2022 оны дөрөвдүгээр сард BMW өөрсдийн “flagship” SUV болох X7-ийн шинэчилсэн хувилбарыг танилцуулсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт BMW-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Bavaria Motors уг загварын нээлтийг “FORWARDISM” нэрийн дор зохион байгуулсан юм.
Хурд хүч, тав тух, техникийн дэвшил гээд бүхий л түвшинд “түүчээлэгч” нь байдаг BMW брэндийн X7 загвар нь тус брэндийн Монгол дахь бестселлер автомашин аж. Тэгвэл томоохон дизайны шинэчлэлүүд, шинэ технологи, илүү хүчирхэг хөдөлгүүрүүд гээд бүх талаараа өмнөх хувилбараасаа нэг алхмын урд гарсан тус хүлгийн онцлох шинэчлэлүүдийг долоон дүрслэлд багтаан хүргэж байна.
Хосолсон эх гэрэл (Split Headlights)
X7-ийн хамгийн том шинэчлэлт урд буюу нүүрэн хэсэгт өрнөжээ. BMW GKL (Grand Klasse) буюу тус брэндийн дээд зэрэглэлийн автомашинуудын шинэ нэрийн хуудас болох хосолсон их гэрэл болон том грильтэй болсон нь X7-г зам дээр илүү сүрдэм харагдахад туслах аж. Өмнөх X7-ийн лазер гэрлийн оронд Adaptive LED их гэрэлтэй болсон бөгөөд их гэрлийн дээд хэсэг нь өдрийн болон эргэх дохионы гэрэл бол доод хэсэг нь шөнийн гэрэл байх юм.
Гэрэлтдэг “Kidney” гриль (Iconic Glow)
Шөнийн цагаар зорчихдоо зам дээрх бусад автомашинууд таныг анзаарахгүй бол яах вэ гэж санаа зовох хэрэггүй болов. Iconic Glow багцыг сонгосноор BMW-ийн домогт “kidney” гриль одоо гэрэлтэх боломжтой болжээ.
3D арын гэрэл
Арын гэрэл бүрэн шинэчлэгдэж, гоёмсог хээ, хээнцэр хэлбэрийн ачаар 3D эффекттэй, илүү чамин харагдацтай болжээ.
23 инчийн обуд
Том хүлэгт том обуд. Өмнө нь уг загварын үйлдвэрээс гарах обудны хамгийн том хэмжээ нь 22 инч байв. Тэгвэл BMW түүхэндээ анх удаа үйлдвэрээсээ 23 инчийн обудтай гарах загвар нь X7 болов.
Нумарсан дэлгэц болон шинэ үйлдлийн систем
BMW-ийн бүрэн цахилгаан загвар iX дээр анх танилцуулагдаж байсан нумарсан дэлгэцийн иж бүрдэл X7-д бий. 12.3 инчийн бүрэн дижитал хянах самбар болон 14.9 инчийн дэлгэцтэй iDrive 8 инфотэйнмент системээс бүрдэх тус хэсэг нь удахгүй BMW-ийн бүх шинэ загваруудад ашиглагдах аж. Автомашины ихэнх функцийг инфотэйнмент системээсээ удирдах боломжтой тус салоны биет товчлуурын тоо нь эрс багассан байна.
Салоны шинэчлэгдсэн LED гэрэлтүүлэг
Урд зорчигчийн хэсэгт шинэ LED гэрэлтүүлгийн систем байршсан нь салоныг улам чамин харагдуулна. Уг систем нийт арван дөрвөн өнгийн сонголттой бөгөөд автомашины хийж буй үйлдлүүдтэй хоршин өнгөө өөрчлөх боломжтой аж.
Шинэ арааны хөшүүрэг, шинэ хөдөлгүүр, шинэ хурдны хайрцаг
Өмнөх уламжлалт арааны хөшүүргийн оронд бага зай эзлэх электрон хөшүүрэг болон товчлууртай болсон нь дунд консолийг чөлөөлж илүү минимал болгосон аж. Түүнчлэн хөдөлгүүрийн сонголтууд нь бүрэн шинэчлэгдэн, найман араатай Steptronic Sport хурдны хайрцагтай болжээ. Дээр дурдсан хөдөлгүүрийн сонголтууд нь: xDrive40i (3.0 литрийн 6 цилиндрт), xDrive40d (3.0 литрийн 6 цилиндрт дизель), M60i xDrive (4.4 литрийн ‘twin turbo’ V8) байх бөгөөд тус бүр 375, 335 болон 523 морины хүчтэй байх юм.