнтэй бүтээл учраас миний хувьд номер нэгт орно. Хоёрдугаарт “Зуун жилийн ганцаардал” галзуу гоё.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Ээж маань надад “Гарвал орно” гэж захидаг байсан нь санаанд орж байна. Өөрөөр бол бусдад тусал, өгөөмөр ханд, тэгвэл хариу нь буцаад ирнэ гэсэн утгатай. Харин аавын хувьд санаандгүй нэг зүйл хийсэн нь миний амьдралыг их өөрчилсөн гэж боддог. Намайг хоёрдугаар ангид байхад газрын зураг дээр Токио хотыг олоорой гэж хэлчхээд дэлгүүр явчихсан юм. Тэр цагаас хойш би газрын зурагт дурлаж, маш олон газар орон, далай тэнгис, ургамал амьтныг тархин доторх танин мэдэхүйн атластаа үүрд нүдлэн үлдээсэн.
Монгол ардын зүйр цэцэн үгсээс миний хувьд “Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан” гэх үгэнд машид итгэдэг. Хүн мэдэхгүй зүйлдээ дайсагнаж ханддаг бол түүнийгээ мэдээд эхлэхээр хайрлаж эхэлдэг юм байна. Үүний нэгэн тод жишээ бол манай Одмөндөр суваг Хүннүгийн түүх, археологийн нууц, амьтан ургамал зэрэг дэлхий ертөнцийн бүхий л сонин хачинтай эх хэлээр нь танилцуулж, танин мэдэхүйг түгээж байгаа шүү дээ. Тиймээс бид хэний, юуны талаар мэдээлэл түгээнэ, үзэгчид түүнийг таньж мэдэх чинээгээрээ хайрладаг болно гэдэгт итгэдэг.
14. Бусдад шидэх санаа?
Хэрэв өсвөр насныхан энэ ярилцлагыг уншиж байвал тун сониуч байгаарай. Сүнс байдаг болов уу? Харь гаргийнхан байдаг болов уу? Үлэг гүрвэл яагаад мөхсөн юм бол? гэх зэрэг янз бүрийн асуулт өөртөө тавьж, хамгийн гол нь түүнийгээ олж мэдэхийн тулд эрэл хайгуул хийдэг байгаарай. Мэдээж хэрэг эхэндээ монгол хэлээр хомс, англи хэлээр элбэг мэдээлэл олдох л байх. Гэхдээ та бүгдийн аав ээжийн үед монголоор нэг ч мэдээлэл олддоггүй байсан бол харин одоо багахан ч болов олдож байгаа нь чамлахааргүй дэвшил юм шүү. Харин та бүхэн том болоод эрдэм мэдлэгт хорхойсон автсан цагтаа эх хэлээрээ түүнийг түгээгээрэй гэж хүсье.
Чухамдаа амжилтад хүргэж, мундаг хүн болгох дүрэм хаа ч үгүй. Иймд “Амжилтад хүрэх алт шиг долоон дүрэм” гэх зэрэг номыг хэзээ ч битгий аваарай. Хэрэв гэрт чинь байвал зүгээр л гаргаад хаячих. Манайхан номыг ихэд дээдэлж хүндэлдэг боловч хэрэггүй мэдээллээр дүүрэн номыг дээрээ залаад хэрэггүй шүү дээ.
Б Би 2025.03.29 103.57.95.250
Үнэхээр гоё шүү танай хамт олон. Гансүх гэж залуу хөөрхөн эх орны тухай Вьетнам аас эх нутагруу гүйсэн адууны тухай ярихдаа нүдэнд нь нулимс цийлэгнээд байсан . Ямар их та нараар омогшсон гэж бодож бн. Үнэхээр гоё бүтээлийг маш их уншиж судлаж хөдөлмөрлөж хийгээ вэ гэж үнэхээр бахархсан. Та нар оюуны бүтээлээрээ буян үйлдэж залууст хөрөнгө оруулалт хийж байна. Сайн үйлс сүүн зам татуулна аа . Амжилт
Ү Үнэнч уншигчаас нь 2025.03.24 202.9.43.6
Танин мэдэхүйг өшөө илүү ихийг түгээгээрэй "Од мөндөр"-ийн хамт олонд нь илүү их амжилт хүсье. Мундаг шүү та бүхэн маань...
T Tulga 2025.03.09 59.153.112.180
Anh udaa ingej setgegdel bichij uzej bna. vneheer saihan medleg tugeegch hvn shvv. Saihan bailaaaaaa
З Зочин 2025.03.01 133.1.173.4
Яахав ээ, санаа нь зөв шд. Даанч хэмжээндээ тулчихаад байгаа л даа. Багаа жинхэнэ мэдлэгтэй, сайн залуусаар бүрдүүлэх хэрэгтэй!
А Алтан гишүүн 2025.02.15 202.131.228.10
Эрэл хайгуулч, судлаач мундаг энэ залуусын бидэнд хүргэж байгаа бүх мэдээллийг сонсогч сонирхогч бас түгээгч залуус их олон бүр маш олон байгаасай гэж боддог. Амжилт хүсье. Хувь чат руу нь санал бичмээр санагдах үе байдаг шүү.
З Зочин 2025.01.31 202.9.46.172
Маш сонирхолтой нэвтрүүлгүүд хииж үнэхээр чаддаг шүү.Би ч бас минии хувьд сонирхолтой байлаа.Тиим олуулаа гэж мэддэггүй байлаа Таньд болон танай хамт олонд амжилт хүсье.
З Зочин 2025.01.31 66.181.178.225
Улам их амжилт хүсъе,гоё сэдвүүд үргэлж сонсгодогт баярладагдаа,Хов жив,хэрүүл маргаанаас хэтэрхээ байсан энэ цаг үед их л хэрэгтэй нэвтрүүлэгдээ танайх
З Зочин 2025.01.31 66.181.187.229
Энэ ёстой хогийн хөгийн эр. Сошиалд мөн ч их хүмүүсийг доромжилж амь зогоодог байсан даа. Карма чинь ирнээ
З Зочин 2025.01.30 103.212.163.12
Хамгийн том суваг болох болтугай. Монгол хэлээрээ энэ олон сайхан мэдээллийг түгээж байгаад талархаж байна.
з зочин 2025.01.29 103.212.118.97
би... гийн өвчттэй шаар бна лээ шүү чи. тэрийгээ засаарай. 1 юм ярьж бгаад л би тэгдэг ингэдэг байсан. манай аав ээж эмээ өвөө тэгдэг байсан... боломж гарвал хавчуулаад шаагаад