Мэдээллийн технологийн ухаалаг шийдлээр бизнесийн үйл ажиллагааг дэмжигч Нью Медиа Групп 2011 оноос нягтлан бодох бүртгэлийн “Эрхэт” программыг хөгжүүлжээ.
Нягтлан бодогчдын баруун гар болсон уг программыг тэд жижиг дунд бизнес эрхлэгч, тайлан гаргах үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зориулан бүтээсэн бөгөөд орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр бүртгэл хөтлөх, тайлан шинжилгээ гаргах, цаг хугацааг хөнгөвчлөх онцлогтой.
Тэдний хувьд өнгөрсөн 13 жилийн хугацаанд дотоодын 3000 гаруй байгууллагад хүрч үйлчилсэн нь салбартаа манлайлж буйн тод жишээ юм. Шинэ дугаартаа цахим санхүүгийн программ хөгжүүлэгч Эрхэт-ийн хамт олны ажил, арга барилтай ойроос танилцъя.
Байршил: СБД, 1-р хороо, Бизнес Тауэр
Үйл ажиллагааны чиглэл: Санхүү, бизнесийн программ
Цахим хуудас: erkhet.biz (вэб) Эрхэт онлайн санхүүгийн програм (фэйсбүүк)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Ахлах систем хөгжүүлэгч, Г.Мөнхсайхан
Ажил, амьдралын карьерынхаа 13 жилийг Нью Медиа Групптэй хамт өнгөрүүлсэн байна. Манай хамт олон хүмүүсийн сайн мэдэх Гэрэгэ төслөөс эхлэн нийгэмд хэрэгцээтэй олон ажлыг технологийн тусламжтайгаар шийдэж ирсэн. Үүний нэгэн жишээ нь Эрхэт онлайн санхүүгийн программ бөгөөд Сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр 2013 онд уг төслийг эхлүүлж байлаа. Миний хувьд уг төслийн программистаас авахуулаад нягтлан бодогч, нэвтрүүлэгч, борлуулагч, технологи хариуцсан захирал гээд хэсэг, дамжлага бүрд гардан ажилласан учраас яг л хүүхэдтэй минь адил санагддаг.
Төсөл эхэлсэн 2012 онд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар ажиллах боломжтой программ нэвтрүүлсэн нь бидний хувьд салбартаа анхдагч, шинэлэг алхам болж байв. Харин одоо зах зээлд нягтлан бодох бүртгэлийн онлайн-оффлайн хэлбэрийн олон программ бий болжээ. Ихэнх программууд бараа материал, үндсэн хөрөнгө, цалин, тайлан зэргээр төлбөрийг хэсэгчлэн хуваадаг бол манайх үнийн дүн, хэрэглэгчийн тоо зэрэг ямар нэгэн хязгаарлалтгүй гэдгээрээ давуу талтай.
Ажвал, худалдааны байгууллагуудын 80-90 хувийг борлуулалтын бүртгэл эзэлдэг. Бид худалдаа, үйлчилгээний байгууллагуудын онцлогт тохирсон интерфэйсүүд нэвтрүүлж, посын мэдээллийг санхүүгийн мэдээлэлтэй хоршин ажиллах боломжтой болгосон нь манай бүтээгдэхүүний голлох ялгарал юм.
Уншигч, хэрэглэгч нартаа шинэ оны бэлэг задлахад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартаа зориулан бидний зүгээс Касс & Посын цогц программыг хагас жилийн турш үнэ төлбөргүй ашиглах эрх бэлэглэж байгаагаа дуулгахад таатай байна. Зөвхөн эхний 50 хэрэглэгч хамрагдах боломжтой тул энэ холбоосоор хүсэлтээ илгээгээрэй.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Харилцагчийн үйлчилгээний нягтлан бодогч, Н.Тэлмэн
Манай байгууллага ажилчдын бүтээмж, ажлын байрны сэтгэл ханамжийг чухалчлан уян хатан цагаар, зайнаас ажиллах боломж олгодог. Манай гэр хотоос зайдуу учраас энэхүү уян хатан цагийн хуваарь оффист ирж, очих цаг хугацаа, замын зардал гээд олон давуу талтай.
Зарим өдөр оффисоос, зарим өдөр гэрээсээ ажилладаг тул ажлын өдрүүд харилцан адилгүй өнгөрдөг. Өглөө сэрээд хамгийн түрүүнд хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, ажлаа ерөнхийд нь төлөвлөдөг дадалтай. Өдөртөө дунджаар 10-20 байгууллагатай харилцдаг. Одоо жилийн эцсийн тайлан дөхсөн учраас өдөр бүр оффистоо ажиллаж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Бүтээгдэхүүн хариуцсан менежер, Б.Баясгалан
Багийн ахлагчийн хувьд хамт олны эерэг хандлага, уур амьсгалыг чухалчлахын учир нь ажлын бүтээмжтэй салшгүй холбоотой. Учир нь байгууллагад дарга, цэрэг гэсэн уур амьсгал үүсвэл ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх аюултай. Хоорондоо нээлттэй харилцаж, бие биенээ ойлгон, мэдлэг чадвараа хуваалцдаг гар нийлсэн багаас үр бүтээмж, амжилт ундарна гэж би хувьдаа боддог юм.
Мөн аливаа шинэ соргог бүхэнд нээлттэй хандаж, туршиж үзэхийг хүсдэг. Сүүлийн үед манай цахим худалдааны систем зах зээлд эрэлттэй байгаа нь хүмүүс технологийн шийдлийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэхийг зорьдог болсны шинж болов уу. Бизнес эрхлэгчид өнөөх дадсан зангаараа нийгмийн сүлжээнд бүтээгдэхүүнийхээ зургийг оруулж, сэтгэгдэл, зурваст нэг бүрчлэн хариулж, гүйлгээний утга шалгахын оронд борлуулалтын үйл явцаа бүрэн цахимжуулах, технологийн шийдлүүдийг ашигласнаар ажлаа хөнгөвчлөх, цагаа хэмнэх ач холбогдолтой. Мөн манай систем НББ-ийн программтай шууд холбогдож ажилладаг тул нягтлан бодогч нарт ачаалал багатай, бүтээлч ажиллах боломж олгодог.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД?
Харилцагчийн үйлчилгээний нягтлан бодогч, Н.Тэлмэн
Хэрэглэгчидтэй харилцах, тэдний асуудлыг цаг алдалгүй хурдан шийдэхэд тусалдаг программ бол Erxes TeamInbox. Ачаалал хэвийн үед цагт багадаа 5-10 дуудлагад хариулж, түүнээс ч олон хүнтэй фэйсбүүкээр харилцдаг. Харин тайлан дөхсөн үед энэ ачаалал хоёроос гурав дахин нэмэгддэг.
Бидний хувьд Erxes программдаа гаднын дуудлага, фэйсбүүкийн мессенжерээ холбосноор хэрэглэгчийн санал хүсэлтийг нэг дор төвлөрүүлж, тэдэнд хурдан хугацаанд мэдээлэл хүргээд зогсохгүй дотоод үйл ажиллагаагаа сайжруулахад хэрэгцээтэй мэдээллийг ч нэг дороос харах боломжтой болсон. Зөвхөн ажилтнуудаар зогсохгүй манай хэрэглэгчид ч Erxes TeamInbox-ийг ашиглах боломжтой.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Ахлах систем хөгжүүлэгч, Г.Мөнхсайхан
Цаг хэмнэх тухай ойлголтын урвуу нь цагийг үр ашиггүй гарздах гэх санаа болов уу. Ажлыг эхлэхээс өмнө зорилгоо тодорхойлох үедээ алдаагаа олж харж, тэр дор нь залруулбал хурдан засах боломжтой. Харин алдаагаа мэдсээр байж засахгүй бол эцэст нь ажлаа дахин шинээр эхлэхээс өөр гарцгүй. Тиймээс цаг хэмнэх хамгийн энгийн арга нь асуудлыг яаж шийдэх вэ буюу ажлаа эхлүүлэхдээ сайтар судалж, төлөвлөх юм.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ вэ?

Системийн админ, Л.Солонго
Дотоод үйл ажиллагааны хэвийн явж буйг тогтмол харах, шаардлагатай ажилд туслалцаа үзүүлэх нь миний ажил. Өдөрт хийх ёстой чухал ажлаа төлөвлөж, толгой сэргэг, өглөөний цагаар амжуулахыг хичээдэг. Харин үдээс хойшдоо хуралдах, зөвлөлдөх ажлуудаа амжуулна. Багийн төлөвлөгөөг хоёр долоо хоног тутам Linear программ дээр бүртгэж, дараа нь ажлаа дүгнэн хуралддаг.
Мэдээллийг цэгцтэй дамжуулах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс бид орж ирсэн ажил бүрийг юун түрүүнд аль баг гүйцэтгэхийг шийдэж, багийн гишүүн бүрд ажлын даалгаврыг тодорхой хуваарилдаг соёлтой.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ахлах мобайл хөгжүүлэгч, Н.Бат-орших
Нэн түрүүнд гэр бүлээсээ эрч хүч авдаг. Харин ажлын хувьд манай компани сар бүр Happy hour-ийн үеэр шинэ гишүүдтэйгээ танилцаж, чөлөөтэй яриа өрнүүлж, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг. Мөн баасан гараг бүр хамт олноороо зааланд тоглож, идэвхтэй хөдөлгөөнөөр эрч хүчээ сэлбэдэг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ / АЖИЛ ЮУ ВЭ?

Back end хөгжүүлэгч, Б.Хангал
Би программчлалын олимпиадуудад өөрийгөө сорих дуртай. Codeforces.com, Atcoder.jp, Topcoder, Hackerrank, Codechief, Leetcode.com зэрэг сайтуудаас хөгжүүлэгчдийг ажилд авах, энэ чиглэлийн оюутнуудад тэтгэлэг олгох зорилгоор цахим олимпиадууд тогтмол зохион байгуулдаг. Миний хувьд шагнал, урамшууллаас илүүтэй математик, алгаритмын логик шаардсан бодлого бодох нь сонирхолтой санагддаг юм.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бүтээгдэхүүн хариуцсан менежер, Б.Баясгалан
Санхүү бол аливаа байгууллагын бүтээмжтэй, амжилттай ажиллах гол хөдөлгөгч хүчийн нэг. Тиймээс нягтлан бодогчдын нөр их ажлыг хялбарчилж, ачааллыг хөнгөвчлөх хамгийн оновчтой арга бол санхүүгийн программ юм. Эрхэт санхүүгийн программын ялгарал нь зах зээл дээрх хамгийн боломжит үнээр, цахим үйлчилгээг санал болгож, хэрэглэгчдийн тооноос үл хамааран сарын төлбөр тогтмол байдаг явдал юм.
Өдөр тутамдаа олон хүнтэй харилцаж, хааяа нэг загнуулж, зэмлүүлэх нь бий. Анхандаа туньж, сэтгэлээр унадаг байсан ч одоо яаж ойлголцох вэ, асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг сайн шийдэлд анхаардаг болсон.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?
Дижитал шилжилтийн эрин үед байгууллагуудын олон төрлийн үйл ажиллагаанд зориулж Эрхэт программыг, Эрксис XOS үйлдлийн системтэй холбосон. Жишээ нь, Приус Центр компани манай санхүүгийн программаас гадна цаг бүртгэл, цаг захиалга, дуудлагын төв, бизнесээс хэрэглэгчдэд хүрэх дамжлага, харилцагчийн саналт хүсэлт, гомдлын менежмент, апп, вэб хуудас гэх мэт байгууллагынхаа хэрэгцээнд шаардлагатай бүх системийг ашиглаж байна.
Мөн пос касс, ресторан, цахим худалдаа, захиалгийн цогц үйлдлийн систем зэрэг бүтээгдэхүүнүүдээ нийт харилцагчдадаа танилцуулах, нэвтрүүлэх ажилдаа төвлөрч байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Ахлах мобайл хөгжүүлэгч, Н.Бат-орших
Хувь хүнээ хөгжүүлж, үргэлж өсөн дэвжихийг эрмэлздэг. Тиймдээ ч чөлөөт цагаараа сонирхолтой ном зохиол унших, подкаст сонсох, фитнесээр хичээллэдэг. Мөн янз бүрийн хоол шинээр турших дуртай. Сүүлийн үед энэ хоббигоо бизнес болгож, өөрийн гэсэн бяцхан бэйкэритэй болсон. Хүн дуртай зүйлээ хийхдээ уйдаж, шантардаггүй юм билээ.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Вэб инженер, Э. Ариунзаяа
Экхарт Толлегийн "Энэ мөчийн хүч" бүтээл сэтгэлээр унасан үед минь намайг аварч байсан түүхтэй. Ирээдүйд санаа зовохгүй, өнгөрснийг бодож шаналахгүй, яг одоод оршихын чухлыг сануулсан бүтээл. Бид угаас өнгөрснийг өөрчилж чадахгүй, ирээдүйг мэдэх боломжгүй, харин одоо цагтаа өөрийн үнэт зүйлсээ олж харж, амар амгаланг мэдрэх боломжтой шүү дээ.
Киноноос "Кокo" бүтээл хүн өөрийн дуртай зүйлийнхээ төлөө хэрхэн тэмцэх учиртайг харуулдаг. Хүн хайртай дотнын хүндээ л хамгийн их гомддог бөгөөд бугласан гомдлоо тээх нь өөрийгөө, эргэн тойрны хүмүүсээ зовоох аюултайг ойлгуулсан гайхалтай бүтээл шүү.
"Ludovico Einaudi - Nuvole Bianche" хаана, хэзээ сонсож байгаа сэтгэл зүйгээс хамаарч янз бүрийн мэдрэмж мэдрүүлдэг учраас тайвшрах, тунгаах, аливааг эргэцүүлэхийг хүссэн үедээ сонсдог.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Харилцагчийн үйлчилгээний нягтлан бодогч, Н.Тэлмэн
Эртний философич Хераклитийн “Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй” гэх үгийг үргэлж санадаг. Нягтлан хүн ямар ч мэдээллийг ахин дахин шалгаж, нягталж, эцсийн хариуг гаргах учиртай. Ажил хичнээн яаралтай, чухал байсан ч заавал давтан шалгах хэрэгтэй гэсэн санаа.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Ахлах систем хөгжүүлэгч, Г.Мөнхсайхан,
Амьдрал үргэлж өөрчлөгдөж байдаг жамтай. Гэхдээ энэ тодорхой дараалал, давтамжтай. Ихэнх хүмүүс чаддаг юмаа хийх хэрэгтэй гэж ярьдаг ч түүнийгээ олж мэдэхийн тулд аливаа зүйлийг туршиж, оролцож байж мэднэ. Амар, хялбар зүйл гэж ер хаана ч байхгүй. Тиймээс хийхээр зорьсон бол тэвчээртэй, мэрийлттэй, чин сэтгэлээр хандвал хамгийн сайхан үр дүн хүлээж байдаг.

Сэтгэгдэл бичих

