Өдгөө дэлхий дээр жил бүр хоёр тэрбум гаруй тонн хог хаягдал бий болж буйн 400 сая гаруй нь хуванцар байна.
Бид 1950-1970 оны үед маш бага хэмжээний хуванцар үйлдвэрлэж, хаягдлыг нь зохицуулах боломжтой байв. Гэвч дараагийн 20 жилд буюу 1970-1990 оны хооронд эл хаягдлын тоо гурав дахин өсөж, 2000 он гэхэд сүүлийн 40 жилтэй тэнцэх хэмжээний хуванцрыг бид 10 жилийн дотор үйлдвэрлэжээ. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд анхдагч хуванцрын дэлхийн үйлдвэрлэл 1,100 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Нэгэнт бид энэ дэлхийн нэгээхэн хэсэг, хуванцар хог хаягдал “үйлдвэрлэгчид” тул энэ сэдвийг тоохгүй өнгөрч үл болно. Тиймээс бид Европын Холбооны "Switch-Asia-II" хөтөлбөрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг онцолж байна. Энэ хүрээнд “Каритас Чех Репаблик” ОУБ-ын захиалгаар “МИРИМ Консалтант” компанийн гаргасан “Монгол Улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-ны үр дүнгээс хуваалцъя.
Судалгааны тайлантай бүрэн танилцах бол ЭНД дарна уу.


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ
Дэлхий дээр 200 мянган жилийн өмнө хүн оршин байсныг нотлох археологийн үнэ цэнтэй олдворууд өдгөө төрөл бүрээр олдож, тухайн цаг үеийнхээ аж амьдралыг гэрчилсээр байна. Тэгвэл өнөөдрөөс даруй ижил хугацааны дараа бидний аж төрж байсныг батлах үнэт олдвор нь хуванцар болбол яах вэ? Үүнийг үгүйсгэхийн аргагүй. Учир нь, дэлхий дахинаа нэг минут тутам нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн зэрэгцээ тэдгээрийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг аж.
Түүгээр ч зогсохгүй үйлдвэрлэсэн нийт хуванцрын 36 орчим хувийг хүнсний зориулалттай бүтээгдэхүүний сав, баглаа, боодол эзэлдэг ба ойролцоогоор тэдгээрийн 85 хувь нь хогийн цэг эсвэл зохицуулалтгүй хог хаягдал болон хувирдаг.
Хамгийн харамсалтай нь, өнөөг хүртэл дэлхий даяар үүссэн долоон тэрбум тонн хуванцар хог хаягдлын арав хүрэхгүй хувийг нь л дахин боловсруулсан бөгөөд сая сая тонн хуванцрыг байгальд хаяж эсвэл шатааснаа бид үгүй хийсэн хэмээн “андуурч” байна.
Сэтгэл эмзэглүүлэм тоон баримтууд үүгээр дуусахгүй нь. Бидний хаясан хуванцар хог хаягдлын хамгийн том хохирогч болох далай тэнгис, нуур гол одоогоор 75-199 сая тонн хуванцраар дүүрчээ. Хуванцрыг үйлдвэрлэх, ашиглах, устгах арга барилаа өөрчлөхгүй л бол усны экосистемийг үгүй хийж буй хуванцар хог хаягдлын хэмжээ 2040 он гэхэд 23-37 сая тонн болох юм. Гэтэл энэ тоо 2016 онд 9-14 сая тонн байжээ.

ДЭЛХИЙГ БООМИЛЖ БУЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ИННОВАЦ
Хуванцар бий болсноор аж үйлдвэрийн олон асуудлыг хөнгөвчилж, бидний бүтээсэн томоохон инновацуудын нэг болж чадсан. Тиймдээ ч бид хуванцрын хэрэглээндээ донтож, сүүлийн 30 жилд хэрэглээгээ дөрөв дахин нэмэгдүүлэн 460 сая тоннд хүргэжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан таамаглалын дагуу дэлхий нийтийн хуванцар үйлдвэрлэл, хэрэглээ цаашид жилд дунджаар 2.58 хувиар тасралтгүй өсөх ба тооцоолж үзвэл 2022 онтой харьцуулахад 2060 онд 2.6 дахин өсөх төлөвтэй байгаа юм.
Тэгвэл жилээс жилд нэмэгдэх хуванцрын хэрэглээ хаанаас хамгийн их бий болж байна вэ? Бид хуванцрыг сав баглаа, боодол, барилга, автомашины үйлдвэрлэл, тавилга, тоглоом, гутал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан болон электрон барааны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг олон салбарт ашигладаг. Тооцоолбол, 40 хувь нь сав баглаа боодол, 12 хувь нь өргөн хэрэглээний бараа, 11 хувь нь хувцас, нэхмэл эдлэлээс бүрддэг аж. Тун сонирхолтой нь эдгээр хуванцар хог хаягдлын ердөө есхөн хувь нь дахин боловсруулагддаг.

Хог хаягдал дахин боловсруулалтын системийг бүрэн өөрчилсөн шийдвэр
БНХАУ дэлхийн хуванцар хог хаягдлын 56 орчим хувийг дахин боловсруулдаг байсан нь саяхан. Ингэхдээ АНУ-ын хог хаягдлын 60 хувь, Европын улсуудын 70 хувь, Ази болон бусад орноос хог хаягдал импортолж дэлхийн хог хаягдлын үйлдвэрлэл, дахин боловсруулалтын бизнесийн гол тоглогч байжээ.
Гэвч 2017 оны Дэлхийн худалдааны байгууллагын хурлаар БНХАУ дэлхийн улс орнуудаас авдаг хуванцар болон цаасан хог хаягдлын импортоо бууруулж буйгаа зарласан бөгөөд энэхүү хориг 2018 оноос хэрэгжиж эхлэв. Энэ бол дэлхий дахинаа хог хаягдлын менежментийн шинэ эрин үеийг эхлүүлсэн шийдвэр байсан юм. Ийнхүү АНУ, Канад, Европ, Япон, Өмнөд Солонгос “шинэ хогийн цэг” хайхаас өөр аргагүйд хүрсэн билээ.
Хог хаягдлын дахин боловсруулалтын сайн туршлагууд
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа тул улс орнууд байгаль орчны бохирдол, хүний эрүүл мэндийн асуудлаас үүдэж, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, хог хаягдалгүй ногоон эдийн засгийн бүтцийг бий болгохоор хичээж байна.
Тэр дундаа Швейцар, Швед, Австри, Герман, Бельги, Нидерланд зэрэг Европын холбооны улсууд нийт хог хаягдлынхаа 50 хувиас давсан хэсгийг дахин боловсруулж буй. Жишээлбэл, Швейцар улс шилний хаягдлын 93 хувь, лаазны хаягдлын 91 хувь, хуванцар савны хаягдлын 83 хувийг дахин боловсруулдгаас гадна дахин боловсруулах боломжгүй материалыг шатаах зуух ажиллуулж, айл өрхийг эрчим хүчээр хангаж байна.
Түүнчлэн Швед улсын тухайд иргэдийнхээ дунд 1984 оноос эхлэн хөнгөн цагаан лааз, 1994 оноос хуванцар сав буцаахад урамшуулал олгодог систем нэвтрүүлсэн төдийгүй өдгөө тус улсын өнцөг булан бүрд хаягдал хүлээн авах автомат машинууд бий болжээ.
Ингэснээр иргэд нь хэрэглэсэн хуванцар бүтээгдэхүүнээ өөрт ойр байрлах автомат машинд шургуулж хэвшсэн бөгөөд тус системийг ашигласнаас хойш 2020 онд PET хатуу хуванцрын 86 хувь, хөнгөн цагаан лаазны 87 хувь нь хог болж хаягдахгүйгээр үйлдвэрийн дамжлага руу шилжсэн юм.

МОНГОЛ улс ба ХУВАНЦрын хаягдал
“Дэлхийн хог хаягдлын тайланд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтыг Микронези, Бермуд, Палау тэргүүлсэн бол Монгол Улс 9 дүгээрт эрэмбэлэгдэж байна.”
Сүүлийн жилүүдэд манай улсын хүн ам өсөж, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд хөгжиж, эдийн засаг тэлэхийн хэрээр хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл нэмэгдсээр л. Манай улсын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулж байна.
Нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын хувьд хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, дахин боловсруулан ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох чиглэлд жинтэй арга хэмжээ авах шаардлагатай нүүр тулжээ. Гагцхүү бидэнд хуванцар хаягдлаа булшлах эсвэл дахин боловсруулах гэх хоёр сонголт л бий.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос гаргасан мэдээллийн дагуу улсын хэмжээнд 2021 онд дахивар хүлээн авдаг бүртгэлтэй 150 цэг, бүртгэлгүй 14 цэг бий гэх тооцоо гарчээ. Дээрх бүртгэлтэй 150 цэгийн 67 цэг нь хуванцар түүхий эд худалдаж авдаг. Үүнд:
- PET буюу хатуу хуванцар (Polyethylene terephthalate),
- HDPE буюу зөөлөн хуванцар (High-density polyethylene),
- PE буюу гялгар уут (Polyethylene) зэрэг хуванцар дахиврыг худалдаж авдаг аж.
Импортын нөхцөл байдал
Монгол Улс дэлхийн 80 гаруй улсаас хуванцар бүтээгдэхүүн, түүхий эд материал импортолдог бөгөөд импортын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. 2018, 2019 оны нийт суурь үнэлгээг гарал үүслээр ялгаж, хамгийн өндөр хувийн жинг эзэлж буй зургаан улсыг доорх графикаас харж болно. Түүнчлэн 2019 оны байдлаар судалгаанд хамрагдсан 18 үйлдвэрийн 55 хувь нь анхдагч түүхий эд импортоор авсан ба үүн дотроос БНХАУ нийт хуванцрын импортын 65.8 хувийг хангасан байна.


Хуванцар хаягдлаас дахин төрөхүй
Өнөөдөр хуванцар хаягдлыг дахин боловсруулж буй 24 үйлдвэр бүртгэлтэйгээс судалгаанд хамрагдсан 18 үйлдвэр нийлээд 2021 оны байдлаар нийт хүчин чадлынхаа 52.4 хувийг ашиглажээ. Хүчин чадал гэдэг нь 18500 тоннтой тэнцэх юм.Тэдний хамгийн түгээмэл үйлдвэрлэдэг эцсийн бүтээгдэхүүн нь хогны уут бөгөөд Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2019 онд манай улсад 899.6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хогны уут импортоор орж ирсэн төдийгүй үүний 0.5 хувьд хүрэхгүй мөнгөн дүнтэй хогны уутыг дотооддоо үйлдвэрлэсэн байх жишээтэй. Гэтэл хогны уутны хэрэгцээг дотоодын зах зээлээр хангах бүрэн боломжтой байна. Мөн цахилгааны хамгаалалтын хоолой, цэвэр, бохир усны хоолой үйлдвэрлэдэг тус бүр гурван үйлдвэр бий. 2019 оны статистикаар манай улсын хилээр 29.54 тэрбум төгрөгийн дээрх төрлийн хоолой импортлогдсон ба уг жишээнээс харахад манай улсад импортоор авч буй бүтээгдэхүүнийг дотооддоо дахин боловсруулж, импортыг орлох боломж бүрэн байгааг илтгэж буй юм.
“Одоогийн байдлаар түүхий эдийн ихэнхийг ченжүүдээр дамжуулж авдаг ба ангилан ялгалт муу. Хог хаягдлыг ангилан ялгах талаар янз бүрийн аян өрнөдөг хэдий ч төрөөс нэгдсэн зохицуулалт хийдэггүй. Төр, хувийн хэвшил, иргэдийн гурван талын оролцоотой шийдэл олох шаардлагатай байна.”
Түүхий эдийн нийлүүлэлтийн хувьд тулгарч буй асуудал

Хуванцар дахин боловсруулж буй үйлдвэрүүдийн мөрөөр
Судалгаанд хамрагдсан 18 үйлдвэр бүгд Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд цор ганц нь экспортоор гаргадаг. Харин 14 нь буюу 77.8 хувь нь хөдөө, орон нутагт борлуулалт хийж байна. Тэд цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ хангахуйц үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаа ба 38.9 хувь нь тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулах шаардлагатай хэмээн үзсэн бол 22.2 хувь нь дахивар боловсруулах үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг тогтвортой явуулахын тулд түүхий эдийн чанар, тасралтгүй бэлэн байдал чухал гэдгийг онцолжээ.

САНУУШТАЙ ТООНУУД
5 жил: Хуванцар хог хаягдлын гуравны хоёр нь таваас доош жил ашиглагддаг.
9%: Хуванцар хог хаягдлын 9 хувь нь л дахин боловсруулагддаг.
50% ба 3-5%: Манай улсын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулж байна.
1: Судалгаанд хамрагдсан 18 үйлдвэрийн цор ганц нь бүтээгдэхүүнээ экспортоор гаргадаг.
88.9%: 18 үйлдвэрийн 16 нь буюу 88.9 хувь нь дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд импортын бүтээгдэхүүнийг орлох болон өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзэж байна.
52.4%: Үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй 18 үйлдвэр 2021 оны байдлаар нийт хүчин чадлынхаа 52.4 хувийг ашиглажээ.
55%: Үйлдвэрүүдийн 55 хувь нь импортоор анхдагч түүхий эдээ авдаг.
191, 457, 578: 2021 онд нэг килограмм PET хатуу хуванцрыг дунджаар 191, HDPE зөөлөн хуванцрыг 457, PE гялгар уутыг 578 төгрөгөөр худалдан авсан байна.
ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?
Тус судалгааг хийж гүйцэтгэсэн “МИРИМ Консалтант” компани болон “Каритас Чех Репаблик” ТББ-ын зүгээс дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүнд стандартыг баталж нэвтрүүлэх, брэндийг хөгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээгдэхүүн, маркетингийг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зэргээр өөрсдийн санал, зөвлөмжийг дэвшүүлсэн юм.
Одоогийн бүтээгдэхүүнийг сайжруулах тухайд – Үйлдвэрүүд одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, загварыг сайжруулж, импортын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх түвшинд боломжит доод үнийг тогтоох шаардлагатай. Түүнчлэн борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэрэглэгчдээс гадна өрхийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бий гэдгийг онцлов.
Шинээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний тухайд – Үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүчин чадлаа сайжруулж, төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх загвар, хэвтэй болох шаардлагатай байна. Жишээ нь, төрөл бүрийн хуванцар хоолойн импорт нь 2019 оны нийт импортын 8.61 хувийг эзэлж, 30.6 тэрбум төгрөгийн суурь үнэлгээтэй байсныг хуванцар дахин боловсруулах дотоодын зах зээлийн нийт борлуулалт болох 19.2 тэрбум төгрөгтэй харьцуулахад 1.6 дахин их байгаа юм. Энэ нь нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчид бүгд хуванцар хоолой үйлдвэрлэн одоогийн үйлдвэрлэлийг 1.6 дахин нэмэгдүүлсэн ч шингээх зах зээлийн багтаамж байгааг илтгэж буй.

ЭЦЭСТ НЬ
Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ давж буй энэ цаг үед эх дэлхийг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлт бий болоход нөлөөлж буй олон шалтгаан бий. Харин бид өнөөдрийнхөө нийтлэлд тэдгээрийн зөвхөн нэг хүчин зүйл болох хуванцар хог хаягдлын талаар дахин эргэцүүлэхийг хүслээ. Хүний хязгааргүй хэрэгцээ, шаардлагыг хязгаарлагдмал нөөцтэй дэлхий хангаж байгаа гэдгийг бүү мартаарай. Уусан ундааныхаа савыг ганцхан удаа хэрэглээд л хаях уу, эсвэл дахин боловсруулж ахин хэрэглэх үү гэх сонголтыг уншигч танд үлдээе.
Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

