Манай ярилцлагын энэ удаагийн дугаарт цахим худалдааны цогц платформ болох Stora компанийн хамт олон оролцож байна. Тэд 2020 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өдгөө АНУ-ын Amazon, eBay, Apple, Sephora, Costco, Nike болон БНХАУ-ын Taobao, IKEA брэндүүдээс хэрэглэгчдийн хүссэн бараа, бүтээгдэхүүнийг захиалан авчирч байгаа билээ.

Ингээд тэдний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: MN Central Office, 12-р давхар
Эрхэлдэг ажил: Цахим худалдааны платформ
Цахим хуудас: stora.mn (Website), Stora (Facebook), Stora.mn (Instagram), Stora (LinkedIn), Stora.mn (X), Stora (YouTube), Stora (App)

1. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Гүйцэтгэх захирал О.Энхжин

Манай компани цахим худалдааны зах зээлд ая тухтай платформыг бүтээх зорилгодоо хөтлөгдөн 2020 онд үүсгэн байгуулагдаж байв. Тухайн үед хэрэглэгчид e-commerce буюу цахим худалдаа гэдгийг веб, апп төдийхнөөр ойлгодог байсан тул Монголынхоо зах зээлд Amazon, Taobao шиг платформыг бий болгоё гэж зорьсон. Ялангуяа нүдээр үзэж, гартаа бариагүй бараа, бүтээгдэхүүндээ яаж итгэн захиалах тал дээр айдастай байсан хэрэглэгчдийнхээ энэ асуудлыг цогцоор нь шийдэж, харилцагчийн үйлчилгээ талаас зөвлөгөө үзүүлэх, захиалгын бүх шатны үйл явцыг хянах, ирсэн даруйд нь түргэн шуурхай хүргэх гэх мэтчилэн конвинент буюу ая тухтай байлгах бүхий л нөхцөл боломжоор хангахыг эрмэлзэн ажилладаг.

Миний хувьд Сторад нэгдэхээс өмнө мөн ижил технологийн салбарт ажиллаж байсан туршлагатай ч яг e-commerce буюу цахим худалдааны чиглэлээр 2023 оноос эхлэн ажиллаж байгаа. Энэ бизнесийг бусад технологийн компаниудтай харьцуулахад нүсэр үйл ажиллагаатай гэж ойлгож болно. Эдтек, финтек компаниудыг бодвол технологи хөгжүүлэлтийн хажуугаар ложистик хэмээх асар том багана дээр тогтдог гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, нүүрэн талдаа манай платформ л хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд харагдаж буй ч цаад талдаа ложистик, ханган нийлүүлэлтийн сүлжээний олон ажил давхар өрнөж байдаг гэсэн үг.

Одоогоор 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр, АНУ-ын Amazon, eBay, Apple, Sephora, Costco, Nike, БНХАУ Taobao, IKEA брэндүүдээс хэрэглэгчдийн хүссэн бараа, бүтээгдэхүүнийг авчирч байна. Ташрамд дурдахад, бид энэ ондоо багтан БНХАУ-ын томоохон цахим худалдааны платформтой хамтын ажиллагаа эхлүүлэх гэж буй.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Санхүүгийн менежер Н.Хашбат

Би өглөө бүр ажилдаа алхаж ирдэг. Гэр маань ойрхон болохоор 15-20 минут л зарцуулдаг юм. Энэ хугацаанд тухайн өдрийн ажлын жагсаалтаа бодож, нэн түрүүнд хийх зүйлсээ төлөвлөдөг. Ажил дээр ирээд хамгийн эхэнд халуун кофегоо бэлдэж аваад банкны данснуудаа шалгадаг дадалтай. Үүний дараа цахим шуудан болон өнөөдөр хийх уулзалт, хурлын мэдээллүүдээ авна.

Өдрийн хоолны дараах 1-2 цагийг голчлон хуралд зарцуулдаг. Үлдсэн цагтаа эдгээр уулзалтаас гарсан ажлын гүйцэтгэлд анхаарна. Сониноос манай Premium группийн зүгээс хэрэгжүүлдэг уян цагийн хуваарь бидний бүтээмжид эергээр нөлөөлдөг юм шиг санагддаг. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд хүссэн цагтаа ирээд, орой 16:00-19:00 цагийн хооронд тарах боломжтой нь тухайн өдрийн ажил, амьдралын асуудлуудтай уялдуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ? 

Гүйцэтгэх захирал О.Энхжин

Санхүү, хүний нөөцийн баг

Менежмент, маркетинг суурьтай ажиллах хүчний хувьд өмнө нь би бизнес хөгжил тал руугаа түлхүү төвлөрч ажилладаг байв. Харин Сторагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэнээс хойш ажлын арга барил маань багагүй өөрчлөгдөхөд хүрсэн. Мэдээж технологийн салбар надаас тэгтлээ холдоогүй ч дээр хэлсэнчлэн тээвэр, ложистикийн талаар ойлгож, үүнийг зөв зүйтэй зохион байгуулахын тулд компанийн үйл ажиллагаанд илүүтэй төвлөрөн нарийн ажлуудад анхаарах сорилт бий болсон гэх үү дээ. Тухайлбал, манай бизнес тогтвортой явахын тулд төрийн болон зохицуулагч байгууллагууд, хил гааль, гаднын түншлэгчид, тээвэр ложистикийн компаниуд, хэрэглэгч үйлчлүүлэгчид гээд олон талууд нягт хамтран ажиллах шаардлага үүсдэг. Гагцхүү миний зүгээс энэ бүх үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой, үр дүнтэй явуулах ёстой.

Хамт олноо удирдан чиглүүлж яваа захирлын хувьд хөндлөн менежменттэй буюу дарга, цэргийн харилцаанаас ангид байхыг хүсдэг. Бид ухамсарт амьдралынхаа найман цагийг ажил дээрээ өнгөрүүлж байгаагийн хувьд стресс бухимдал багатай, сэтгэл ханамжтай ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэр ч утгаараа тухайн фронт дээр ажиллаж байгаа ажилтан санал санаачилгаа гаргаж, гагцхүү үзэл бодлоо нээлттэй илрэхийлэх нөхцөлийг нь удирдлага бүрдүүлж өгөх ёстой гэж боддог. Мөн нэг хүнээс гарах бүтээмжийг өндөр байлгахад анхаарч ажилладаг.

Хэдийгээр манай хамт олон чөлөөтэй харилцах нь чухал ч бизнес урагшлах ёстой тул хариуцлага, зарчим гэх хоёр ойлголтыг хүн бүр санаж явах хэрэгтэй. Ямарваа нэг үр дүнд тодорхой хугацаанд хүрнэ гэж зорьсон бол хүрэх л ёстой. Мэдээж зорилгоо биелүүлэхэд шаардагдах ур чадвар, өсөлт хөгжил, хувийн менежементийн асуудалд нь удирдлага хүн тусалж, зөвлөх нь чухал.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Технологи хариуцсан захирал, хамтран үүсгэн байгуулагч Л.Мөнх-Очир

Сторагийн системүүд бол манай ажлын амин сүнс. Эдгээр системийн үйл ажиллагаа тогтвортой байх нь ажил ахих гол түлхүүр. Миний хувьд түлхүү VS code програмыг код бичихдээ ашигладаг.

Бараа, бүтээгдэхүүн захиалахаас гадна манай сервис яаж ажиллаж байгааг харах зорилгоор Сторагаа маш идэвхтэй хэрэглэдэг. Мөн iPhone-ийн Notes дээр хийх ажлын жагсаалт, дараа нь заавал санах ёстой ажлуудаа бичнэ. Олон үйлдэл хийдэггүй болохоор их таалагддаг шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Г.Бямба-Оюут

Хэрэглэгчдийн зүгээс цаг хугацаагаа хэмнэж, зорьсон ажлаа хурдан бүтээхийн төлөө манай Стораг сонгодог нь лавтай. Нөгөөтээгүүр, бид ч тэдэнд шуурхай үйлчилгээ үзүүлэхийн төлөө цаг нартай уралдаж ажиллах ёстой учраас ажлын тал дээр дараах хоёр зарчмыг баримталдаг.

Нэгдүгээрт, тодорхой байдал. Бүх түвшний ажилтнуудыг нэгдсэн ойлголтод хүргэснээр асар их цаг хэмнэх боломжтой.

Хоёрдугаарт, оновчтой төлөвлөлт. Аливаа төсөл, хэрэгжүүлэх ажил маань төлөвлөлтийн дагуу явж чадвал цаг хэмнэнэ. Ялангуяа технологийн компани гэдэг утгаараа энэ давуу талаа ашиглаж, төсөл бүр дээр agile буюу хурдтай, уян хатан байхыг хичээдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?  

Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Болор-Эрдэнэ

Хэрэглэгчдийн захиалсан барааг товлосон хугацаанд хүргэж өгөх нь манай үйл ажиллагааны маш чухал хэсэг. Мэдээж үүнийг сайтар төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал, миний хувьд өдөр тутмын ажлаа цаглавар болон тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг юм. Манай хамт олон ч бас өөрсдийн хэрэглэдэг төхөөрөмж, апп, програмууд дээр сар, долоо хоног, өдөр өдрөөр нь төлөвлөн ажилладаг.

Мөн бид 14 хоногтоо нэг удаа бүх багаараа цуглаж, хийсэн ажлынхаа үр дүн, алдаа оноог ярилцдаг. Ингэснээр цаашдын ажлуудаа оновчтой бөгөөд үр дүнтэй төлөвлөхөд туслахын зэрэгцээ, ойлголтоо нэгтгэхэд дөхөм болдог юм.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ахлах нягтлан бодогч Д.Болор

Миний хувьд бясалгал, йога хийх дуртай. Эрч хүч сэлбэгдээд, сөрөг бодол, мэдрэмжүүд алга болж, ажилдаа төвлөрөхөд тусалдаг юм. Мөн манай группийн хэмжээнд сар бүр Happy Friday арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр хамт олонтойгоо чанартай цагийг өнгөрүүлдэг.

Харин Стора дотроо сар бүр хүний нөөцийн идэвхжүүлэх үйл ажиллагаануудыг зохиож, тухайн сард тохиож буй тэмдэглэлт баяртай уялдуулах эсвэл гишүүдээ идэвхжүүлэх үүднээс боулинг, Movie night зэргийг зохион байгуулдаг. Жишээ нь энэ сард Halloween-ий баярыг тэмдэглэх гэж байгаа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Харилцагчийн зөвлөх С.Дана

Ажлынхаа хажуугаар хобби болгосон зүйл маань сормуус, маникюр хийх. Одоогийн ажлаас тэс өөр салбар, шал ондоо ажил ч гэлээ авч байгаа мэдрэмж нь ижил гэж хэлж болох юм. Эмэгтэйчүүд өөрийнхөө гоо сайханд анхаарч, авч байгаа үйлчилгээндээ сэтгэл хангалуун байвал цаанаасаа гэрэлтээд, урам зоригтой болдог шүү дээ. Үүний адилаар манай Стораг сонгосон хэрэглэгчид хүсэж, мөрөөдсөн зүйлсээ богино хугацаанд, баталгаат сувгаар авахын зэрэгцээ миний хувьд гарсан асуудлыг нь шийдвэрлэхэд хамгийн ойр ажилладаг. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч, асуудлыг шийдвэрлэх нь ажиллах эрч хүч маань болдог юм.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Технологи хариуцсан захирал Л.Мөнх-Очир

Бид 2020 онд анхны хөл хорио тогтоосон үеэс 14 хоногийн дараа байгуулагдсан компани. Вэбсайтынхаа анхны хувилбарыг гаргахдаа бүхэлдээ зайнаас ажиллаж таарсан. Гэсэн хэдий ч хэрэглэгчдэд хамгийн хялбар, ая тухтай, нэг дор хүссэн бүх үйлчилгээгээ авах боломжтой цахим худалдааны платформ байгуулах зорилгынхоо төлөө явсаар өдийг хүрчээ. Хамтран үүсгэн байгуулагчийн хувьд энэ бүх үйл явцад өөрөө оролцсон учраас хамт олноо энэхүү зорилгоос няцаагүй гэдгийг баттай хэлж чадна.

Үйлчлүүлэгчидтэй харилцах, ачаа бараа тээвэрлэх ложистикийн асуудлуудыг технологиор хөнгөвчилж, шийдэж байгаа нь миний ажлын хамгийн том онцлог бөгөөд эерэг сайн тал нь болов уу гэж бодож байна. Технологигүйгээр хийж болох ч цаг хугацаа хэмнэх, үр бүтээмжтэй байх, илүү хялбаршуулахад технологи л тусалдаг.

Бэрхшээлтэй тал гэвэл технологиор шийдэж болохгүй зүйлс гэж хэлнэ. Жишээ нь хоёр компьютер хоорондоо технологийн хэлээр харилцаж болох ч хүнтэй харилцаад ирэхээр хөрвүүлэх шаардлага гардаг. Мэдээж тодорхой хэмжээнд технологиор хөнгөвчилж болох ч хэрэглэгчдийн гарт захиалсан барааг нь хүргэж өгөх ажлыг технологи бүрэн хийж чадахгүй шүү дээ.


Технологийн баг

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Болор-Эрдэнэ

Бидний харилцагчийн үйлчилгээний бодлого, үйлчилгээний журам, хэрэглэгчдэдээ хэрхэн үнэ цэн өгөх, яавал илүү сэтгэл ханамжтай байлгах вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байгаа. Мөн Store for Good төслийг арваннэгдүгээр сараас хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү төсөл нь эд зүйлсийнхээ насжилтыг нэмж, эх дэлхийгээ хайрлах зорилготой бөгөөд хүүхдийнхээ тоглохоо больсон тоглоом, өмсөхөө больсон хувцас, уншихаа больсон номыг Stora box-уудад байршуулах юм. Өөрөөр хэлбэл, өөрийн ашигладаггүй эд зүйлсээ байршуулж, эргээд хэрэгтэй зүйлсээ солилцож авч болно гэсэн үг.


Үйл ажиллагаа, харилцагчийн үйлчилгээний баг

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Миний хувьд хамт олноо үр дүнтэй удирдах, баг хоорондын харилцааг тодорхой байлгахад төвлөрөх үүрэгтэй. Тиймдээ ч ямагт бусдадаа үлгэр жишээ байж, тэдэнтэй ил тод, нээлттэй харилцахын сацуу гарсан асуудлыг цаг тухай бүрд нь шийдэхийг хичээдэг.

Сүүлийн үед үйл ажиллагааны менежерийн зүгээс сая хэлсэн шаардлагуудаа хангах болон компанийн урт хугацааны төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа нягт уялдуулахын тулд захирлуудын хуралд сууж байгаа. Эдгээр хурал нь байгууллагын алсын хараа, стратеги зэрэг бид хамтдаа юуны төлөө зорьж, хичээн ажиллах ёстой вэ гэдгийг тодорхой ойлгоход тусалдаг юм. Улмаар өдөр тутмын ажлуудаа тэрхүү зорилго руу чиглүүлж, илүү үр дүнтэй ажилладаг гэх үү дээ.


Үйл ажиллагааны менежер О.Бат-Оргил

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Номын тухайд Don Miguel Ruiz хэмээх мексик зохиолчийн “Хайрлах урлаг” номыг санал болгоё. Энэ бүтээлд бусдыг аз жаргалтай байлгахын тулд хариу нэхэлгүй хайрлаж, хичээх хэрэгтэй буюу энэ нь эргээд таныг ч мөн адил аз жаргалтай болгодог тухай өгүүлдэг юм. Миний хувьд оюутан болоод анх уншиж байсан. Түүнээс хойш энэ зарчмыг амьдралдаа баримтлахыг хичээж байгаа. Сторагаар захиалах холбоос нь энд бий.

Сүүлийн үед манай компани хурдан, эрчтэй ажиллахыг шаардаж байгаа учраас тэр хэмнэлдээ орохын тулд итали босогчдын дуу болох “Bella Ciao”-г сонсож байгаа. Нэг талаараа бид баатарлаг үйл хийж байгаа болохоор энэ дууг өндөр давтамжтай сонсож байгаа шүү.

Үзэж буй контент гэвэл Netflix-ийн Car Masters: Rust to Riches гэх реалити шоуг алгасахгүй байгаа. Тогтмол хөдөлгөөн хийж чадахгүй байгаа болохоор ч тэр үү ядаж эрч хүчтэй хөдөлж байгаа хүмүүсийг үзье гэж бодсон.


Ахлах хөгжүүлэгч Г.Золжаргал

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ахлах нягтлан бодогч Д.Болор

“Аливаа асуудлыг том зургаар нь харж, шийдэл олох хэрэгтэй. Ямар ч бэрхшээлд үргэлж гарц гаргалгаа байдаг учраас шантарч, бууж өгөлгүй басхүү сэтгэл хөдлөлөөрөө хандалгүй давж гарах нь чухал шүү” гэдэг зөвлөгөө санаанд орж ирж байна. Мөн одоогийн удирдлагын зүгээс сониуч байж, мэдлэг чадвараа улам тэлэхийн төлөө мэрийж ажиллах хэрэгтэй хэмээн зөвлөдөг нь их урам зориг өгдөг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Ахлах хөгжүүлэгч Г.Золжаргал

Visual pollution гэх ойлголтыг судлаад үзээрэй. Бидний өдөр тутам харж байгаа олон янзын зүйлс тархийг маань тодорхой хэмжээнд ядраадаг. Тиймээс стресстэж, ядрах асар их шалтгаан дунд амьдардаг өөрсдийнхөө хянаж чадахуйц зүйлсэд өөрчлөлт хийж, ажил, гэрийн алинд ч хэрэггүй эд хогшлоо цэгцлээрэй.


Бизнес хөгжил, маркетингийн баг