Олон янзын хэл соёл, зан заншилтай дэлхийн иргэдийг цаг хугацаа, орон зай үл хамааран холбодог цорын ганц гүүр бол дуу хөгжим. Хүний сэтгэлээс урган гарах тэрхүү мэдрэмж өөр нэгний зүрхний утсыг хөндөнө гэдэг, тэр л хөг эгшгийг бүтээж, түгээж чадах нэгэн байна гэдэг юутай гайхалтай бас азтай.
Бидний өнөөдрийн зочид бол ийм хувь заяандаа хөтлөгдөн эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа The HU хамтлаг. Өнөөдөр бол тэдний өдөр. Учирлаваас, метаверсд уран бүтээлээ толилуулж, урлаг технологийн хоршлын түүхэн үйл явдлыг бүтээж буй анхны хамтлаг болж байгаа тэд “Rumble of Thunder v1.1” нэртэй тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж байна.
Бидэнд тоглолтынх нь өмнө тэдэнтэй уулзах завшаан тохиосон юм. Ингээд The HU хамтлагийн төлөөлөл болсон дөрвөн гишүүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
“RUMBLE OF THUNDER V1.1” ТОГЛОЛТЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ.
Байршил: Цэнтрал Тауэр, 17-р давхар
Сошиал хуудсууд: thehuofficial.com (Веб), The HU (Фэйсбүүк)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах

Би Хөгжим, бүжгийн коллежийг морин хуурч, СУИС-ийг Урлаг судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Хамтлагийн гишүүд маань бие биеэ олон жилийн өмнөөс мэддэг найзууд, ах дүүс байсан тул нэг хамт олон болоход төдийлөн урт хугацаа шаардаагүй. Харин The HU хамтлагийг бүтээж, гаргаж ирэхэд чамгүй хугацааг зарцуулсан.
МУГЖ Б.Дашдондог ах биднийг продюсерлэж, 2016 онд анхны уран бүтээлээ гаргаж байлаа. Түүний найман жилийн уйгагүй судалгаа, нөр их хөдөлмөрийн дараа манай хамтлаг бүрдсэн гэж хэлж болно. Хөгжмийн төрөл талаасаа бид дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ түүхийг бичих зорилгоор монгол үндэсний хэв шинжийг барууны рок урсгалын хөгжимтэй хоршуулан “Хүннү рок” хэмээх шинэ жанрыг бий болгосон. Хамтлаг бол өдөрт хэд хэдээрээ гарч ирж, эсвэл үгүй болж болох ч хөгжмийн урсгал тийм ч амар бүрэлдэн тогтдоггүй. Тиймээс далайцтай зорилго, даацтай уран бүтээл хийх нь бидний жанжин шугам. Манай хамтлаг “Yuve Yuve Yu” дуугаараа 2019 оноос дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Одоогоор нийт хоёр цомгийн 22 орчим уран бүтээлийг сонсогч олны хүртээл болгосон байна.
Бид хамгийн анхны тоглолтоо өсөж төрсөн эх орон, гал голомтоосоо эхэлж байв. Дэлхийн олон орон, хот, мужуудаар аялан тоглолтоо хийсэн байна. 2022 он гэхэд л алдарт Coachella наадмаар эхэлж, бид нийт долоон сарыг замд өнгөрүүлсэн байх жишээтэй. Энэ зуур ЮНЕСКО-гийн хүндэт шагналыг ч хүртэж, дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болоод амжсан.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Хамтлагийн бөмбөрчин Г.Одбаяр

Аялан тоглолттой байгаа үед мэдээж завгүй өнгөрдөг. Тогтсон цагийн хуваарийн дагуу нэг өдөрт хийх ажлууд маань урьдаар тодорхой болчихдог учраас түүнийхээ дагуу хариуцлагатай ажиллахад болно. Ерөнхийдөө тоглолт эхлэхээс өмнө зайлшгүй хөгжмийн дуугаралтаа шалгаж, туршиж үзэхээс эхлээд л ажил хөвөрнө дөө.
Харин тоглолтоос бусад үед шинэ уран бүтээл, цомог, төсөлдөө төвлөрдөг. Өнгөрсөн хугацаанд метаверс дэх тоглолт, ирэх зургаадугаар сард эхлэх Европын аялан тоглолтод илүүтэй төвлөрч ажилласан. Өдөрт дунджаар найман цагийг бэлтгэлд зарцуулдаг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах
Продюсер Б.Дашдондог ах бол манай хамтлагийн гол амин сүнс нь. Хамтлагийн имиджээс эхлээд уран бүтээл хүртэлх бүх зүйлд түүний философи нэвт шингэсэн байдаг. Харин бидний зүгээс бүтээлээ энэхүү мөн чанартай нь холбож туурвихыг хичээнэ. Илүү дэлгэрүүлбэл, Дашка ахын гаргасан утга санааг хөгжүүлж, манай хамтлагийн Н.Тэмүүлэн хөгжмийн найруулга дээр ажиллана, морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан маань нэмэлт элементүүд гаргаж ирнэ гэх мэт бүгдээрээ л тал талаас бүтээлч санаануудаа нэгтгэдэг. Ингэж энэ бүгдийн нийлэмжээс сая нэг чанартай дуу хөгжим гардаг гэсэн үг.
Нэг талаараа урлагийн салбар хагас цэрэгжилтийн байдал буюу сахилга батыг шаарддаг болохоор ямагт төлөвлөгөөнийхөө дагуу хариуцлагатайгаар ажиллах зарчмыг баримталдаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан

Logic Pro, Pro tools зэрэг программуудыг дуу хөгжим бичихдээ ашигладаг. Мөн үүнээс гадна гар утасны дуу хураагуур маш их хэрэг болдог. Шинэ хөгжмийн санаагаа мартахгүйн тулд тухай бүрд нь бичиж авах хэрэгтэй. Хурдан бас хэрэглэхэд хялбар.
Харин өдөр тутмын амьдралдаа замын түгжрэлээ тооцоолох үүднээс Google Maps-ийг тогтмол хэрэглэж байна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хамтлагийн базз гитарчин Б.Нямдаваа

Сайн төлөвлөлтөөс л эхэлнэ дээ. Ажил ихтэй байна гээд ар гэрээ орхигдуулж болохгүй. Хувийн амьдралдаа анхаарч байна гээд ажил албаа цалгардуулж болохгүй. Тэгэхээр маш сайн зохион байгуулалттай байж, том зургаар нь төлөвлөх хэрэгтэй. Мөн цагийн юмыг цагт нь хийчихдэг байвал их цаг хэмнэнэ. Хойшлуулсан ажил дараагийн төлөвлөгөөнд чинь л саад болно уу л гэхээс нэмэр болохгүй нь мэдээж.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах
Хамтлагийн тухайд жилийн өмнөөс бүх ажлаа нарийн төлөвлөж гаргадаг. Шинэ цомог, тоглолт, оролцох үйл ажиллагаа зэргийг манай менежментийн багийнхан бүтэн жилийн өмнөөс бэлдэнэ.
Хувь хүн талаас айхтар бичиж тэмдэглэдэггүй ч тухайн жил, сар, долоо хоногуудад хийх ажлаа ерөнхий том зургаар нь харчихдаг. Мэдээж уран бүтээлч хүмүүсийн хувьд хамгийн чухал нь шинэ дуу хөгжим учраас цаг гарвал уран бүтээлдээ төвлөрч, төлөвлөдөг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан

Аялан тоглолттой үед сул чөлөөтэй цаг л гарвал хамтлагийнхаа гишүүдтэй хөгжилтэй зүйлс ярьж инээлдэх дуртай. Тийм мөчүүдээс эрч хүчээ эргэн олж авдаг гэх үү дээ. Үүнээс гадна Монголдоо байгаа үед байгалийн сайханд гарч, төрсөн нутгаа зорин уул ус, мал ахуйтайгаа ойр байдаг.
Хамтлагийн бөмбөрчин Г.Одбаяр

Дуртай ажлаа хийж байгаа болохоор тэгтлээ хэцүү санагдах зүйл ховор. Миний хувьд тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэх, тэр уран бүтээлийг сонсоод баярлан хөөрч байгаа олон мянган үзэгчийн нүдийг хараад л бүх ядралаа ор тас мартчихдаг. Уран бүтээлч хүмүүсийн ажил мэргэжлийн азтай ч гэмээр хэсэг нь энэ юм болов уу.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Хамтлагийн базз гитарчин Б.Нямдаваа
Миний хувьд сүүлийн үед усан сэлэлтээр хичээллэх сонирхолтой болоод байгаа. Энхсайханы маань тухайд өөрөө өөрийгөө олох бясалгал гэж нэрлэгддэг жүжицүгээр хичээллэж байх жишээтэй. Одбаярын хувьд пянз цуглуулах сонирхолтой болсон гэх зэргээр гишүүн бүр үндсэн ажлынхаа хажуугаар хоббигоо хөгжүүлдэг.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудад оролцдог. Сүүлд гэхэд л АНУ-ын алдарт Metallica хамтлагийн “Black” цомгийн 30 жилийн ойд зориулан гаргасан тусгай цомогт өөрсдийн дуу хоолойгоо мөнхлөх завшаан тохиож, үүнээс олсон ашгаа тэр чигт нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр тохиодог Монголынхоо “Өгөх өдөр”-т хандивласан.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах

Уран бүтээл, өнгө төрхөөрөө дамжуулан Монгол өв соёл, зан заншлыг дэлхийд сурталчлан таниулж байгаа нь бидний ажлын хамгийн том онцлог гэж бодож байна. Маш олон хүн The HU хамтлагаар манай улсыг танин мэдэж, лавшруулан судалж, зорин очихыг хүсэж буй нь бидний бий болгож байгаа үнэ цэн, бидний оршин байгаа нэгэн утга учир болов уу. Үүгээрээ ч бахархаж, омогшдог.
Тангараг өргөсөн эмч, цагдаа гэдэг шиг манай мэргэжил ч мөн хүн ардыг хөгжөөн цэнгүүлэх, баяр баясал мэдрүүлэх зайлшгүй үүрэгтэй. Тэр ч утгаараа эерэг сайн талыг нь дурдаад дуусашгүй. Бидний дуу хөгжмийг сонсоод аливаад цөхөрч шантарсан, туйлдаж мухардсан, өвдөж зовсон хэн ч бай дотор хүчирхэг сүнсээ сэрээж, урам зоригоор цэнэглэгдэж, тэтгэгдээсэй гэж хүсдэг. Энэ бүх үзэл санаа бидний уран бүтээлд шингэсэн байдаг юм.
Харин хэцүү бэрхшээлтэй талын тухайд цаг зав багатай, урт хугацаагаар гэр бүлээсээ хол замд өдөр хоногуудыг өнгөрүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Сэтгэл санаа болон бие махбодын хувьд асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Гагцхүү ийм үед хувь хүний зохион байгуулалт чухал.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан

“Rumble of Thunder v1.1” метаверс дэх тоглолтдоо бүрэн төвлөрсөн байна. Энэ тоглолт нэг талаас урлаг, технологийн хоршил болж, Монголын дуу хөгжмийн ертөнцөд шинэ хуудсыг бичиж байгаа бол нөгөө талаас бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлыг нэхэн санах, орчин цагийн амьдралтайгаа нийцүүлэн ухамсарлах даацтай санааг дайж байгаа. Тэр тусмаа бид эх дэлхийгээ хайрлах, эцэг эхээ хүндлэх тухай уран бүтээлээрээ дамжуулахыг хүссэн. Бидний хэлэх гэсэн утга санааг ч технологийн хүчээр маш чадварлаг илэрхийлсэн гэж бодож байна. Тоглолт нийтдээ 60 минут үргэлжилнэ.
Энэхүү тоглолт Ард Санхүүгийн Нэгдлийн дэмжлэгтэйгээр ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, МОСТ Финтек, ГрэйпСити, Дайвэрс Солюшнс, idax, МетаФорс, Ард Бит, Ард Арт, Монгол ДиФай зэрэг технологи, санхүүгийн компаниуд хамтран ажиллаж байгаа гэдгээрээ онцлогтой.
Үүнээс гадна ирэх зургаадугаар сараас Европын аялан тоглолтоо эхлэх гэж байна. Энэ удаа өмнө нь оролцоогүй хөгжмийн наадмуудад оролцохоос гадна бие даасан тоглолтуудаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн ирэх намраас АНУ-ын аялан тоглолтоо эхлэхээр төлөвлөсөн байна. Шинэ уран бүтээлийн тухайд гурав дахь цомгийн дуунууд дээрээ ид ажиллаж байгаа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан
Мэдээж хөгжимчин хүн учраас чадвараа тогтмол хөгжүүлэхийг эрмэлздэг. Шинэ техник зохиохоос эхлээд аль болох өөрийгөө сорих дуртай. Мөн морин хуураас гадна гитар тоглож, нэмэлт техникүүд сурахыг хичээнэ. Харин хувь хүн талдаа сүүлийн үед адууг шинжиж сурахаар амьтны анатоми судлалд сонирхолтой болоод байгаа.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Ц.Галбадрах: “Монголын нууц товчоо”-г хүн бүр заавал уншаасай гэж санал болгомоор байна.
Б.Энхсайхан: Дууны тухайд хоёр дахь цомгийн “Sell the World” уран бүтээлээ санал болгоё. Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хайрлахгүй бол асуудал улам томорч, даамжирсаар байна. Та бүхнийг энэ бүтээлийг чин сэтгэлээсээ чих тавин сонсохыг хүсье.
Б.Нямдаваа: Кино гэвэл бүх цаг үеийн сонгодог бүтээл болох “Загалмайлсан эцэг” киног үзээрэй. Миний хувьд гурван ангийг нь жилдээ нэг удаа үздэг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан
“Өөртөө үнэнч бай” гэсэн зөвлөгөөг байнга санаж явдаг. Алдсан ч, оносон ч миний л алдаа, миний л амжилт. Үр дүн яаж ч гарсан би эцсээ хүртэл өөртөө үнэнч байж, гаргасан шийдвэртээ бат зогсож чадсан гэдэг нь чухал.

Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах
Би Б.Лхагвасүрэн агсны “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үеэр хэлсэн “Бодол хүрсэн газар бие хүрдэг” гэх үгтэй тун санал нийлдэг. Аливаа ажлыг эхлэхийн өмнө бодно, сэтгэнэ, мөрөөднө. Тэгж байж л биеллээ олно шүү дээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан
Нэгдүгээрт, байгаль эхээ хайрлаарай.
Хоёрдугаарт, хүн шиг хүн баймаар байна. Техник технологийн хурдацтай хөгжил, нийгмийн зав чөлөөгүй өдөр хоногууд хөвөрч байгаа энэ үед хүн бүр л сайхан амьдралыг хүсэх нь гарцаагүй. Гэлээ гээд бусдын амьдралд төвөг удаж, нэгнийхээ мууг үзэхгүй, хүн чанартай байх нь чухал. Бид бие биедээ дэм, тустай явах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих (2)


Z Zochin 202.21.108.58
Сайхан арга хэмжээ зохион байгуулжээ. Мэдээний шинэ хандлагыг тодорхойлж бдаг Дата дуранд амжилт хүсье
З Зочин. 103.50.206.95
Гоё ярилцлага байна. Та нартаа улам их амжилт хүсье. Бахархдаг шүү. Англи руу орчуулаад тавиасай. Гадаадын олон фенүүд нь уншвал.