Монгол Улсад хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох зорилготой “Үндэсний хиймэл оюуны аян” өрнөж буй. Үүний хүрээнд ЕБС-ийн багш нарыг хиймэл оюунт эрин үед бэлтгэх хөтөлбөр зарлагджээ. 

“AI Academy Asia” нь хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох алсын хараатайгаар энэ оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд хувь хүн болон олон нийтийг дижитал боловсролоор чадавхжуулан, эдийн засгийн өсөлт тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажиллаж байна. Түүнчлэн өнгөрөгч сарын 15-ны өдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон М банкны дэмжлэгтэйгээр “Үндэсний хиймэл оюуны аян”-ы нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

5 жилийн хугацаанд 2,250 багш

Тус хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд таван жилийн хугацаанд есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумыг хамруулж, нийт 2,250 хиймэл оюуны багш бэлтгэх зорилготой. Харин энэ онд 450 багшийг хамруулахаар хөтөлбөрийн эхний шатыг амжилттай эхлүүллээ.

AI Academy Asia нь багш нарыг технологийн салбарт чадавхжуулж, хиймэл оюуны шинэ эриний сурагчдад сургалт явуулах өндөр мэдлэг, ур чадвартай болгохоор зорьж буй.


Сургалтын бүтэц ба шаардлага

Хөтөлбөрийн хүрээнд багш нар зургаан сарын хугацаанд цахим болон танхим хосолсон сургалтад хамрагдах бөгөөд энэ нь гурван сарын эрчимжүүлсэн сургалт, гурван сарын бататгах сургалт гэсэн хоёр үе шаттай. Хөтөлбөрт оролцохын тулд дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

• Монгол Улсын ЕБС-д мэдээлэл зүй, математикийн чиглэлийн хичээл заадаг байх
• Мэдээлэл технологийн суурь мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай
• Цахим сургалтад идэвхтэй оролцох чадвартай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Зургаан сарын хугацаанд хөтөлбөрт тогтмол хамрагдах боломжтой
• Сурсан мэдлэгээ сурагчдадаа түгээх чин хүсэл эрмэлзэлтэй

Хөтөлбөрийн үр дүн ба ирээдүйн боломж

Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр оролцогч багш нар дараах ур чадваруудыг эзэмших болно:

• Программчлалын анхан шатны мэдлэг болон хиймэл оюуны суурь ойлголт
• Кодгүй хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах чадвар
• Хиймэл оюуныг үр дүнтэй удирдах ур чадвар
• Хиймэл оюуны ёс зүй, хариуцлагын талаар ойлголт
• Их дата, алгоритмын суурь ойлголт
• Хиймэл оюуны хичээлийн хөтөлбөр, сургалтын гарын авлагатай болох

Бүртгэлийн хугацаа: Дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 15-ныг дуустал
Та эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд энд дарж бүртгүүлээрэй.