Одоогоос 10 жилийн өмнө Монполимет Групп Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (EBRD) хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн Өргөн суманд дэлхийн хамгийн орчин үеийн технологийг нэвтрүүлсэн, хуурай аргын цементийн цогц үйлдвэр байгуулагдсан билээ. Жилд нэг сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Монцемент үйлдвэр нь өдгөө Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.
Ингээд түүхий эдийн зүй зохистой ашиглалт, тээвэр ложистикийн зөв шийдэл, байгаль орчны ээлтэй үйл ажиллагаа, техник, технологийн дэвшил нөү-хауг өөртөө шингээсэн цогц шийдэл болж байгаагаараа онцлог төдийгүй улсдаа анхдагч эко үйлдвэрийн хамт олны ажлын арга барилтай хамтдаа танилцацгаая.
Байршил: Монполимет цогцолбор
Эрхэлдэг ажил: Цементийн үйлдвэрлэл
Цахим хуудас: moncement.mn (Website), Moncement (Facebook)
1. ТАНы ажлын ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Монполимет групптэй хувь тавилангаараа холбогдсон гэж боддог. Одоогоос 15 жилийн өмнө Японд бакалаврын зэргээ хамгаалчхаад, эх орондоо хэсэг амарч байхдаа АНУ-ын сургуулиудад магистрын хөтөлбөр судалж эхэлсэн юм. Гэхдээ Японд таван жил болсон хүн чинь зүгээр сууж чадахгүй, сургуулиа хайх зуураа ажил хийе гэж бодоод, тухайн үеийн biznetwork.mn сайт руу орж ажил хайлаа. Тэр үед Монполимет Группийн логог хараад нэг л дотно санагдсан. Яагаад ч юм тэр үеийн мэдрэмжийг одоо ч мартдаггүй. Тухайн ажлын байран дээр орос хэлтэй байх ёстой гэх шаардлага байсан ч шууд утас руу нь залгаад өөрийгөө орос хэл сайн мэдэхгүй ч англи, япон хэлтэй гэж танилцуулж, улмаар ярилцлагад дуудагдаж, тэнцэж байв.
Би Монполимет Группийн охин компани болох “Нар-Урт” барилгын компанид захиргааны ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Намайг ажилд орсны дараахан буюу 2012 онд Монцемент үйлдвэрийн төслийн судалгааны ажил эхэлж байлаа. Манай хамт олон дэлхийн цементийн салбарын магнат Lafarge Holcim группийн төлөөлөгчид болон Европын Сэргээн босголтын банкны мэргэжилтнүүд гээд тал талд судалгааны багуудтай ажиллаж байсан цаг үед би үндсэн ажлаасаа энэ төсөл рүү шилжиж, орчуулагчийн ажилд томилогдсон юм Төсөл дээр ажиллаж байх хугацаандаа Мөнхнасан захирлын харьяа ажлын хэсэгт орж ажиллаад, ер нь эргэлт буцалтгүй би энд ажиллах юм байна гэж шийдсэн дээ. Тэр цагаас хойш 14 дэх жилдээ тасралтгүй Монцемент компани дээр ажиллаж байна.
2015 он гэхэд Монгол Улсад төрийн өмчит ганцхан цементийн үйлдвэртэй, зах зээлийнхээ 90 гаруй хувийг импортоор хамааралтай байсныг хүмүүс санаж байгаа байх. Манай группийн үүсгэн байгуулагчид тухайн үед нөхцөл байдлыг ажиглаад:
“Монгол Улсын хөгжил дэд бүтцийн хүртээмжтэй байдлаас шууд хамааралтай. Харин энэхүү хүртээмжийг хурдан хугацаанд дээшлүүлэхийн тулд барилгын талх буюу цементийг дотооддоо зайлшгүй үйлдвэрлэх, импортын хараат байдлаас гарах шаардлагатай юм байна. Тиймээс дотоодынхоо хэрэгцээнд зориулж, улс орныхоо онцлогт тохирсон, дэлхийн стандартын дагуу цемент үйлдвэрлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлцгээе.” хэмээн шийдэж, энэ төсөл рүү орж байсан түүхтэй юм билээ.
Манай үйлдвэрийн төсөл маань үндсэндээ 3 үе шаттай хэрэгжсэн. Эхнийх нь Дорноговь аймгийн Өргөнд суманд байрлах манай “Монцемент Өргөн” үйлдвэр. Энэхүү үйлдвэрт цементийн хамгийн том түүхий эд болох шохойн чулууг 1400 градуст бусад түүхий эдийн хамт шатааж, чулуунцар хэмээх бүтээгдэхүүн гаргаж авдаг. Үүний дараа чулуунцраа дахин өөр түүхий эдүүдтэй хольж, цемент хэмээх эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ.
Төслийн хоёр дахь үе шат бол үйлдвэрлэлийн явцад үүсэх WHR (Waste Heat Recovery System) буюу хаягдал халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэх технологийг нэвтрүүлсэн явдал. Хүрээлэн буй орчинд ээлтэй, нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах энэхүү инновацлаг, “ногоон” технологийг манай хамт олон Монголдоо анхлан нэвтрүүлсэн. Хаягдал халуун хийнээс гарган авсан эрчим хүчээрээ бид үйлдвэрийнхээ эрчим хүчний хэрэглээний 30-40 хувийг хангаж, энэ хэмжээгээр төвийн эрчим хүчнээс авах ачааллыг бууруулдаг гэсэн үг.
Харин гурав дахь үе шатандаа бид хэрэглэгчдэдээ илүү ойртох зорилгоор Улаанбаатар хотын СХДүүрэгт хоёр дахь үйлдвэрээ байгуулсан. Миний хувьд төслийн бүхий л үе шатанд төрөл бүрийн үүрэгтэй оролцож байгаад, 2019 оноос албан ёсоор үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдож, одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаанаас гадна олон улсын стандартуудыг нэвтрүүлэх ажлуудад оролцсон. Цементийн үйлдвэр гэдэг бол зүгээр нэг үйлдвэрлэл биш, ард нь байгаль орчны стандарт, чанарын хяналт, дэвшилтэт технологиуд, олон улсын шаардлагууд гээд ихээхэн нарийн зохицуулалт шаарддаг салбар.
Одоо эргээд харахад, анх ажлын зар хараад, шууд утасдаж, ярилцлагад орсон тэр шийдвэр миний амьдралын хамгийн зөв сонголтуудын нэг байжээ. Ахлах сургуульд байхдаа би “Дэд бүтэц, байгаль орчны чиглэлээр ажиллана” хэмээн шийдэж, Японы Шиншүгийн Их сургуульд дэд бүтэц, зам гүүрийн инженерээр суралцсан хэдий ч ажил мэргэжлийн замнал маань арай өөрөөр өрнөсөн. Хэдийгээр мэргэжлээрээ ажиллаагүй ч гэсэн дотоодынхоо дэд бүтцийн хөгжлийн төлөө тасралтгүй зүтгэж яваадаа сэтгэл дүүрэн байдаг шүү.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөөний 7:00 цагт ажилчдын унаанд суун үйлдвэр рүүгээ хөдөлнө. Өглөөг чанарын хэлтсийн багийнхантайгаа уулзаж, тухайн өдрийн ажлаа төлөвлөхөөс эхэлнэ. Ажлын наряд буюу төлөвлөгөөгөө авмагц ажлаа шууд эхлүүлдэг.
09:00 цагт нэгдсэн хуралдаа сууж, өмнөх өдрийн ажлын үр дүн, чанарын үзүүлэлтүүдийг хянана. Үлдсэн тайлан, мэдээг боловсруулж, шаардлагатай дүгнэлтүүдээ гаргана. Үдээс хойш ажлын явцаа газар дээр нь шалгана. Цемент стандартын дагуу үйлдвэрлэгдэж байна уу? Аль нэг хэсэгт доголдол илэрсэн үү? гэдгийг нарийвчлан хянаж, чанарын баталгааг хангана. Чанар бол цементийн үйлдвэрийн №1 асуудал. Чанараа тогтвортой түвшинд барьж чадвал хэрэглэгчдийн итгэлийг олж, салбартаа үнэлэгдэх учиртай.
Ажлын маань гол зорилго бол өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ найдвартай цемент хүргэх явдал. Чанарын хяналт гэдэг бол зөвхөн шалгалт хийх биш, үйлдвэрлэлийн бүхий л үйл явцыг тогтвортой, найдвартай байлгах систем гэж ойлгодог.
3. ТАНЫ АЖЛЫН арга барил?
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун
Чамбай төлөвлөгөө юм болов уу. Орой бүр, унтахаасаа өмнө маргаашийн хийх ажлуудаа толгойдоо зураглаад, эрэмбэлээд, цэгцэлдэг дадалтай. Мэдээж, энэ бүхнээ бичиж тэмдэглэнэ. Бичиж тэмдэглэхгүй бол бодол замхарч, төлөвлөгөөнөөс хазайх магадлалтай.
Мөн өдөржин хуралдаж суух дургүй. Хурал маш товч, тодорхой, үр дүнтэй байх ёстой. Ялангуяа үйлдвэрлэлийн салбарт хэлтэс хоорондын уялдаа холбоо чухал. Үйлдвэрийн үйл явц гэдэг бол зүгээр нэг тоног төхөөрөмж ажиллуулах биш, хүн хоорондын уялдаа холбоо, харилцаа, мэдээллийн урсгал шүү дээ. Тиймээс энэ хурлын үеэр шаардлагатай тоон мэдээллүүдээ авч, үүссэн асуудлуудаа ярилцаж, гарц гаргалгаагаа тодорхой болгохыг онцгойлон анхаардаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Манай санхүүгийн хэлтэс дотоодын ERP санхүүгийн бүртгэлийн програм болон etax.mn, ndaatgal.mn, ebalance зэрэг онлайн системүүдийг тогтмол ашигладаг. Үйлдвэрлэлийн систем өөрөө санхүүгийн хувьд өндөр нарийвчлалтай, дэлгэрэнгүй өртгийн бүртгэлтэй байх ёстой.
Тэр ч утгаараа худалдаа, үйлчилгээний байгууллагатай харьцуулахад үйлдвэрлэлийн өртөг тооцоолол нь илүү нарийн, олон шат дамжлагатай байдгаараа онцлогтой. Бүх түүхий эд, үйлдвэрлэлийн явц, нэмэлт зардлууд, бүтээгдэхүүний гарц гээд нарийн хяналт, тооцоо шаарддаг учраас санхүүгийн систем ч үүнийг дагаад нарийсдаг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Манай үйлдвэрийн үйл ажиллагаа гурван үндсэн хэсэгтэй:
1. Түүхий эдийн хангамж – Өргөн суманд байрлах шохойн чулууны ордоос түүхий эдээ төмөр замаар татан авч, нэгдсэн агуулахдаа хүлээн авах.
2. Үйлдвэрлэлийн процесс – Цемент үйлдвэрлэж буй хоёр тээрмийнхээ найдвартай ажиллагааг хангах.
3. Савлалт, ачилт – Эцсийн бүтээгдэхүүн болох цементийг 50 кг, 1 тонн, задгай (балк) гэсэн гурван төрлөөр савлаж, ачилтад оруулах.
Үйлдвэрлэл хариуцсан менежерийн хувьд эдгээр үйл ажиллагааг хамгийн өндөр бүтээмжтэйгээр, аюул осолгүй зохион байгуулах, зохицуулах нь миний үндсэн зорилго. Цементийн үйлдвэрлэл 24 цагаар тасралтгүй явагддаг учраас ажилдаа ирээд хамгийн түрүүнд Daily Operation Meeting буюу өдөр тутмын үйл ажиллагааны уулзалтад оролцдог.
“First things first” зарчмыг өдөр тутмын ажилдаа тогтмол баримталдаг. Өглөөний уулзалтын дараа тэр өдрийн хийх ёстой ажлуудаа эрэмбэлж, хамгийн чухлаас нь эхэлнэ. Ингэж ажилласнаар ажлын бүтээмж нэмэгдэж, үр дүнгүй цаг зарцуулахаас сэргийлж чаддаг гэх үү дээ.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун
Цаас, үзэгтэй найзлах дуртай, уламжлалт төрлийн хүн. Хувийн болон ажлын хэрэгцээнд зориулсан олон төрлийн дэвтэртэй, алинд нь юу тэмдэглэснээ ч сайн мэднэ.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Манай үйлдвэрийнхэн долоо хоногт нэг удаа хамтдаа зааланд тоглож, ажлын бус орчинд цугтаа хөдөлгөөн хийж, эрч хүчээ сэлбэдэг. Байнгын гэрээтэй заалтай учраас тогтсон хуваарийн дагуу тоглож, багийн уур амьсгалаа ч улам сайжруулдаг.
Харин хувьдаа би долоо хоногт 3-4 удаа фитнесээр хичээллэдэг хуваарьтай. Үүнээс гадна, дор хаяж нэг удаа ууланд гарахыг хичээдэг. Спорт, хөдөлгөөн аль аль нь биеийн эрүүл мэндээс гадна ажлын бүтээмж, сэтгэл зүйд эерэг нөлөөтэй болохыг сүүлийн үед ихээр мэдэрч байгаа.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Сүүлийн үед би үндсэн ажлаасаа гадна, мэргэжлээ дагасан томоохон төслүүдэд анхаарч байна. Ойрын жилүүдэд бизнесийн цар хүрээг хэрхэн өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж юу байна гэдэгт түлхүү төвлөрч байгаа.
Үүний нэг хэсэг болгож, байгууллага дотроо “Судалгаа, хөгжүүлэлтийн баг”-ийг бүрдүүлэн, шинэ санаа, шинэ шийдэл боловсруулах ажлаа эхлүүлээд явж байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Манай баг механик инженер, засварчин, гагнуурчин, тосолгоочин, техникч гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй. Бидний гол үүрэг үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг 24/7 тасралтгүй, 97 хувиас дээш түвшинд хангах.
Миний хувьд сургуулиа төгсмөгцөө Монцемент үйлдвэрт ажилд орсон. Би ШУТИС-ийг металлургийн чиглэлээр төгссөн, металлургийн инженер мэргэжилтэй. Манай мэргэжил төмрийн хүдрийг эцсийн бүтээгдэхүүн буюу төмөр болгох үйл явцыг судалдаг. Хэдий мэргэжлээрээ ажиллаагүй ч уулын шохойн чулуулгыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон хувиргах үйлдвэрлэлд гар бие оролцож, Монголын дэд бүтцийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваагаараа үргэлж бахархаж явдаг.
Бидний хувьд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд найдвартай, төлөвлөгөөний дагуу, доголдолгүй ажиллаж байх нь хамгийн чухал. Том машин, механизм, нарийн тоног төхөөрөмжүүд нэг ч минут зогсолгүй ажиллаж байх тэр мөчид өөрсдөөрөө хамгийн их бахархана. Учир нь бидний хариуцаж буй ажил бол үйлдвэрийн тасралтгүй ажиллагааны баталгаа.
Бэрхшээлтэй талын тухайд манай багийнхан бол үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эвдэрсэн, доголдсон хэсэг рүү хамгийн түрүүнд ордог хүмүүс. Зүйрлэвэл, бид гал гарсан газар руу хамгийн түрүүнд гүйж очиж, асуудлыг шийддэг баг. Шугам бөглөрлөө, тоног төхөөрөмж доголдлоо гэхэд бид л хамгийн түрүүнд очиж, ажлаа эхэлдэг. “Цэвэр мөнгийг бохир гар олдог” гэдэг үг шиг ажлын талбар дээр цэвэрхэн хувцас, гартай хүн манай хэсэгт ховорхон шүү.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Үйлдвэрийн менежер Г.Эрдэмбилэг
Энэ жил бид засвар үйлчилгээ, нөөц бүрдүүлэлт, найрсаг, түргэн шуурхай үйлчилгээнд илүүтэй анхаарч ажиллаж байна. Зах зээл дээрх байр сууриа бэхжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 хувиар өсгөх том зорилт тавьсан.
Гэхдээ биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс бас бий. Өнгөрсөн жил л гэхэд төлөвлөсөн борлуулалтаа бүрэн биелүүлж чадаагүй. Үүний гол шалтгаан нь Засгийн газраас импортын цементийг их хэмжээгээр оруулж ирэх шийдвэр гаргаж, жилийн эцэст 200-300 мянган тонн цемент зах зээлд нийлүүлэгдсэн явдал. Одоо бид оргил ачааллын үеийг угтаж, түүхий эдийн нөөцөө хангалттай бүрдүүлэх, үйлдвэрлэлийнхээ найдвартай ажиллагааг хангахад бүх хүчээ төвлөрүүлж байна. Үүнд:
-Засвар үйлчилгээг чанартай, найдвартай хийх
-Зөөвөрлөх, тээрэмдэх байгууламжийн үйлчилгээний хугацаа хэтэрсэн бүх сэлбэгийг солих
-Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах
Товчхондоо, гаднын эрсдлүүдийг хянах боломжгүй ч үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, чанараа алдахгүй байх, үр ашигтай ажиллах гээд бидний хяналтанд байгаа дотоод хүчин зүйлс дээрээ бүрэн төвлөрч байгаа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Механик инженер Б.Анхбаяр
Манай групп ажилтнуудынхаа хувь хүний хөгжлийг тууштай дэмждэг бодлоготой. Үүний нэг илрэл нь жил бүрийн эхэнд IDP буюу Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө ажилтан тус бүр дээр гаргаж, хүн бүрийн хувийн болон мэргэжлийн ур чадварыг ахиулахад анхаардаг.
Өнгөрсөн жил би өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу эрүүл зөв хооллолт, фитнесийн тусламжтай 20 кг жин хассаны сацуу англи хэлний мэдлэгээ B1-ээс C2 түвшин хүртэл сайжруулсан. Ажлын хажуугаар тууштай хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг энэ туршлагаасаа улам илүү ойлгосон шүү.
Сонирхуулахад, манай үйлдвэрт долоо хоног бүрийн баасан гарагт “English Talk” арга хэмжээ зохион байгуулагддаг. Орчуулагчийн маань санаачилсан энэ уулзалтын үеэр бид хоорондоо англиар ярилцаж, англи хэл дээр ном уншиж, улмаар уншсан номоо нэгэндээ орчуулж, хуваалцдаг юм. Хамгийн сүүлд “The 7 Habits of Highly Effective People” номыг хамтдаа уншиж байна. Зүгээр нэг хэл сурах бус амьдрал, ажлын хандлагаа өөрчлөх ухаарал авдаг нь уулзалтын маань гол онцлог юм болов уу.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Ажилдаа ирж, буцахдаа цаг гаруй хугацаа зарцуулдаг болохоор замдаа аудио ном тогтмол сонсдог. Сүүлд Хайтан зохиолчийн “Ганц мод” зохиолыг сонсож дуусгасан, их л бодолд оруулсан бүтээл байлаа.
Харин гэртээ бол бага насны хүүхэдтэй учраас гэр бүлийн кино их үздэг. Хүүхдүүдээ тойруулж суугаад хамтдаа нэг сайхан кино үзэх амралтын өдрийн хамгийн сайхан мөчүүдийн нэг. Хэд ч үзсэн уйддаггүй кино гэвэл “Maleficent”. Харин сүүлд Монголын “Шар Гэгээ” киног хэд хэдэн удаа үзэж, үзэх бүрдээ гэр бүлээрээ уйлсан. Олон хүн магтсан байсан болохоор үзэхэд хүлээлтээс ч илүү гүн сэтгэгдэл үлдээсэн.
Ажлын үедээ цоглог хэмнэлтэй дуу сонсож, эрч хүчээ нэмэх дуртай. Ажлын ачаалал ихтэй үед ч хэмнэлээ алдахгүй, эрчтэй ажиллахад хөгжим үнэхээр нөлөөлдөг шүү.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би чинь ерөөсөө аавын хүүхэд. Аав маань гурван жилийн өмнө өөд болсон. Аав багаас надад “Хүнд хэрэгтэй хүн байгаарай” хэмээн захидаг байлаа. Одоог хүртэл аавынхаа захиасыг амьдралынхаа үндсэн зарчмаа болгож, амьдарч байна.
Ажлын талбар дээр бол Н.Мөнхнасан, Ц.Гарамжав захирлуудынхаа хэлсэн үгсийг үргэлж санаж явдаг. Ц.Гарамжав захирал цөөхөн боловч жинтэй шүүмж хэлдэг хүн. Нэг удаа надад “Чамайг одоо байгаагаасаа илүү сайжраасай хэмээн хүсэж байгаа, өсөх дэвших боломжтой гэдгийг чинь олж харсан хүн л чамд шүүмж хэлдэг юм. Тиймээс хүнээс үг сонсож сурах хэрэгтэй.” хэмээн хэлж байсныг мартдаггүй.
Мөн Н.Мөнхнасан захирлын “Хүнтэй ажиллахдаа сул тал биш давуу талтай нь тулж ажиллаж байгаарай. Удирдах ажил хийж байгаа хүний сул талыг нь дөвийлгөж харахаас илүүтэй тухайн хүний давуу тал дээр тулгуурлан, хөгжүүлэх нь чухал шүү” хэмээн зөвлөж байсан нь ажил, амьдрал аль алинд нь тус болдог.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун
Манай хамт олон саяхан БНСУ-ын CMI институт дээр манлайлал, удирдах арга барилын сургалтад хамрагдаад ирсэн юм. Энэ сургалтын үеэр нэг санаа онцгой анхаарал татсан нь:
"Хүнийг удирдахдаа зөв асуулт асууж сурах нь удирдагч хүнд байх ёстой чухал чадвар юм. Асуудлыг нь сонсоод тэр дор нь зөвлөгөө өгөхөөс илүү өөрөөр нь гарц, шийдлийг нь гаргуулах чиглэл рүү асуулт тавьж байгаарай." гэх пойнт их сэтгэлд туссан.
Н.Мөнхнасан захирал намайг энэ арга барилаар хөгжүүлсэн гэж боддог. Тэрээр хэзээ ч шууд зааж, тулгаж ойлгуулахыг оролдохгүй, харин зөв асуулт асууж, бодох, дүгнэх боломжийг олгодог нэгэн. Одоо би залуу менежерүүдэд энэ арга барилыг дамжуулмаар санагддаг. Жил ирэх тусам хүмүүсийг удирдана гэдэг нь зөв хариулт өгөөд явах биш, харин зөв асуулт тавьж, хөгжих орчныг нь бүрдүүлэх юм байна гэж улам бүр ойлгож байна.