Монголын дээд лигийн багууд дотроос олон жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн ууган багуудын нэг бол "Хасын хүлэгүүд" баг. Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй "ХасБанк"-тай нягт хамтран ажиллаж, 18 жилийн турш Монголд сагсан бөмбөгийн спортыг шат ахиулан хөгжүүлэхээр гар нийлэн зорьж ирсэн уг багийн амжилт бүтээлийн жагсаалтад дээд лигээс гадна олон төрлийн бүтээлч ажил, анхны тодотголтой үйл ажиллагаанууд багтдаг. 2022 оны дээд лигийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ үед бид сагсан бөмбөг сонирхогчдодоо зориулан энэхүү дугаараа бэлтгэлээ. 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Мэргэжлийн сагсан бөмбөгийн баг тамирчид
Сошиал хуудсууд: SBL Хасын Хүлэгүүд - pro basketball team (Фэйсбүүк) Хасын Хүлэгүүд Basketball Academy (Фэйсбүүк)


"Хасын Хүлэгүүд" багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж

1. танай багийн КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Манай баг анх 2004 онд "ХасБанк"-ны дэмжлэгтэйгээр байгуулагдаж, түүнээс хойш зохион байгуулагдсан уралдаан тэмцээн бүрдээ тогтмол оролцон, тасралтгүй хөгжиж ирсэн Монголын сагсан бөмбөгийн ууган багуудын нэг. Бид өнгөрсөн 18 жилийн дотор МСБХ-ны дээд лигийн аваргын алтан медалийг зургаан удаа, мөнгөн медалийг долоон удаа, хүрэл медалийг дөрвөн удаа хүртсэн байна. 2006 оноос хойш оролцсон дээд лиг болгондоо медальт байранд шалгарч байсан гэсэн үг.

Багийн урт хугацаанд оршин тогтнож, аливаа тэмцээн уралдаанд зөвхөн алтан медалийн төлөө тоглож ирсэн энэ амжилттай "ХасБанк" салшгүй холбогдоно. Тухайн үед байгуулагдаад дөнгөж гурван жил болж байсан шинэхэн банк спортын салбарыг дэмжиж, сагсан бөмбөгийн бүтэн багийг өнөөг хүртэл тогтмол цалинжуулахын дээр шаардлагатай хөрөнгө оруулалтаар ханган, тамирчдыг гадаад болон дотоодод эрчимжсэн бэлтгэл сургуулилтуудад хамруулж, багийн нөөц бололцоог бүрэн гаргаж, хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарч ирсэнд талархмаар.

Жишээ нь, манай баг түүхэндээ дөрвөн үндсэн дасгалжуулагчтай байсан бөгөөд тэдний нэг болох Пак Сун Гин хэмээх солонгос эрхэм "ХасБанк"-ны урилгаар Монголд анх ирсэн байдаг. Пак дасгалжуулагчийн нөлөөгөөр манай улсын сагсан бөмбөгийн хөгжил дараагийн шатанд гарч, салбарын хөгжил ихээхэн хурдассаныг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэдэх байх. Ер нь нэг байгууллага спортын бүтэн багийг 18 жилийн турш тасралтгүй дэмжиж, төдийгөөс өдий хүртэл хамтран ажиллаж байгаа энэ тохиолдол Монголын спортын түүхэнд тийм ч элбэг биш. Ташрамд нь энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж буй "ХасБанк"-ны хамт олонд баярын мэнд хүргэж, баярлаж талархаж явдгаа нийт багийнхныхаа өмнөөс илэрхийлмээр байна.

Улмаар бид 2013 оноос клубийн зохион байгуулалтад шилжиж, 2014 онд ТББ болсноор зөвхөн лигийн сагсны багаас гадна өсвөр нас, залуус, мэргэжлийн гэсэн гурван ангилалд баг бүрдүүлэн, бэлтгэл сургуулилт хийдэг болсон. Мөн энэ үед хоёрдагч спонсор байгууллагаар улс хоорондын тээвэр-логистикийн "Эс Би Логистикс" ХХК орж ирснээр багаа "SBL Хасын хүлэгүүд" болгон өргөжүүлж чадсан. Харин энэ оноос бид ТББ-аа ХХК болгож, сайн дурын ч гэж болохоор системтэй явж ирсэн энэ салбараа илүү мэргэжлийн, зөв бүтэцтэй болгохоор хичээж байна.

2. багийн ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Монголын дээд лигийн тэмцээн ойролцоогоор зургаан сар үргэлжилдэг юм. Тиймээс тамирчид жилийн талд нь өндөр ачаалал авч таардаг. Плэй Оффын үеэр багаараа байрлаж тэмцээн уралдаандаа орно. Ингэхдээ долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд тэмцээндээ орж, тэгш тоотой өдрүүдэд бэлтгэлээ хийх байдлаар ч юмуу цагаа зөрүүлж хуваарилдаг. Өдрийн цагт шидэлтийн, оройн цагт тоглолтын бэлтгэлээ хийдэг.

Тэмцээнгүй үед гэвэл хэдийгээр мэргэжлийн тамирчид гэж явдаг ч гэлээ Монголд дан ганц сагсан бөмбөгөөр амьдралаа болгоод явна гэвэл асуудалтай л даа. Иймд жирийн үед долоо хоногийн дөрвөн өдөр 19-22 цагийн хооронд бэлтгэлээ хийгээд өглөө, өдрийн цагт тус тусын ажил албандаа явахгүй бол горьгүй. Сонирхуулахад манай багт эмч, банкир, оюутан, төрийн албан хаагч, төмөр замын ажилтан гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байдаг шүү.



3. Багийн тань НӨҮ-ХАУ?

Дээр дурдсанчлан манай баг Пак дасгалжуулагчийн нөлөөгөөр тоглолт болон зохион байгуулалтын хувьд нэлээд ази соёлтой болж төлөвшсөн. Энэ нь ч бидэнд давуу тал болдог. Учир нь Америк, Европ буюу Азиас бусад тивийн тоглогчид бие бялдар, чацын хувьд биднээс эрс ялгаатай байдаг. Хятад тоглогчдын хувьд болохоор хэдэн тэрбум хүн дундаас сонгогддог тул гаднын тоглогчдоос ялгаагүй шилэгдмэл бие хаатай байх нь олонтоо.

Тэгэхээр бидэнд аль ч талаасаа Солонгос болон Япон тоглолтын хэв маяг, сургуулилтын арга барил илүү зохидог юм. Тамирчдаас сахилга бат ихээхэн шаарддаг. Сургуулилтын хувьд анхандаа гүйлт, хурданд илүү төвлөрдөг байсан бол сүүлийн үед багийн тоглолт, хүчний бэлтгэлүүдэд түлхүү анхаарч байна. Багийн бүх гишүүд бүтэн жилийн турш фитнес бэлтгэлд явж, бие биетэйгээ харилцан хурдтай ойлголцохыг онцгойлон авч үздэг.

 4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

"NBA Fantasy"-ыг ашиглаж дэлхийн хэмжээний тамирчдын тоглолт, арга барилаас суралцдаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Нэг ойлголттой байх. Өөрөөр хэлбэл багийн гишүүд нэг чихтэй, нэг бодолтой байна гэсэн үг. Дасгалжуулагч болон багийн ахлагч юу ч гэж хэлсэн бусад бүх тоглогчид түүнийг яг адил байдлаар хүлээж авдаг байх нь бидний цагийг ихээр хэмнэдэг. Учир нь ид тоглолтын үеэр давш, довтол, хамгаал гэдэг хэдхэн үгс хэдэн арван утга, агуулгаар салаалж ойлгогдож болдог. Жишээ нь, бүтэн талдаа хамгаал гэхэд л тухайн цаг үед уг үгийн утга нь бөмбөг довтлоход анхаарах уу, эсвэл айлын довтолгоог дарамтдаа оруулахыг хэлж байна уу гэдгийг шууд ялгах ёстой. Тиймээс ямар ч үед, ямар ч үгийг багийнхан нэг чихээр, нэг утгаар сонсдог байх нь чухал. Үүний тулд бид улиралдаа нэг удаа логикын сургалтанд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж бүх ойлголтуудаа нэгтгэж авдаг.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хүн хүний онцлог, ур чадвар, хүлээж авч буй байдал, тухайн өдрийн сэтгэл санаа, тэмцээний товонд тохируулж ажлаа төлөвлөдөг. Энэ бол багийн тоглолт. Тиймээс ягштал мөрддөг хатуу зарчим урт хугацаандаа тохирдоггүй. Давуу тал нь бүгд дур сонирхлоороо нэгдсэн болохоор энгийн үед багийнхнаа өдөөж, мотивацжуулахад харьцангуй бага энерги зарцуулагддаг. Нэг талаараа ажил ч гэлээ нөгөө талаараа хүслээрээ, баярлаж хийж байгаа зүйл шүү дээ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Амжилт, үг, хандлага. Урт хугацааны бэлтгэл сургуулилт, шандас шаардсан хүндхэн тоглолтын дараа хүссэн амжилтдаа хүрэх шиг эрч хүч сэлбэгч гэж үгүй. Эндээс л шантралгүй сагсан бөмбөгөөрөө хичээллэх, улам сайжрах урам зоригийг олж авна.

Дасгалжуулагчийн хувьд тамирчидтайгаа ойр дотно байж, энгийн үед найз нь болж тамирчдадаа хэрэгтэй дутагдаж байгаа үгийг нь хэлж эрч хүчийг нь сэлбэдэг. Харин багийн ахлагч маань өөрөөрөө үлгэрлэх, үйлдлээрээ харуулах хандлагатай. Багийнхандаа "та нарын ард би байгаа шүү" гэдэг итгэлтэй, түшигтэй мэдрэмжийг өгч байдаг.

Мэдээж эрч хүчээ зөв хуваарилахын тулд бие, оюуны хувьд эрүүл хүн байх хэрэгтэй. Иймд бид тогтмол ерөнхий шинжилгээнээс гадна эдийн түвшний шинжилгээнд хамрагдаж, багтаа мэргэжлийн эмчтэй болж, улиралд эсвэл хагас жилд нэг удаа сэтгэл зүйчтэй ажилладаг болсон.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Бид дэргэдээ сагсан бөмбөгийн академитэй. Сагсан бөмбөгт дуртай хүүхэд залууст зориулсан сургалтыг хагас, бүтэнсайнд явуулдаг. Энэ ажилдаа багаараа ямар нэг байдлаар оролцоод явна. Спорт, тэр дундаа сагсан бөмбөг гэдэг өсвөр насныхны хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын зөв хөгжилтэй болох үр дүнтэй арга болохоос гадна хамгийн чухал нь багаар ажиллах, бие хүн болж төлөвших, хорт зуршилд автагдахгүй байх зэрэг хувь хүнд чиглэсэн олон ач холбогдолтой.

Ялангуяа хөвгүүд чадварлаг тамирчдаас үлгэр дууриал авч, ирээдүйгээ төсөөлж байдаг шүү дээ. Тиймээс бид заримдаа академийн ажлаас гадна багаараа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчидтай уулзаж, хамтдаа тоглож, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг юм. Энэ ажлаасаа өөрсдөө ч их урам авдаг.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Багийн бүх тамирчдаа төлөөлж ярих хэцүү л дээ, гэхдээ ихэнх тамирчид маань давуу талын талаар голчлон ярих байх. Сагсан бөмбөг бол дэлхий дээрх хамгийн нийтлэг спортуудын нэг. Тиймээс хаана ч очсон хоббигоороо нэгдэх бүлэг, хэн нэгэнтэй ярилцаж зогсох сэдвээр дутагдаж байсангүй. Хувь хүний хувьд ч, нийгмийн амьдралын хувьд ч сагсан бөмбөг бидэнд том давуу тал болдог.

Сул тал нь гэр бүлдээ гаргах цаг л юм байна. Ажил, бэлтгэл, тэмцээн уралдаан гээд гэр бүлдээ зориулах цагаа золиослох тохиолдол нэлээд их.

10. баг тань ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Тун удахгүй дээд лигийн тэмцээнүүд эхлэх гэж байна. Ялангуяа 2013 оноос хойш явж ирсэн хоёр холбооны асуудал сая л нэг шийдэгдэж, нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа анхны жил гэдэг утгаараа энэ удаагийн тэмцээн багуудын хувьд тун чухал, утга учиртай болох юм. Бид энэ удаа ч бас өөрсдийгөө тултал дайчилж Монголын шилдэгт тооцогдох баг гэдгээ дахин батлан харуулахаар зорих болно. Дээд лигт амжилттай оролцох нь багийн нэр хүндээс гадна улсын шигшээ багт тамирчдаа оруулах боломж байдаг. Улсын шигшээ багт манай багаас өнөөг хүртэл нийт 20 орчим хүн багтсан байдаг. Энэ бол дотооддоо нэлээд томд тооцогдох тоо. Ер нь дээд лигийн амжилт, улсын шигшээ багт багтсан тамирчдын тоо, оршин тогтнож буй хугацаа гээд аль ч талаараа хамгийн шилдэг нь байхыг үргэлжлүүлэн хичээж, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй байх нь бидний үүрэг.

Мөн бид саяхан үйл ажиллагаагаа өргөжүүлж ХХК болсон тул өмнө хийх боломжгүй байсан олон зүйлээ хуулийн хүрээнд хийх боломжтой болсон. Жишээ нь, өнөөг хүртэл Монголд багийн эзэн болон спонсорыг ялгаж салгадаггүй байсан бол бид үүнийг ялган эрэмбэлж эхэллээ. Үүнээс өмнө нь, манай багууд багийн эзэн болон спонсорыг нэг түвшинд авч үздэг байсан нь бизнесийн гэрээ, хамтын ажиллагааны тал дээр олон учир дутагдалтай, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг байсан юм. Бидний эхлүүлж буй энэ хандлага удахгүй энгийн зүйл мэт болж, сагсан бөмбөгийн спорт илүү мэргэжлийн, зөв системд орно гэдэгт итгэж байна. Цаашид тухайн тамирчин өөрөө л сайн байвал давхар ажил хийлгүй зөвхөн сагсаа тоглоод амьдралаа түүртэлгүй авч явдаг, олон улсад гарах гарц нь нээлттэй байдаг тэр ирээдүйг хүсдэг. Түүний төлөө ч ажиллаж байгаа.

11. багийнхан өөрсдийгөө ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Бусдын болон өөрсдийнхөө тоглолтын бичлэгийг үзэж, алдаа оноо болон сайжруулах шаардлагатай чадваруудаа хоёрдагч нүдээр олж харцгаадаг. Мөн гаднын тоглогчдыг урьж авч ирэн нөхөрсөг тоглолтууд хийхээс гадна олон улсын шинж чанартай тэмцээн уралдаанд оролцохын өмнө гадаадад, тухайн орчинд нь очиж бэлтгэл хийх үр дүнтэй байдаг. Савнаасаа гарах гэж болох юм байна.

Энэ тал дээр бидэнд "ХасБанк" тусалж, гадаад харилцаа, хөгжлийн асуудал дээр хамтран ажиллаж, ивээн тэтгэдэг. Бид уг дэмжлэгийн ачаар багаараа Европын Холбооны орнууд, БНХАУ, АНУ гээд цөөнгүй улсуудад бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд орж ирсэн. Ер нь энэ мэтээр спорт тогтвортой, тууштай хөгжихийн гол шалгуурын нэг нь санхүү, хөрөнгө оруулалт байдаг.

Үүнтэй холбоотойгоор нэг сонирхолтой түүх хуваалцъя. 2013 оны дээд лигийн тэмцээний бүртгэлийн үе бидний Бээжин хотын их сургуулийн багуудтай хийсэн нөхөрсөг тоглолтын бэлтгэлтэй давхцаж таарсан юм. Тухайн үед МСБХ хоёр хуваагдаж, дотоод зөрчил ихтэй байсан нь давхар нөлөөлж, биднийг биеэр ирж бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар тэмцээнд оролцуулахаас татгалзсан л даа. Дээд лигт оролцохгүй өнжинө гэдэг нь тухайн баг тарах үгүйг шийдэх чухал асуудал шүү дээ. Яг энэ үед "ХасБанк"-наас тамирчид, дасгалжуулагчдын цалинг нэг жилийн турш тогтмол олгохоо амлан, дараа жилийн лиг хүртэл багаа тараахгүй байх санал тавьсан юм. Энэ дэмжлэг байгаагүй бол өдийд "Хасын хүлэгүүд" баг байх байсан үгүйг хэлж мэдэхгүй юм.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Багаараа цугласан үедээ Марвелын кинонуудаас үздэг. Сагсан бөмбөгийн холбогдолтой гэвэл мэдээж "Сүүлчийн бүжиг"-ийг онцолно. Харин чухал тоглолт дээрх ялагдлын дараа сэтгэл сэргээх комеди үздэг. Ер нь ялагдлын дараах багийн сэтгэл зүй их хүнд байдаг л даа. Тиймээс тэр өдөртөө тоглолтын талаарх яриа, элдэв бодлоос аль болох зугтаж илүү хөнгөн, хөгжилтэй зүйл үзэхийг хичээдэг юм. Маргаашнаас нь л бичлэгээ эргэн үзэж, ялагдлаа задлан ярьж эхэлдэг.

Ер нь хурд, хүчний спорт болохоор бэлтгэлийн үед ч, тоглолтын үед ч цоглог, хурдан хэмнэлтэй дуу хөгжмийг илүүтэй таашаадаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Дасгалжуулагч Д.Пүрэвдорж: Миний хувьд "Хасын хүлэгүүд" багийг Б.Дашдэлгэр, Пак Сун Гин, О.Баярцогт дасгалжуулагч нарын дараа 2016 онд аван, багийн түүхэндэх дөрөвдэх дасгалжуулагч болсон юм. Багаа авахаас өмнө тамирчнаас нь эхлээд туслах дасгалжуулагч хүртэл энэ багтаа ажилласан. Ингээд үндсэн дасгалжуулагч болох үед О.Баярцогт дасгалжуулагч надад "За үүнээс цааш багаа алдах уу, авч явах уу гэдгээ өөрөө мэд" гэж хэлж байсан нь одоо ч санаанд тод байдаг. Үүнээс хойш бид хоёр ч удаа аваргын алтан цомыг өргөжээ. Одоо ахин нэг удаа энэ цолоо хамгаалахаар хичээж байна.

Багийн ахлагч Б.Билгүүн: 2014 онд бид багийнхаа 10 жилийн ойн дээр дээд лигт дөрөвдэх удаа аваргалж, сагсан бөмбөгийн анхны болон одоогоор цорын ганц баярын парадыг төв талбайгаас баруун дөрвөн замын хооронд зохион байгуулж байсан юм. Мөн бидний амжилтыг үнэлж тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаар нь хүлээн авч уулзсан нь одоо уламжлал болон үлдсэн. Энэ үед бүх зүйл их хурдтай болж байсан болохоор бид тэр бүрд сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаад байсан л даа. Тэгэхэд одоогийн "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг бидэнд "Би аливаад сэтгэл хөдлөлөөр хандахаасаа эмээдэг юм. Тиймд сэтгэл хөдөлсөн үедээ жаахан азнаж, өөртөө цаг өгч байгаад тайвширсан хойноо ахиж нэг суурьтай бодож үзээд эцсийн шийдвэрээ гаргадаг" гэж хэлсэн нь цаашдын ажил амьдралд их нөлөөлсөн. Үр дүнгээ ч олон зүйлд өгсөн шиг санагддаг юм.

14.  БУСДАД ШИДЭХ САНАА?

Юун түрүүнд сонгож эхлүүлсэн зүйлдээ туйлбартай, тууштай бай. Бас түүндээ хүрэх зарчимтай, зарчимдаа үнэнч байж чадах сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж хэлмээр байна.

Бидэнд ч бас энэ хүртэл тууштай, зарчимтай, түүндээ үнэнч явж ирэхэд амаргүй, хэцүү үе олон байсан. Улс төрийн нөлөөлөл, тамирчдыг маань худалдан авах, багаас гарах гэх мэтээр тоочоод байвал асуудал тун их байсан үе бий. Гэхдээ тууштай хөдөлмөр, хөдөлмөрч шударга зан чанар үр дүнгээ заавал өгдөг гэж хэлмээр байна.


2014 он. Ерөнхийлөгчийн хүлээн авалтын үеэр. Эх сурвалж: ikon.mn