Тэс өөр юм шиг хэдий ч хүн төрөлхтний түүхийн нарийн сэжмээр холбогдох шинжлэх ухаанч одон орон судлал болон ам дамжсан домог зүйг хослуулсан "Cоёлын одон орон судлал" гэх одон орон судлалын өвөрмөц салбарыг дэлгэрүүлэх зорилготой "Сэтгэшгүй оддын чуулган 2022" аяллын талаар та бүхэнд сонордуулъя. Соёлын одон орон судлалаар дамжуулан язгуур үндэс, урлаг соёлыг шинжлэх ухаантай холбох гүүр бүтээхийг эрэлхийлсэн нь энэхүү аяллыг онцлон танилцуулахад хүргэв.

Аялал энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт суманд байрлах Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт суурилсан "Gobi Caravanserai" амралтанд зохион байгуулагдах аж.


одон орны нэн ховор үзэгдэл

Долоон гарагийн давхцал буюу Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхий ван, Далай ван гарагуудын жагсаал гэх үзэгдэл 2022 оны 6 сарын 24-ны үүрийн тэнгэрт, нар мандахаас нэг цагийн өмнө тохиох ажээ. Харин Дэлхий ван, Далай ван гарагууд нь хүний нүдэнд үзэгдэхгүй учир олон улсад уг үзэгдлийг "Таван гарагийн давхцал" гэж нэрлэж байна.

"Таван гарагийн давхцал" нь 18 жилд нэг удаа тохиодог учир дараагийн давхцлыг 2040 онд л харах боломжтой. Уг гарагууд нарны аймгийн дарааллаараа бидэнд харагдах онцлогтой аж. Энэ тухайд "NASA" ийнхүү жиргэжээ.

оддыг ажиглахад тааламжтай орчин

Хүмүүс оддыг хаанаас ч хамаагүй харчихаж болно гэж эндүүрдэг. Гэвч од эрхэс ажиглахад хамгийн чухал зүйл нь байршил юм. Тийм ч учраас хэд хэдэн нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай аж. Үүнд:

  • Тэнгэр цэлмэг байх
  • Гэрлийн бохирдолгүй байх
  • Харагдах орчин саадгүй байх багтана.

Дээрх гурван шаардлагыг хангасан байршлыг олон улсад Харанхуй тэнгэр (Dark sky) гэж нэрлэдэг байна. Харин "Gobi Caravanserai" амралт нь уг шаардлагуудыг хангасан уудам өргөн талд оршдог тул "Таван гарагийн давхцал"-ыг үзэхэд нэн тохиромжтой орчин юм.

Аяллын од эрхэс ажиглах хөтөлбөрийг бидний сайн мэдэх "Dark Sky Mongolia"-ийн хамт олон зохион байгуулж буй аж. Түүнчлэн тус хөтөлбөрийн нэг онцлог нь монгол дахь хамгийн том MEADE LX 200 ACF телескоп дурангаар энэхүү сансар огторгуйн ховор тохиолдлыг илүү ойроос ажиглах боломжтой. Мөн "Dark Sky Mongolia"-ийн хамт олон одон орон судлал, дэлхий ертөнцийн үүсэл, хөгжлийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэх аж.


од эрхэс ба домог зүй

Олон мянган жилийн туршид гараг эрхсийн хөдөлгөөнийг ажиж ирсэний улбаа мөр нүүдэлчний ахуй амьдрал хийгээд зан үйлд нэвт шингэсэн байх агаад одон орны талаарх тэрхүү мэдлэг, туршлагаа үеэс үед өвлүүлэн үлдээсэн нь домог яриа, үлгэр туульс, зурхайн зурлагаас тод харагднам. Харамсалтай нь орчин цагийн биднээс энэхүү оюуны соёлын өв баялаг холдохын хэрээр огторгуйн гүнтэй холбогдох гэгээрлийн зам бүдгэрсээр ...

Сэтгэшгүй оддын чуулган 2022

Энэхүү аялалд од эрхэс ба домог зүйн тухай өгүүлэх хөтөлбөр багтжээ. Олон Улсын Одон Орны Холбооноос нийт 88 орд байдаг хэмээн тогтоосон байна. Уг од эрхэсийн нэр ихэнхдээ грек гаралтай байдаг бол монголчууд ч тухайн үед өөрсдийн үгээр нэрлэж, өөрөөр зурж байсан түүхтэй аж. Грекийн домгуудтай адил орших бидний тэр бүр анзаардаггүй монгол ардын аман зохиол, домог зүйн тухай мэдлэг олгохыг мөн зорьж буй.

"Сэтгэшгүй оддын чуулган 2022"-ыг зохион байгуулагчид өөрсдийн аяллын зорилгоо ийнхүү сэтгэл хөдөлгөм үгсээр тодорхойлсон байна. "Нүүдэлчдийн гүн ухаан, язгуурын соёл бидний өнөөгийн оршихуйн үндэстэй ОГТ –ОРГҮЙН сэжмээр холбоотой болохыг эргэн нэг сануулах, хаа нэгтээ хаягдаж орхигдсон зөн совингийн тань эрчмийг дахин сэрээхийг бид зорив" хэмээжээ. Түүнчлэн зочид дан ганц од ширтэж, домог ярьж суухгүй нь... Шөнийн туршид ханг бөмбөрийн тоглолт сонсож, чихээ ч мөн баясгах ажээ.

үндэсний язгуур урлаг

Язгуур урлагийн дэлхийн элч, төлөөлөгч хамтлаг “Алтай” болон "UB Drums" бөмбөрийн хамтлагийн үзүүлбэрүүд гээд аяллын турш дуу хөгжмөөр тасрахгүй нь тодорхой харагднам. Уг хамтлагуудын хамтарсан тоглолтын үеэр галын наадам, тойрон бүжгийн арга хэмжээ зохион байгуулах аж. Эртний домогт зан үйл болох "32 хүний хадны зургийн дурсгалт тойрон бүжиг"-ийг 32 хүн бүхий гурван тойромд хуваагдан хийж, уг соёлыг сонирхон үзэх боломжтой.

Мөн хот руугаа буцах өдрийн өглөө Цагаан суврага хавцлын доороос Их говийн гал улаан нар мандахыг харах хөтөлбөр багтсан байна. Энэ үеэр уртын дуучин Х.Эрдэнэцэцэг ая дуугаа өргөх ажээ.

хүн төрөлхтний нэн ховор өв

Дундговь аймгийн археологийн дурсгалт газар луу явах аялал нь соёлын хөтөлбөрт багтжээ. Аяллын хоёр дахь өдөр хүн төрөлхтний нэн ховор өв Дэл уулын дэлгэмэл зургийн галлерэйтай танилцах аж. Дэл уулнаас археологичид МЭӨ 2000 жилийн тэртээгээс улбаалж ирсэн 3000 гаруй хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дурсгалыг нээн илрүүлсэн байдаг.

"Сэтгэшгүй оддын чуулган 2022" аяллын номтой танилцах
"Сэтгэшгүй оддын чуулган 2022" аяллын мэдээлэл авах