Дөнгөж хорин есөн насандаа есөн ном бичиж, гурав нь олон улсын шилдгээр шалгарч, 30 гаруй хэлнээ орчуулагдан дэлхий даяар нэг сая гаруй хувь борлуулагдана гэдэг хэн бүхний хүрч чадах амжилт биш билээ. Англи хэл, жендэр судлаач мэргэжилтэй зохиолч Брианна Виест оюутан байхаасаа сургуулийнхаа сонинд редактороор ажиллаж, төгссөнийхөө дараа Forbes, Teen,Vogue зэрэг алдартай сэтгүүлүүдэд олон олон нийтлэлээ хэвлүүлж байв.


Номын тухай

Урам зориг авах үедээ хувь хүний хөгжлийн ном, ажлын үр дүн базаахгүй бол бизнесийн ном, сэтгэл хөдлөлөө танихын тулд сэтгэлзүйн ном, бие чилээрхээд байвал анагаахын ном гэдэг шиг амьсгал давчдаж, амьдрал бүрхэг санагдсан үедээ барьж аваад суухад сэтгэл онгойлгох ном.

250 гаруй нүүртэй эл бүтээл 2020 онд гарснаас хойш олон улсын шилдэг борлуулалттай ном болж, дэлхий дахинаа 30 гаруй хэлээр хэвлэгджээ. Хөгшин, залуу хэн ч бай бидний хувьд өөрийгөө хөгжүүлж, хувийн амьдрал, карьераа төлөвлөж, одоогийнхоосоо илүү дээр хувилбараа бүтээх нь амьдралын чухал зорилго. Угтаа холын төгс төгөлдөрт хүрэх бус одоо буй төгс бус санагдах нөхцлөө ч сайнаар хүлээн авахын тухай ухааруулсан нь энэхүү номын гол агуулга.

Өдөр өдрийн бие чилээрхэл, сэтгэл тавгүйтэл, ажлын бүтээмж ахицдаа хямарч буй хэн нэгэнд амарч суунгаа хөнгөн эргэцүүлж, тайвшрах боломж олгох ном.


Яагаад унших вэ?

Алдартай энэхүү номд шинжлэх ухааны баримт, нарийн судалгаа, практик туршлагын тухай дурдаагүй боловч бидний хувь хүн бүрд тулгардаг сэтгэлд тээглэх асуудлыг хэрхэн харж, хандах вэ гэдэг сонголт, боломж, гаргалгааг санал болгоно. Мэдээж эл номд дурдагдах өөрийгөө хайрлах, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх агуулгыг өдөр тутамдаа хэрэгжүүлбэл, үр дүнд нь амьдралаа эерэг зүг рүү эргүүлж болно.

“Байгалийн бүх зүйл төгс бус. Харин төгс бус байдлаас өсөлт бий болдог” гэх хэсгийг уншихдаа бага боловч өдөр бүр тогтмол суралцаж, хөгжиж, өөрчлөгдөж байгаа өөртөө багахан урамшив.

Амжилт гэдэг хэрхэн харахаас шалтгаалах субьектив ойлголт бөгөөд зохиолч бидэнд амьдралдаа юуг амжилт гэж хүлээн авахыг өөрийнхөөрөө ойлгох тухай өгүүлсэн юм. Угтаа нийгмийн хүлээлт, харьцуулалт нь биднийг сэтгэл санаа, хөрөнгө санхүүгээр хорлон сүйтгэхэд хүргэдэг. Self Sabotage буюу бид өөрсдөө, өөрсдийгөө хорлон сүйтгэж буй гэдэг нь туйлын хүслээсээ албаар, ухамсартайгаар татгалзаж, даван гарч чадахгүй гэдэгтээ өөрийгөө итгүүлсэн арга аж.


УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Дэлхий даяар техник технологи үсрэнгүй хөгжиж, тав тух, тансаглал нэмэгдсэн ч хүмүүс бид улам бүр бага инээж, хэт их ажиллаж, ядарч орой унтаж, хааяа нэг уншиж, хаа сайгүй дэлгэц ширтдэг болж. Үүнийг уншаад танил гэж хүлээн авах хүн лавтай олон болов уу.

Хамгийн хэцүү нь олон хүн үүнд өөрийгөө зэмлэдэг. Ажилдаа анхааралгүй, эрүүл зөв хооллодоггүй, шөнө унтаж чаддаггүй энэ бүхэн миний л буруу гэж өөрийгөө үгүйсгэн сэтгэлээ шимэгчилдэг. Ханиад хүрвэл ханиадны эм ууж, шалбарч бэртвэл тос түрхэж, толгой өвдвөл өвчин намдаагч уудаг шиг завгүй, стресстэй амьдралдаа завсар гаргаж амьсгаа авахыг хүсвэл энэ номыг уншаарай.