Шинэ оны босгон дээр нийтлэгдэж буй сүүлийн дугаартаа бид АНУ-аас бараа захиалах үйл явцыг ердөө гуравхан минутад шийдэх боломжийг олгож буй USASHOP-ийн залуусыг онцолж байна.

USASHOP-ийн хувьд хоёр багаас бүрддэг ба тал хэсэг нь АНУ-ын Виржиниа мужид суурин амьдарч, энэ бизнестээ бүтэн цагаар анхаарлаа хандуулдаг билээ. Тэдгээр залуустай сэтгүүлч миний бие хагас жилийн өмнө АНУ-д аялж байх зуураа танилцаж, улмаар энэхүү нийтлэлийг бичих сэдэл төрсөн билээ.

Ингээд орчин цагт, технологийн тусламжтайгаар 10 мянган километрийн цаанаас ч бизнес эрхэлж болдгийг харуулж буй тэдний ажлын нөү-хау, амьдралын хэв маягтай хамтдаа танилцъя.

Байршил: Монгол Улаанбаатар хот, АНУ Виржиниа муж

Вэб: usashop.mn

Эрхэлдэг ажил: Технологийн стартап, цахим худалдаа

Сошиал: www.usashop.mn, usashop_mn (инстаграм) USASHOP.MN (фейсбүүк)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Т. Хишигбаяр, Үүсгэн байгуулагч

Unread

Би багаасаа л компьютер технологи программ хангамжид сонирхолтой, хичээлээ тараад л Computer Land хавьцаа эргэлдэж явдаг хүүхэд байлаа. АНУ-д ирэхээсээ өмнө дуудлагаар компьютер засдаг бизнес эрхэлж, компьютерын сургалтын төв хүртэл ажиллуулж явсан. АНУ-д ирснийхээ дараа ч гэсэн нэг хэсэгтээ засварын ажлаа хийсэн шүү. Би компьютерийн инжинер мэргэжилтэй.

Анх энд ирэхдээ их сургуульд элсэн орж, мастерийн зэрэг хамгаалах төлөвлөгөөтэй байсан ч бодит байдал дээр их сургуулийн төлбөр, бусад дагалдах зардлууд хэтэрхий өндөр, дээрээс нь их сургуульд мэргэших мэргэжил нь бизнес удирдлага гэх мэт нэг л таалагдахгүй байсан тул төлөвлөгөөгөө түр хойш тавьж байлаа. Эхний гурван жилдээ ажил хийж тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгээд түүнээс хойш одоог хүртэл хэд хэдэн гарааны бизнес эхлүүлжээ.

АНУ-д бизнес эрхэлсэн 15 жилийн хугацаанд технологийн бүтээгдэхүүн ч хийж үзлээ, биет бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж үзлээ. Бүтээгдэхүүнийг маань үйлдвэрлэж байсан үйлдвэр гэнэтхэн дампуурч, шатаж ч байсан. Миний амьдралын эргэлтийн цэг гэвэл компани маань дампуурсан, тэрхүү уналтын үе юм болов уу.

Анх АНУ-д бизнес эрхэлж эхлэхдээ М.Зукерберг, Ж.Безостой адилхан л оргүй хоосноос компани байгуулж, дэлхийн тавцанд өрсөлдөн, ашиг орлого нь пуужингийн хурдаар нисэх юм шиг төсөөлсөн ч бодит байдал өөр байсан. Тэгээд л бизнесээ дампууруулсан тэр жил бүтэн зунжингаа номын санд өглөөнөөс орой хүртэл сууж, өөрийгөө яг юун дээр алдаад байгаагаа ойлгохын тулд Харвардын бизнесийн сургуулийн проффесоруудын туурвисан бизнесийн тухай олон бүтээлүүдийг уншсан даа.

Ялангуяа энэ дундаас Clayton M. Christensen-ийн Disruptive innovation онол бизнесийг үндсээр нь ойлгоход маш том тус болсон. Тэр уналтаас ойлгосон том сургамж нь хүнд мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй, гэхдээ замбараагүй их мэдлэг хүний толгойг эргүүлдэг гэдгийг ойлгосон юм. Мөн “Би юу сурах ёстой вэ? Үүнийг сурснаар ямар асуудалд шийдэл олох гээд байгаа юм бэ?” гэдгээ зөв тодорхойлж, тэрхүү чиглэлээр хангалттай шийдэл санал болгож байгаа хүмүүсээс зөв мэдээлэл олж авах нь илүү үр дүнтэй гэдгийг ч сайтар ойлгосон шүү.

Үндсэн бизнестэйгээ тэнцэхүйц их цаг хугацаа зарцуулдаг хэдий ч хамгийн аз жаргалтайгаар хийдэг нэг ажил маань Лантуун Дохио Америк ТББ. Миний хувьд АНУ дахь Лантуун Дохио байгууллагын хамтран үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүн, технологи инновацитай холбоотой бүх асуудлыг хариуцдаг.

Аливаа системийн найдвартай ажиллагааг хариуцна гэдэг амаргүй даваа. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө бид буруу сервер дээр мэдээллээ тавьснаас үүдэн систем маань тэр чигтээ унтарч, бүх мэдээлэл устчихсан. Дараа өдөр нь сайт дээрээ томоохон хандивын үйл ажиллагаа эхлүүлэх гэж байсан тул 24 цагийн дотор цоо шинэ системийг угсарч байлаа. Найз нөхөдтэйгөө хамт зүтгэж байгаа энэ ажил маань олон олон хүүхдэд “Чи аюулгүй орчинд сурах, амьдрах, тоглох эрхтэй шүү” гэдгийг мэдрүүлж байгаад хамгаас аз жаргалтай байдаг.

Энэ жил гэхэд Ид шидийн орны суралцагч маань Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, өөр нэгэн суралцагч хүү Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхлаа. Энэ бүх амжилтууд миний сэтгэлийг дүүргэн, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хамгийн том шалтгаануудын нэг болдог.

Та энэхүү нийтлэлийг уншаад яг одоо usashop.mn-ээс захиалга хийж байгаа бол “Unread” купон кодыг ашиглан үйлчилгээний хөлсөө 0 болгоорой.

Мөн usashop.mn сайтын хамт олны дараагийн бүтээгдэхүүн болох, нээлтээ хийгээд удаагүй байгаа japanshop.mn-ээр дамжуулан та Японоос хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авах бүрэн боломжтой болсон гэдгийг дуулгахад таатай байна.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Э.Энхтамир, Технологи хариуцсан захирал, Хамтран үүсгэн байгуулагч

unread

АНУ-д ирснээсээ хойш Батлан хамгаалах яам, Боловсролын яам, FBI, Дэлхийн банкинд ажиллаж байгаад одоогоор улс төрийн пи-арын компанид найм дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн ажлынхаа хажуугаар Usashop.mn-ийн технологийн асуудал эрхэлсэн захирлаар ажилладаг.

Цар тахлын дараанаас манай байгууллага хоёр долоо хоногтоо нэг удаа төв оффис дээрээ очих хуваарьтай, бусад цагт цахимаар ажиллах горимд шилжсэн. Одоогоос таван жилийн өмнө удирдлагадаа “Digital Nomad” буюу “цахим нүүдэлчин” болмоор байгаагаа дуулгаж, нэг жилийн хугацаанд зайнаас ажиллаж, үүргэвчтэй аялж байсан юм. Тухайн үед манай байгууллага зөвхөн намайг ажлаа саадгүй хийхэд зориулж, бүх ажлуудаа дижитал, үүлэн хэлбэрт шилжүүлж байлаа. Харин цар тахал эхлэхэд манайхан хэдийнээ цахимаар ажиллаад сурчихсан байсан. Тэр үед гүйцэтгэх захирал маань“Бид чиний л ачаар гэр гэрээсээ ажиллах хэв маягт бэлэн байлаа.” хэмээн магтсан шүү.

Ажлын өдрийн хувьд бусадтай л адил. Хувьдаа мөрддөг дүрэм гэвэл ажлын цаг дуусахад ажилтай холбоотой бүх бодлуудаа толгойноосоо авч хаядаг. Миний хувьд хувийн амьдралаа ажилтайгаа хольдоггүй, ажлаасаа болж барагтай л бухимддаггүй төрлийн хүн.


АНУ дахь оффис

АНУ дахь оффис

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Т. Хишигбаяр, Үүсгэн байгуулагч

unread

Хийж буй ажлаа өөртөө дарамт болгож стресстдэггүй. Хүн амьдралынхаа дийлэнх цаг хугацааг ажилдаа зарцуулдаг тул миний ажил надад дарамт, стресс болох учиргүй гэж боддог. Ажил гэдэг тэр чигтээ үйл явц. Сорилттой үе тулгарахад дотроо “Энэ цаг үе хэцүү санагдаж байгаа ч өнөөдрөөс илүү маргааш, нөгөөдрийг үзэхийн төлөө үүнийг давахаас өөр гарцгүй.” гэж өөрийгөө зоригжуулдаг.

Нөгөө талаас боловсрол мэдлэг миний хувьд маш чухал тул цаг бүр суралцаж илүү логик сайтай, хүнд тулгарч буй асуудалд ямар шийдэл гарц бий болгох вэ гэдэгт үргэлж мөрөөдөж шийдэл хайж явдаг. Асуудал байгаа газарт шийдэл хэрэгтэй байдаг. Харин тоглоомын дүрмийг өөрчлөх шийдлийг хийх хүнд эрдэм мэдлэг зориг тэвчээрээс гадна, амьдралд байдаг сайн муу бүхнийг дааж явах ухаан байх хэрэгтэй гэж боддог.

Манай компани хоёр багаас бүрддэг ба тал хэсэг нь АНУ-д суурин амьдарч, энэ бизнестээ бүтэн цагаар анхаарлаа хандуулж буй хүмүүс. Бид АНУ-ын Виржиниа мужид амьдардаг. Эндээ ачаа хүлээн авах, шалгах, савлах, тээвэрлэх төвтэй. Захиалагч нарынхаа захиалга бүрийг уг төв дээрээ хүлээн авч, нэг бүрчлэн шалгасны эцэст тээвэрт гаргадгаараа онцлог.

Нийт ачаагаа АНУ-ын гурван том агуулахаас татдаг. Нэг удаа явахад л дор хаяж гурван цаг жолоо барина, авчирсан бүх хайрцгаа нэг бүрчлэн нээнэ, шалгана, зөөнө гээд энэ үйл явц мэдээж хэцүү. Гэхдээ бидэнд итгээд захиалгаа өгөх хүмүүс байгаа болохоор хэзээ ч халширч, бухимдаж байгаагүй.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Э.Энхтамир, Технологи хариуцсан захирал, Хамтран үүсгэн байгуулагч

unread

Бусдаас онц гойд ялгарах, санал болгох апп, төхөөрөмж санаанд орж ирэхгүй л байна. Манай байгууллага дийлэнхдээ зайнаас ажилладаг тул Microsoft Teams өдөр тутамдаа ашигладаг. Цар тахал эхэлсний дараахан өдрийн ихэнх хугацааг цахим хуралд үрчихдэг байсан бол одоо зөвхөн өөрийнхөө ярих хэрэгцээтэй, миний санал, зөвлөмж шаардлагатай үед л хуралд оролцдог болсон.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

М.Бүжинлхам, Маркетингийн менежер

Unread

Ажлын төлөвлөгөөний дагуу тухайн ажлыг тухай бүрд нь гүйцэтгэснээр цаг алдахаас сэргийлдэг. Манайхан ихэвчлэн онлайнаар ажилладаг учраас цагаа төлөвлөх, цагийн менежмент хийхэд хялбар байдаг.

6. хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Б.Мөнхцолмон, Менежер

Unread

Манай хамт олон оффис дээрээ уулзалдахаараа ажлаа жилээр болон улиралаар нь төлөвлөдөг. Харин миний хувьд тэрхүү төлөвлөгөөний дагуу жижиглээд, долоо хоног бүрээр нь задлаад дижитал байдлаар тэмдэглэдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

М.Бүжинлхам, Маркетингийн менежер

Unread

Өөрийнхөө эрч хүчийг дасгал болон хөгжмөөр бүрэн цэнэглэдэг.

Ихэвчлэн ажлаа эхлэхээс өмнө иогоор хичээллэдэг. Мөн өдрөө сайхан энергитэй эхлүүлэхийн тулд өглөө бүхэн классик, жазз хөгжим сонсож, өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай. Энэ дадал маань цагаа зөв ашиглах мөн ажлаа төлөвлөхөд минь тусалдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Б.Тэлмэн, Гүйцэтгэх захирал

Unread

Одоогоор хүүхдүүд маань нялх тул өөр зүйлд гаргах цаг багатай байна. Лантуун дохио ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүний хувиар анх Зүүн салаанд “Ид шидийн орон 1”-ийг байгуулж байхад төслийн гол хариуцагчаар ажиллаж байсан. Харин одоогоор удирдах зөвлөлийн гишүүний үүрэгтэйгээр оролцоо багатай ажиллаж байна.

Манай Лантуун Дохиогийн хийж байсан ажлуудыг та бүхэн гадарлах байх. Зүүн салаанд “Ид шидийн орон 1” буюу хүүхэд хамгаалал, хөгжлийн төвөөс эхлэлтэй томоохон төслүүдийг жил бүр бүтээн байгуулж байна. Энэ арванхоёрдугаар сарын тухайд 10 дахь удаагийн “Ид шидийн уут” нэртэй, гэр хорооллын захын хэсгүүдийн хүүхдүүдэд бэлэг тараах аян маань ид дундаа явж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Т. Хишигбаяр, Үүсгэн байгуулагч

Unread

Бизнес учраас бэрхшээл хэзээ ч дуусахгүй. Бизнес удирдаж байгаа хүний хувьд хариуцлага гэдэг зайлшгүй зүйл. Надаас хамааралтай зүйлсээс гадна маш олон хүний итгэл миний нуруун дээр явж байгаа шүү дээ. Үүнийг дааж явах нь тэр чигтээ хариуцлага. Хэрэглэгчдэдээ амласан хугацаандаа ачаагаа гаргаж амжихгүй байх вий, ажилтнуудынхаа цалинг товлосон өдрөө тавьж чадахгүй байх вий, хөрөнгө оруулагчдадаа амласан амлалтаа биелүүлж чадахгүй байх вий гээд санаа зовох асуудал дуусашгүй.

Гэхдээ хамгийн чухал нь би хэн нэгний зохиосон дүрмээр амьдраагүй. Хэрэглэгчдэд үнэнч, шударга үйлчилгээг санал болгож, амьдралынх нь асуудлыг хялбарчилсныхаа хариуд үнэ цэн хүртэж, түүнийгээ бусадтайгаа хуваалцаж байгаадаа талархдаг. Ийм ч учраас залхуурах, арагш суух шалтгаан байхгүй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор бид хэрэглэгчдэдээ дараах боломжуудыг олгож байна.

Урьдчилгаа төлбөртөө 20 хувийг төлөөд л захиалга хийж, бараагаа хүлээн авсан үедээ үлдэгдлээ төлөх боломжтой.

Amazon, Ebay, Walmart-аас гадна дэлхийд алдартай 110 гаруй брэндээс та сонголтоо хийж болно. Жишээлбэл, Ebay дээрх хүссэн бараа тань Их Британи, Австрали гэх мэт өөр улсын Ebay дээр байршиж байвал бид АНУ-ын төв дээрээ хүлээж аваад Монгол руу илгээж болно.

B2B бизнесийн хувьд бид харилцагч компаниудынхаа гадаад харилцааны хэлтэс шиг л ажиллана. Тэдний өмнөөс тухайн брэндийн албан ёсны борлуулагчтай дуудлага хийх, үнийн санал авах, нэхэмжлэл үүсгэх, Монголд НӨАТ төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх гээд захиалгатай холбоотой бүх асуудлын “арыг нь даана”.

Хэрвээ бараанд тээвэрлэлтийн явцад аливаа гэмтэл, эвдрэл учирсан бол бид хохирлыг нь бүрэн хариуцдаг. Сайтаар дамжуулан барааны байршлаас эхлээд захиалгын мэдээллээ бүрэн хянах боломжтой. Мөн захиалгын барааны байршил өөрчлөгдөх бүрд гар утасны дугаарт мэдэгдэл очно.

Түүнчлэн бид Numur.mn-тэй хамтран iPhone тэргүүтэй Apple-ийн бүх бүтээгдэхүүнийг зээлээр захиалан авах боломжийг өнгөрсөн сараас бүрдүүлээд байна.

Удахгүй Монгол ахан дүүс маань Япон, Солонгос, Хятад, Турк-ээс хүссэн зүйлээ захиалж авдаг болно. Цаашлаад бид Ази-Америк-Европ чөлөөтэй өөр хоорондоо хүссэн бүхнээ захиалж авдаг нэгдсэн эко систем бий болгоно. Бид чинь нэгэнтээ торгоны замыг удирдаж явсан түүхтэй хүмүүс шүү дээ. Бид өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байгаа. Бид чадна та итгээрэй.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Б.Тэнгис, Худалдааны зөвлөх

Unread


Өглөө ажилдаа явахаасаа өмнө өглөөний хоолоо заавал иддэг дадалтай. Эрүүл мэндэд тустай гэж боддог болохоор аль болох ажил руугаа алхаж явахыг хичээдэг.

Миний ажил намайг хариуцлагатай, ажлын зохион байгуулалт өндөртэй байхыг шаарддаг учраас тухайн өдрийн хийх ёстой ажлуудаа тодорхой хэмжээнд төлөвлөж хийх дуртай. Түүнчлэн өдрийн турш олон хүмүүстэй ярьдаг болохоор өөрийнхөө ярих чадварыг харьцангуй сайжирсан гэж бодож байна. Дүгнээд хэлэх юм бол хүнтэй харилцах, цаг баримтлах, төлөвлөх чадваруудаа хөгжүүлж байна даа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Б.Тэлмэн, Гүйцэтгэх захирал

Unread

Ихэвчлэн Sci-Fi төрлийн кино үзэх дуртай. Тиймээс Interstellar (2004)-ийг нэрлэе. Нэмээд Before sunrise (1995), Before sunset (2004), Before Midnight (2013) гэсэн гурван цуврал кино байна. Харилцан яриа нь маш сонирхолтой. Жирийн л нэг хосуудын амьдрал гардаг бөгөөд огцом эргэлт, хүчтэй өрнөл гэхээр зүйл байхгүй ч үзэхэд сонирхолтой, амьдралтай, сургамжтай кино.

Хөгжмийн хувьд амьд хөгжим сонсдог. Тэр дундаа Харанга хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч. Сүүлийн үеийн дуу хөгжмийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Хүн чинь хөгширчихөөр ийм болчихдог юм байлгүй дээ.

Номын тухайд бол уншихаас илүүтэй сонсох дуртай. Түгжрэх хугацаандаа “Unlock podcast”-ийг сонсож, номны хэрэгцээгэ хангаж байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Б.Тэлмэн, Гүйцэтгэх захирал

Unread

Бусдаас ямар ч сайн зөвлөгөө авсан ч эцсийн дүндээ хүн өөрөө алдаж, онож байж л суралцдаг гэдэгт итгэдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Т. Хишигбаяр, Үүсгэн байгуулагч

Unread


Хүн бүрд туулсан зам, зовлон жаргал алдаа оноо адилгүй тул би тэр тийм, энэ ийм гэж туйлын үнэн мэт зүйл ярих дургүй. Харин миний хийх зүйлээс хэр их хүний амьдрал сайнаар өөрчлөгдөх боломжтой бол гэж бодох дуртай. Өөртөө үнэнч байж, хийх дуртай зүйлээ олно гэдэг их чухал санагддаг. Гэхдээ үүний тулд тухтай бүсээсээ гарч, маш олон зүйлсийг турших хэрэгтэй. Чи нэг л амьдарна шүү дээ. Бусдын төлөө цаг зарцуулж, сайн дурын ажил хийж үзээрэй. Аз жаргал гэдэг ч тэгээд хэр их авснаараа биш хэр их өгсөн бэ гэдгээс л эхэлдэг гэж ойлгодог.