Бизнесийн орчинд хурдтай хийгээд оновчтой шийдвэр гаргах нь хамгийн чухал чадваруудын нэг. Хэдийгээр бид сэтгэл хөдлөл, мэдрэмжид суурилсан шийдвэрийг аз ивээсэн жишээ олныг хардаг ч энэ нь компанийн цар хүрээ тэлж, томрох тусам эрсдэлтэй, оновчгүй алхам болж хувирдгийг сайн мэднэ. Тэгвэл байгууллагын урт хугацааны бодлого, төлөвлөлтийг оновчтой боловсруулахад чиглэсэн "Business intelligence" хэмээх ойлголт яг юуг хэлж байна вэ? 


"BUSINESS INTELLIGENCE" (BI) -ИЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ

Шууд утгаараа "Бизнес оюун" хэмээн орчуулагдах уг ойлголт нь байгууллага доторх олон төрлийн алба нэгжүүдэд тус тусдаа хуримтлагдаж буй олон төрлийн мэдээлэл, өгөгдлийг нэг дор багцалж, хоорондын уялдаа холбоог хангах замаар бизнесийн шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, дангаараа байхдаа ач холбогдол багатай, боловсруулагдаагүй тэдгээр бүх мэдээллийг нэгтгэж, шинжилж, харьцуулснаар бизнесийг бүхэлд нь харах боломжтой, утга учиртай багц өгөгдлийн санг бий болгох арга техник юм. Ингэснээр тоо судалгаанд суурилсан оновчтой шийдвэр гаргах, бизнесийнхээ ашиглагдаагүй үлдсэн боломжуудыг нээн илрүүлэх, байгууллагын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой.



Тэртээ XIX зуунаас эхлэлтэй уг ойлголтыг "IBM" компанийн судлаач Ханс Петер Лун 1958 онд одоогийн хэлбэрт нь оруулан томьёолжээ. Хэдийгээр бий болоод урт хугацааг өнгөрүүлсэн ч гэлээ үүлэн технологи хөгжиж, хүн төрөлхтөн техник технологийг өдөр тутмынхаа салшгүй хэрэглээ болгосон энэ үеэс л илүү хүртээмжтэй, хялбар болж, байгууллагын хэрэглээнд өргөнөөр нэвтрээд байна. Бидний сайн мэдэх ERP систем нь байгууллагын тархан байрласан бүхий л хэсгийн нөөцийг нэг талбарт нэгтгэн, зохион байгуулдаг. Тэгвэл BI нь тэдгээр үйл ажиллагаа бүрд бий болж буй мэдээллийг автоматаар цуглуулж, үүнд үндэслэсэн төрөл бүрийн бизнесийн шинжилгээ хийдгээрээ онцлог. Орчин үеийн BI технологи нь бүх төрлийн өгөгдлийн сан цуглуулдаг программуудаас гадна интернэт орчин дахь (Google Analytics, Google Cloud SQL, Microsoft-ын программууд, XML гэх мэт) бусад системтэй хоршин ажиллаж, тэдгээрийн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж чаддаг болсон тул хэрэглэгч зөвхөн компанийн дотоод орчноос гадна нийгэм, эдийн засгийн, гадаад орчны нөлөөллийг тооцох, таамаглах боломжтой болжээ.


ЯАГААД "POWER BI" ГЭЖ?


BI шинжилгээ хийдэг "QlikSense", "Tableau", "Power BI" гэх мэт олон төрлийн программ, систем бий. Нэг зорилготой ч мэдээж бүгд өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Жишээ нь, "QlikSense" чанар, загвар сайн, их багтаамжтай мөртлөө дэндүү олон талбартай, тиймдээ ч бүгдийг нь дүрсжүүлэхэд цаг, зардал их ордог.

Харин энэ удаагийн нийтлэлд онцолж буй "Power BI" нь дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниудыг шалгаруулдаг "Fortune 500" жагсаалтад багтсан нийт байгууллагуудын 97 гаруй хувь нь үйл ажиллагаандаа ашигладаг, зохион байгуулалт сайтай программ юм.



Юуны учир тэд "Power BI"-г сонгох болов?

"Power BI" программын давуу талуудыг дурдвал, 

Нэгдүгээрт, сайжруулалт тасралтгүй явагддаг. "Power BI"-ийг үйлдлийн систем, программ хангамжийн салбарт дэлхийд тэргүүлэгч "Microsoft" корпораци хөгжүүлдэг. Иймдээ ч уг программ хэрэглэгчийн санал хүсэлтийг тухай бүр тусган авч, цаг үргэлж сайжруулж, хөгжүүлдгээрээ онцлог.

Хоёрдугаарт, оффисын бүхий л өргөн хэрэглээний программуудтай хоршиж ажилладаг (Office 365, SSRS Report Server лицензтэй).

Гуравдугаарт, хэрэглэхэд хялбар, хурдан сурах боломжтой.

Дөрөвдүгээрт, бүх шаардлагатай мэдээллээ нэг цонхонд гаргана. Өөрчлөлт, шинэчлэлийг цагийн хоцрогдолгүй (realtime)-гээр 24 цагийн турш хянах боломжтой ба график дүрсүүд нь үзэмжтэй, нэмэлтээр программчлалын хэл хөгжүүлэн ашиглаж болдог.

Тавдугаарт, өртөг багатай. "Power BI Desktop" хувилбарыг нь үнэгүй татан авч, ашиглах боломжтой.


САЙН ЖИШЭЭ: "АПУ" ХК



Монголын хамгийн том нээлттэй хувьцаат компани "АПУ" ХК-ийн хувьд дотооддоо дижитал компани болох зорилго тавин, олон улсад ашиглагдаж буй шинэ туршлага бүрд түүчээлэн, бүхий л үйл ажиллагаандаа ERP системийг бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж буй. Уг системээ илүү үр дүнтэй ашиглах, зохион байгуулалтаа илүү сайжруулан, нээлттэй засаглалыг нэмэгдүүлэх хэрэгцээ тэднийг BI технологид хөтөлсөн хэмээн ярилаа. "АПУ" ХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ сүүлийн жилүүдэд хурдтай өргөжиж буй тул шийдвэр гаргалтаа маш оновчтой болгох нь тун чухал байв. Ийм ч учраас BI технологийг судлан, 2018 оноос нэвтрүүлэхээр ажиллах болжээ.

Эхлээд "Heineken"-ийн ашигладаг "QlikSense" программыг судалж, туршиж үзэхэд ашиглалтын хүрээ багатай, нарийн мэргэшил шаарддаг гэх мэт сул талууд ажиглагджээ. Дараа нь технологийн салбарын судалгаагаараа алдартай "Gartner"-ийн судалгаанд сүүлийн гурван жил тэргүүлэх байрт эрэмблэгдсэн "Power BI"-ыг туршиж үзээд, сонгохоор шийджээ. Одоогоор тус программыг компани даяар борлуулалт, санхүү тэргүүтэй зургаан албаны, 60 гаруй ажилтан өдөр тутмын ажилдаа тогтмол ашиглаж, Single source data буюу хэн ч, хаанаас ч хандаж болох нэгдсэн өгөгдлийн санг бий болгож буй. Цаашид инженер, үйлдвэрлэлийн хэсэг гэх мэтээр шат дараатай нэвтрүүлэн, бүх компаниа энэ системд холбох аж.

Өмнө нь зөвхөн санхүү удирдлагын тайланг л гэхэд сар бүр 72 шатлалаар, 60 гаруй ажилтан, ажлын 12 өдрийг зарцуулж гаргадаг байсан бол эл системийг ашигласнаар 28 ажилтан, 4-5 өдөр л ажиллаад гаргадаг болсон байх жишээтэй. Энэ мэтээр ажилтнууд технологийн ур чадвараа нэмэгдүүлж, түүнд зохицсон ажлын шинэ арга барид суралцсанаар, тоо тулгах тэргүүтэй механик ажлыг эл системд даалган, "Ирээдүйд юу хийх вэ?" гэдэгтээ илүү төвлөрч ажиллах боломжтой болжээ. Дотоод гадаадын 7000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй үндэсний компани тул дата мэдээллээ ил тод, шуурхай, хурдтай гаргах нь энэ бизнест оролцогч тал бүрийн өмнө хүлээсэн хариуцлага гэдгийг ч тэд онцлов. Эцэст нь, хөдөлмөр хөнгөвчилж, шийдвэр гаргалтыг оновчтой болгох BI технологийг компанийн цар хүрээ, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран ашиглах боломжтой тул ирээдүйд том зорилт тавин, эрчтэй ажиллаж буй бүхий л компаниуд тус системийг хэрэглээрэй хэмээн "АПУ" ХК-ийнхан зөвлөснийг дайя.