Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 13-нд Оюу толгойн гүний уурхайн тогтвортой олборлолт эхэлсэн нь Монгол Улсын хувьд тун чухал үйл явдал байлаа.

2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш ийнхүү жил гаруйн дараа тогтвортой олборлолт эхэлж буй. Энэ цагаас хойш гүний уурхайн олборлолт 24/7 тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг.

Уурхайн нийт ажиллах хүчний 97 хувийг бүрдүүлж буй 20 мянган уурхайчдын төлөөлөл болох гүний уурхайн Панел-0 олборлолтын багийн хамт олон бол бидний энэ дугаарын зочид. Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км гаруй хөндий гаргаж, 21 хүдрийн буулгуур байгуулсан асар том бүтээн байгуулалтад гар бие оролцож, гадарга дээр ажиллаж байгаа техникийн инженерүүд болон талбай дээрх уурхайчдын хооронд холбоос болдог тэдний ажиллах арга барил, уурхайн амьдралтай хамтдаа танилцацгаая.


Байршил: Өмнөговь аймаг, Ханбогд сум
Эрхэлдэг ажил: Гүний уурхайн олборлолт
Сошиал хуудсууд: Oyu Tolgoi (Фэйсбүүк), otmongolia (Инстаграм), Oyu Tolgoi (Твиттер)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Э.Үүрийнцолмон: Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааны хэлтэсийн ахлах мэргэжилтэн

Unread

Дунд сургуулиа төгссөний дараа хэсэг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2004 онд анх Оюу Толгой уурхайд мужаанаар ажилд орж, түүнээс хойш энэ компанидаа тогтвор суурьшилтай ажиллаж, мэргэшиж байна. Тухайн үед гүний уурхайн ажил есөн хүнтэйгээр эхэлж байв. Анхны гадаад мэргэжилтнүүд одоо бидний бүтээн байгуулсан уурхайн талаар төсөөлж ярих үед үлгэр домог мэт л итгэхийн эцэсгүй санагддаг байлаа шүү дээ.

Тэгтэл 20 жилийн дотор тэр бүх төсөөлөл говийн хөрсөн дээр бүтээн байгуулалт болон өрнөж, гүний уурхай маань тогтвортой олборлолтоо эхлүүлж буй түүхийн гэрч болоод зогсохгүй хамтдаа энэ түүхийг бичилцэж яваагаа их азтайд тооцдог. 20 жилийн тэртээ мужаанаар эхэлсэн карьер маань туслах уурхайчин, оператор, олборлолтын багийн ахлах мэргэжилтэн хүртэл өсөн дэвшсэн байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Н.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааны хэлтэсийн уурхайн ээлжийн ахлах ажилтан

Unread

Ажилдаа бэлэн байхын тулд өглөө 03:50-д босдог. Хувийн бэлтгэлээ базааж, 05:30 гэхэд төлөвлөгөөний хурал, үргэлжлүүлээд ахлах ажиллагсдад зориулсан уурхайн нэгдсэн мэдээллийн хуралд орно. Энэ хурал нь тухайн өдөр уурхай дээр ямар ажлууд явагдах, тэдгээрээс өндөр эрсдэлтэй нь аль нь вэ зэрэг мэдээллийг гишүүддээ өгөх зорилготой. Оффисын ажлаас онцлогтой нь уурхайд бүх ажил минут, секундээр хэмжигддэг.

Долоон цагт харин гүний уурхайн босоо ам 2-оор нэвтрэн орж, ажил эхлэхийн өмнөх багийн хурлаа хийнэ. Манай ашиглалтын хэлтэс нэг ээлждээ өрөмдлөг, тэсэлгээ, хөндлөн нэвтрэлт, дрилл, тээвэрлэлт гээд таван багаар ажилладаг. Эдгээр багууд тус тусдаа хурлаа хийж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаар ажил жинхэнэ өрнөнө дээ.

Ахлах ажилтны хувиар би аюулгүй ажиллагаа, ажлын стандарт, чанар дээр түлхүү анхаарах учиртай. Түүнчлэн тухайн өдөр биелүүлэх ёстой ээлжийн төлөвлөгөөг хангахын тулд багаа удирдан чиглүүлнэ. Ерөнхийдөө өдрийн турш талбайгаар явна. Орой нь тухайн ээлжийн эхний уурхайчид таван цаг авран минутаас эхлэн дээшээ гарч ирнэ. Шөнийн ээлжийн залуустай ээлж солилцсоноор ажлын өдөр дуусна. Зөвхөн манай олборлолтын багт гэхэд нэг ээлждээ 50-60, өдрийн ээлжид нийтдээ 800 орчим уурхайчин газрын гадаргаас 1300 орчим метрийн гүнд ажиллаж байна.

Сонирхуулахад, Оюу Толгойн гүний уурхай Хэрүга, Хюго даммет өмнөд, Хюго даммет хойд гэсэн гурван бүлэг ордоос бүрдэж буй. Одоогоор манай багийнхан ашиглалтын гурван хэсэгтэй Хюго даммет ордын панель-0 хэсэг дээр ажиллаж байгаа юм.



3. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Э.Одмаа: Гүний уурхайн олборлолтын Инженерийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн

Unread

Блоклон олборлох технологи нь босоо нэвтрэлтүүдийг хооронд нь холбож, босоо цооног өрөмдөн зөвхөн хүдрийн буулгуураар хүдрийг ил гаргадаг технологи юм. Одоогийн байдлаар 1300 метрийн гүнд 200км гаруй хөндий гаргаж, 21 хүдрийн буулгуур байгуулаад байна. Манай багийн хувьд гадарга дээр ажиллаж байгаа техникийн инженерүүд болон талбай дээрх уурхайчдын хооронд холбоос болдог.

Гүний уурхайн олборлолт гэрээнээс шалтгаалан олон жил нааш, цааш болсон. Маш олон үйл явдал өрнөсний эцэст өнгөрсөн жил гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шат буюу анхны тэсэлгээг хийх команд өгөх тэр мөч үнэхээр нулимс дуслам, ажил мэргэжлээрээ омогшмоор үе байсан. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайг ашиглалтад оруулах үйл явцын яг цөмд нь гар бие оролцож байгаагаа ухаарах мөч үнэхээр бахархам.

Зөвхөн цалин аваад гэр бүлээ тэжээх бус ирээдүйд өөрсдийнхөө үр хүүхэд, ач зээ нарын ажиллах ажлын байрыг бэлдэж, Монгол Улсад маань үлдэх ашиг, мөнгөн урсгалыг бий болгохын төлөө ажиллаж байгаагаа мэдрэх үнэхээр сайхан. Монгол хүн бүрийн аж амьдралд нөлөөлөх төслийг хөдөлгөж буй мянга мянган уурхайчдын нэг гэдэг маань л бүхэлдээ энэ ажлыг хийх утга учрыг мэдрүүлдэг.

4. АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Панел-0 олборлолтын багийн хамт олон

Unread


Өнгөрсөн жил манай багт тохиолдсон нэг үйл явдлыг хуваалцъя. Truck Chute-1 гэх хүдэр дамжуулах хоолойн босоо амны барилгын ажил ид явагдаж, цооног өрөмдөх явцад тухайн газар нь чулуулгийн онцлогоосоо шалтгаалан муу чулуутай газар байж таарсан. Босоо цооногийг цааш өрөмдөх тусам нуралт үүссэн тул цооногоо алдах ч аюултай байв. Тэр цооногийг алдвал төлөвлөгөөний маш том зөрүү үүснэ гэсэн үг. Бид нар тухайн үед ажлаа дахин үнэлээд өрөмдлөгийг зогсоож, өнөөх цооногоо бүхэлд нь бетоноор дүүргэсний дараа дахин өрөмдсөний эцэст анх төлөвлөснөөсөө богино хугацаанд, амжилттай цооног гаргаж чадсан юм.

Гүний уурхайд нэг уурхайчин, нэг инженер дангаараа ажлын ард гарна гэсэн ойлголт байхгүй. Ганц ажил дор хаяж арван багаас шалтгаалах нь бий. Дээрх жишээн дээр л гэхэд тээврийн баг цементийн машинаа цагтаа явуулж байж ажлын төлөвлөгөө биелнэ. Бие биеэсээ хүйн холбоотой гэдэг шиг л бусдыгаа мэдэрч, хамтран ажиллахыг эрмэлзэх нь нэн тэргүүнд тавигдах асуудал.

Гүний уурхайн бас нэг онцлог нь бүх ажлыг нэгд нэгэнгүй төлөвлөсөн ч биднээс шалтгаалахааргүй гаднын хүчин зүйлс дэндүү их. Агаар, тог, ус гээд бүх нөөцүүд гаднаас орж ирж байгаа тул тэр бүхнээс нэг нь л дутахад ажил зогсох магадал өндөр. Нэг стандарт зөрөхөд 24 цаг алдах эрсдэлтэй. Манай багийн тухайд техник, төлөвлөлт, уурхай дээр ажиллаж буй хүмүүсийн гурвалсан холбоог бэхжүүлэх үндсэн зорилготой. Уурхай дээр гарч буй ихэнх асуудлууд манай баг руу ирдэг. Тэр ч утгаараа бид зөвхөн газрын гадаргуугаас заавар зөвлөгөө өгөх бус, маш их цагийг гүнд өнгөрүүлж, төлөвлөгөөний багийнхан ингэж ажиллавал оновчтой төлөвлөгөө болох нь ээ гэх мэт шийдлүүдийг гаргаж өгдөг.

Хэчнээн инженерүүд байлаа гээд зөвхөн систем дээр дэлгэц хараад суух бус, газрын гүнд уурхайчид бидний гаргасан төлөвлөгөөгөөр яаж ажиллаж байна, болохгүй байгаа зүйл нь юу байна зэргийг нягтлах нь асар чухал. Хийж буй ажлаас шалтгаалаад ч тэр үү бид илүү практик талдаа хүмүүс шүү.

Панел-0 олборлолтын багийн ихэнх ажлууд хийгдэж эхлээд жил ч хүрээгүй, харьцангуй шинэхэн. Тиймдээ ч бидний өдөр тутамдаа хийж буй ажлууд илүү арга зүй, шийдэл гаргаж өгөх тал руу чиглэж байгаа хэрэг. Оюу Толгойн далд уурхай нь блоклон олборлох технологиор хүдрийн биетийг олборлож буй монголын анхны гүний уурхай гэдэг утгаараа монгол инженерүүдийн хувьд гаднынхнаас суралцаж байгаа хамгийн эхний боломж нь.



5. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Г.Санчир: Гүний уурхайн үйлдвэрлэлийн Инженерийн хэлтэсийн инженер

Unread

Цар тахлаас хойш уурхайн амьдралыг Teams-гүйгээр төсөөлөхөө больсон. Microsoft Teams-ийг бид харилцаа холбооны бүхий л талбарт үр ашигтайгаар ашиглаж байна. Гүний уурхайд ажиллаж байгаа уурхайчинтай видео дуудлага хийх, файлаа хуваалцах, хурал хийх гэхчлэн тус аппгүйгээр ажил урагшлах бараг боломжгүй. Мөн Deswik Suites инженеринг, iAuditor хяналт, шалгалтын программуудыг өдөр тутамдаа голчлон ашиглана.

6. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ЮУ ВЭ?


14-14 гэсэн хуваарьтайгаар ээлжээр ажилладаг хүмүүсийн хувьд өөрсдийн цагийг хэмнэхээс илүүтэй нөгөө ээлжийнхээ цагийг хэмнэж ажиллахыг эрмэлздэг. Өнгөрсөн жил батлагдсан “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчлэлээр уурхайчид 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болсон. Түүнээс өмнө дараагийн ээлжийн хүмүүстэйгээ долоо хоног цугтаа ажилладаг байсан бол одоо тийм боломжгүй. Тиймдээ ч нөгөө ээлжийнхэн бидний хийсэн ажлыг дахин давтахаас сэргийлж, тодорхой мэдээлэл, зааварчилгаа үлдээх нь зайлшгүй шаардлага.

Ажлын өдрүүдэд бол маш богино хугацаанд тодорхой мэдээллийг бие биедээ дамжуулснаараа бусдынхаа цагийг хэмнэдэг юм болов уу. Мэдээлэл солилцох хурлууд бидний хувьд чухал ач холбогдолтой. Ажлын 12 цагийн хугацаанд бид дор хаяж гурваас дөрөв, ахлахууд долоо хүртэл хуралд оролцож байгаа. Зүгээр нэг хуралдаад өнгөрөх бус хэлэлцсэн асуудлыг “follow up” хийх, байнгын хяналт тавьж явахыг эрмэлздэг. Мэдээж нэг цагийн дотор хуралдаад л тулгарсан асуудлыг шийдэж чадахгүй. Хурал бүрийн дараа тухайн ажлыг тодорхой хүний нэр дээр зоож, төдийд дуусгасан байх ёстой гэдэг “action plan” гаргадаг дадалтай.

7. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

М.Анхдаваа: Гүний уурхайн үйлдвэрлэлийн Инженерийн хэлтэсийн инженер

Unread

Өдөр тутмын ажлуудыг бол бидний өмнөөс компани зохицуулж, цагийн менежмент хийгээд өгдөг. Бусад хүмүүсийн нүдээр уурхай дээр 14 хоногийн турш тасралтгүй 12 цаг ажиллах явцад өөр зүйлсэд анхаарал хандуулах боломж төдийлөн хомс мэт харагддаг байх. Гэхдээ нөгөө талдаа хүн гэдэг амьтан чинь их сонин, сорилттой нүүр тулах тусмаа арга замаа олдог. Ажил их тусмаа л өөрийгөө яаж сайжруулах боломж байна вэ гэж боддог юм билээ.

Ажлын дараа олддог нэгээс хоёр цагийг бид хувь хүний хөгжилдөө дийлэнхдээ зарцуулдаг. Манай уурхай дээр төрөл бүрийн сургалт, дугуйлан бий. Иога, гитар, морин хуур, хамгийн сүүлд гэхэд жюү жицүгийн дугуйлан нээгдлээ. Урлаг, спортоос гадна Рио Тинтогоос зохион байгуулдаг Linkedin Learning зэрэг төрөл бүрийн онлайн сургалт, мэргэжлийн англи хэлний сургалтад хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой нь гоё.

Манай уурхай дээр гаднын мэргэжилтнүүд олон. Эдгээр хүмүүсийн ажил үүргийн тодорхойлолтод нь монгол ажиллагсдыг сургах, чадавхжуулах гэсэн өгүүлбэр байдаг. Тийм ч болохоор гаднын мэргэжилтнүүд бидний сурч хөгжих тал дээр онцгой анхаарал хандуулдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.

8. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Б.Батзаяа: Гүний уурхайн олборлолтын Инженерийн хэлтэсийн инженер

Unread

Уурхай дээр 12 цагийн турш суудлын ажил хийдэг болохоор амарч буй өдрүүддээ хөдөлгөөнтэй байх зорилгоор ууланд алхдаг хобби маань явсан явсаар уулын спорт руу шилжсэн. Ковидын үеэр уртасгасан цагаар уурхай дээр ажиллаж байх үедээ шөнийн 12 цагт УБ хотод газардаад л үүрээр зургаан цагт авиралтын багийнхантайгаа нэгдэж, Цамбагарав хайрхан руу хөдөлж байлаа.

Ер нь ростерийн хуваариар ажилладаг бидний хувьд бусадтай харьцуулахад амьдралаа харьцангуй урт хугацаагаар төлөвлөж сурдаг юм шиг ээ. Сарын хагасыг уурхай дээр өнгөрүүлж байгаа юм чинь үлдсэн хагаст нь юу амжуулах билээ гэдгээ үргэлж бодож, төлөвлөнө. Миний хувьд таван сард Элбрус уул руу авирна гээд аль хэдийнээ төлөвлөгөөгөө зохисон байх жишээтэй.



9. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Э.Одмаа: Гүний уурхайн олборлолтын Инженерийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн

Unread

Хүн ер нь завгүй, ачаалалтай ажиллах тусмаа бие, сэтгэлзүйгээ эрүүл байлгахын төлөө хөдөлгөөн хийх ёстой гэж боддог. Надад бол бясалгал, иога тун их тохирч байгаа. Хүн ажлын төлөө гэх нэрийдлээр биеэ хаяж хэрхэвч болохгүй. Наанадаж ажлын дараа сунгалт, хөнгөн дасгал хийж биеийн чилээгээ гаргаж байхаа залуус маань бүү мартаарай.

Залуу хүмүүс ажлын төлөө гэсээр биеэ хайхрахгүй хаях юм бол яваандаа олсон мөнгөөрөө өвчнөө эмчлүүлээд таарах болно. Залуу гээд өөрийгөө зөнд нь орхих биш харин ч эрүүл байгаа дээрээ эрүүл мэндээ хайрлах ёстой юм билээ. Тиймээс би өнгөрсөн жилээс бясалгал, иогийн багш болохоор шийдэж курсээ төгсөж, багшийн эрхээ авсан. Энэ жилээс ростерийн амралтаараа Улаанбаатарт бясалгал, иогийн анги хичээллүүлэхийг хичээж байна.


10. Танай баг ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?


Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 13-нд “Sustainable Production” буюу гүний уурхайн тогтвортой олборлолт эхэллээ. Энгийнээр тайлбарлавал, манай уурхай энэ цагаас эхлэн зогсох, буцах замгүй болж байна аа гэсэн үг юм.

Хүдрийн буулгуураар тогтмол бууж буй хүдрийг авахгүй бол уурхай бөглөрнө. Тэрхүү бөглөөг гаргах нь шинэ уурхай байгуулахтай адил ТЭЗҮ, зардалтай учраас гүний уурхай тасралтгүй ажиллах учиртай. Тиймээс бидний ачаалал, хариуцлага тэр хэмжээгээрээ ихэснэ. Аюулгүй ажиллагаа дээрээ илүү анхаарч, шахуу төлөвлөгөөтэйгөөр ажиллана. Уурхайг 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах, тогтвортой хүдэр олборлох том амлалтыг бид өгч байгаа хэрэг. Эцсийн бүтээгдэхүүн буюу баяжмалын хэмжээ тогтмол нэмэгдсээр гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх 2030 оноос өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой болно.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Б.Дөлгөөн: Гүний уурхайн олборлолтын Инженерийн хэлтэсийн ахлах инженер

Unread

"Continuous improvement" буюу тасралтгүй сайжрах үйл явц гэх ойлголт бий. Үүнийг бид дор бүрнээ дадал болгохын төлөө хичээдэг учир дэлхий даяарх уурхайнуудад нэвтэрч буй шинэлэг технологийн талаар уншиж дуулснаа бусадтайгаа хуваалцана. Зөвхөн өөрийн мэддэг зүйлээрээ хязгаарлагдахгүй, өөр туршлагуудыг олж судална. Мэргэжлийн сэтгүүлүүд тогтмол захиална. Энэ мэтээр суралцах үйл явцаа хэзээ тасалдаггүй.

Мөн Рио Тинто уурхайн бүх ажиллагсад нэвтрэх эрхтэй дотоод сүлжээгээрээ дамжуулан ямарваа нэгэн асуудал тулгарах юм бол тэндээ бичээд бусад гаднын уурхайн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах үе олон.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Б.Батзаяа: Гүний уурхайн олборлолтын Инженерийн хэлтэсийн инженер

Unread

Уурхай дээр бид Өмнөд Африк, Австрали, Их Британи зэрэг хэлний төрөл бүрийн аялгатай хүмүүстэй хамтран ажилладаг. Унаган хэл маань англи хэл биш тул сонсголын дасгал тогтмол хийхгүй бол ялангуяа 14 хоног гэртээ амарсны дараа ойлгох чадвар буурчихдаг гэмтэй. Тиймээс сүүлийн үед аудио ном тогтмол сонсож байгаа. Цаасан ном уншихад нимгэн зузаанаас шалтгаалаад дор хаяж гурваас дөрвөн цаг зарцуулдаг бол богино хэмжээний аудио ном сонсоход 40 минут л хангалттай байдаг нь том давуу тал.

13. бУСДАД ШИДЭХ САНАА

З.Гандиймаа: Гүний уурхайн олборлолтын Инженерийн хэлтэсийн инженер

Unread

Дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх уурхайд, дэлхийн стандартын дагуу ажиллаж, уурхайн дэвшилтэт технологийг гаднын мэргэжилтнүүд бидэнд өөрсдөө зааж өгч байгаа нь маш азтай явдал. Бид эх орондоо амьдрангаа дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байна шүү дээ. Оюу толгой төслөөс олон инженер, уурхайчин Австрали, АНУ дахь Рио Тинтогийн уурхай руу шилжин ажилладаг. Энэ үйл явдал Оюу толгойд боловсорч буй мэргэжилтнүүд дэлхий хаана ч гологдохгүй гэдгийг харуулж байна. Гадаад хэл, технологио сайн сурчихад дэлхий бидэнд нээлттэй.

Залуус маань Оюу толгой төсөлд тэнцэх болов уу, яах бол гэж эргэлздэг. Эцсийн бүлэгт хүний хандлага болоод сэтгэл чухал. Бүх ажилд таарах зөв бөгөөд бэлэн хүн гэж хаана ч үгүй. Хамгийн гол нь аливааг ойлгох логик сэтгэлгээтэй, ажилдаа сэтгэлтэй байх юм бол ямар ч хүн энэхүү төсөлд хувь нэмрээ оруулж чадна.

14. авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Э.Үүрийнцолмон: Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааны хэлтэсийн ахлах мэргэжилтэн

Unread


Уурхайн ажил гэдэг байнгын асуудал, бэрхшээл дунд өрнөдөг. Талбай дээр ажиллаж байгаа хүмүүс үүнээс болж бухимдаж, стресстэх нь элбэг. Нэг удаа би ажилдаа улайраад айхтар бухимдалтай байсан юм. Түүнийг харсан манай гадаад мэргэжилтэн надад хандан “Цоомоо уурхайн ажил хэзээ ч дуусдаггүй. Уурхайд хүн ажиллаж байгаа учраас асуудал үргэлж байна. Энэ асуудлыг шийдэх гэж л чи энд байгаа хэрэг. Тийм учраас үүнд бухимдах шаардлага байхгүй.” гэж хэлж байсан юм. Сэтгэлд буусан, чухал зөвлөгөө байсан шүү.