Манай ярилцлагын энэ удаагийн дугаарт 2005 оноос лавлах үйлчилгээ үзүүлж буй 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон оролцож байна. Одоогоос 20 жилийн өмнө тэд таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан бол өдгөө 200 гаруй албан хаагчтай, 1 газар, 2 алба, 2 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй.
Ингээд мэдээллийн технологийн эрин зуунд баталгаат эх сурвалж, найдвартай мэдээлэгч, чанартай үйлчилгээг үзүүлэгч хэмээх байр сууриа хадгалсаар 20 жилийн ойгоо угтаж буй тэдний ажлын арга барилтай танилцъя.
Байршил: “Гранд Плаза” оффис, 12-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн лавлах үйлчилгээ
Сошиал хуудсууд: Website, Facebook
1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэж болох вэ?

Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан
Анх нэмүү өртөг шингээсэн, дөрвөн оронтой тусгай дугаарын лавлах үйлчилгээг хэрэглэгчид “төлбөр төлнө” гэдэг талаас нь харж, үнэлдэг байсан тал бий. Гэхдээ нийгэм асар хурдтай хувьсан өөрчлөгдөхийн хэрээр мэдээлэл хамгийн үнэ цэнтэй, чухал зүйл гэдгийг хэрэглэгчид төд удалгүй мэдэрч эхэлсэн. Үүнд бүх төрлийн мэдээллийг нэг дор цогц байдлаар багтаасан 1900-1950 мэдээллийн лавлах маш том үүрэг гүйцэтгэснийг онцлох нь зүй.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө хүмүүс ганц утас цохиод л хэрэгтэй бүх зүйлээ мэдэж авна гэж төсөөлдөггүй байсан бол үүнийг 1900-1950 бодит болгож чадсан гэж боддог. Бид хэрэглэгчдээ байнга судалж, тэдний хэрэгцээнд тулгуурласан олон үйлчилгээ нэвтрүүлж ирсэн нь үр дүнгээ өгч, зах зээлд гаргасан үйлчилгээ бүр маань амжилт дагуулж байлаа. Иргэдийн “Олсон гээсэн бичиг баримтын мэдээлэл”-ийг нэг цэгт төвлөрүүлсэн үйлчилгээг бид анх “УБЕГ” болон “Лицензийн төв”-тэй хамтран гаргаж, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Мөн такси дуудлагын үйлчилгээ, түргэн хоолны захиалга хүргэлтийн үйлчилгээ, зарын нэгдсэн лавлах гээд олон үйлчилгээ өнөөг хэр нь амжилттай хэрэгжиж байгааг онцлууштай.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэн рүү итгэн холбогдож ирсэн хэрэглэгчидтэйгээ инээмсэглэл дүүрэн харилцах нь бидний хувьд үргэлж чухал байв. Тийм ч учраас мэдээллийн лавлах үйлчилгээний олон улсын стандартыг Монголдоо нутагшуулах, утсан харилцаа лавлах үйлчилгээний салбарын хөгжлийг бүтээхэд манлайлан оролцсон гэж боддог. Мэдээж энэ амжилт маань 20 жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч болон үе үеийн ажилтан, хамтран ажиллагч байгууллагагүйгээр төсөөлөх боломжгүй. Энэ ташрамд, та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга Р.Мягмаржаргал
Манай хэлтсийн гол ажил бол өдөр бүр цаг минуттай уралдан, хэрэгцээт мэдээллийг цуглуулж, мэдээллийн сан бүрдүүлэх болон шинэчлэх явдал. Энэ нь хэрэглэгчдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэхэд онцгой чухал үүрэгтэй.
Миний хувьд ажилдаа ирээд хамгийн түрүүнд хэлтсийн хамт олонтойгоо цаг үеийн мэдээ, мэдээлэл солилцож, таатай уур амьсгалаар ажлаа эхлүүлэхийг чухалчилдаг. Энэ нь хамт олныхоо сэтгэлзүйг ажиглах, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хамтын уур амьсгалыг тогтвортой байлгахад өндөр ач холбогдолтой. Ажлын явцад ямар нэг саад бэрхшээл тулгарвал тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, тодорхойгүй зүйл үлдээлгүй хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зарчимтай.
Үүний дараа цахим шуудангаа шалгаж, хариу илгээхээс гадна хэрэглэгчдээс ирсэн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Мөн өмнөх өдрийн дуудлагын тайлан, дата мэдээлэлтэй танилцаж, хэрэглэгчдийн лавлагааны чиг хандлага, асуултын төрөл зэргийг дүгнэн, мэдээллээ шинэчлэх, сайжруулах ажлууд төлөвлөдөг дөө.
Ерөнхийдөө яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ихэвчлэн үдээс өмнө гүйцэтгэж, үдээс хойших цагаа сар бүрийн төлөвлөгөөт ажлууддаа зориулдаг. Ингээд 18:00 цагт ажил тарсны дараа бусдын л адил гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа өнгөрүүлэх мөчөө хамгийн эрхэмд тооцдог.
3. Таны ажлын нөү-хау?

Мэдээлэл үйлчилгээний газрын дарга Д.Сонингэрэл
Миний хувьд хийж буй ажил, хариуцсан үүрэг бүртээ чин шударга хандаж, зарчимч байхыг хичээдэг. Энэ хандлага нь надад ажлын чанар, үр дүнг өндөр түвшинд байлгах, хамт олон дунд итгэлцэл, харилцан хүндлэл дээр суурилсан уур амьсгал бүрдүүлэхэд тус болдог юм.
Манай багийнхан олуулаа, тэр тусмаа түлхүү эмэгтэй ажилтнуудтай учраас багийн уур амьсгал, харилцаа, ажлын зохион байгуулалт нэн чухал. Энэ хүрээнд би аливаа ажлыг хийхдээ хүн бүрийг стандартын дагуу, эрх тэгш орчинд ажиллуулах, үүрэг, хариуцлагыг нь тодорхой байлгах, ажлын бүтээмжийг бодитоор үнэлэхэд онцгой анхаардаг. Мөн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд дотоод болон олон улсын жишигтэй уялдуулсан стандартуудыг тогтоож, ажилтнуудын KPI үнэлгээ, бүтээмжийг үнэлэх систем хэрэгжүүлдэг.
Үүний зэрэгцээ стандартыг дагаж мөрдүүлэх, KPI-ээр үнэлэх нь ажилтнуудыг нэг ойлголт, нэг зорилготой болгохоос гадна, үр дүнгээ тогтмол сайжруулах, алдаа, үл ойлголцлыг багасгах, хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээ үзүүлэх, байгууллагын нэр хүндийг тогтвортой хадгалах ач холбогдолтой.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд?

Инженер, техникийн албаны дарга Н.Баасандорж
Өдөр тутмын ажил, амьдралдаа Microsoft Teams, DeepSeek, ChatGPT, Google болон AI Mode зэрэг ухаалаг систем, аппуудыг тогтмол ашигладаг. Дээрх хэрэгсэл нь мэдээллийг түргэн шуурхай хайх, дүн шинжилгээ хийх, бичвэр боловсруулах, шинэ санаа шийдэл гаргахад чухал үүрэгтэй. Энэ технологиудыг оновчтой хослуулан ашиглах нь ажлын үр дүнг нэмэгдүүлж, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ шинэлэг, бүтээлч сэтгэлгээг өрдөхөд бодит хувь нэмэр оруулдаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хүний нөөц, сургалт хөгжлийн ажилтан Р.Сонгуул
Харилцаа холбооны салбарт ажиллахын гол онцлог нь ямагт цаг хугацаатай уралдаж, мэдээ мэдээлэл солилцох явдал. Ингэж ажиллахын тулд бид харилцаа холбооны бүх төрлийн арга хэрэгслээр дамжуулан, байнгын харилцан уялдаатай ажиллах шаардлагатай. Зөвхөн өөрсдийн ажил хэргээ тасалдалгүй явуулахын тулд бус хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацааг мөн адил хэмнэхийн тулд 24/7 цагийн турш үйлчилгээ үзүүлсээр ирсэн.
Мөн бид Ковид-19 цар тахлын үеэс эхлэн үүлэн технологид суурилан зайнаас ажиллах боломжийг амжилттай нэвтрүүлж, өнөөдрийг хүртэл цаг хугацаа, орон зайг үл хамааран хэрэглэгчдэдээ мэдээ мэдээллийг хүргэсээр байна. Энэ нь одоогийн нөхцөл байдалд үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэх бас нэгэн шалгарсан аргуудын нэг болоод буй.
Хувьдаа би цаг хэмнэх тал дээр төлөвлөх болон төвлөрөх гэсэн зарчимтай. Хүн бүхэнд өөрийн гэсэн биологийн бүтээмжит цаг гэж байдаг шүү дээ. Гол нь тэр цагаа зөв тооцоолоод, тухай мөчдөө сайтар төвлөрч чадвал богино хугацаанд бүтээмж өндөртэй ажиллаж болно. Мэдээж зөвхөн төвлөрлөөс гадна нарийн төлөвлөлт чухал.
Төлөвлөлтийн тухайд гар утасны Notes болон жижиг цаасан дээр хийх шаардлагатай ажлын жагсаалтаа цаг хугацааны хувьд яаралтайгаас нь, эрэмбийн хувьд чухлаас чухал биш рүү нь, ачааллын хувьд хэцүүгээс амархан руу нь жагсаан бичдэг дадалтай. Ингэж бичсэнийгээ нүдэнд ил газар байрлуулаад, хийж гүйцэтгэсэн даалгавруудаа зөвлөөд явдаг юм. Мэдээж олон ажил амжуулснаа хараад маш том урам зориг авдаг шүү.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан
Бид компанийнхаа төлөвлөгөөг хамтдаа гаргадаг. Үүний дагуу ажлуудаа улирал, сар, долоо хоногоор нь хуваарилна. Газар, алба хэлтсүүд маань гаргасан төлөвлөгөөгөө өөрсдөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэх учраас хамтын ажиллагаа, харилцан ойлголцол их чухал. Мэдээж цаг үеийн байдлаас шалтгаалан нэмэлт ажлууд гарах нь тодорхой учраас ойрын хугацаанд хийж гүйцэтгэх чухал шаардлагатай ажлуудаа эрэмбэлж, дунд болон урт хугацааны ажлуудаа төлөвлөдөг.
Харин хувийн төлөвлөгөөгөө өмнөх долоо хоногт нь ерөнхийлөн гаргадаг. Тэдгээрийг утасны Notes дээрээ тэмдэглээд, холбогдох албаны цахим шуудан, албан бичиг зэрэгтэй дотоод системээрээ дамжуулан танилцаж, үүрэг чиглэлүүдийг оноох байдлаар ажилладаг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Мэдээлэл үйлчилгээний газрын Үйлчилгээний ахлах ажилтан Г.Нэргүй
Миний хувьд амралтын өдрөө аль болох бүтнээр нь гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Ийнхүү амрах нь ажлын өдрүүдийн ачаалал, ядаргаа, стресс бүгдийг нь мартаад даваа гаргийг эрч хүчтэй эхлүүлэх хөшүүрэг болдог гэх үү дээ. Гэр бүлээрээ ууланд алхах дуртай. Бие хөнгөрч, сэтгэл санаа тайвшраад сөрөг бодлууд аажмаар алга болж, амар амгаланг мэдэрдэг юм. Хааяадаа зүгээр л дуртай амттангаа идээд, халуун кофе уунгаа цонх ширтэн суухад л сэргээд ирэх үе бишгүй олон шүү.
Ажлын хувьд бол байгууллагын зүгээс сар тутам зохион байгуулдаг “Smart working” арга хэмжээгээр бид ололт амжилтаа хэлэлцэн, тулгараад буй хэцүү, хүндрэлтэй асуудлууддаа гарц шийдэл хайдаг. Ер нь л тухайн сард зохион байгуулагдсан уралдаант аян, тэмцээн, өдөрлөгийн үр дүнгээс, бие биенээсээ асар их эрч хүч авдаг даа. Мөн ээлжийн мэдээллийн ажилтнуудынхаа ажлын үзүүлэлт хэрхэн өсөн дэвшиж байгааг, мэдлэг мэдээллээ яаж өргөжүүлэн тэлж байгааг харах нь туйлын таатай байдгийн сацуу тэднээс суралцаж, өөрийгөө дахин цэнэглэдэг.
Мэдээж үйлчилгээний байгууллага учраас ажилтан нэг бүрийн эрч хүч, урам зоригтой байдал бидний хувьд чухал. Тиймдээ ч манай мэдээллийн ажилтнууд хэцүү хэрэглэгчтэй холбогдсон, аль эсвэл сэтгэл санаа, бие нь тавгүй үедээ амралтын хэсэгтээ тайвшрах, дуртай хөгжмөө сонсон массажны сандал дээр суух зэргээр өөрсдийгөө сэргээдэг.
Түүнчлэн мэдээллийн ажилтнуудын 80 орчим хувь нь залуу боловсон хүчин учраас сардаа нэг удаа заавал ажлаас гадуур хамтдаа цагийг өнгөрүүлэх, спорт заал авах, гар урлал, керамикийн өдөрлөгт оролцох, ууланд алхах, амттай сайхан хоол идэнгээ халуун дотно яриа өрнүүлэх гэх мэтчилэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүний цаана ганцхан миний биш бидний эрч хүч сэлбэгдэхээс гадна ээлжийн болон байгууллагын дотоод уур амьсгалд ч эерэг нөлөө үзүүлдэг давуу талтай.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил тань юу вэ?

Маркетингийн менежер Ө.Болортуяа
Анх утсан харилцаагаар үйл ажиллагаагаа эхэлсэн манай байгууллага өдгөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах үүднээс дижитал хэлбэр рүү шилжихэд бэлэн болоод байна. Үүнтэй холбогдуулан бид өдөр тутмын ажлаасаа гадна дижитал шилжилтийн судалгаа шинжилээ, бэлтгэл хангалтын үе шат руу анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тодруулбал, 2026 оноос өмнө датан дээр суурилсан хиймэл оюунт чатботыг нэвтрүүлэх, цаашлаад апп хэлбэрт шилжих зэрэг илүү технологид чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөөд байна.
Орчин цагт хүмүүс интернэттэй л бол заавал оффислож ажиллах шаардлагагүй, хаанаас ч ажил амьдралаа зохицуулах боломжтой болсон тул аль болох тэр талын судалгааг эрчимжүүлж, хэрэглэгчээ мэдэрч ажиллахаар зэхэж байна. Тиймээс одоо нэвтэрч байгаа шинэ апп, тренд болж байгаа программ төслүүдийг судлах ажилд илүү хүч тавин оролцож байгаа.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн болон хэцүү бэрхшээлтэй талууд?

Мэдээллийн ажилтан Д.Цээпилмаа
Миний ажил мэргэжил олон талын онцлогтой. Хэрэглэгчтэй зөвхөн дуу хоолойгоороо харилцдаг учраас мэдрэмж, үгийн сонголт, ярих ур чадвар хамгийн түрүүнд шаардагддаг. Тэр ч утгаараа тухайн хүний дууны өнгөнөөс ямар үг ашиглаж, яаж ярьж ойлгуулах вэ гэдгийг харилцуур авсан үеэсээ л тооцоолж эхэлдэг юм. Нөгөөтээгүүр, манайх руу хандаж буй хэрэглэгчдийн дийлэнх нь сандарсан, тэвдсэн, яарсан үедээ холбогдох нь элбэг. Тиймээс хамгийн найдвартай, түргэн шуурхай, сэтгэл ханамжтай, үнэн зөв мэдээлэл өгөх нь бидний биелүүлэх учиртай хамгийн чухал үүрэг.
Ажлын маань эерэг талын хувьд төрөл бүрийн сэдвээр мэдээлэл өгөх шаардлага гардаг учраас цаг ямагт шинэ мэдээлэл эрэлхийлж, танин мэдэх хүслээр дүүрэн байдаг. Мэдээж үр дүнд нь мэдээллээс хэзээ ч хоцордоггүй, хамгийн түрүүнд олж мэддэг давуу талтай.
Бэрхшээлтэй тал гэвэл, хэцүү хэрэглэгчтэй харилцахад заримдаа хүндрэл гарах нь бий. Үндсэн асуултаасаа гадна янз бүрийн ааш авир гаргах, доромж үг ашиглах гэх мэт хэрэглэгчийн харилцааны асуудлууд хэцүү санагдах үе цөөнгүй гэдгийг нуух юун. Гэхдээ сүүлийн үед хүмүүс соёлжоод, харьцангуй ийм төрлийн хэрэглэгч буурч байна гэж харж байгаа.
Та бүхний зарим нь технологи улам хурдацтай хөгжиж байгаа энэ үед мэдэхгүй зүйлээ шууд л ChatGPT-ээс асуучхаж болж байхад яагаад лавлах төвтэй холбогдоно гэж бодож магад. Гэхдээ манай лавлах төв амьд харилцаан дээр суурилж, хамгийн үнэн зөв, 100 хувь найдвартай эх сурвалж бүхий мэдээллийг хэрэглэгчдэд өгч байгаа нь бидний гол давуу тал гэж хэлмээр байна.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Мэдээлэл үйлчилгээний газрын мэдээллийн ажилтан Д.Ичинхорлоо
Миний хувьд одоогоор ШУТИС-д суралцдаг. Хичээлийнхээ хажуугаар 1900-1950 мэдээллийн лавлахдаа ажилладаг юм. Одоогоор миний гаргасан хичээл зүтгэлийг байгууллагаас маань үнэлж, “Англи хэлтэй Монгол залуус 100% тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдан Филиппин Улсын Себу аралд байрлах “IMS” сургуульд хэлний бэлтгэлд суралцаж байна. Энэ бол гарцаагүй амьдралд минь тохиосон томоохон боломжуудын нэг. Ажилд ороод жил гаруйхан хугацаа өнгөрч байгаа ч надад ийм завшаан олдсонд туйлын баяртай байгаа. Энд би зөвхөн мэргэжлийн мэдлэгээ тэлж, шинэ орчинд дасан зохицох чадвараа хөгжүүлээд зогсохгүй ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө илүү тодорхой харж чадаж байна.
Одоогоор миний гол зорилго эндээ аль болох ихийг сурч, англи хэлний мэдлэгийн түвшнээ ахиулан IELTS-ийн оноо авах, олон улсын соёлоос сурсан мэдсэнээ эргэж очоод компанидаа хэрэгжүүлэх, мөн тухайн улсын үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын бүс нутгуудаар аялж, улс орны онцлогтой нь танилцах, сайхан дурсамж бүтээх зэрэг олон зүйл төлөвлөж байгаа. Мэдээж энэ бүхэн миний аяллын дөнгөж эхлэл бөгөөд цаашид хүлээж буй олон шинэ боломж, сорилтыг хүлээн авахдаа итгэлтэй байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Мэдээллийн ажилтан М.Агиймаа
Би 1900-1950 мэдээллийн лавлахад анх 2023 онд ажилд орж байлаа. Шинэ хамт олон, шинэ орчинд хөл тавихдаа бүхнийг эхнээс нь сурах, өөрийгөө сорих, туршлага хуримтлуулахын төлөө чин сэтгэлээсээ хичээж байсан үе минь одоо ч тодхон санагддаг. Ажлын анхны жил бол миний хувьд хамгийн үнэ цэнтэй, ихийг суралцсан он жил байсан.
Хөдөлмөр, хичээл зүтгэлийг минь үнэлж, байгууллага маань намайг “Англи хэлтэй Монгол залуус” төслийн хүрээнд Филиппин Улсын англи хэлний сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах 19 дэх ажилтнаар шалгаруулсан нь миний амьдралд гарсан томоохон өөрчлөлт, өөрийгөө хөгжүүлэх шинэ хуудас байсныг онцлууштай. 2024 онд Филиппинд нэг жилийн хугацаанд суралцахдаа би зөвхөн англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, харилцаа болон бие даан суралцах ур чадвар, олон улсын соёлын ойлголтоо ч гүнзгийрүүлж чадсан юм. Эх орондоо эргэн ирээд, илүү урам зоригтойгоор , шинэ мэдлэгээ ашиглан байгууллагынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа.
Мөн манай байгууллагын 20 жилийн ой тохиож буй энэ онд хэрэгжсэн “Дээд боловсролыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны суралцагчаар шалгарч, ур чадвар, хандлага, ажлын гүйцэтгэлээрээ үнэлэгдэн, Глобал Удирдагч Их Сургуульд суралцах эрхийн эзэн болсондоо туйлын баяртай байна. Мэдээж энэ бүхэн бол манай байгууллага ажилтныхаа өсөлт хөгжилд бодитоор анхаарч, тэдэнд итгэж дэмждэгийн тод илэрхийлэл юм.
12. Санал болгох ном, кино, хөгжим?
Мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга Р.Мягмаржаргал
Миний хувьд амжилтад хүрсэн хүмүүсийн намтар, бодит амьдралаас сэдэвлэсэн болон түүхэн сэдэвтэй кино, ном, зохиол унших дуртай. “Шаушенкаас оргосон нь”, “Шиндлерийн бүртгэл” зэрэг бүтээлүүдийг хэдэнтээ үзсэн ч огт уйддаггүй. Харин ч үзэх тоолонд урам зориг, тууштай байдлын үнэ цэнийг улам гүн ойлгож, өөрийгөө хөгжүүлэх эрч хүч авдаг. Мөн Л.Түдэвийн “Оройгүй сүм” романыг дахин дахин уншиж, хүний дотоод хүч, итгэл үнэмшлийн талаар бодох дуртай.
Дуу хөгжмийн хувьд олонхын сонсдог чиг хандлагыг даган, шинэ бүтээлүүдээс сонирхон сонсох дуртай. Шинээр гарч буй урсгал, хөгжим бүрийн хандлагыг мэдэрч, хөгжмийн ертөнцтэй үе үеийнхээ хэмнэлээр хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Хүний нөөц, сургалт хөгжлийн ажилтан Р.Сонгуул
Манай гэр бүлийн хувьд миний том ах бидний суурь хүмүүжилд маш том нөлөөл үзүүлсэн гэж боддог. Бага байхад “Чамайг ингэвэл яах вэ, чи энэ хүний оронд байсан бол яах байсан бэ?” гэж асуунгаа сургадаг байсан нь одоо ч миний амьдрал төдийгүй ажил мэргэжилд гол тулгуур болсоор яваа. Тэр ч утгаараа ажилтнууддаа ч бас бүх тохиолдолд хэрэглэгчийн байр сууринаас хандаж байх хэрэгтэй гэж захьдаг.
Мөн хэцүү асуудал тулгарсан үед,
“Залруулж болох тохиол аваас уурлаж унтууцах хэрэг юун
Залруулж болшгүй тавилан бол уурлаж унтууцаад ч нэмэр юун” гэсэн үгийг санаж, бэрхшээлийг давж гардаг.
14. Бусдад шидэх санаа?
Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан
Ажилтайгаа холбоод зөвлөвөл “Хэрэглэгчдэд олон сувгаар холбогдох боломжийг нь олгоорой” гэж хэлье. Мэдээж технологид суурилсан боломжуудаар хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг мэдэж болох ч амьд харилцаа үүсгэж буй утсан харилцаа гэдэг түүнээс хэд дахин илүү чухал нөлөөтэй шүү. Утсан харилцааны үйлчилгээгээр 24/7 хэрэглэгчийн дуудлагыг алдалгүй авч, тэдэнтэй холбогдсоноор дата цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг олон боломж, давуу тал бий болдог. Үүнийг 1900-1950 лавлахын хэрэглэгчийн төв буюу Call center аутсорсинг үйлчилгээг ашиглан хийх боломжтой.
Хувь хүнийхээ зүгээс зөвлөхөд аливаа зүйлийг хийхдээ ажилд ч тэр, амьдралд ч тэр сайтар төвлөрч, сайн төлөвлөж, зөв зохион байгуулан, харилцан ойлголцож чадвал үр дүн, ололт амжилт ойрхон байдаг гэж би боддог.


Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 4 өдрийн өмнө 202.131.229.196
Цаг хугацаатай уралдаж ажилладаг ажил юм байгаа н. Үнэн бодит мэдээллийг түгээж, нэг ч хэрэглэгчийн гомдол гаргахгүйн төлөө л бид ажилладаг. Хэрэглэгчийн сэтгэл ханамж бол бидний ажлын гол үр дүн байгаа юмаа
G Gereltuya 4 өдрийн өмнө 202.131.229.196
Гоё нийтлэл болжээ. Өдөр бүр бужигнаж, цаг үеийн трэндттэй хөл нийлүүлэн алхаж байдаг газар даа. Бас баталгаат мэдээлэл өгхийн тулд байнга судалгаа хийдэг ажил даа