Бидний өдөр тутмын амьдралын эрчим хэтэрхий хурдан. Бие, сэтгэхүй хийгээд нийгмээ тольдох хангалттай цагтай нэгэн ховор. Тэгвэл одоо цагт төрсөн урлагийн бүтээлийг үзэх нь тэрхүү цаг хугацааг товчлох боломжийг үзэгчдэд өгдгөөрөө онцлогтой.

Орчин үеийн урлагийн бүтээлийг нүд, чих тавин хүлээдэг хүмүүс олон. Учир нь тэнд амьд харилцаа үүсэн, тэнд үнэн оршдог. Үзэгчийн тодорхой түвшинд мэдэрч буй ч, ямар нэгэн үйлээр хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг уран бүтээлч нар тэдний өмнө дэлгэн тавьдаг. Энэ нь бүтээл, үзэгчийн хооронд холбоо үүсгэн, амьд харилцаа бий болгон хүмүүнийг дотогшоо ахуй өнгийн, хоромхон боловч цаг хугацаатай уралдахгүйгээр орших боломжийг олгодгоороо онцлогтой.

Цар тахал урлагаас бусад салбарыг удаашруулсныг өдөр өнжилгүй дэлгэгдэж буй урлагийн үйл ажиллагаанаас бид бүхэн харж байна. Урлагийн салбарынхан цар тахлын үеийн туршлагаа бүтээлч байдал болгон хувиргаж байсан нь нүсэр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн болов уу.


“Гагцхүү дотоод сэтгэлийн үнэн илэрсэн газар л урлаг төрнө.”

О.Роден

ART WEEK нь тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих “Бүтээлч соёлын сар”-ын хүрээнд зохион байгуулсан онцлох ажлуудын нэг байв.



КУРАТОР

Үзэсгэлэнгийн куратороор 976 арт галерейн захирал Б.Гантуяа, уран бүтээлч Б.Эрдэнэбаяр нар ажилласан байна. Тэд өнөөдрийн урлагийн амьд чанарт илүү төвлөрөн үзэсгэлэнг дэглэсэн гэжээ.

УУДАМ ОРОН ЗАЙ

Уг үзэсгэлэн нь орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай болон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Мөн 2000 м2 орчим талбайд дэглэгдсэн ба 100 гаруй артист, арван галерейн нэгдсэн 400 орчим бүтээл олны хүртээл болсон юм. Энэ нь Монголын дүрслэх урлагийн салбар, түүний хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрх, хаана яваа болон чанар чансааг нь өргөн цар хүрээнд харуулах боломжийг олгов.



Нүсэр үзэсгэлэн үзэх хүлээлт уран бүтээлч, урлаг сонирхогч бүхний дотор байсан. Уран бүтээлчдийн хувьд бүтээлээ дэглэн тавих орон зай чухал байдаг. Ямар орон зайд бүтээлээ байршуулахаас шалтгаалж үзэгчдэд өгөх мэдрэмж нь хүртэл өөрчлөгддөг учраас тэр. Уудам орон зай нь уран бүтээл, үзэгч хоорондын харилцааг гүнзгийрүүлдэг байна.

“Дүрслэх урлаг нь эдийн засгийн хөгжилд өргөн цар хүрээтэй нөхцөл бий болгодог. Дэлхийн хотуудын томоохон барилга байгууламж, жуулчдыг татдаг онцгой газруудын хийц, загвараас үүнийг харж болно. Бид цаашдын зорилго, соёл урлагийн салбарын стратегийн зүг чиг, бодлогын хүрээнд түүхэн үнэт зүйлсээ хадгалах, хамгаалах, эрин цагийн урлагийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй”

Б.Гантуяа

ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ, БҮТЭЭЛ

Үзэсгэлэнд Төрийн соёрхолт, ардын зураач цол хэргэмтэй дөрөв, дүрслэх урлагийн дэлхийн хамгийн том зэрэглэлийн наадам Венецийн биеннальд оролцсон тав, Документа гэж дүрслэх урлагийн олимпд уригдсан нэг уран бүтээлч оролцсон.



КОНТЕМПОРАРИ УРЛАГ

Үзэсгэлэнд контемпорари урлагийн бүтээл зонхилжээ. Контемпорари урлагт концепц нэгдүгээрт тавигддаг бөгөөд үүгээрээ сонгодог ба уламжлалт дүрслэх урлагийн бүтээлээс ялгардаг. Энэхүү ялгааг нүдээр үзэх боломжийг олгосон нь тус үзэсгэлэнгийн нэгэн өгөөж байлаа. Мөн уран бүтээлч өөрийн концепцыг ямар ч төрлийн арга барил, дүрслэл, техник технологи ашиглан гаргаж болдгийг энэ удаагийн үзэсгэлэн харуулж чадсан юм. Хамгийн чухал нь урлагаар дамжин гарах агуулгыг орчин үеийн техник технологийн ололттой хослуулахын зэрэгцээ уламжлалт гоо зүйн ойлголтыг эвдэх боломжтойг үзэгчдэд таниулсан. Орчин үеийн урлаг нь уран бүтээлчдэд арга барилын хийгээд сэтгэлгээний асар их эрх чөлөө өгч буйг мөн энэхүү үзэсгэлэн гэрчлэн харууллаа.



БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс гадна хүүхдэд зориулсан уран зураг, баримал, уран бүтээлчдийн хамтарсан танилцуулах сургалтууд, монгол зургийн бийрийн дасгал, таталбар хийх үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Мөн Монголын паблик медиа арт, орчин үеийн урлагийн чиг хандлага, хайбрид арт, дүрслэх урлагийн салбарын оюуны өмчтэй холбоотой сургалт, хэлэлцүүлгүүд болж өндөрлөсөн юм.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, иргэдийг соён гэгээрүүлэх, урлагийн боловсролыг дээшлүүлэх, урлаг соёлоо дэлхийд таниулах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжлийг хангах зэрэг чухал ач холбогдолтой болж өнгөрлөө.



ЧИМЭЭГҮЙ ХҮЛЭЭЛТ

ART WEEK-ийг өнөөдрийг тайлагнаж буй арга хэмжээ боллоо гэж дүгнэхэд буруудахгүй. Төр, хувийн хэвшил, уран бүтээлчдийн идэвхтэй хамтын ажиллагааг энэхүү үйл ажиллагаанаас үзэгчид олж харсан. Үзэгчдээс гадна уран бүтээлчдийн хувьд ч ач холбогдолтой зүйл болж өнгөрснийг дурдах нь зүйтэй. Үзэгчийн хувьд өнөөдрийн дүрслэх урлагийн салбарыг ерөнхийд нь хураангуйлах, уран бүтээлчдийн динамикийг мэдрэх боломж бүрдсэн бол уран бүтээлчийн хувьд өөрийн чансааг харах боломж бүрдсэн.
Соёлын яам бодлогоор дэмжин энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, олон улсын уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөж байгаа сайхан мэдээг мөн дуулгасан юм. Аливаа улсын нүүр царайг урлаг, харин хотын дүр төрхийг наадам, “биеналль” бүрдүүлдэг шүү дээ. Үзэгч, уран бүтээлчдийн хувьд эл үйл ажиллагаа цаашид өргөжин “Улаанбаатар арт биеналль” болох болтугай гэсэн хүсэл, хүлээлттэй үлдлээ.