Ажлын арга барил, компанийн үнэт зүйл, алсын хараа зорилгоо хуваалцдаг “Бид хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ удаагийн зочноор “Мөрөөдлийг дурсамж болгоно” уриатай “Нью Жуулчин Турс” компани оролцож байна. 

Өдгөө үүсгэн байгуулагдаад 23 жилийг ардаа үдсэн тус хамт олон Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд түүчээлэн оролцсон, ууган компаниудын нэг бөгөөд өнгөрөгч оны сүүлээс эхлэн Улаанбаатар - Хайнан чиглэлд долоо хоног бүр шууд нислэг гаргаж, дотоодын болон гадаадын аялагчдыг илүү хялбар бөгөөд хямд өртгөөр аяллын дурсамж бүтээх боломжийг бий болгоод буй. 

Ингээд тус компанийн туршлагатай хамт олон хэрхэн ажиллаж, аяллыг зохион байгуулдаг талаарх сонирхолтой ярилцлагыг дараах байдлаар бэлтгэлээ.  

Байршил: Misheel City, M2 Tower, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Аялал жуулчлал
Сошиал хуудсууд: Facebook | Website

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?  

Гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг

Аав маань аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан болохоор би хүүхэд байхаасаа л энэ салбартай холбогдсон гэж хэлж болно. Миний хувьд АНУ-д их сургуулиа төгсөөд тэндээ ажиллаж, амьдарч байгаад 2005 онд эх орондоо ирсэн. Аав маань тус компанийн хувьцаа эзэмшигч тул тухайн үед байгуулагдаад удаагүй шинэхэн компанид менежерээр ажиллах саналыг тавьж, би ч охиныхоо үүргийг гүйцэтгэн, аавынхаа үгийг дагаж, энэхүү компанийн менежерийн албан тушаалаас ажлын гараагаа эхэлж байв. “Нью Жуулчин Турс” компани Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч компаниудын нэг болон 2002 онд байгуулагдсан. Энэ компанид ажиллаж байх явцдаа аялал жуулчлалын салбарын сайхныг мэдэрч, гэр бүл, хамт олон, залуу хосуудыг мөрөөдлийн аялалд нь хөтөлж байгаагаа анзаарч эхэлснээр өөрийнхөө дуртай зүйлийг олсноо ойлгож, тууштай ажилласаар нэг л мэдэхэд 20 жил өнгөрчээ. Саяхныг хүртэл би гадаад жуулчдыг хариуцан ажилладаг байсан бол 2023 оноос хойш гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.

Манайх жилд 10,000 хүртэлх гадаад жуулчин хүлээн авч, 30 гаруй улс руу аялал зохион байгуулж, Монгол жуулчдаа ая тухтай аялуулж байна. Монгол Улсад хүрэлцэн ирсэн жуулчдад эх орноо сурталчлан таниулах зорилгоор үзүүлсэн аялал жуулчлалын үйлчилгээнээс онцлон дурдвал, тэртээ 17 жилийн өмнө Монгол судлаачдын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн 300 оролцогч, Монгол дахь анхны Louis Vuitton-ийн албан ёсны дэлгүүрийн нээлтэд хүрэлцэн ирсэн гаднын зочид, Энэтхэгийн томоохон банкнаас гэрээ хэлцэл хийхээр ирсэн төлөөлөгчид, жил бүр зохион байгуулагддаг “Ультра Марафон” гэх мэт өргөн цар хүрээ бүхий хурал, чуулган, үйл ажиллагаанд зориулсан аялал жуулчлалын үйлчилгээг бид дотооддоо амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
  

Ерөнхий менежер З.Мөнхтөгс

Бид 09:00-18:00 цагийн хооронд ажилладаг. Заавал оффис гэлтгүй хүссэн газраасаа ажиллах боломжтой болохоор илүү цагаар ажиллах шаардлага үүсдэггүй гэдгээрээ онцлог.

Манайх гадаад, дотоод аялал, борлуулалт, маркетинг, авто бааз гэх мэт олон төрлийн үйл ажиллагаатай болохоор аль нэгэнд нь тухайлан төвлөрөх биш цогцоор нь анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр салбар чиглэлүүдтэй холбоотой төлөвлөсөн ажил, хурал уулзалт хийх байдлаар ажлын өдрүүд өнгөрдөг.

3. Таны ажлын нөү-хау? 

Гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг

Нэг удаа манай хэсэг жуулчид Өмнөговиос Улаанбаатар руу онгоцоор ирэх ёстой байсан юм. Хэдий есөн сар байсан ч гэнэт цас орсны улмаас онгоц нисэх боломжгүй болж, жуулчдад хэрхэн төвөг чирэгдэл учруулалгүй, аюулгүй авчрах вэ гэдэг асуудал үүсэж эхэллээ. Тухайн үед бид нягт харилцаа холбоотой, хурдтай ажиллаж, түргэн шийдвэр гаргасны үндсэн дээр Өмнөговиос Дундговь руу жуулчдыг машинаар хүргэж, тэр хооронд нь бид өөрсдөө Улаанбаатараас Дундговь руу автобустай хөдөлж, жуулчдыг аюулгүй авчирч байсан.

Монголд аялалаар ирэхээсээ өмнөхөн тархины хагалгаанд орсон финланд жуулчин элсэн тасархайд аялаж байх үедээ гэнэт бие нь муудаж, бид ч шөнө дөлөөр шуурхай ажиллаж эхлэв. Өглөө нь нар мандмагц нисдэг тэргээр тухайн аялагчийг Улаанбаатарт авчран эмнэлэгт хүргэж байсан удаа бий.

Үүгээр би юуг хэлэх гээд байна вэ гэхээр бид хэчнээн сайн төлөвлөсөн ч тааварлашгүй хүчин зүйлс хэзээд тохиолдох боломжтой тул тэр болгонд шинэ арга замыг эрэлхийлж, шийдэл боловсруулж чаддаг, хөрвөх чадвартай байх нь аялал жуулчлалын салбарын мэргэжилтэнд нэн чухал. Мөн мэдээж англи, хятад эсвэл өөр ямар нэгэн гадаад хэлийг гарамгай эзэмшсэн байх хэрэгтэй.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?  

Ерөнхий менежер З.Мөнхтөгс

Сүүлийн үед хүмүүс аяллын үйлчилгээг бүтэн багцаар нь биш аяллын хөтөлбөр, зочид буудал, хөтөч гэх мэт дангаар нь авах сонирхолтой болж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс энэ төрлийн аяллын захиалгын үйлчилгээг санал болгодог гаднын болон дотоодын платформуудыг сонирхож хардаг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?  

Ерөнхий менежер З.Мөнхтөгс

Аялал жуулчлал бол нэг төрлийн үйлчилгээний байгууллага. Иймд бид хэрэглэгч, аялагч нартаа түргэн шуурхай мэдээлэл өгөх, тав тухтай аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор ажилтан хооронд эсвэл аялагч ажилтан хооронд цаг алдалгүй мэдээлэл солилцох хэрэгтэй. Тиймээс Facebook, Viber, WeChat, WhatsApp, KakaoTalk, Line зэрэг харилцааны бүх платформыг манай бүх менежер тогтмол ашигладаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?  

Ерөнхий менежер З.Мөнхтөгс

Нислэг, зочид буудал, үзвэр үйлчилгээ, унаа тээвэр, хөтөч орчуулагч, даатгал гэх мэт олон хүчин зүйл бүрдсэний үндсэн дээр аяллыг амжилттай бөгөөд аюулгүй зохион байгуулдаг. Гаднын жуулчид аяллыг ойролцоогоор хагас жилээс нэг жилийн өмнө төлөвлөж эхэлдэг бол монгол жуулчид долоо хоногоос нэг сарын өмнө төлөвлөгөөгөө гаргадаг.

Бидний хувьд аялалтай холбоотой ажлын төлөвлөгөөгөө дор хаяж зургаан сарын өмнөөс төлөвлөж, жуулчдыг тав тухтай, аюулгүй орчинд аялах нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд монгол жуулчдад зөвлөхөд, аяллаа хэдий чинээ эртнээс төлөвлөнө төдий чинээ аюулгүй, сэтгэл хангалуун аялах боломжтой юм шүү

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?  

Ерөнхий менежер З.Мөнхтөгс

Жуулчдын аялалдаа явж ирсний дараах "Маш сайхан аялж, мартагдашгүй дурсамжтай боллоо. Дараа дахин аялна, танай улсад дахин ирнэ ээ” гэсэн сэтгэгдлийг уншаад ажлын эрч хүч нэмэгддэг. Олон жуулчид манай улсын талаар илүү сайхан сэтгэгдэлтэй болоосой, илүү ихийг мэдээсэй гэж хүсдэг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?  

Ерөнхий менежер З.Мөнхтөгс

Миний хувьд рафтингийн спортоор хичээллэдэг. Энэ спортоороо 40+ насны ангиллын тамирчнаас гадна рафтингийн спортыг таниулах, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилготой “Run and raft” клубт харьяалагдаж байна. Манай тамирчид хамтран сургалт, аялал зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?  

Гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг

Ихэнх хүмүүсийн хувьд аялал гэдэг сэтгэлийнх нь хамгийн гэгээлэг хэсэгт дурсамж болон хадгалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, бидний хичээл зүтгэл, хүч хөдөлмөр олон зуун аялагчийн сэтгэлд нандин дурсамж болон үлддэг нь манай салбарыг утга учиртай, үнэ цэнтэй болгодог. Гэвч нөгөөтээгүүр цаг агаараас өгсүүлээд цар тахал хүртэл маш олон тааварлашгүй хүчин зүйл бидний аяллын замд саад бэрхшээл болон тулгардаг тул маш эмзэг салбар гэж ойлгож болно. Иймд аль л замын эвдрэл, нислэгийн хуваарийн өөрчлөлт байна, тэр бүрийг зохицуулж, түргэн шийдвэрлэх чадварыг аялал жуулчлалын салбар биднээс шаарддаг.

Америк болон Хятадад албан ёсны төлөөлөгчтэйн дээр олон улсад хэдийн танигдаж чадсан нь манай компанийн онцлог. Мөн бид хамгийн найдвартай, аюулгүй, хариуцлагатай үйлчилгээг үзүүлж чаддаг. Тодруулбал, бид өөрсдийн гэсэн үйлчилгээний сүлжээ болон авто баазуудыг бий болгосон бөгөөд дотоодын салбартаа хамгийн олон буюу 180 жолоочийг байнгын ажиллуулдаг.

10.Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?  

Гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг

2024 оны 12-р сараас эхлэн Хятадын компанитай хамтран Хайнань арлын Саньяа хот руу долоо хоног бүр шууд нислэг үйлдэж байна. Тодруулбал, өвлийн саруудад дотоодын аялагчдыг Хайнань руу, харин зуны саруудад гадаад жуулчдыг Монгол руу татах зорилготой. Энэхүү аяллаар бид таван одтой зочид буудал болон монгол хөтчийг санал болгож байна.

11.Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?  

Тусгай аяллын менежер Г.Гэрэлцогт

Миний хувьд аяллын ахлагчаар 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын шаардлагаар гадаад руу явах тохиолдол их байдаг. Тиймдээ ч явсан аялал, очсон улс бүрийн онцлог хэв маяг, өвөрмөц соёлоос шинэ содон зүйлсийг харж, санаа авах тохиолдол олон бий. Мөн сошиал медиагаар дамжуулан аялал жуулчлалын салбар дахь дэмшилтэт, шинэ туршлагуудыг судалж, туршиж үздэг. Тухайлбал, цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, гадаадаас жуулчид ирэх боломжгүй болох үед дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд "D'ayan" гэх тансаг зэрэглэлийн кэмпинг брэндийг үүсгэн байгуулсан. Тус брэнд нь хотын дуу чимээнээс холдохыг хүсэж буй, завгүй амьдралын хэв маягтай хүмүүст зориулсан ба эрүүл орц найрлагаар бэлтгэсэн барууны болон монгол үндэсний хоолыг амталж, тансаг зэрэглэлийн зочид буудалд амрахын зэрэгцээ байгалийн сайхныг мэдрэх боломжтой үйлчилгээ юм.

12.Санал болгох ном, хөгжим, кино?  

Тусгай аяллын менежер Г.Гэрэлцогт

Олон жил Монголд ирсэн жуулчдын аяллын хөтөч, орчуулагчаар ажилласан тул үндэсний түүх, соёлоо сайтар судалж, сонирхолтой мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор түүхийн ном их уншдаг байсан.

Дууны хувьд илүү бодит дуугаралттай байдаг учраас пянз тоглуулагч сонсохыг илүүд үздэг. Харин хөдөө явах үедээ гал тойрч суунгаа гитартай дуулах дуртай. Заримдаа жуулчдад монгол дуу зааж өгөн хамт дуулах нь ч бий.

Киноны хувьд бодит амьдралаас сэдэвлэсэн, эсвэл аяллын нэвтрүүлэг, баримтат кино үзэх дуртай. Сүүлийн үед гадаад аяллын группийн ахлагчаар ажиллах тохиолдол ихэссэн тул тухайн орны шинэ трэндийг YouTube-ээс судалж, аялалдаа нэвтрүүлж байна.

13.Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?  

Санхүү хариуцсан захирал Н.Сүрэнбаатар

Австралид суралцахаар очихдоо хамгийн түрүүнд англи хэлний курст суралцаж эхэлсэн юм. Уг нь хэрдээ л хичээлдээ шамдаж байсан боловч нэг удаа муу дүн авах нь тэр. Тэр үед багшийн надад хэлсэн “Чи хэзээ жинхнээсээ өөрийгөө сорих гэж байна вэ?” гэдэг асуулт намайг хурцалж, илүү их хичээх шалтгаан болсон гэж боддог. Түүнээс хойш миний англи хэлний чадвар эрс сайжирсан. Тэгэхээр хүн өөрийгөө хичээж байна, болж байна гэж боддог боловч жинхнээсээ чадаж байна уу? Яаж сайжрах вэ? гэдгийг өөрөөсөө үргэлж асууж байх хэрэгтэй юм шиг санагдсан.

14.Бусдад шидэх санаа? 

Санхүү хариуцсан захирал Н.Сүрэнбаатар

Аялал жуулчлалыг гаднаас нь харахад зөвхөн сайхан талууд нь л харагддаг. Тогоонд нь чанагдаад ирэхээр аливаа зүйлийн деталь бүрийг чухалчилж авч үзэх хэрэгтэй болдог. Ямар нэгэн зүйлийг мартах юм уу тоохгүй өнгөрүүлснээс болж тухайн аялагчийн аяллын сэтгэл ханамж нуран унах аюултай. Иймд яг л эцэг эх нь хүүхэдтэйгээ харьцаж байгаа мэт ажиллах хэрэгтэй санагддаг.