Энэ удаагийн дугаартаа өрнийн шим тэжээл судлал, дорнын уламжлалт анагаах ухааныг хослуулж, монгол хүний биеийн онцлогт тохируулан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн  үйлдвэрлэж буй “Аму” үр тариа, хоол заслын төвийн үүсгэн байгуулагчид Т.Дарьсүрэн, Э.Хулан нарыг урилаа.  

Тэд 2013 онд “Аму” төвийг үүсгэн байгуулж, хүнсээр анагаах соёлыг түгээх зорилго дор бизнесээ өргөжүүлсээр 2019 оноос АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлжээ. Ингээд дотоод болон гадаадын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй хоёр бүсгүйн ажил, амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: “Аму” төвийн хамтран үүсгэн байгуулагчид
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface
Сошиал хуудсууд: Amu (Фэйсбүүк)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Т.Дарьсүрэн (Дариа): Би эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ сүүлийн арав орчим жил шим тэжээл судлал болон уламжлалт анагаах ухааныг бие даан судалж, 2019 оноос шим тэжээл судлалаар докторантад суралцаж байна.

Энэ салбарт хөл тавих болсон шалтгаан нь олон жилийн турш ходоод өвдөж ирсэнтэй минь шууд холбогдоно. БНХАУ-ын Бээжин хотод суралцаж байсан тухайн үед бид буурцгий бэлдмэл аваад өглөөний цайндаа хэрэглэж үзсэн юм. Сар гаруйхан хугацааны дараа ходоодны зовуурь арилсныг анзаарсан. Ямар ч эм, тариа хэрэглэхгүйгээр хоол хүнсээр өвчнөө анагааж байгаа нь гайхмаар санагдаж байлаа. Ингээд эрүүл энх амьдралын гол түлхүүр нь хооллох хэв маягтай салшгүй холбоотойг ойлгож, хүнсээр анагаах соёлыг түгээх хүсэлдээ хөтлөгдөн өөрсдийн бизнесээ 2013 онд эхлүүлсэн.

Э.Хулан (Хулан): Миний хувьд БНХАУ-ын Худалдаа, эдийн засгийн сургуулийг 2006 онд санхүүч мэргэжлээр төгссөн. Дариагийн хамт “Аму” төвийг үүсгэн байгуулах хүртлээ үндсэн мэргэжлийнхээ дагуу буюу худалдааны чиглэлээр ажилласан туршлагатай. Одоогоор АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод гэр бүлийн хамт амьдарч, бизнесээ хөгжүүлэн ажиллаж байна.

Бид хоёул Эрдэнэт хотод төрж өссөн байрны найзууд. Уулзах бүрийд бусдад тустай үйл хийх юмсан гэж их ярилцдаг хэр нь яг юу хийхээ мэддэггүй байлаа. Ингэж явсаар өөрсдийн амьдралд гарсан бодит өөрчлөлтөд үндэслэн бусдын амьдралд ч нөлөөлөхийг хүсэж бизнесээ эхлүүлсэн.

Тийнхүү 2016 онд гэр бүлээрээ АНУ-ыг зорьж, шим тэжээл судлалаар гүнзгийрүүлэн судлах зорилготой очтол нөхцөл байдал эсрэгээрээ байлаа. Өвчлөл, таргалалт гээд барууны хөгжингүй орон гэхэд амьдралын буруу хэв маяг хэтийдсэн байв. Энэ үеэс бидний Монголдоо хүнсээр анагаах соёлыг түгээх зорилго маань дэлхийд түгээн дэлгэрүүлэх болон өөрчлөгдөж, судалгаа хөгжүүлэлт хийсээр 2019 оноос АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж эхлээд байна. Цай, буурцаг өглөөний цай, эмчилгээний хүнс зэрэг гурван багц бүхий 20-30 төрлийн бүтээгдэхүүн бий. Үүнээс гадна хоргүйжүүлэгч, эрүүлээр жин хасах хөтөлбөрүүдийг санал болгож, алсаас оношилж эмчилгээ хийдэг.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Дариа: Би өглөө бүр бясалгал хийдэг дадалтай. Бясалгалын дараа өөрийгөө ажиглан юун дээр баярлаж, гомдож байгаагаа таньж мэдэх цагийг тогтмол гаргадаг. Мөн тухайн улиралд миний биеийн онцлог хэрхэн хувирч байгаагаас хамааран мөнгө юм уу зэс аяганд ширгээсэн ус уудаг.

Өдөрт дунджаар заавал хийж гүйцэтгэх 2-4 ажил төлөвлөдөг. Түүнчлэн даваа гараг бүр багийнхантайгаа ярилцаж, долоо хоногт гурван удаа фитнесээр хичээллэж байна.

Хулан: Миний хувьд 100 хувь гэрээсээ ажилладаг. Цар тахлын хоёр жилийн хугацаанд бүх зүйл цахим руу шилжсэн ч манай компани үйлчлүүлэгч нэг бүрээ алдахгүй харилцаж, бизнесээ амжилттай авч үлдсэн.

Манай нөхөр IT чиглэлээр мөн л гэрээсээ ажилладаг болохоор өглөөд хүүхдүүдээ сургуульд нь явуулчхаад тус тусын ажлаа хийнэ. Цайны цагаар өдрийн хоолоо хамтдаа идэж, ажлаасаа түр амсхийх үедээ гадуур алхдаг. Монгол үйлчлүүлэгчидтэйгээ харилцахад цагийн зөрүү гардаг учраас цагаа төлөвлөж, ажлаа амжуулна. Гэхдээ би харьцангуй уян хатан цагийн хуваариар тайван, чөлөөтэй ажиллаж чаддаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Дариа: Манай бизнесийн онцлог нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой учраас нэг талаасаа маш хариуцлагатай байхыг шаарддаг. Нөгөө талаас бид хүнсээр өвчнийг анагааж, урьдчилан сэргийлж болно гэдгийг өөрсдийн туршлагаараа харуулж, чамлахааргүй хугацаанд үр дүнг нь баталж чадсан. Яах аргагүй цоо шинэ салбар гэдэг утгаараа бизнесийн эхний жилүүдийг судалгаа шинжилгээ, ажиглалтад зориулж, няхуур байхаас өөр арга байгаагүй. Ингээд бодохоор аливаа зүйлсийн суурийг баттай тавих ёстой гэх үзэл маань миний ажлын хамгийн чухал арга барил юм шиг.

Үүнээс гадна хүн бүр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг шиг бизнес болгон өөрийн гэсэн онцлогтой. Гагцхүү тэр давуу тал, ялгарлыг олж харан түүнд тохирсон нөү-хау, стандартыг бий болгож, бүтээх хэрэгтэй юм билээ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хулан: Ажил төлөвлөлтдөө Google calendar, уулзалт, хурлууддаа Zoom-ийг тогтмол ашигладаг. Мэдээж нийгмийн харилцааны гол хэрэгсэл болох Facebook, Messenger-ийг тултал нь хэрэглэнэ. (инээв)

Дариа: Миний хувьд бүх төрлийн банкны апп-ууд, Trello, Notes, HubSpot зэргийг ашиглаж байна.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хулан: Хамгийн чухал нь төлөвлөлт. Даваа гарагт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мягмар гарагт маркетинг, лхагва гарагт үйлчлүүлэгчид, пүрэв гарагт санхүүгийн ажлууддаа төвлөрдөг. Харин баасан гарагийг чөлөөтэй орхино. Ийнхүү өдөр өдрөөр нь ажлуудаа хуваарилж, эртнээс төлөвлөн уулзалтуудаа товлох нь цагийг маш сайн хэмнэдэг.

Дариа: Мөн сайн төлөвлөлтөөс гадна ажил үүргийн хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй. Аливаа ажлыг чадах хүнд нь даалгаж өгвөл цаг хугацаа хэмнэдэг. Гэхдээ хүн яаж ч завгүй ажилласан өөртөө зориулах цагаа мартаж болохгүйг энэ ташрамд хэлмээр байна. Цаг хэмнэхээс илүү чухал ач холбогдолтой зүйлд цаг гаргах хэрэгтэй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Дариа: Жилийн төлөвлөгөөнөөс эхлээд улирал, сар, долоо хоног зэргээр нарийвчлан төлөвлөдөг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хулан: Байгальд цагийг өнгөрөөж, бясалгал хийн эрч хүчээ олж авна. Тэр дундаа хагас жилд нэг удаа дуугаа хураадаг бясалгалд явдаг. Гүн амралт болдог шүү. Түүнчлэн хүн хийдэггүй зүйлээ хийхээр тун сайн амарч чаддаг юм шиг санагддаг.

Дариа: Би ч бас бясалгалаас 100 хувь эрч хүчээ нөхдөг. Мөн гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, хүүхдээсээ асар их аз жаргалыг мэдэрнэ. Зарим сэтгэл тавгүйрхсэн үеүдэд Хулантай ярилцахаар гоё болчихдог юм байна. (инээв)



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Дариа: Бид өнгөрсөн есөн жилийн хугацаанд нийт үр тарианыхаа 40 орчим хувийг эх орныхоо хөрсөнд химийн нэмэлт бордоо ашиглахгүй тарьж, ургуулж яваа. Хэдийгээр манай үндсэн ажлын нэг хэсэг ч гэлээ бид энэ ажлаа өөрсдөө гардан хийх дуртай.

Хулан: “Аму” брэндийн бүтээгдэхүүнүүд экспортод гарч эхэлсэн цагаас л бидний туршлагыг сонирхож, энэ тал дээр зөвлөгөө авах хүсэлтэй компаниуд холбогдож эхэлсэн. Миний хувьд одоогоор АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар зэхэж буй 3-4 компанид туслан ажиллаж байгаа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дариа: Өмнө нь хэлсэнчлэн хүний эрүүл мэндтэй холбоотой ажил хийж байгаа учраас ямагт няхуур байх хэрэгтэй. Тиймдээ ч бусад бизнес шиг хурдан хугацаанд, үсрэнгүй өсөлт хийгээгүй ч бат бөх суурийг тавьж, алгуурхнаар ажиллаж ирсэн. Харин одоо дорвитой алхам хийж зоригтой байх цаг нь ирсэн гэж бодож байна.

Манай бизнесийн эерэг сайн талууд дуусашгүй. Хамтран ажиллаж буй баг хамт олны нэгдмэл сэтгэл, эхлэл цэгээс бидэнд итгэн үйлчлүүлсэн хэрэглэгчид гээд цаг ямагт зөв зүйл эхлүүлснийг маань баталж харуулдаг бүхнээс асар гайхалтай мэдрэмж авдаг. Энэ л юугаар ч үнэлшгүй үр дүн, урмын үгс хэцүү бэрхшээлтэй бүгдийг үгүй болгодог юм.

Хэдий тийм ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд тулгардаг бэрхшээлүүд цөөнгүй байдаг. Хоёр өөр оронд нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа болохоор асар олон зүйл дээр ялгааг нь нүдээр үзэж байна. Жишээлбэл, цар тахлын үеэр АНУ-ын Засгийн газар бизнес эрхлэгчдэдээ нөхөн олговор, дэмжлэгийг тогтмол өгч байсан. Гэтэл манай улсад байдал яг эсрэгээрээ. Аль ч төрлийн бизнес эрхлэгчдэд энэ бол асар том асуудал, сорилт байдаг үнэн. Ийм шалтгаанаар олон ч бизнес тоглоомын талбараас гарч байна.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Хулан: Олон төсөл дээр ажиллаж байгаагаас онцгойлон хоол заслын эрүүлжүүлэх төвийг байгуулахад төвлөрч байна. Ирэх сарын дундуур бүрэн ашиглалтад орно. Хоол засал, бариа засал, сэргээн засах физик эмчилгээ, сэтгэл засал зэрэг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй цогц үйлчилгээнүүдийг үзүүлэх юм.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дариа: Хүн гэдэг ямагт орчин тойрноосоо байнга суралцаж, тасралтгүй хөгжиж байдаг. Үүний адилаар бяцхан охиноосоо хүртэл энэрэнгүй цайлган сэтгэлээс эхлээд суралцах зүйл мундахгүй. Миний хувьд өөрийгөө хөгжүүлэхээр голчлон анагаах ухааны эх сурвалж, ном судруудыг унших дуртай.

Хулан: Би суралцаж, хөгжихийг хоёр талтай гэж боддог. Эргэн тойрноосоо суралцах зүйл олон ч гэлээ өөрөөсөө суралцах зүйлс ч мөн бий. Өөрийгөө бодитоор үнэлж, чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс энэ бүхэн эхэлдэг. Бид дуртай зүйлдээ цаг гарган суралцаж, ямагт сайжрахыг эрмэлздэг шигээ дургүй зүйлдээ ч цаг гаргах хэрэгтэй.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хулан: Арван жилийн өмнөөс бидний ширээний ном болсон Майкл Роачийн “Очир огтлогч” номыг санал болгоё. Хэдийд ч уншсан хэзээ ч уйдамгүй гайхалтай бүтээл. Буддын сургаалыг бизнес дээр хэрхэн хэрэгжүүлсэн тухай өгүүлдэг юм. Их мөнгө олж, ашигтай ажиллахаас урьтаад тухайн бизнесийнхээ мөн чанарыг ойлгож чадвал урт хугацаандаа тогтвортой байдгийг энэ номоос ойлгож болно.

Дариа: Мөн миний зүгээс бизнесээ хэрхэн томруулах тухайд олон сайн жишээтэй “The E-Myth” номыг санал болгож байна.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хулан: АНУ-д очсоны дараа манай көүч бизнесийн талаар чухал зөвлөгөө өгч байсан юм. “Аливаа бизнесийг амжилттай явуулахын тулд нэн тэргүүнд бизнестээ дуртай байх хэрэгтэй. Үүний дараа түүнийг хөгжүүлэх чадварт суралцаж, эцэст нь сайн бизнес моделийг боловсруулах нь чухал. Аль нэгийг нь л орхигдуулбал хэзээ ч амжилттай байхгүй” хэмээн зөвлөж байсан. Үнэхээр л энэ гурвыг хослуулж байж аливаа бизнес тогтвортой өргөжин тэлдэг юм билээ.

Дариа: Санаанаас гардаггүй нэг үг бий. Үр тариагаар анагаах тухай ярьж, бизнесээ танилцуулаад явж байхад нэг хүн надад “Чи чинь харин яриулаад байвал яриад байхаар гар уу үгүй юу?” гэж хэлж байсан юм. Өдийг хүртэл олон сайн зөвлөгөө сонсож байсан ч энэ л үгийг мартаагүй юм даа. (инээв)

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Дариа: Бизнес эрхлэгчдэдээ хэлэхэд гаднын зах зээлд заавал хүч сориорой. Мэдээж тэр том зах зээлд бид өт хорхой шиг жижиг байх нь ойлгомжтой. Гэсэн ч алсын хараа, хэтийн зорилгоо томоор тавьж, үзээд алдах хэрэгтэй. Бид өөрсдийнхөө туршлагад үндэслэн шидэж буй санаа юм шүү.

Хулан: Эрүүл мэнд гэдэг бол бидний амьдралын хамгийн чухал үндэс суурь. Биеэ хэрхэн арчлах, идээ ундаагаа яаж тохируулан хэрэглэх тухай Монголын уламжлалт анагаах ухаанд бэлээхэн заасан учраас хүн бүр цаг гаргаад энэ талаар судлаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.