Гитарын хурдан хэмнэл, бөмбөрийн зөөлөн товшилтоороо Монголын амьд хөгжмийн ертөнцөд сэтгэл сэргээм тод өнгө, өвөрмөц аяс оруулсан тэднийг үргэлж дулаахан, тайван, аз жаргалтай гэх мэт үгс дагадаг шиг санагдана. Сэтгэл хөдөлгөж, мэдрэмж хөглөсөн бүтээлүүдээрээ бараг л жил бүрийн “Playtime” наадмын оргил цэг болж, хүсэл тэмүүллээрээ гэрэлтүүлж яваа тэднийг энэ удаа буландаа урилаа. Энэ бол “The Colors”. Үргэлж шинэ өнгө төрх, уран бүтээл хүргэдэг тэдэнтэй сонсогчид нэгэнт 10 өвлийг “дулаан” угтжээ. Ирэх сарын 4-нд #BLUE хэмээх бие даасан тоглолтоо хийх гэж буйтай холбогдуулан тэдний ажлын хэмнэл, арга барилыг сонирхсон юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Байгуулагдсан он: 2010
Бүрэлдэхүүн: Г.Тогтуун, Б.Төгөлдөр, А.Тэргэл, Н.Жамух, Н.Номт
Сошиал хуудсууд: The Colors (Facebook), The Colors (Instagram)

1. ТАНай хамтлагИйн түүхээс БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Бид анх “Playtime” наадмыг үзээд хамтлаг байгуулах сэдэл төрж байлаа. Ингээд 10 жилийн өмнө нэгнийхээ гараашид цуглаж хамтлаг байгуулахаар шийдсэнээр бүх зүйл эхэлсэн. Гэхдээ тухайн үед бидний хэн нь ч хөгжим тоглож чаддаггүй байсан учраас дор дороо хөгжим сурч эхэлсэн дээ. Анх 2010 онд “Playtime” наадамд оролцсоноос хойш жил бүр оролцсоор, сүүлийн жилүүдэд “headliner” болсныг онцлох нь зүйтэй байх.

Энэ хугацаанд хоёр цомог гаргасны нэг нь CD, нөгөө нь пянз хэлбэрээр гараад байна. Тухайлбал, 2014 онд “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” анхны бие даасан цомгоо CD хэлбэрээр гаргасан бол сүүлд 2018 онд гаргасан “Би тэнгэр лүү унаж байна” хоёр дахь цомог маань пянз хэлбэрээр бий.

Гадаад фестивалийн хувьд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан “V-Rox” наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Бас БНСУ-ын “Zandari”, Өвөрмонголын “Хонхон дуу”, АНУ-ын “SXSW Show Case” зэрэг хөгжмийн наадамд оролцож байсан юм байна. Ингээд өмнөхөө бодоход маш хурдан өнгөрсөн мэт хэрнээ ирээдүйгээ бодохоор удаан ч юм шиг. Бид энэ хугацаанд зөвхөн уран бүтээл төдийгүй зан характер, хувь хүнийхээ хувьд хөгжиж, илүү төлөвшсөн гэж хардаг. Бид тайзан дээр л өөртөө итгэлтэй, бардам байдаг. Бусад үед бол даруухан, ичимхий хүмүүс шүү дээ (инээв).

2. ТА бүхний АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Н.Номт: Бидний дундаж нэг өдөр тогтсон хэмнэлд баригддаггүй. Тоглолт, баяр ёслолын үеэр аль болох өглөө эрт босоод бэлтгэлийн өрөөндөө цугладаг бол ачаалал багатай үедээ өдрийн цагаар цуглаж, орой 18-19 цаг хүртэл бэлтгэл хийнэ. Учиргүй олон цаг бэлтгэл хийх гэж махраад байдаггүй. Тасралтгүй бэлтгэл хийлээ гээд сайн уран бүтээл гарна гэсэн үг биш болов уу. Хийж буй зүйлдээ аз жаргалтай, сэтгэл хангалуун байх нь гол шүү дээ.

Н.Жамух: Бид хийж буй зүйлээ ажил гэж албажуулж хардаггүй учраас аль болох чөлөөтэй сэтгэж, эрх чөлөөтэй байж л гараасаа юм гаргадаг юм шиг. Цагт баригдаж өдөр бүр дуртай, дургүй ирээд нухаад байвал олигтой зүйл хийж чадахгүй байх. Бид хамтдаа аз жаргал, гэрэл гэгээ, инээд хөөр гэхчлэн эерэг мэдрэмж дүүрэн ажилладаг учраас ажил гэж хэлэхэд хүртэл хатуу сонсогдож байна. Заримдаа ажил өөрөө амралт мэт, амралт нь ажил мэт санагддаг шүү.

А.Тэргэл: Миний хувьд аав болсноос хойш өмнөхөөсөө эрт сэрдэг болоод байгаа. Өмнө нь, нэлээн оройтож босдог байлаа. Одоо бол өглөө эрт сэрж хүүхдээ хооллох, хувцаслахаас эхлээд хийх ажил зөндөө. Бас хамтлагаасаа ганцаараа гар утас огт хэрэглэдэггүй учраас өглөө бүр компьютероо асаагаад тухайн өдрийн уулзалт, бэлтгэлийн товыг заавал шалгаж байж гардаг. Ингээд орой бэлтгэл тарсны дараа ихэнхдээ гэр бүлийнхнээ тосоод гэртээ харьдаг даа.

3. Танай хамтлагийн АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Дууны үгийг ихэнхдээ Г.Тогтуун зохиодог бол хөгжмийг найруулга, ая зохиох зэрэгт хамтдаа ажилладаг. Уран бүтээлүүдээ ямар нэг урсгал, төрөлд барихаас илүүтэй мэдрэмждээ хөтлөгдөж хийдэг гэж хэлж болно. Бид бүгд хөгжимд дуртай, хүсэл сонирхлоо дагаж ирсэн учраас уран бүтээл туурвихад санал зөрөх, маргалдах үе бараг гардаггүй. Цөөнгүй жилийг хамтдаа өнгөрүүлсэн учраас бие биенийхээ юу бодож, мэдэрч байгааг таахад тийм ч хэцүү биш. Хэн нэгэнд нь шинэ санаа, сэдэл төрвөл хамтдаа ярилцаад хөгжим дээрээ туршиж үздэг. Тэгээд л цоо шинэ дуу бичиж, өөр мэдрэмж, өнгө аястай уран бүтээл хийх сэдлээс эхэлдэг гэх үү дээ. Бидний дуунуудыг харвал өмнөхөөсөө бага багаар өөрчлөгдсөөр байгаа. Магадгүй бид том болж буйн илрэл юм болов уу.

Нэг дуу хийхийн тулд бөмбөрөөс эхлээд басс гитар, кэйборд зэрэг өөр өөр хөгжмийн зэмсгүүдийг нэгтгэж, зохицлыг нь олох хүртэл олон удаа тоглосны эцэст найруулдаг учраас уран бүтээл төрөх үйл явц ихэвчлэн удаан байдаг. Хэрэв сэтгэлд хүрэхгүй бол заавал ард нь гарах гэж өөрсдийгөө хүчлэхгүй. Цаг нь болоогүй юм байна гээд л дараагийнх руугаа орно. Ер нь, шинэ дуу хийсэн гээд л шууд студид бичүүлж цацахаас илүүтэй цомог болох хүртэл нь ажиллаж, чанаржуулахыг хичээдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Уран бүтээлтэй холбоотой болон лайфстайл апп түлхүү хэрэглэдэг гэж хэлж болно. Одоо үеийг, орчин үеийн залуусыг апп-гүйгээр төсөөлөхөд хэцүү юм шиг. Сошиал харилцаа, бусад хэрэглээнд Messenger, Instagram, SuperUp апп ашиглаж байна.

Мөн энд заавал дурдах ёстой апп бол Apple Music. Бид хамтлагийнхаа данснаас эрхийг нь аваад, гэр бүлийн хувилбарыг нь хамтдаа ашигладаг. "Apple Music"-гүйгээр хүмүүс ер нь яаж дуу сонсдог байсан юм бол гэж ч бодох шиг. Уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалж, үнэ цэнийг нь хадгалах, хайрлах шийдлүүд олон болж буйд баярладаг шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГа тань ЮУ ВЭ?

Хамтлагийн хувьд ямар ч шийдвэр гаргахад олонхоо дагадаг учраас ер нь цаг алддаггүй дээ. Азаар, гишүүдийн тоо сондгой учир санал тэнцэх боломжгүй (инээв). Бид аль болох асуудалд товч тодорхой хандаж, чухал зүйлдээ төвлөрөхийг эрмэлзэж явдаг. Олон юм руу үсрэхгүйгээр чанартай цөөн шийдвэр гаргаж, дотоод мэдрэмж, төсөөллөө бодит болгохыг зорьдог доо.

Хүмүүс урлагийн салбарынхан, уран бүтээлчдийг цаг муу барьдаг гэж их шүүмжилдэг. Бидний хувьд ямар ч зүйлд цаг барихыг хичээдэг. Уулзалт, тоглолт, бэлтгэлд цагтаа л ирэх ёстой шүү гэдгийг байнга бие биедээ уриалж, баримталж явдаг даа. Цагаасаа хоцорно гэдэг нөгөө хүнээ үл хүндэлж буйн илэрхийлэл юм шиг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Шинэ санаа, сэдэл төрүүлсэн сэтгэл хөдлөлөөс л эхэлдэг. Түүндээ хөтлөгдөн шинэ цомог гаргах, тоглолт хийх, гаднын фестивалиудад оролцох зэрэг том зорилтууд тавьж ажилладаг. Олон улсын фестивальд оролцоно гэдэг уран бүтээлчийн хувьд ур чадвараа дээшлүүлэх, гадаадын уран бүтээлчид, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах маш том боломж, туршлага гэж хардаг. Тоглолт, уран бүтээл бүхэн маань утга учиртай, хүргэхийг хүссэн санааг маань гаргасан байгаасай гэж хүсдэг учраас бүх зүйлдээ сэтгэл гаргаж, хайрладаг. Тиймээс хамтлагийн гишүүн бүр карьер болон хувь хүний хувьд өсөн дэвжих, уран бүтээлчийн хувьд ур чадвараа жигд дээшлүүлэх хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байгаа. Тэр тэмүүлэл, урам зоригийг илүү олон хүнд хүргэхийн тулд зөвхөн Монголдоо гэлтгүй олон улсад дуу хоолойгоо таниулахыг мөрөөдөж байна.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Байгалиас эрч хүчээ авах дуртай. Мэдээж хэрэг, сайн амарна гэдэг эрч хүчээ сэлбэх шалгарсан арга. Шинэ зүйлс туршиж, сайн уран бүтээлийн ард гарах зүйрлэшгүй гоё мэдрэмж.

Түүнээс гадна, заримдаа хүрээллээсээ гадуур, өөрсдөөсөө ондоо хэв маяг, үзэл бодолтой хүмүүсийн түүх, яриаг сонсох тун сонирхолтой байдаг шүү.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Б.Төгөлдөр: Миний хувьд бэлтгэлгүй үедээ зураг зурах хоббитой. Надад бясалгал болдог.

Б.Тогтуун: Хамтлагаас гадуур хамтлагийнхаа тухай л боддог доо. Хөгжимтэй дүйцэхүйц эрч хүч өгдөг өөр нэг зүйл бол хөлбөмбөг. Юу ч бодохгүйгээр хөлбөмбөг тоглоод гүйх дуртай. Бас фэйсбүүк дээр өөрийн үүсгэсэн “Идлээ” гээд групп дээр амталж таалсан хоол хүнснийхээ тухай бичдэг.

А.Тэргэл: Бусад үед мэдээж гэр бүлдээ цаг гаргадаг. Сүүлийн үед Youtube-ээс гитар тоглох арга барил, техник заадаг TomoFujita сувгийн бичлэгүүдийг үзээд байгаа.

Н.Номт: Хөгжимтэй холбоотой хэд хэдэн ажил бий.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хөгжмийн зах зээл сүүлийн үед илүү технологи суурьтай болж, илүү энгийнээр хүмүүст хүрэх төрөл бүрийн боломжууд гарч ирсэн. Өмнө нь, дэлхийн өнцөг булан бүрд адилхан хөгжим тоглох тохиолдол олон байсан бол өнөө үед илүү өвөрмөц уран бүтээл туурвих боломж гарч шинэчлэгдсээр байгаа. Нөгөө талаас тухайн уран бүтээлийг Live Music буюу амьдаар нь сонсоно гэдэг илүү үнэ цэн, утга учир, мэдрэмжийг өгөх болов уу. Мөн Ковид, хөл хорионы улмаас олон салбарт хямрал нүүрлэх нь тодорхой болсон. Урлагийн салбарт ч уналтууд бий болох эрсдэлтэй байгаа ч бид үүнийг даван туулах урам зориг, түүчээ нь болж, улам хурцлах том сорилт хэмээн хүлээж авч байна.

Н.Номт: Бид бүтээл бүхнээ алхам тутамдаа сайжруулж, шинэчлэхийг хичээдэг. Тиймдээ ч үргэлж шинэ зүйл оролдож, туршдаг.

А.Тэргэл: Ажил дээрээ өдөр болгон найзуудтайгаа уулзана гээд төсөөлөөд үзээрэй. Бид зөвхөн бэлтгэл, хамтлагийн бүтээл туурвил гэлгүйгээр гадуур хамтдаа цагийг өнгөрөөдөг сайн найзууд болохоор энгийн ажил хэргийн хэмнэлээс огт өөр болов уу.

10. ТА бүхэн ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор бид дараагийн шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа. Цомгийн хүрээнд гурван тусдаа концепцтой тоглолт хийхээр төлөвлөсний дагуу ирэх сарын 4-нд болох #BLUE бие даасан тоглолтынхоо бэлтгэл ажилд голлон төвлөрч байна. Түүний дараа шинэ цомгийн ажилдаа шамдан орно доо. Бидний хувьд өнгөрсөн онд бусдын нүдэнд ил харагдах уран бүтээл цацаагүй ч бэлтгэлийн өрөөндөө тогтмол цуглаж, уран бүтээл дээрээ ажилласан учраас энэ удаагийн тоглолтоороо дамжуулан өнгөрсөн онд хийсэн зүйлсээ олон нийтэд харуулна. Цэнхэр өнгө бол тайван, амар амгаланг мэдрүүлдэг, цэвэр тунгалаг, утга учиртай өнгө учраас тэр бүхнээс мэдэрдэг бүхнээ бусадтай хуваалцахыг хүссэн. Энэ тоглолтын онцлох дуу бол “Нарны титэм”. Найман мөртэй дууг гурван минутын турш хоёр удаа давтан дуулсан. Энэ дууны үг, агуулгаар энэ хорвоогийн бүх л сайн сайхныг илэрхийлж гаргаснаараа #BLUE тоглолтын цөм гэж ойлгож болно.

11. ТА бүхэн ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

А.Тэргэл: Гитарын элементүүд, аккорд сурах сонирхолтой санагддаг. Сүүлийн үед жазз эсвэл боса нова хөгжмийн аккордуудыг сурахаар эрмэлзэж байгаа. Өөрсдийн хэмнэл, дуунд оруулах гэж үзвэл содон ая гарч ирэх болов уу.

Н.Жамух: Шинэ дуу, хөгжим гээд урьд сонсоогүй зүйлс олж дуулахыг хичээдэг. Чадвараа дагаж мэдрэмжээ хөгжүүлэх биш эсрэгээрээ мэдрэмжээ дагаж чадвал чадвар хөгждөг гэж боддог.

Н.Номт: Бид нар шинэ зүйлд маш сониуч учраас өдөр бүр л ямар нэг зүйл анзаарч, суралцаж ойлгодог шүү.

Б.Тогтуун: Оюун бодлоо тэлж, илүү энэрэнгүй, гэгээн болохыг л хичээдэг дээ.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

А.Тэргэл: “Netflix” дээр сүүлд үзсэн “Social Dilemma” гээд баримтат киног зөвлөе. Сошиал ертөнцөд олны анхаарлын төвд байхыг хүсэх нь хүнийг хэрхэн өөрчилж буй тухай гардаг. Урьд нь би фэйсбүүк ч үгүй, инстаграм ч үгүй байсан учраас хүмүүс над руу мэйл бичдэг байсан.

Б.Төгөлдөр: Стивен Чоугийн “King of Comedy” таалагдсан. Тэрийг онцолмоор байна.

Н.Жамух: “Night Before Christmas” хүүхэлдэйн киноны дуунуудыг сонсохыг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хүчтэй санаа, сэдэл, урам зориг хайрласан зөвлөгөөг олон мундаг хүнээс сонсож явдаг. Дөнгөж хамтлаг байгуулагдаж байх үед Тогтууны аавын бидэнтэй ярилцаж, зөвлөгөө өгч байсныг мартдаггүй. Бас “Playtime” наадмыг санаачлагч Ц.Нацагдорж ах бидэнд уран бүтээлийн хувьд олон үнэтэй санааг хайрлаж, итгэл найдвар, эрч хүчээр цэнэглэсэн хүн. Бид энэ мэтчилэн бусдын үнэт санааг хүлээн авч, өөрсдөдөө тусгаж авдаг. Тэр бүхэн аливаа шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөхөөс илүү, өөрсдийн итгэл үнэмшил, үзэл бодолдоо хөтлөгдөж явах сэдэл өгдөг дөө.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүр өөртөө хайртай байгаасай. Өөрийгөө сонсож, өөртэйгөө ярилцаж, зоригжуулдаг нэгэн байгаарай. Өөрийн дотоод энх амгалан, энэрэнгүйг олж нээгээсэй. Таныг хурцалж, хайрлаж, урам зориг өгөх зүйл бол та өөрөө юм. Өөр нэгнээс хамааралтай бус, өөрийнхөө жинхэнэ эзэн нь, хайрлагч, хамгаалагч нь байгаарай. Өөрийн доторх аз жаргалтай, дулаахан “цэнхэр” ертөнцийг нээе. #BLUE тоглолтоо хийж буй шалтгаан, утга учир, нийгэмд хүргэхийг зорьсон санаа бол энэ.