Өнөөдрийн дугаарын маань зочин бол дотоодын хөрөнгийн зах зээлд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй групп компани болох Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо. Хөрөнгө оруулалтын багцын удирдлагын чиглэлээр АНУ-д төгсөж ирснээсээ хойш санхүүгийн салбарт өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн тэрээр өдгөө 40 гаруй компанийн 350 тэрбум төгрөгийн хөрөнгийг удирдаж буй өнөр хамт олныг манлайлж яваа юм. 

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Zolboo Batbileg (LinkedIn)



1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Багаасаа л математикийн хичээлдээ дуртай байсан минь ирээдүйд санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжил эзэмшвэл давуу тал болно гэдгийг харьцангуй эрт ойлгуулсан л даа. Тиймээс ч эргэлзэх зүйлгүй СЭЗИС-д элссэн. Түүнээс удалгүй эргэн тойрны найз нөхдөөсөө гадаадад сурах гарц, боломжуудын талаар анх удаа сонсож, зааврынх нь дагуу шаргуу бэлдсэнээр жилийн дотор АНУ-ыг зорьж байлаа. Тэнд би хөрөнгө оруулалтын багцын чиглэлээр суралцахын сацуу “Primary Insight”, “Darwood Associates” зэрэг компаниудын дадлагажуулах хөтөлбөрт хамрагдаж хөрөнгө оруулалтын чиглэлд туршлага хуримтлуулахыг хичээсэн.

Төгсмөгцөө Монголдоо ирж, мэргэжлээрээ буюу хөрөнгө оруулалтын багц бүрдүүлж, түүнийгээ удирдан ажиллах боломжтой ажлын байр хайсан нь Ард Санхүүгийн Нэгдэл байсан юм. Ингээд 2016 оноос Ард Секюритиз ҮЦК-д хөрөнгө оруулалтын шинжээч, Ард Менежмент ҮЦК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирлаар тус тус ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Гүйцэтгэх захирлын албанд томилогдсон.

Одоо удирдаж буй Ард Санхүүгийн Нэгдэл маань 100 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй, 40 орчим компанид хөрөнгө оруулж, 350 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг удирдаж буй дотоодын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй нэгдэл компани. Бид Монголын иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгох зорилготой ажилладаг.

Ард Санхүүгийн Нэгдэлийн нэг хэсэг болсон найман жилийн хугацаандаа анхны тодотголтой олон ажилд гар бие оролцож, хөрөнгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын банк, корпорацийн санхүү, финтек, даатгалын чиглэлд багагүй туршлага хуримтлуулсан. Тухайлбал, анхны хаалттай, нээлттэй сангуудын бичиг баримтыг боловсруулах, даатгалын салбараас анх удаа IPO гаргасан “Ард Даатгал”-ын нээлттэй хувьцаат компани болох үйл явц, хаалттай компанийг нээлттэй компанитай урвуу нэгдэл хийх замаар засаглалыг хөгжүүлэх гэх мэт олон ажлыг дурдаж болно.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Манай гэр хотоос нэлээд зайтай байдаг болохоор өглөө эртлэн босож ажилдаа гардаг. Түгжрэл багатай үеийг тааруулаад нэг цаг орчим машиндаа явдаг ба үүнийхээ талд нь бизнес, санхүүгийн чиглэлийн подкаст, аудио ном сонсоод, үлдсэн талд нь тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөж, хуваариа ахин нэг шалгахад зориулж дадсан. Ажил дээрээ ирээд үдээс өмнөх сэргэг үеэ ашиглан шийдвэр гаргах, уулзаж ярилцах зэрэг хурал уулзалтын ажлуудаа амжуулаад, үдээс хойш төвлөрөх ажлуудаа нугалж авна. Үүн дээр нэмээд сүүлийн хоёр сарын хугацаанд цайны цагаа ашиглан дасгал хөдөлгөөн хийж, шинэ дадал тогтоохоор хичээж байгаа. Одоогоор бэлтгэлээ таслахгүй байх нь л чухал байна. Ер нь аливаа ажлыг өгөгдсөн цагт багтаан өндөр бүтээмжтэй хийж дуусгаад, гэртээ эрт харьж, оройн цагийг аль болох хүүхдүүд, гэр бүлдээ зориулахад анхаардаг.



3. Таны ажлын нөү-хау? 

Миний хувьд группийнхээ толгой компанийг хариуцан ажиллаж байгаа болохоор нэг цаг үед олон төсөл хөтөлбөрүүдэд гар бие орж ажилладаг онцлогтой. Энэ тохиолдолд багийнхантайгаа зөв ойлголцох нь хамгийн чухал. Хэдий нэг зорилготой, нэг ажлын талаар ярилцаж байгаа ч хүн бүрийн толгой доторх хэмжүүр, төсөөлөл өөр байдаг тул ойлголтууд нэг цэг дээр огтлолцсон эсэхийг баталгаажуулахаар 3-4 удаа лавлаж асуух нь зөв санагддаг.

Үүний дараа тухайн ажлыг тохирох хүмүүст нь тэнцвэртэй хуваарилж өгөхөд ач холбогдол өгдөг. Аливаа ажил амжилттай болоход зөв баг, зөв ажлыг зөв цаг хугацаандаа барьж авсан байх нь чухал байдаг болохоор энэ бүхнийг мэдэрч тааруулахыг хичээнэ. Бас бусдыг сонсох нь чухал. Ялангуяа нарийн мэргэжлийн ажил дээр мэргэшсэн хүнийх нь бодол, байр суурийг байнга сонсож, мэдэхгүй зүйл дээрээ буулт хийж, уян хатан хандахад анхаардаг.

Хувьдаа бол өөрийн дааж чадах хэмжээгээр төлөвлөж, хэрэгжилтээ тогтмол хянахад анхаарна. Ингэхдээ одоо хийх ажлын хүрээ, сорилтыг ямагт өмнөхөөс нь ахиулж, хязгаараа давуулж байхыг эрмэлздэг. Мөн би бусдад өөрийгөө ойлгуулах, харилцан ойлголцох бүх төрлийн чадварыг нэлээд өндөрт үнэлж, түүнийг ажлын байран дээрх суурь чадварт тооцдог. Гэвч ажлын талбар дээр гарч ирж буй шинэ залуу мэргэжилтнүүдийг анзаараад байхад өөрийгөө илэрхийлэх харилцааны болон бичгийн чадвар нь нийтээрээ буураад байх шиг ажиглагдаад байгаа. Тиймдээ ч үүнд ихээхэн ач холбогдол өгч, сүүлийн үед ажилтнууддаа харилцаа, хувь хүний хөгжил, бичих чадварын сургалтууд авч байгаа.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа таашаан хэрэглэдэг. Хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцох хурд, нууцлал зэрэг нь ажлыг нэн хялбар болгодог юм. Хамтран ажиллагсад маань ч үүн дээр санал нэгддэг, нийтээрээ ашигладаг тул амар байдаг. Аппын хувьд санхүүгийн хүн болохоор Excel бол байнгын хэрэглээ, араас нь Pages, Keynote-ийг нэрлэж болно.

Ажлын харилцаанд манайхан G-Suite ашигладаг. Хувьдаа бол Notes-ийн үнэнч хэрэглэгч. Бүх л ажлуудаа Notes дээр тэмдэглэж, санах ёстой зүйлсээ түлхүүр үгээр хайж, олон тэмдэглэл дундаас хэрэгцээтэй гэснээ хурдан шүүж харах боломжтой байдаг нь бүтээмж нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлдөг.

Мөн үр дүнтэй ажиллахын тулд шинэлэг технологиудыг уйгагүй турших дуртай. Одоогоор Apple Vision Pro-г ажлын хэрэгцээнд төрөл бүрээр туршиж байна. Нэмэлтээр оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн гол асуудал болдог хүзүү, нурууны хөшилтөөс сэргийлсэн зогсоо байрлалд ажиллах өргөгчтэй ширээ, хүзүүний хамгаалалт зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хичээдэг.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Математикт дуртай гэж байсан даа. Учир гэвэл, бодлого бодох үйл явц нь аливаа асуудлын гаргалгааг олох хамгийн дөт, системтэй, зөв арга шиг санагддаг юм. Тийм ч болохоор аливаа ажил дээр хамгийн бага хугацаанд өндөр бүтээмж гаргаж болох хувилбаруудыг боловсруулж, түүндээ үндэслэн шийдвэр гаргахыг хичээдэг. Үүнээс ургуулаад бодоход өчигдрийн өөрийгөө, өнгөрсний ажлуудаа сайжруулахаар хичээж л байгаа бол тэр цаг хэмнэх үйл явц гэж дүгнэх болсон.

Бас би цоо шинэ зүйл сэдэх гэж цагаа үрдэггүй. Бидний хийж байгаа бүхнийг өмнө заавал хэн нэгэн сэдсэн, хийх гэж оролдсон л байж таарна. Тиймд аливаа зүйлийг эхлүүлэхдээ урьтаж заавал хайлт хийж, тэр төрлийн өмнөх туршлагуудтай танилцаж, түүнээс санаа авч, өөрсдийн онцлогийг шингээн сайжруулахад анхаардаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан нээлттэй компанийн хувьд зорилго, цаашдын төлөвлөгөө, төсөв маань хэдий чинээ тодорхой байна төдий чинээ харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт байлгаж, урт хугацаанд тогтвортой ажиллах боломжтой. Тиймээс наанадаж 3-5 жилээр ажлуудаа төлөвлөж түүнийгээ хувьцаа эзэмшигчдэдээ нээлттэй хуваалцдаг. Уг төлөвлөгөөгөө нэг жил, нэг улирал, нэг сар, долоо хоногоор задлан богино хугацааны төлөвлөлт болгоод хариуцах эздийг томилдог.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Сэтгэлзүйн хувьд мэдээж эхлээд гэр бүл, үр хүүхдээсээ эрч хүч авна. Дараа нь хийж буй ажил, түүнээс гарах үр дүн, тэдний хэсэг болж буй багаараа бахархах мэдрэмжээс дараагийн зорилго, төслүүдийнхээ урам зоригийг авдаг.

Бие махбодийн хувьд спорт, дасгал хөдөлгөөн. Сонирхуулахад би экстрийм спортод нэлээд дуртай төрлийн хүн. 2017 онд Малайз улсад болсон Porsche сонирхогчдын уралдаанд орж, Формула 1-ийн зам дээр дээд талдаа 335 км.цагийн хурд авч, бүртгүүлсэн 1000 оролцогчдоос 10-р байранд орж байсан. Боломж гарвал бартаат замын мотоциклын уралдаануудад бас ордог. Ойрд жижиг оврын онгоц жолоодож сурах зорилгоор сургалтад нь бүртгүүлсэн байгаа.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 

Ажил мэргэжлийн онцлог болохоор ажлаас гадуур ч хөрөнгө оруулалтад анхаарч, цаашид өсөх нөөц бололцоотой бизнесүүдийг эрэн хайж, тэдэнтэй хамтран ажиллахыг эрмэлздэг. Хүрээллээ тэлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх, шинэ салбар судлах таатай боломжийн нэг нь энэ юм болов уу.

Амьдрал дээр бол хүүхдүүдээ зөв хүн болгож өсгөн хүмүүжүүлэх нь л хамгийн том бөгөөд хариуцлагатай төсөл байна даа.



9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооно гэх энэ зорилго хувь хүний минь үнэт зүйл, үзэл бодолтой нягт таардаг. Иргэн бүр хөрөнгө оруулагч байх боломж манайх шиг байгалийн баялагтай, хүн ам цөөтэй улсад бүрэн бий. Энэ үнэтэй боломжийг бодит ажил болгодог нь миний хувьд том давуу тал. Нөгөө талаас хөрөнгө оруулалт гэдэг бүх салбарт хамаатай учир ажлаа дагаад олон салбартай танилцаж, манай нийгэм яаж ажиллаж байгааг судлах боломж олгодог нь таалагддаг.

Сул тал гэвэл хөрөнгийн салбарт цаг хугацаа өөрөө хөрөнгө. Хүний хөрөнгө удирдаж, тэдний өмнөөс шийдвэр гаргах асах хариуцлагатай ажил болохоор шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, түүнээс хоцролгүй ажиллах чухал. Байнга цаг хугацаанд хөөгдөж, баригдаж ажилладаг нь сул тал юм болов уу.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Түрүүн хэлсэнчлэн нэгэн зэрэг нэлээд олон төсөл дээр зэрэг ажилладаг. Одоо ажиллаж байгаагаас дурдвал “Ард Кредит” компани дээрээ бонд босгож, зах зээлээс 13.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ажилд төвлөрч байна. “Ард секюритиз” дээр Тэнгэрлиг медиа группийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт болох “Ори” студийн санхүүжилтийн ажил руу орсон. Цаашлаад бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг онлайнаар авах боломжтой Ард Апп дээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан нэмэлтүүдийг оруулах, интернэт банкны дараагийн үеийг харилцагчдадаа санал болгох зэрэг ажлууд багтаж бий.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Бизнес, санхүүгийн чиглэлийн ном, подкаст, аудио номуудтай тогтмол танилцдаг. Сертификаттай эсэхээс үл хамаарч сонирхон судалж буй сэдвийнхээ хүрээнд Coursera-аас онлайн хичээлүүд авдаг юм байна. Сүүлийн 10 гаруй жилийн туршид “Wall Street Journal”-ын төлбөртэй үйлчилгээг авч, тогтмол уншсаар ирсэн. Ер нь мэдээллийн баталгаатай эх сурвалжтай байхад чухал ач холбогдол өгнө. Тиймдээ ч сайн редакцуудад мөнгө төлөхөөс татгалзаж байсан удаагүй. Цаг үеийн мэдээллээ авахдаа Morning Brew зэрэг богино, ойлгомжтой товхимлуудыг захиалчихдаг.

Нэгдүгээр ангиасаа эхлээд арван жилээ төгсөх хүртлээ орос сургуульд сурч хэлний мэдлэгээ нэмэгдүүлсэн минь аливаа мэдээллийг олон эх сурвалжаас, ялгаатай өнцгөөр олж авахад тусалдаг.



12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Ширээний ном гэвэл “Steal like an artist”. Бүтээлч, оюуны ажил хийж буй хэн бүрд санал болгоё. Ер нь ямар ч мэргэжилтэй бай заавал нэг уншаад үзээрэй. Хялбар, товч бичиглэлтэй тул хурдан дуусахаас гадна агуулга нь маш хүртээмжтэй.

Мэргэжлийн номуудаас бол, сүүлийн 50 жилийн өгөгдөл дээр боловсруулсан зөв хөрөнгө оруулалтын тактикуудыг заадаг “Random walk down wall street”-ийг нэрлэе. Одоогоор дахин сайжруулсан 11 дэх хэвлэл дээрээ явж байгаа. Сайжруулж гаргах болгонд ажилласан өгөгдөл нь илүү өргөн болдог тул дахин хэвлэгдэх бүрдээ илүү оновчтой, сайн болдог гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор “Wolf of wall street”, “Big short” зэрэг кинонуудыг онцолъё. Санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлийг харуулсан сонирхолтой кинонууд.

Урлаг талаасаа нэрт найруулагч Кристофер Ноланы “Dunkirk” таалагддаг. Камераа тасалдуулалгүй, нэг кадраар авсан урт дүрсүүд нь үнэхээр өөр мэдрэмж өгдөг юм. Хөгжмийг бол тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан хэрэглээ болгож л сонсоно.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Америкт сурч байхад мэргэжлийн багш маань бидэнд байнга л “Чи ямар ч мундаг болсон Энэтхэг, Хятадад чамаас чадвартай нэг нөхөр байж л байгаа. Санаа амралгүй үргэлж өсөж хөгжихөд анхаарч бай” гэж хэлдэг байлаа. Тийм ч болохоор аливаад сониуч зангаа гээхгүй байж, шинэ соргог гарсан мэдээлэл, технологиудтай цаг алдалгүй танилцахыг боддог. Үүн дээр Ч.Ганхуяг захирлын нэг хурлын үеэр “Мэдэхгүйгээ мэдэж, мэдсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрч бай” гэж хэлсэн үг ажлын арга барилаа төлөвшүүлэхэд их нөлөөлсөн. Би ямар ч чадварлаг болоод надад мэдэхгүй, судалж амжаагүй салбар байх л болно. Энэ бүр дээр мэддэг хүнээс суралцахдаа нээлттэй хандаж, үгийг нь сонсдог байх нь тун чухал.

14. Бусдад шидэх санаа? 

Эрт хөрөнгө оруулалт хийх тусам л өндөр өгөөж авдаг. Аль болох эрт хөрөнгө оруулалтын тухай ойлголтоо хялбаршуулж, үүнийг энгийн зүйл гэдгийг ойлгож хэрэгтэй. Ихэнх хүмүүс хөрөнгө оруулалт гэхээр их хүнд, бас хангалттай хэмжээний мөнгөтэй байж л хийх зүйл хэмээн эндүүрдэг. Угтаа санхүүгийн ухаанд мөнгөн дүн биш гол нь санхүүгийн боловсрол болоод тогтмол хөрөнгө оруулалтыг чухалд авч үздэг. Иймд үүнийг эрт ойлгож, эрт хөдөлсөн хүн л ирээдүйд илүү өндөр ашиг хүртэнэ.