Аливаа улс орныг дэлхийн тавцанд таниулан сурталчилдаг гол салбарын нэг нь яах аргагүй соёл урлаг. “Зөөлөн хүч” хэмээн хүлээн зөвшөөрөгддөг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллагуудын чанар чансаанаас хамаарч тухайн улсын хүн амын боловсрол, нийгмийн ёс суртахууны түвшинг хэмжих нь ч бий. Энэ ч утгаараа өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд үзэгч олныг дэлхийн урлагтай танилцуулсаар ирсэн “Монгол Улсын Филармони” хэмээх их айл манайдаа цорын ганц мэргэжлийн хөгжмийн байгууллага гэдгээрээ тун ч ач холбогдолтой, үнэ цэнтэй газар болох нь маргаангүй болох биз ээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ард түмнээ соёл урлагийн боловсролд хөтөлж, сэтгэхүйн эрх чөлөөнд урин дуудсаар ирсэн, Төрийн Шагналт, МУАЖ Ц.Намсрайжаваар овоглох энэ хамт олныг бид ээлжит ярилцлагадаа хүндэтгэлтэйгээр урьсан билээ. 

Эрхэлдэг ажил: Хөгжмийн урлагийн мэргэжлийн байгууллага
Байршил: СТӨ-ний зүүн хойно
Бүрэлдэхүүн: Симфони найрал хөгжим, "Баян Монгол" чуулга, "Морин хуурын чуулга"
Сошиал хуудас: philharmonic.mn (Вэб), Монгол Улсын Филармони (Фэйсбүүк)



1. байгууллагын түүхээс бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Захирал С.Баттулга

1957 онд “Улсын яруу тунгалаг найрал хөгжим”-ийн бүрэлдэхүүн бий болсноор Монгол улсын симфони найрал хөгжмийн замнал эхэлсэн байдаг. Улмаар 1972 онд бүрэлдэхүүндээ “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн, хөгжмийн урлагийн концертын төв байгууллага буюу “Монгол Улсын Филармони”-ийг анхлан байгуулсан түүхтэй. Энэ бүхнийг Ц.Намсрайжав, Г.Бирваа багш нар бусад анхдагчид, урлагийн зүтгэлтнүүдийн хамтаар санаачлан босгож, бүх насаа зориулсан тул бид өнөөг хүртэл үүсгэн байгуулагчаараа овоглож явдаг.

Хожим нь 1992 онд “Монголын морин хуурын чуулга”-ыг нэрт удирдаач Ардын жүжигчин Ц.Батчулуун, Хөдөлмөрийн Баатар, Төрийн Шагналт Н.Жанцанноров гуай зэрэг хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд санаачлан байгуулсан ба 1994 онд “Монгол Улсын Филармони”-ийн бүрэлдэхүүнд нэгдсэн байдаг. Одоо бид дэлхийн сонгодог Симфони оркестрын бүрэлдэхүүн, орчин цагийн сонгодог буюу жазз стандартын хамгийн том бүрэлдэхүүн “Баян Монгол” чуулга, үндэсний сонгодог “Морин хуурын чуулга” гэсэн гурван том бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сонирхуулахад, театр, чуулгын бүрэлдэхүүн орон даяар 30 гаруй байдаг бол хөгжмөөр дагнасан байгууллага нэг л байдаг нь “Монгол Улсын Филармони” юм. Энэ ч утгаараа бид хөдөө орон нутаг, хилийн чинад гээд дотооддоо төдийгүй дэлхий даяар уран бүтээлээ хүргэхээр ажилладаг онцлогтой. Төр засгаас ч энэ тал дээр тасралтгүй анхаарч, хөгжмийн сангийн шинэчлэлээс эхлээд олон улсын томилолт, бодлогын баримт бичиг гээд тал бүр дээр байнгын туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэнд бид талархдаг юм.

Сүүлийн жилүүдэд гаргасан ололт амжилтуудаасаа дурдвал, “Баян Монгол” чуулга маань 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол, 2023 онд “Морин хуурын чуулга” маань мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг тус тус хүртсэн. Энэ нь “Монгол Улсын Филармони”-ийн хувьд яах аргагүй карьерын чухал хэсгүүд юм. Манай оронд сонгодог урлаг буюу симфони найрал хөгжим, орчин цагийн хөгжмийн урлаг үүсээд хэдийн 100 орчим жил болжээ. Энэ нь биднийг Симфони оркестрын бүрэлдэхүүндээ бүтцийн шинэчлэл хийж, одоо байгаа 60 хөгжимчинтэй хүний нөөцөө наанадаж 80 хүртэл өргөтгөх шаардлагыг үүсгэж буй. Иймд энэ тал дээр онцгой анхаарч, цаашид ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх, хүний нөөцийн тулгамдаж байгаа асуудлуудаа яаралтай шийдвэрлэх зэрэгт онцгой анхаарч ажиллах төлөвлөгөөтэй.

2. Та бүхний ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Захирал С.Баттулга: Манай байгууллага төр, түмний, гадна, дотнын улсын томоохон баяр ёслолд албан ёсоор оролцдог. Мэдээж гол үйл ажиллагаа болох өөрсдийн төлөвлөгөөт тоглолт, хөгжимчдийн бэлтгэл сургуулилтаа ч тасралтгүй явуулна. Жилд л гэхэд 30 орчим төлөвлөгөөтэй, 100 гаруй захиалгат тоглолттой байдаг. Товчхондоо баяр ёслол, шөнө оройн цагаар улам их ачаалалтай болдог хамт олон. Тиймдээ ч төрийн байгууллагын ажлын цагийг мөрдлөг болгодог ч бүх л цаг үед нэмэлт уян хатан хуваарилалт, зохицуулалт хийгдэхээс аргагүй байдаг.

Гурван оркестр маань дундаа нэг л тайзтай болохоор өглөөний цагаар урьд орой нь тоглолтгүй байсан бүрэлдэхүүнээ цуглуулж бэлтгэлд нь оруулна. Ингээд үдээс хойш нь дараагийнх нь гэх мэтээр өдрийн цагийг гурван хэсэгт хувааж төлөвлөн тайзны ачааллаа хуваарилдаг. Энэ хооронд Уран бүтээл, Үзвэр үйлчилгээний албаныхан тухайн өдөр тоглолттой чуулгууддаа мэдээлж, тоглолтруу нь инженер, техникийн ажилтнуудын хамтаар явуулах гэх мэт зохицуулалтыг ажил, амралтын өдөр гэхгүй гаргадаг. Манай өдрийн төлөвлөлтийн гол онцлог нь нэг удаагийн бэлтгэл болон тоглолтыг 80 минут хүртэл үргэлжлүүлээд нэг уртын амралт авах шаардлагатай болдогт байдаг. Учир нь өндөр давтамжтай, чанга дуу чимээтэй хөгжим дунд сууж буй хөгжимчдийн сонсголыг хэвийн хэмжээнд байлгах, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд цаг хэтрүүлж огт болдоггүй талтай.



3. Таны ажлын нөү-хау?

Ерөнхий удирдаач Д.Нямдаш

Бид жилдээ 4-5 шинэ тоглолт найруулан тавьдаг юм. Ингэхдээ одоогийн нөөц болох симфонийн бүрэлдэхүүнд тохирох зохиол эсэх, үзэгчид энэ бүтээлийг хүлээж авахад бэлэн эсэх гээд хэд хэдэн шалгуур тавьж сонголтоо хийдэг.

Ингээд хувьдаа зохиолоо боловсруулж эхэлнэ. Гоцлол дуучинтай эсвэл гоцлол хөгжимчинтэй эсэх, нэг бол зөвхөн оркестрын тоглолт уу гэдгээс шалтгаалаад ажиллах дараалал өөр. Удирдаач ажлаа дууссаны дараа төгөлдөр хуурчтайгаа тулж ажиллаад, дараа нь гоцлол дуучин эсвэл гоцлол хөгжимчинтэйгөө тусдаа бэлтгэл хийнэ. Араас нь тоглолтын найруулагчтай тоглолтын онцлог, дэглэлтээ тохирсны дараа оркестрын бүрэн бүрэлдэхүүнтэй бэлтгэлүүд эхэлдэг. Түүнээс цаадхыг буюу уран бүтээлийг үзэгчдэд хүргэх, үзэгчдийг угтах, тоглолт зохион байгуулахад шаардагдах дуу, техник, гэрэл зэргийг Уран бүтээл, Маркетинг, Үзвэр үйлчилгээний албад хариуцна даа.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Алтан-Од

Монгол Улсын Соёлын элч болох “Морин хуурын чуулга” маань үндэсний хөгжмийн урлагаа гадаад дотоодын үзэгчдэд сурталчлан таниулах чухал нөлөөтэй бүрэлдэхүүн. Тиймдээ ч сар тутамд томилолттой байдаг юм. Энэ тал дээр бид үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-тай хамтран ажилладаг. Бусад оркестр, чуулга ч ялгаагүй төрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ, төлөвлөгөөт болон захиалгат тоглолтоор байнга л нэгээс нөгөөд очдог онцлогтой. Энэ бүрдээ Филармонийнхоо том, жижиг автобусанд хуваарилагдаад явна даа. Ер нь бидний ажилд найдвартай, багтаамжтай тээвэр маш чухал. Тэгээд ч хөгжим гэдэг асар эмзэг, үнэтэй зүйл. Жирийн ачаанд өгч болдоггүй. Овор хэмжээ ихтэй хөгжмийн зэмсгүүдийг гэхэд заавал тусдаа нэг хүний суудал дээр зориулж авч явдаг тул тээврээс гадна хөгжмийн хамгаалалтын цүнх, хэрэгслүүд тун чухал. Хөгжим арчилгааны бүтээгдэхүүнүүд бас тусдаа. Түүний ачаар эдэлгээг нь уртасгаж, дуугаралтыг нь хадгалж чаддаг.

Сонирхуулахад, одоогоор манай Симфони найрал хөгжмийн оркестр-60, “Морин хуурын чуулга”-35, “Баян Монгол” чуулга-20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Өнгөрсөн онд бид 30 гаруй жилийн дараа төрийн дэмжлэгтэйгээр бүх хөгжмүүдээ шинэчлэхэд 130 орчим хөгжмийн үнэлгээ нийлээд гурван тэрбум 200 сая орчим төгрөг болох жишээтэй. Ингэхээр зарим хүмүүс “яагаад нэг хөгжим ийм үнэтэй байдаг билээ?” гэж гайхах нь бий. Гэхдээ, нэг модон үлээвэр хөгжмийн зэмсгийг л гэхэд дор хаяж 2-3 жил урладаг юм. Хэрэглээнд орсныхоо дараа бүр их эмзэг, нарийн хадгалалт, хамгаалалт, арчлалт шаарддаг. Сонгодог урлаг өндөр хөгжсөн улс оронд бол агаарын чийгшлийг нь хүртэл тооцсон нарийн стандарт дор хадгалдаг.

Мөн саяхнаас дотоод үйл ажиллагааны онцлогоос хамааран цаг бүртгэлийн “Timely” аппыг хэрэглэх болсон. Бүртгэл, хяналт гэхээс илүүтэй бидний хувьд бүх л дуудлага, зар, тоглолтын мэдээллийг хөгжимчдөдөө цаг алдалгүй хүргэх боломжтой болсон нь таалагдаж байгаа.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр

Гурван оркестрын бэлтгэл сургуулилт, тоглолтын хуваарь, үйл ажиллагааны хөтөлбөр, найруулга гээд өдөр тутмын үндсэн ажлын зохицуулалт, удирдлага хяналтыг Уран бүтээлийн алба хариуцдаг болохоор мэдээлэл дамжуулалт, харилцаа холбоо л нэн чухал байдаг. Байгууллагын амжилт багийн тоглолтоор л хэмжигдэнэ шүү дээ. Иймд Оркестрын бүрэлдэхүүнээс нэг нь л ирээгүй байхад тэр тоглолт, бэлтгэл сургуулилт бүхэлдээ амжилттай болох боломжоо алддаг тул хүн нэг бүрийг зөв, нэгдсэн мэдээлэлтэй байлгах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хэзээ, хаана, хэдэн цагт ямар хөтөлбөр тоглох, бэлтгэл сургуулилтын хугацаа, ямар бүрэлдэхүүн явах гээд бүгдийг тооцоолж, мэдээ дуудлагыг (уран бүтээлчдийн тухайн өдрийн ажлын хуваарь) гаргадаг. Тиймдээ ч мэдээллээ аппаар, дэлгэцээр, цаасаар, утсаар гэх мэт төрөл бүрийн аргаар явуулдаг. Ер нь манайх шиг өргөн бүрэлдэхүүнтэй хамт олонд шууд цаг хэмнэх гэхээс илүү цаг алдахгүй, төлөвлөлтөө эвдэхгүй, тодорхойгүй байдал үүсгэхгүй, бүгд ойлгомжтой байх нь л хамгийн том хэмнэлт болдог.



6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Г.Маралмаа

Уран сайхны зөвлөл, Захиргаа, удирдлагын хэлтсүүд хамтран өнгөрсөн жилийн ололт амжилт, алдсан зүйлсээ харгалзсаны үндсэн дээр ирэх оны тоглолтуудаа жилээр нь төлөвлөдөг. Үүнд Маркетинг, олон нийттэй харилцах албаны үүрэг ч мөн их. Бид төрөөс баримталж буй соёлын бодлогын хэрэгжилт гүйцэтгэлийг хангаж, олон нийтэд мэргэжлийн хөгжмийн уралгаар үйлчилдэг төрийн үйлчилгээний байгууллага. Энэ ч утгаараа яаралтай мэдээ, төлөвлөгөөт бус айлчлал, захиалга орж ирэх нь ойлгомжтой тул тэр бүрээ улирал, сар бүрийн цаглавартаа оруулаад явдаг.

Гадаад, дотоодын хамтын ажиллагааны ажлууд ч ялгаагүй. Тухайлбал, Төрийн дээд “Чингис хаан” одонт “Морин хуурын чуулга” маань дэлхийн олон орны том тайзнаа өв соёл, уламжлалаа сурталчлан таниулсан тоглолтуудыг хийсэн бол, өнгөрсөн онд Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулга маань ХБНГУ-н Бремен хотод зохион байгуулагдсан “JAZZAHEAD” олон улсын жазз хөгжмийн фестивальд Ази тивээс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй хамтлагаар (big band) амжилттай оролцоод ирсэн. Энэ их ачааллыг үр дүн болгохын тулд бид нөөцөө зөв хуваарилж, оновчтой төлөвлөх тун чухал байдаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр: Бид спортод их сонирхолтой. Гэвч хөгжимчдийн хувьд гараа гэмтээж болзошгүй тул хөгжмөөр хичээллэх шийдвэр гаргасан цагаас карьерын идэвхтэй үе дуусах хүртэл сагсанбөмбөг, гарбөмбөг гэх мэт спортоор хичээллэх шуудхандаа хориотой байдаг. Иймд сонголт их тодорхой болно л доо. Жил бүр байгууллага дундаа ширээний теннис, дартс, шагайн харваагаар спортын өдөрлөг зохиодог юм. Сүүлд и-спорт нэмэхээр болсон. Ажил дээрээ ширээний теннисний ширээтэй, завсарлагын үеэр түүнийгээ булаацалдах маягтай. Мөн хөгжимчдийн хувьд байнга чимээтэй орчинд байдагтаа ч юмуу чимээгүй орчноос эрч хүчээ сэлбэдэг гэлцдэг.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Г.Маралмаа: Манай байгууллага нэг хэлтэс, дөрвөн албатай. Үүний хажуугаар төрөл бүрийн зөвлөл бас бий. Ахмадын, Уран сайхны, Эцэг эхчүүдийн, Залуучуудын зөвлөл гэх мэт. Зөвлөл бүр өөр өөрийн зорилгын хүрээний ажлуудаа хариуцаад явдаг. Байгууллагаараа гэвэл төлөвлөгөөт тоглолтуудынхаа хажуугаар бид “Хөгжмийг хүн бүрд” төслийг 2021 оноос санаачлан хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Ингэхдээ алслагдсан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн багш, оюутнууд, бизнесүүдийн байгууллагуудад зочлон, тухайн хөгжмийн зохиолын утга, хөгжмийн зэмсгийн тайлбарт тоглолтуудыг үнэ төлбөргүй хийдэг юм.

Том зургаараа хөгжмийн урлагаар дамжуулан ирээдүйн үзэгчдээ бэлтгэж байгаа нэг хэрэг. Өнгөрсөн жилүүдэд нийт 85 мянга гаруй үзэгчдэд хүрсэн бол энэ жил бүтэн сарын турш нийт 2200 гаруй үзэгчид хамрагджээ. Онцлог нь, өмнө нь биднийг очихыг хүлээж үздэг байсан бол энэ жил үйлчлүүлэгчийн хувиар ирж, соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэх соёлд суралцаад, орчинд нь хөгжмийн бүтээлийг сонссон нь мартагдашгүй сэтгэгдлийг үлдээсэн болов уу. Мэдээж дараагийн жилүүдэд энэ төслөө улам өргөжүүлэх, соёлтой үзэгчдийг бэлтгэх, зах зээлээ өргөжүүлэх тал дээр анхаарч, баяжуулан зохион байгуулна.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Алтан-Од: Мэдээж үзэгчдийн алга ташилт бас гаднын олон хүмүүс манай орны соёл зан заншлыг хөгжмөөр дамжуулан сонирхон шохоорхох, танин мэдэхийг хүсэх нь их урам өгнө. Гадаадад амьдран сууж байгаа монголчууд маань бол нулимс цийлэгнэх нь бүү хэл бүлцийтлээ уйлчихсан ирээд “Эх орныг минь аваад ирчихэв үү л гэж бодлоо” гэнэ гээч. Урлагийн ажил хэцүү ч гэсэн энэ нь сайхан.

Сул тал гэвэл нийт хамт олноо төлөөлөөд хариулахад, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг юмуу даа. Өдөр бэлтгэлтэй, орой тоглолттой, баяр ёслолоор туслах нь бүү хэл бараа нь харагдахаа больдог хүмүүсийн хувьд гэр бүлдээ анхаарал хандуулах цаг хомстой.
Мөн манай байгууллага СТӨ-д нүүж ирээд 30 гаруй жил болж байна. Байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн байртай, стандарт тайзтай байж үзээгүй бидний хувьд энэ байраа түрээслэн ашигладаг юм. Ердөө 250 хүний суудалтай, жижиг тайзаа гурван мэргэжлийн чуулгад хуваан хуваарилах амаргүй. Гэтэл мэргэжлийн уран бүтээлчид өдөрт 6-8 цаг бэлтгэл хийх ёстой шүү дээ. Явцдаа олон улсад байдаг нийтлэг стандарт шиг Филармонио хотын төвийн нүүрэн эгнээнд байрлуулж, түүгээрээ бахархаж, орчныг нь тухтай, таатай байлгахад ач холбогдол өгч анхаардаг болох байхаа гэж найддаг.



10. Та бүхэн одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Ерөнхий удирдаач Д.Нямдаш: Бид энэ баасан гарагт Германы нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Феликс Мендельсоний мэндэлсний 215 жилийн ойд зориулан Монголд анх удаа гуравдугаар симфонийг тоглохоор сар гаруйн өмнөөс бэлтгэлдээ орсон. Ер нь Филармонийн тоглолтууд харьцангуй цөөн тоглогддог онцлогтой. Угаас ч мэргэжлийн хөгжмийн тоглолтын таашаан зорьж ирдэг үзэгчдийн хүрээ бүх цаг үедээ л цомхон, ойлгомжтой байж ирсэн. Аливаа нийгмийн сэхээтэн, дээдсийн зиндааныхны шинэ санаа олж, оюуны таашаал авах гэж ирдэг энэ төрлийн урлагийг олон тоглох гэж зүтгэх нь ч ганц агуулгын гэхээс илүү зохион байгуулалт талаасаа ч төвөгтэй хэрэг л дээ. Онцлог нь л тэр гэх юмуу даа. Энэ удаа ч бас ердөө ганц удаа тоглоно.

Мөн дөрөвдүгээр сарын 16-нд “Морин хуурын чуулга”-ын “Гранд Опера” тоглолт, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Дэлхийн жазз хөгжмийн өдөр”-т зориулан “Баян Монгол” чуулга тоглолттой байгаа. Тус тоглолтуудын бэлтгэл сургуулилалт хуваарийн дагуу сар гаруй өмнөөс хийгдээд явж байна. Дуусгаад л тухайн улирлынхаа шинэ тоглолтын бэлтгэл ажил руу орно доо.

11. Та бүхэн өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Ерөнхий удирдаач Д.Нямдаш: Мэдрэмж, багийн ажиллагаа л юмуу даа. Симфони оркестр, чуулга, хамтлаг гэдэг нь тэр чигээрээ багийн ажиллагаа. Хэчнээн мундаг 100 гоцлол хөгжимчин авч ирээд, нийлж суулгаад симфони тогло гэвэл түүн шиг худлаа юм байдаггүй юм. Учир нь нэг бүтэн оркестр бэлэн болоход дунджаар таван жил шаардагддаг. Хувийн эгогоо дарж, “би ганцаараа гоё тоглолоо гээд энэ багийг нураана уу гэхээс чимдэггүй юм байна” гэдгээ ойлгоод багийнхнаа гар, харцаар нь мэдрээд түүний нэг хэсэг байхад суралцахад ийм хугацаа шаардана гэсэн үг.

Олон улсад одоо стандартаараа нэг оркестр 120-200 хүртэлх хөгжимчний бүрэлдэхүүнтэй болсон. Харамсалтай нь бид сүүлийн 100 жилд гарсан дэлхийн сор болсон хөгжмийн бүтээлүүдээс маш явцуу хүрээнд буюу 60 хөгжимчин тоглож болох зохиолуудыг сонгож авахаас өөр аргагүйд хүрдэг юм. Харин ирэх жилүүдэд багтаан бүрэлдэхүүнээ өргөжүүлж 80-д хүргэх төлөвлөгөөтэй. Ингэснээр сурч хөгжих, илүү том бүтээлүүд барьж авах орон зайтай болно гэж бодож байгаа.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Аргил хийлч О.Найдан

Хөгжмийн тал дээр монгол хүний хувьд үндэсний сонгодгууд болох Ж.Чулууны “Уран хас”, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, Б.Шаравын “Монголын тал нутаг” бүтээлүүд болон Л.Мөрдорж тэргүүтэй алтан үеийнхний монгол сонгодог хөгжмийг заавал нэг сонсож үзээрэй гэх байна. Түүнчлэн З.Хангалын бичсэн “Танруу нүүж явна” болон “Салхит шувуу”, “Эрдэнэсийн уулс” бүтээлүүдээс гайхалтай мэдрэмж авч чадах болов уу.

Киноны тал дээр “Whiplash” кинонд дуртай. Филармонид ажиллаж буй хөгжимчид бүгд л 4-6 наснаасаа тухайн хөгжмөө тоглож ирсэн мэргэжилтнүүд байдаг. Тэр ч утгаараа хөгжимчдөд тулгардаг асуудал, шилдэг нь байх гэсэн хүсэл тэмүүлэл, хангалттай сайн байж чадахгүйгээс үүдсэн уур бухимдал, юу ч болж байсан тоглолтдоо амжиж очих ёстой гэдэг хариуцлага гээд энд гардаг олон зүйлийг өөрийн бие дээрээ мэдэрч үздэг болохоор дуртай.

Мөн Эннио Мориконийн бичсэн “Once Upon a Time in the West” киноны хөгжим, Жон Товнер Уиллиамсын “Jurassic Park”, “Indiana Jones” кино болон түүний хөгжмүүдийг сонсоод үзэхийг санал болгоё.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Үзвэр үйлчилгээний албаны дарга Б.Мөнхсүрэн

Зөвлөгөө гэдэгт хэлүүлж сонссон зүйлээс гадна харж анзаарсан зүйлсийг ч хамруулж ойлгож болох байх. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шанхайн филармонийн тоглолтын танхимтай танилцсан юм. Дотоод орчин, үзэгчдийн боловсролын тал дээр маш олон санаа авч ирсэн. Тэд хөгжимдийнхөө чадвараас гадна үзэгчдээ сонгодог урлагийн соёлд сургахын төлөө ихээхэн ажлууд хийдэг нь эрхгүй анзаарагдсан юм. Манай улсын хувьд 2014 онд батлагдсан Мэргэжлийн урлагийн байгууллагын орчинд зориулсан MNS 6476: 2014 стандарт бий.

Ирэх жилүүдэд бид байгууллагын дотоод үйл ажиллагаа, тоглолтын чанараас гадна үзэгчидрүү чиглэсэн соёлын ажлуудыг хийх бодолтой байгаа. Үүнд, тоглолтын танхимд идэж уух зүйлтэй ордоггүй, мэргэжлийн хөгжмийн тоглолт 80-90 минутаас ихгүй, дундаа заавал завсарлагатай байдаг (хүний сонсголын эрхтний ачааллаас шалтгаалан тогтоосон хугацаа), эгнээний голд суух үзэгчид тоглолт эхлэхээс бага зэргийн өмнө суудлаа эзлэх, хөгжим тоглогдож байх үед алга ташихгүй байх, бага насны хүүхдийг тоглолтод авч ирэхгүй байх гэх мэт олон зүйлс багтана.

14. Бусдад шидэх санаа?

Ерөнхий удирдаач Д.Нямдаш: Сонгодог хөгжим бол тансаг урлаг. Үүнийг мэдэрч, таашааж, ойлгож сурахад тодорхой хэмжээний цаг хугацаа, мэдлэг боловсрол, сайныг нь шилж сонсох гэсэн идэвх хэрэгтэй. Нэгэнт ойлгож мэдэрсний дараа харин хөгжим гэдэг урлагийн тоглолт төдий биш сэтгэхүйн хэрэгцээ, оюуны ачааллыг нимгэлэгч болдог онцлогтой. МЭӨ цаг үед хүртэл Ромын захирагчид театр барьж, Оросын эзэнт гүрэн анхны дууриа Италид захиалга өгөн байж бичүүлж, энэ тийш тэр хэмжээний хөрөнгө оруулдаг байсан нь ерөөс наргиж наадах зорилготойдоо биш шүү дээ. Урлагаар дамжуулж ард олноо ёс суртахуунтай, нэгдмэл хэлтэй болгон, нийгмийн хэм хэмжээнд сургаж, цаашид улсыг авч явах их сэтгэгчдийг урлагаар дамжуулан хөглөж, боловсруулахдаа л байсан хэрэг. Товчхондоо, сонгодог урлагийн үнэ цэнийг ойлгодог болсон газарт их сэтгэгчид төрж, нийгмийн хөгжил ойртож байдаг.