Манай энэ удаагийн дугаарт банк бус санхүүгийн байгууллагын салбарт 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Си И Си Инвестмент ББСБ”-ын хамт олон оролцлоо. Тэдний хувьд зээлийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацааны хөрөнгө оруулалтад санхүүжилт хийх үндсэн зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ онд чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн ЕБС-иудтай хамтран "Боловсрол бидний ирээдүй" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
Ингээд тэдний компанийн замнал болоод ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Улаанбаатар хот, Моннис бьюлдинг, 3-р давхар
Эрхэлдэг ажил: Банк бус санхүүгийн байгууллага
Цахим хуудас: Facebook, Instagram, LinkedIn
1. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Манай компани 2013 онд үүсгэн байгуулагдсан. 100 мянган айлын орон сууцны төсөл эхэлж, найман хувийн ипотекийн зээл ч дөнгөж олгогдож байсан үе. Хэрэглэгчийн талаас өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох сонирхол өсөн нэмэгдэхийн хэрээр үүнийг дагасан урьдчилгаа төлбөрийн асуудал, өмнөх өр зээлээ хаах шаардлага бий болж байв. Гагцхүү манай компани энэхүү эрэлт хэрэгцээг олж хараад “Юнайтэд Прожекст Корпорэйшн” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Компанийн үйл ажиллагаанаас онцлох үеүд гэвэл бид 2015 оноос бизнесийн зөвлөх үйлчилгээний зөвшөөрөл авч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд түлхүү чиглэн хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж, зээлийн санхүүжилт санал болгож эхэлсэн. Улмаар 2022 оны сүүлээс компанийнхаа дүрэм, журмыг дахин шинэчилж, 2023 онд төв салбараас гадна хоёр салбар шинээр байгуулан зээлийн борлуулалтаа хийсэн юм. Үндсэндээ бага дүнтэй зээлийг нэмэгдүүлэх замаар харилцагчдын тоогоо нэмж, автомашин худалдан авахаар зорьж буй үйлчлүүлэгчдэд илүү уян хатан зээлийн нөхцөлийг санал болгосон. Одоогоор зээлийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацааны хөрөнгө оруулалтад санхүүжилт хийх үндсэн зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин миний хувьд 2017 оноос компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Манай байгууллага agile арга барилтай. Тиймдээ ч даваа гараг бүр тухайн долоо хоногт хийгдэх ажлуудаа ярилцдаг. Өдөр тутмын ажлын тухайд яаралтай уулзалт, хурал байгаа эсэхийг шалгаад өмнө нь хийгдсэн ажлуудаа дүгнэн хийгээгүй үлдсэн ажлаа нягталж, шинэчлэнэ. Ингээд шаардлагатай мэдээллүүдээ хоорондоо солилцоод тус тусын ажилдаа ордог.
Сонирхуулахад өглөө бүр нэгэнтэйгээ халуун дулаан мэндчилэх, халамж мэдрүүлэх зурвас явуулахаас ажлын өдөр маань эхэлдэг. Нэг талаас нэг нэгэндээ санаа тавьж буйгаа илэрхийлнэ, нөгөө талаас багийнхан маань тухайн өдрийг сэтгэл өндөр эхлүүлэх тул байгууллагын энэхүү соёлд бид бүгдээрээ өндөр ач холбогдол өгдөг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Би банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хүн дээр тогтдог гэж боддог. Тэр ч утгаараа манай байгууллагын гол нөү-хау бол ёс зүйтэй, хариуцлагатай, зөв хандлагатай, чадварлаг боловсон хүчин юм. Тиймдээ ч зөв хандлагатай, хариуцлагатай хүнийг сонгон хамт олноо бүрдүүлэх, тэднийг илүү чадваржуулах, мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломжоор хангадаг. Ингэсэн цагт тухайн ажилтан жинхэнэ мэргэжилтэн болж, байгууллагадаа үнэ цэнийг авчирч чадна.
Нөгөө талаас хөгжиж буй манай нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн салбарын нөлөө маш их. Иймд нийгмийн хэрэгцээнд нийцэхүйц, цагаа олсон бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх нь бидний тэргүүний зорилго. Манайхан нэг үеэ бодвол боловсролыг эрхэмлэдэг, хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийдэг болсон байна. Хүүхдийнхээ боловсролд зээл аваад ч хамаагүй анхаарахыг хүсэж байгаа ч өр орлогын харьцаа хүрдэггүй, зээлийн олон шаардлагыг хангахгүй зэрэг асуудал байсаар. Гагцхүү бидний зүгээс үүнийг хөнгөвчилж, хамгийн бага хүүтэй, уян хатан боловсролын зээлийг санал болгож, нийгэмд өөрчлөлт авчрахуйц бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж байна.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал А.Гэрэлт-Од
Office 365-ын програмуудыг ашигладаг. Тэр тусмаа Teams, Outlook, Planner, Sharepoint бол бидний өдөр тутмын хэрэглээ. Мөн санхүүгийн салбарт хэрэглэгчдэд тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйгаас суралцах, шинэлэг үйлчилгээг олж мэдэх үүднээс мөнгөн хөрөнгөө удирдах олон улсын аппуудыг байнга туршиж хэрэглэдэг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Технологи бидний амьдралыг хөнгөвчлөхийн хэрээр цаг хугацаа ихэд хэмнэх болсон. Бид зээлийн хүсэлтээ цахимаар авч, хэрэглэгчдээс нэмэлт шаардлагатай мэдээллийг зайнаас цуглуулах байдлаар заавал биеэр ирэх шаардлагагүй 30 минутад л эхний шатны шалгуураа хийж байна. Мөн өдөр тутам хиймэл оюун ухаанд суурилсан платформуудаас миний хувьд хамгийн найдаж болохуйц бөгөөд олон төрлийн хэрэглээтэйг нь сонгон ашигладаг. Ихэвчлэн танилцуулга бэлтгэх, ажил болон санхүүгийн зарим тооцоолол хийх ажлууддаа тусламж авч, цагаа хэмнэнэ.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Компанийн дунд хугацааны стратегийн хүрээнд жил бүр богино хугацааны зорилго, зорилтуудыг Balanced scorecard аргаар төлөвлөж, ТУЗ-өөр батлуулдаг. Улмаар батлагдсан жилийн төлөвлөгөөг улирал, сар, долоо хоногоор нь нэгж, ажилтнуудад зориулж төлөвлөнө. Хамгийн гол нь гаргасан төлөвлөлтийнхөө дагуу гүйцэтгэж, тогтвортой сайжруулалт хийх нь чухал.
Үүний зэрэгцээ манай зэх зээлийн нөхцөл байдал богино хугацаанд өөрчлөгддөг учраас бид ч тэр эрчимд тааруулан цаг тухай бүрд нь уян хатан шийдвэр гаргахыг хичээдэг. Гагцхүү төлөвлөгөөнд өөрчлөлт хийхдээ үндсэн чиг шугам, зорилгоос хазайлгүй ажиллах хэрэгтэй.
Хувь хүний талаасаа жилийн эцэст өмнөх жилээ дүгнэн ирэх ондоо заавал биелүүлэх үндсэн зорилгууд тавьдаг. Түүнээс биш нэгбүрчлэн нарийн төлөвлөх нь ховор. Харин ойрын төлөвлөлтүүдээ ням гаргийн орой толгойдоо цэгцлээд, даваа гаргийн өглөө цаасан дээр буулгаж ажлаа эхэлдэг дадалтай.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Манай хамт олон долоо хоногт нэг удаа спорт заал авдаг юм. Ингэж хөлсөө гаргаснаар тухайн долоо хоногт хуримтлагдсан стрессээ гадагшлуулж, эрч хүчээ сэлбэдэг гэх үү дээ. Би ч хувьдаа спорт, тэр тусмаа сагсанбөмбөг, ширээний теннист дуртай. Гэхдээ сүүлийн үед суугаа ажлаас үүдэн нуруугаар өвдөх, долоо хоногийн сүүлээр эрч хүчгүй болох асуудал элбэгшсэн тул шинэ сорилт болгож, уян чанараа сайжруулах зорилгоор йога хийж эхэлсэн. Үр дүнгээ өгч байгаа шүү.
Мэдээж найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлтэйгээ чанартай цаг өнгөрүүлэх нь хэзээд эрч хүч өгдөг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Эерэг өөрчлөлтийг бүтээх, залуучуудад манлайлах боломжийг олгох зорилго бүхий JCI-ийн байгууллагын бизнест төвлөрсөн салбар болох JCI Progress-т удирдлагын багт нь ажилладаг. Бусад салбарын залуучуудаас суралцах, тэдэнтэй нөхөрлөх, үлгэр дуурайл авах боломж энд бий. Хамгийн олзуурхууштай нь бид нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр төсөл нь хийж бүтээж буй ажлынхаа утга учрыг гүнзгий ойлгож, цаашид ажлаараа дамжуулж хийх ёстой шинэ санаа олж авахад тусалдаг юм.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Комплайнс хариуцсан менежер П.Ганзориг
Манай санхүүгийн салбарын гол онцлог нь итгэлцэл. Мэдээж итгэлцлийг хүн л бий болгодог. Тиймээс хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээж, ёс зүйтэй, хариуцлагатай, шударга, хууль журамд нийцсэн үйл ажиллагаа явуулах нь бидний гол зарчим.
Банкны үйлчилгээ авч чадахгүй, шалгуурыг нь хангахгүй бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд голчлон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг. Нэг талаараа бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийгэм дэх ажлын байрыг нэмэгдүүлэн өрхийн орлогоо дээшлүүлж буй зээлдэгчдээ хараад хэрэгтэй хүнд нь зөв цагтаа тусалж буйдаа баярладаг гэх үү дээ. Энэ бол гарцаагүй манай салбарын эерэг сайн тал.
Нөгөөтээгүүр, зээл эрсдэх, муу зээл үүсэх нь ББСБ-ын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэх нь мэдээж. Энэ тохиолдолд зээлийн эрсдэлийг аль болох хамгийн бага түвшинд байлгахад анхаарах хэрэгтэй.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Гүйцэтгэх захирал Н.Урантуяа
Манай салбар тун өрсөлдөөнтэй. Арилжааны банк болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг оруулбал нийт 559 өрсөлдөгч бидэнд бий. Гагцхүү тэднээс ялгарах онцлогоо бий болгох хэрэгтэй.
Тийм ч учраас “Ухаалаг хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ” уриан дор "Боловсрол бидний ирээдүй" хөтөлбөрийг энэ оноос санаачлан эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөр маань хувийн хэвшлийн сургууль болон цэцэрлэгийн сургалтын төлбөрийг хүү багатай, уян хатан шалгуураар зээлдэх боломжийг олгох зорилготой. Мөн сурлагын амжилт гаргаж, олимпиадын дүнгээр тэргүүлсэн сурагчдад тэтгэлэг олгож байна. Одоогоор бидэнтэй арван сургууль хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа бөгөөд мэдээж бид үүгээр зогсохгүй. Цаашид ухаалаг хөрөнгө оруулалт хийж, бусад компанитай хамтран илүү өндөр бүтээмж гаргахыг зорьж байна.
Үүнээс гадна энэ онд харилцагчдадаа ойртох, ажилтнуудаа илүү тухтай ажлын байраар хангах үүднээс Хүүхдийн 100-ийн Түшиг төвд “CEC investment” зээлийн төвийг нээсэн. Мөн Да хүрээ худалдааны төвд шинэ салбараа нээж буйгаа дуулгахад таатай байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал А.Гэрэлт-Од
Бидний тархи мэдлэг, хуримтлуулсан туршлага, далд ухамсартаа үндэслэн өдөрт 3000-30000 шийдвэр гаргадаг тухай Daniel Kahneman-ийн “Thinking, Fast and Slow” номоос уншиж байсан юм. Тэгэхээр хөгжих үү аль эсвэл нэг цэгтээ гацах уу гэдэг нь тухайн хүний шийдвэр гаргалтуудтай нягт холбогддог гэсэн үг. Иймд би шийдвэр гаргалтыг оновчтой байлгах үүднээс олон төрлийн өгөгдөл цуглуулахыг боддог. Энэ ч утгаараа автобус, автомашинаар явж буй цагаа үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс подкаст сонсдог. Мөн ажлынхаа зав чөлөөгөөр менежмент болон хувь хүний хөгжлийн сэдэвт ном унших дуртай.
Харин ажлын хүрээнд шинэ ур чадварт суралцах шаардлага гарвал Coursera-аас хичээл авч суралцдаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
“No Rules Rules” нэртэй Netflix-ийн байгууллагын соёл, баримталдаг зарчмынх нь талаар дэлгэрэнгүй тайлбарласан номыг санал болгоё. Гол агуулга нь компанийн зарчим зөв бөгөөд ажилтнуудаа хангалттай чадавхжуулж чадвал тухайн байгууллагад зөв систем, соёл бий болно. Харин тэгсэн цагт илүү том зургаараа компани инновацыг бий болгоход төвлөрч чаддаг. Мөн шууд хэрэгжүүлж болох практик санаа олон учраас менежерүүдийн заавал унших ёстой ном гэж бодож байна.
Дуу хөгжмөөс илүү подкаст сонсох дуртай. Сүүлийн үед сэтгэлзүйн эрүүл мэндэд чиглэсэн монгол подкастууд сонсож байна.
Киноны тухайд олон жилийн өмнө үзээд сэтгэлд үлдсэн “Pacific Rim” киног санал болгомоор байна. Харь гаргийн аварга биетүүдийн эсрэг дэлхий нийтээр нэгдэж чадсан нь басхүү гол дүрийн робот хүн төрөлхтний сүүлийн итгэл найдвар болж, хүлээсэн үүргээ биелүүлсээр өөрийгөө золиослодог нь сэтгэлд хүрсэн. Энэ киноноос багийн ажиллагаа, гишүүд хоорондын зохицол, итгэл найдвар, тэсвэр тэвчээр гээд олон зүйлийг мэдэрч болно.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би хөдөлмөрийн зах зээлд гараад 41 жил болж байна. Авч байсан сайн зөвлөгөө гэхээс илүүтэй энэ хугацаанд хамгийн их ойлгож авсан зүйлээ хуваалцъя. Аль ч цагт бүх амжилтын ард багийн ажиллагаа, хамт олны хичээл зүтгэл байдаг юм билээ. Хамтаараа тухайн асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй, санаа зорилго нэгтэй байвал ямар ч бэрхшээлийг үл ажран хүссэн үр дүндээ хүрч чадна. Би одоогийн хамт олон, залуучуудаасаа энэ хамтын ажиллагааг үргэлж мэдэрдэг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Гүйцэтгэх захирал Н.Урантуяа
Зөвхөн ажил гэлтгүй нийгэмд түгээмэл ажиглагддаг зүйл бол шүүмжлэл. Гэхдээ залуус бид шүүмжлэлд гол анхаарлаа хандуулах бус хэрхэн засаж сайжруулах, яаж илүү ихийг хийж бүтээх вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор манай байгууллага үнэт зүйлс дотроо "Өөриймсөг байх", ажилд тавигдах гол зарчим дундаа "Байгууллагад хамгийн сайнаар үйлд" хэмээн тодорхойлсон байдаг. Нэг ёсондоо амьдрал баялаг бөгөөд хэв загвар үргэлж өөрчлөгдөн шинэчлэгддэг тул гол зарчмаа алдалгүй, өөриймсөг сэтгэлээр аливаа ажлыг хийх юм бол үргэлж сайжирч, хөгжих болно гэсэн санаа.