Аливаа юмсын гадаад үзэмжид анхаарах нь тийм ч чухал биш гэсэн хэвшмэл ойлголт тогтсон байдаг. Хэр хэрэгцээтэй, бүтээмжтэй эсэхийг л тэргүүнд тавьж, харагдах байдлыг үл ойшоох нь элбэг үзэгдэл. Энэ нь орчин үеийн бүтээн байгуулалтын аль ч хэсэгт хамаарч болох юм. Тэгвэл аливаа зүйлсийн гоо үзэмж бидний харах мэдрэхүйгээр дамжин сэтгэлзүйд чухал нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоожээ. Энэхүү нийтлэлээрээ хүн төрөлхтний гоо зүйн мэдрэмжийн үүсэл, хөгжлийн талаар бэлтгэн хүргэж байна.
харах мэдрэхүйн өгүүлэл
Гоо үзэмж бидний эргэн тойронд буй тоо томшгүй олон зүйлд оршдог. Байгаль, мод, цэцэг, жаргаж буй нарны туяа, уран зураг, хайртай нэгний тань царай зэрэг дурдаад байвал дуусахгүй. Гоо үзэмж нь гарт баригдах зүйлгүй ч бидний тархинд таатай мэдрэмжийг үүсгэдэг. Үг, өгүүлбэрээр гоо үзэмжийг тодорхойлох нь хэцүү. Гэвч бид харсан даруйдаа л түүнийг таних чадвартай билээ.
Хүн төрөлхтний түүхэнд гоо үзэмжийн тодорхойлолт үргэлж өөрчлөгдсөөр ирсэн. Гэвч хувь хүний дур сонирхол, орчин үеийн чиг хандлагаас үл хамааран зарим зүйлс хэзээ ч улиг болоогүй аж. Жишээлбэл, эрт үеэс одоог хүртэл янз бүрийн соёлоос бүтсэн барилга, байгууламж, урлагийн бүтээлүүдэд алтан огтлолын харьцаа, тэгш хэм, бутархай хээ зэрэг нь шингэсэн хэвээр буй. Учир нь эдгээр хээ, хэм нь байгальд оршин буй биетүүдэд элбэг ажиглагддаг аж.

амьд гарах нь тэгш хэмээс
Эрт үеэс юмсын хэлбэр, дүрсийг тодорхойлох нь амьд үлдэхэд нэн шаардлагатай чадвар байжээ. Мод, навчис, цэцгийн дэлбээ бүгд тэгш хэмээр ургадаг. Тэгш хэм нь алдагдсан, өөрөөр хэлбэл унжийж нугарсан ургамал нь идэж болохгүй гэсэн дохиог хүний тархинд өгдөг билээ.
Байгаль дээрх ихэнх зүйлс тэгш хэмтэй байдаг учир бидний тархи уг хэлбэрт нэгэнтээ дассан байдаг. Энэ нь бидний өвөг дээдсийг хүрээлэн буй орчноо шалгаж, аюулд хурдан хариу үйлдэл үзүүлэхэд нь тусалдаг байжээ. Харин амьд үлдэхэд тусалдаг зүйлс хүний тархины урамшууллын хэсгийг идэвхжүүлдэг. Уг хэсэг идэвхэжсэнээр бидэнд тэгш хэмтэй зүйлсийг харах нь таатай мэдрэмж төрүүлдэг байна. Үүнээс хүн төрөлхтний гоо зүйн мэдрэмж хээ, хэлбэр танихаас эхэлснийг харж болох юм.
яагаад чухал вэ?
Хүн төрөлхтөн өдөр ирэх тусам байгалиас холдсоор өөрсдийн гараар бүтээсэн хүрээлэн буй орчинд аж төрөх болсон. Бид харж, хэрэглэж, өмсөж буй бүхнээ өөрсдөө бүтээж байна. Уг процесс дунд бид хэрэгцээ, хямд өртөг, бүтээмжийг илүүд үзэж, гоо үзэмжийг тоолгүй орхижээ. Саарал блокон барилгууд ар араасаа сүндэрлэж, гудамж талбай өдөр ирэх тусам гундсаар... Энэ бүхэн хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг авч үзэцгээе.

Сүүлийн жилүүдэд судалгаагаар гоо үзэмж сайтай орчинд ажиллаж, амьдрах нь хүний эрүүл мэнд, зан төлөв, танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдгийг тогтоосон байна. Жишээлбэл, эмнэлгийн нийтийн амралтын хэсэгт урлагийн бүтээл байршуулж, өвчтөнүүдэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. 2017 оны уг судалгаагаар урлагийн бүтээлүүд өвчтөнүүдийг илүү тухтай, жаргалтай болгож буйг тогтоосон аж.
Өөр нэгэн судалгаагаар засвар хийгдсэн шинэ эмнэлэг болон барилга нь хуучирсан эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн эмчилгээг харьцуулан судалжээ. Үр дүнд нь шинэчлэн засварласан эмнэлгийн өвчтөнүүд нь өвчин намдаах эм бага хэрэглэснийг тогтоосон бөгөөд дунджаар хоёр өдрийн өмнө эмнэлгээс гарсан байна.
Түүнчлэн насанд хүрэгчдийн аз жаргалд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан судалгаагаар тун сонирхолтой үр дүн гарчээ. Хувь хүний аз жаргалд эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанаас гадна амьдарч буй хот нь хэр үзэсгэлэнтэй вэ гэдэг нь нөлөөлж байгааг тогтоосон юм. Уг хүчин зүйл цэвэр цэмцгэр, аюулгүй байдлаас ч дээгүүрт бичигдсэн аж.
Хүн төрөлхтөн хүрээлэн буй орчноо ажиглан мэдээлэл авч, сэтгэлзүйгээ бэлдэх нь хэдэн сая жилийн өмнөөс гаралтай. Тиймээс хүний бүтээсэн энэхүү орчиндоо гоо үзэмжийг чухалчлан авч үзэх, хувь хүмүүс ч өөрийн орчныг тааламжтай болгоход анхаарах хэрэгтэйг дээрх судалгаанууд харуулж байна.


