Өнөөдрийн дугаартаа бид Монголын анхны дундын оффисуудын нэгийг байгуулсан "SMS - Startup Marketing Space"-ийн хамт олныг урьж ярилцлаа. Монголын гарааны бизнес, инновац, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, олон олон залуусын хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэх гүүр болж буй тэд өдгөө дөрвөн жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд тэд есөн дүүрэг, 15 аймагт хүрч, бизнес эхлүүлэх хүсэлтэй залууст нийт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татахад нь тусалж, 778 ажлын байр шинээр бий болгосон байна. Зөгий шиг ажилсаг байхыг бэлгэдэж, өнгө төрхөө тодорхойлсон тус байгууллагаар зочилж, баг хамт олноороо хэрхэн ажилладгийг нь уншигчдадаа таниулахад таатай байна.
Байршил: Монгол, Улаанбаатар
Вэб: www.smscenter.mn
Сошиал: SMS - Startup Marketing Space (Facebook), SMS - Startup Marketing Space (Instagram)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Ж.Золзаяа
Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
Бид бол гарааны, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигчид, экосистемийг хөгжүүлэгчид, энтрепренерүүд. Асуудлын гарц олж, шийдэл эрэлхийлэх нь бидний ажил. 2013 оны үед бизнесийн олон сургалт, арга хэмжээ зохион байгуулах явцад бидэнд "SMS" төвийг байгуулах санаа сэдэл анх төрсөн.
Монгол залуусыг бизнес эрхлэхэд нь яаж бодитоор туслах вэ, олон гайхалтай бизнесийн шинэ санаа тээж буй залуусыг хэрхэн дэмжиж, гүүр нь болох вэ гэх асуултын мөрөөр өнөөдрийн "Startup Marketing Space" төсөл биеллээ олсон. Бид алсын хараагаа "Дэлхий биднийг танихыг хүсдэг үнэ цэнийг бүтээх” хэмээн тодорхойлж, шинэ мэдлэг, технологи, инновацыг бий болгоход бизнес эрхлэгчдэд гүүр болж, "3S" буюу "Share, Support, Solution" зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид Монгол төдийгүй олон улсын 100 гаруй түнш байгууллагатай хамтын ажиллагаа үүсгэж, олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, 95 улсад салбартай "Seedstars World" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр дөрвөн жил ажиллаж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлдэг “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Этүгэн энтрепренер”, “Сурагч энтрепренер” хөтөлбөр, “Dreamers” нэгдэл, “SMS фрайнчайз”, “Рокит” контент зэрэг төслийг амжилттай зохион байгуулж ирлээ.
Бид ажлын цагт баригдахгүйгээр, бүтээлчээр ажиллахыг эрмэлздэг. Ажилдаа дурлаж, ажлаараа амьсгалж, нэг зорилгын дор ажилладаг зөгийн бүл юм. Зөгийн бүх гишүүд хэн, юу хийхээ маш сайн мэддэг учраас хамт олноороо бахархаж, баярлаж явдаг. Бид энэ хугацаанд бизнесээ 0-1 болгож чадсан. Харин одоо 1-100 болгох үсрэнгүй хөгжлийн үе эхэлж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Д.Энхдэлгэр
Маркетингийн менежер, сургагч багш
Өглөө ажил дээрээ ирээд халуун кофе аягалж, хийх ажлын төлөвлөгөөгөө харахаас миний ажлын өдөр эхэлдэг. Манайхан үндсэн ажлын хажуугаар өөрсдийн сонирхсон төсөл, хөтөлбөр дээр ажиллах боломжтой байдаг тул миний хувьд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих стартап” хөтөлбөрийг удирдан ажилладаг.
Өдрийн төлөвлөгөөг нягталж дуусаад гол ажлууддаа орно. Өглөөгүүр тархи сэргэг байх үед хамгийн чухал ажлуудаа барьж, хоёр цаг орчим төвлөрч суудаг. Түүний дараа стартап эрхлэгчид, бизнес түншүүдтэйгээ товлосон уулзалтуудаа хийнэ. Цар тахлын нөлөөгөөр ихэнх уулзалт онлайн болж буй нь цаг хожих шийдэл болж байна. Ингээд цайны цагийн үеэр хамт олноороо цагийг өнгөрүүлж, эрч хүчээ сэргээх, багийн уур амьсгал бүрдүүлэх зүйлсийг хийхийг хичээдэг. Үдээс хойшдоо стартап хөтөлбөрийн үйл ажиллагаа хоёр цаг орчим үргэлжилсний дараа маркетингийн багаараа цугларч, санал бодлоо солилцох "brainstorm" хийдэг юм байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Б.Жавхлан
Партнер
Бид үргэлж шинэ төсөл, шинэ хамтын ажиллагааг бий болгохыг зорьдог тул сорилт бэрхшээлүүд алхам тутамд тааралдана. Эйнштейний “Төсөөлөл гэдэг мэдлэгээс ч чухал” гэх үгийг зарчим болгож, хийж буй ажлынхаа эцсийн үр дүн, оролцогч талуудад өгөх үр ашгийг төсөөлөн, схемчилж харахыг хичээдэг.
Бидний ажлын бүх шийдэл нь зах зээл, чадавх, санхүүгийн үндэслэлтэй байх ёстой. Түүнийг дагаж төслийн органик өсөлт, гүйцэтгэл бий болно. Хэрэв тийм төсөөлөл, схем байхгүй бол шийдвэр гаргахад, цаашлаад ажил урагшлахад урамгүй. Мөн алсын хараагаа зөв тодорхойлоогүй бизнес, төсөлд урт хугацааны үнэ цэн, хамтын ажиллагааны үнэт зүйл, тогтвортой өсөлт зэрэг нь бүрэн утгаараа бүрэлддэггүй гэж болно.
Энэ бүхнийг олохын тулд асуудлыг тодорхойлж, тоо статистик, шинжлэх ухааны өгүүлэл, хууль эрх зүй зэрэг 12 төрлийн нийтлэл тогтмол уншдаг. Ер нь, бүх зүйлийг тоогоор илэрхийлэхийг хичээдэг. Заримдаа олонд түгээмэл болсон зүйр цэцэн үг, уран зохиолын эшлэл зэргийн эсрэг тоогоор мэтгэлцэх сонирхолтой байдаг. Ингэх нь тухайн салбар, төсөлд мэргэжилтэн болохгүй байлаа ч ажлаа мэддэг экспертүүд, төслийн гол хүмүүстэй уулзаж ярилцах, зөвлөгөө авахад үр дүнтэй байдаг юм шиг санагддаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Б.Наранбаатар
Санхүүч
Стартапуудтай ойр ажилладаг учраас шинээр гарсан аппуудыг турших, түрүүлж мэдэх боломж гардаг. Би байгууллагын санхүү, оффисын үйл ажиллагааг хариуцдаг тул ажил хэргээ бүртгэх, хөтлөхөд зориулж оффисын програмууд болон "Google Drive"-ийг тогтмол хэрэглэдэг.
Ажлаас бусад үед гаднын хөрөнгийн биржээс мэдээлэл авах, арилжаанд орох зорилгоор Binance, Ard, Apex зэрэг санхүүгийн платформыг ашигладаг. Мөн сошиал платформуудаас Инстаграм, Твиттер хоёрыг, мэдээлэл авах зорилгоор Unread-ийг уншдаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Б.Саруулзул
Хөрөнгө оруулалт, санхүү хариуцсан захирал
Олон төсөл дээр зэрэг ажилладаг учраас ажлын үйл явцыг нь тогтмол хянах, мэдээллээс хоцрохгүй байх шаардлагатай байдаг. Тиймээс төсөл тус бүрд хийх ажлуудыг ангилж, хариуцсан менежерүүдтэй хамтран ажилладаг. Ажлаа төлөвлөхдөө аль болох бодитоор хэмжиж, үйл явцыг нь хянах апп хэрэглэнэ.
Хаанаас ч, хэзээ ч интернэтэд холбогдох боломжтой орчин цагт технологи ашиглан цагаа хэмнэх нь хамгийн оновчтой. Миний хувьд "Office 365" программыг ашиглан багийн гишүүдтэй холбогдож, төслийн чухал ажлыг нугалдаг. Мөн цаг үеийн мэдээлэл авахдаа тухайлсан сэдэв, асуудалд дүн шинжилгээ хийж, тайлан бэлтгэдэг чанартай вэб сайт, байгууллагад төлбөр төлж ашиглахыг илүүд үздэг. Гаднын томоохон банк санхүүгийн байгууллагууд дотоод нөөц боломжоо зөв зарцуулахын тулд төрөл бүрийн судалгаа, тайлан авч ашиглах нь түгээмэл.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Б.Анарцэцэг
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Гол ажлуудаа "Microsoft Excel" дээр улирал бүрээр төлөвлөж, тэмдэглэлийн дэвтэр дээр давхар буулган хуваарилдаг. Сүүлийн үед "Bullet Journal" ашиглан, уулзалт, мэдээллээ тэмдэглэх байдлаар аналог, дижитал технологийг хослуулан уян хатан төвлөхөд суралцаж байна.
Мөн долоо хоног бүр төлөвлөсөн ажлуудаа үнэлж дүгнэх нь чухал. Шийдэгдээгүй, хүлээгдэж буй ажлууд бүтээмж бууруулдаг тул жагсаалтаас хасдаг. Түүнчлэн нэг ажил дээр олон уулзалт хийх тохиромжгүй санагдаад байдаг. Болбол үдээс хойш уулзалтуудаа төлөвлөж, гараас гаргах чухал ажлуудаа өглөөний цагаар, бодож төлөвлөхийг нь орой хийдэг. Сүүлийн үед "Getting Things Done" системийг туршиж байгаа. Энэ нь бүх ажлуудаа системчилж ангилах арга. Жишээ нь хоёр минутаас бага хугацаанд хийх боломжтой ажлыг шууд хий гэдэг. За тэгээд багийнхантайгаа ажлын бүтээмжээ сайжруулах төрөл бүрийн арга, техникийн талаар санаа солилцож, туршдаг шүү.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Г.Ундармаа
Дизайнер
Залуу хүний хувьд аливаад хурдан, тууштай, санаачилгатай байхыг хичээж, үргэлж бусдаас суралцахыг эрмэлздэг. Хийх ёстой ажлынхаа ард нь гарахад үнэхээр сайхан байдаг шүү. Заримдаа ажил бүтэлгүйтэх, бүтээмжгүй байх үед багийнхантайгаа хамт кофе уунгаа ярилцах дуртай. Ийм үед мөн найз нөхөд, гэр бүлтэйгээ утсаар ярьж холбогддог.
Хүн бүрийн эрч хүчээ авах арга барил өөр байх. Миний хувьд аль болох завгүй байж, бусадтай идэвхтэй харилцаатай, ойрын хүмүүстэйгээ дотно харилцаатай байхыг чухалчилж, түүнээсээ л эрч хүч авдаг даа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Б.Анарцэцэг
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Нийгмийн олон асуудлыг шийдэхийн төлөө бизнес санаагаа бодит болгож буй үеийн залуустай нөхөрлөж, суралцахыг хичээдэг учраас ажлаас бусад үед олон нийтийн, сайн дурын ажилд цаг заваа түлхүү гаргадаг. Олон талын үзэл бодол, ажил мэргэжилтэй залуустай нэгдэж, нэг зорилгын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах нь урам зориг өгдөг. Бусдын сонирхол, үзэл бодлыг хүндлэх, ойлгох, хамтарч ажиллах тухайд "JCI" байгууллагаас үлгэрлэж байна. Мөн “Dreamers” нэгдлийн залуу энтрепренерүүдээс олон зүйл суралцаж байгаагаа онцлон дурдъя.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ж.Золзаяа
Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
Би ажилдаа үнэхээр дуртай болохоор одоог хүртэл ажил хийж байгаа гэж боддоггүй. Би нэлээд өөдрөг хүн. Том ажлын ард гараад гүнзгий амьсгаа авч, "Бид чадчихлаа шүү дээ" гэх мэдрэмж гайхалтай. Заримдаа олон ажил зэрэг амжуулах, хурдтай шийдвэр гаргах шаардлага гарахад аль болох түүртэлгүй ажиллахыг эрмэлздэг. Өдөр тутам олон уулзалт хийж, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ төслүүд хэрэгжүүлдэг болохоор хийж буй бүхэн минь сонирхолтой шүү.
Мөн төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажилладаг тул маш их дата мэдээлэл дунд ажилладаг. Тиймээс хэн, юу хийх хүсэлтэй, нөгөө талд хэн, юу хийж чадаж байна гэдгийг холбож, гүүр болдгоороо онцлогтой. Хамгийн сайхан нь нийгэмд эерэг өөрчлөлт, шинэ нөү-хау, гарааны бизнесийн соёлыг түгээх юм. Түүгээр дамжуулан цоо шинэ зах зээл, нөлөөлөл, ажлын байр, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож байна.
Нөгөө талаас, гарааны бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх нь зайлшгүй чухал. Дэлхийн олон орон гарааны бизнесийн эко системийг бүрдүүлэхээр олон сая долларын хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тогтвортой бодлогыг хэрэгжүүлж байна. Тэд ердийн санаанаас "unicorn" компани гаргахаар зүтгэж байгаа нь тэр.
Нэгэнт компани байгуулсан бол санхүү, менежментийн үйл ажиллагаандаа няхуур хандаж, чадвартай баг бүрдүүлэх нь чухал. Нөгөө талд, шийдвэр гаргагчид хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж, бодлогоор дэмжих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэхэд багагүй ахиц дэвшил гарч байгаа ч цаашид хийх зүйлс их байна. Тиймээс төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт ажиллаж, бизнесүүдийнхээ дуу хоолой болж, ажил хэрэгч санал, шүүмжлэлийг өгсөөр байх болно.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Т.Мөнхбаяр
Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Өнгөрсөн дөрвөн жил бидний хувьд хэл, хөлд орж буй балчир хүүхэд мэт бүх зүйл шинэлэг, соньхон байлаа. Одоо бид дараагийн шатанд гарч, илүү хурдан гүйдэг болохын тулд бизнес моделио шинэчлэх шаардлагатай. Миний хувьд энэ ажилд төвлөрч байна. Хөгжлийн дараагийн түвшинд гарахад хүний нөөц, хөрөнгө оруулалтын хэрэгцээ үүсэж буй тул урт хугацаанд хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагчдыг хайж байна.
Бусад ажлуудын хувьд, бид Монголд анх удаа стартап, энтрепренершиптэй холбоотой бүрэн хэмжээний үндэсний “Rockit” контентыг “Эрхэт монгол групп"-тэй хамтран өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор нийт найман дугаар гаргаж, II улирлын дугаарыг ирэх есдүгээр сард гаргахаар төлөвлөж байна.
Бид анх "SMS" төвийг байгуулахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтын оффисын сүлжээг бий болгох зорилт тавьсан юм. Энэ хүрээнд 2020 онд Дорнод аймагт анхны салбараа нээж, дараагийн хамтын оффисын франчайзыг орон нутагт байгуулах төслийг ирэх аравдугаар сард зарлахаар бэлтгэж байна. Ингэснээр орон нутгийн залуу бизнес эрхлэгчдэд шинэ мэдээлэл, сургалт, зөвлөх үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, үндэсний үйлдвэрлэл, орон нутгийн бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлнэ.
Харин гарааны бизнесүүдийг бойжуулах, хөгжүүлэх чиглэлд хоёр портфолио үүсгэн хөрөнгө оруулалтын болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн "Seedstars" олон улсын уралдаанд технологийн шилдэг стартапуудыг бэлтгэх, гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой залууст зориулсан "Aspire Launch Pad" хөтөлбөр гээд нийт 10 төсөл, хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Д.Энхдэлгэр
Маркетингийн менежер, сургагч багш
Маркетингийн менежерээр ажиллахын хажуугаар сургагч багш хийдэг учраас хувь хүний болон мэргэжлийн ур чадвараа тогтмол хөгжүүлж, тал бүрийн мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс ном унших, подкаст сонсох, англи хэл дээр кино үзэх зэргээр өдөрт багадаа 60 минутыг өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг. Энэ онд 24 ном унших зорилго тавьснаас одоогоор 16 ном уншжээ. Сард хоёр ном уншсан гэсэн үг.
Өөртөө цаг гаргаж чадахааргүй завгүй үе мэдээж тохиолдоно. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэхэд "цаг зав гарвал" гэсэн ойлголт байж болохгүй гэж боддог. Тэр цагийг өөрөө л зорьж төлөвлөж гаргахгүй бол өнөөгийн завгүй хэмнэлтэй амьдрал тийм боломж олгохгүй шүү дээ.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Г.Оюунгэрэл
Сургагч багш, чиглүүлэгч
Бид гишүүддээ зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь кино өдөрлөг юм. Сүүлд хамтдаа "Wonder" кино үзэж ярилцсан. Боловсролын систем, гэр бүл ба хүүхэд хоорондын харилцаа, ээжүүдийн мятаршгүй сэтгэлийн хүч, бусдыг ойлгох тухай олон зүйл бодогдуулсан бүтээл байсан. Би хувьдаа залууст "The Intern" киног санал болгомоор байна. Ялангуяа, гарааны бизнес эрхэлж буй залууст олон санаа сэдэл өгөх болов уу. Ер нь кино гэдэг аливааг суралцах, эргэцүүлэх талбар болдог учраас сэдэв дагнаж үзвэл илүү сонирхолтой байдаг.
Номын хувьд сүүлийн үед цар тахал бизнесийн салбарт хэрхэн нөлөөлж буй тухай элдэв ном, сэтгүүл сонирхож байна. Цар тахлын улмаас хүмүүс холбоо харилцааны ур чадвараа (soft skills) илүүтэй сайжруулах шаардлага үүсэж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ирээдүйд үнэ цэн нь нэмэгдэх ур чадварын жагсаалтад "Self management" буюу өөрийгөө удирдан зохион байгуулах чадвар тэргүүлж байна лээ. Үүнтэй холбоотойгоор сургалтын ажилдаа зориулж энэ чиглэлийн номуудыг түлхүү уншиж байна.
Тухайлбал, сүүлд Стэнфордын их сургуулийн багш доктор Келли Макгонигалын "The Willpower Instinct" гэх номыг уншсан. Сэтгэлийн тэнхээ гэж юу болох, хэрхэн өөрийгөө удирдаж, сэтгэлийн тэнхээгээ зөв залах тухай шинжлэх ухааны судалгаанд үндэслэн тайлбарласан бүтээл юм. Сэтгэлийн тэнхээ бол бидний хувьд хамгийн бага ашигладаг байж мэдэх чухал нөөц гэж бичсэн байсан.
Хөгжим бол миний хувьд тайвшрах, өөрийгөө идэвхжүүлэх гол сэдэл болдог. Аль нэг урсгал төрөлд баригдахаас илүүтэй тухайн үеийн мэдрэмждээ тааруулан хөгжим сонсдог доо.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Б.Ган-Эрдэнэ
Оффис менежер
Би анх 2017 онд оюутан байхдаа "SMS" төвийн нээлтийн үйл ажиллагаанд ирж хамт олонтойгоо танилцаж байсан юм. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд энэ төвд сайн дурын ажил хийж, энэ оноос оффис менежерээр ажиллаж байна. Ажилд орохын өмнө маркетингийн менежер маань "Их сургуулийн орчинд академик, онолын мэдлэг түлхүү авдаг бол ажлын талбарт практик мэдлэг хуримтлуулдаг юм шүү" хэмээн захиж байсныг мартдаггүй.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Т.Мөнхбаяр
Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чухал алхмуудын нэг нь хамтын ажиллагаа байх болно. Бид ганцаар асуудлыг шийдэх боломж хомс. Мэдлэг, ур чадвар ч бүх зүйлийг хийхэд хангалттай биш. Тиймээс бүх түвшинд хамтын ажиллагаа хамгийн чухал. Бизнес эрхэлж буй хэн бүхэнд тохирох түнш, хамтрагчаа олох нь том хөрөнгө оруулалт болно. Хамтын ажиллагааг хойш тавьснаас гарах сөрөг үр нөлөө, алдагдал их. Гэхдээ бусдаас тусламж, зөвлөгөө авахдаа хийж бүтээсэн ажил, туршлага, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нь харгалзан шийдвэр гаргах нь зүйтэй.
Мэдээж хэрэг бизнест өрсөлдөөн байх хэдий ч жижиг бус том талбарт өрсөлдөхийн тулд хамтын ажиллагааг чухалчлах нь олон боломж авчирна. Бид бизнесийг тань хурдасгах түнш байх болно.

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 202.126.90.115
Odoo ene hurdtai ved bol huraanguilsan saihan sanaag neg doroos abch boloh yum bna bayarlalaa
З Зочин 124.158.124.223
Zahiral ni huurhun ymaa. Gants biy ym bolov uu? Fb insta ni yu ym boloo? hehehe. Yag l minii sonirhdog busgui bna.