Үндэсний их баяр наадам бол ардын урлагаа үзэж сонирхон, уламжлалт соёлоосоо суралцаж, соёлын отог асруудаар зочлох хамгийн тохиромжтой үе билээ. Иймд энэ жилийн наадмын өдрүүдийг тохиолдуулан уламжлал ёсоор зохион байгуулагдаж буй, хамгийн олон төрлийн арга хэмжээ, ёс заншил, өв уламжлалыг хөтөлбөртөө багтаасан “Соёлын наадам”-ын талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Монголын урлагийн зөвлөл ТББ нь Монгол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлалт эд агуурс, музейг сэргээн засварлах, дотоодын уран бүтээлчдийг оролцуулсан урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ зэргийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа тус ТББ, Соёл урлагийн их сургуультай 15 дахь жилдээ хамтран Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр “Соёлын наадам”-ыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон хутагт зохион байгуулахаар болжээ.
Наадмын зорилго нь Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл, уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Мөн СУИС нь “Уяачдын наадам”-ыг долоодугаар сарын 13-нд соёлын өв тээгчид, уран бүтээлчид, СУИС-ийн багш, оюутнууд зэрэг 200 гаруй хүний бүрэлдэхүүнээр Хүй долоон худгийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулж, наадамчин олноо баясгах ажээ.
Наадмын хүрээнд Юнескогийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолтыг толилуулна. Мөн Монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан есөн төрлийн “Монголын нэг өдөр - Соёлын отог” асруудаар зочилж, отог тус бүрийн онцлогийг танин мэдэж, мэдлэгээ өргөжүүлж, соёлын үзмэрүүдийг үзэн сонирхож, өөрийн биеэр оролцох боломжтой бүтээлч хөтөлбөр ч мөн багтсан. Казах үндэстний гэрээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, монголчуудын язгуур соёлын өв болох бий биелгээ, тууль, цуур, цаатан, дархадын соёлын өвтэй танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжтой.

МОНГОЛ ХҮН отог: Монгол Улсын угсаатнуудын талаарх мэдээлэл, үндэсний хувцас өмсөх, гоёл чимэглэл зүүх үйлчилгээ
ГЭР БҮЛ отог: Угийн бичиг хөтлөх ёс, холбогдох мэдээлэл, Монгол айлын өдөр тутмын зан үйлс, чулуун наадгай
ТӨРТ ЁС отог: Монгол төрийн бэлгэ тэмдэгүүд, төрийн ёслолуудын талаарх мэдээлэл, Монголын их хаадын хөрөг

ЭХ НУТАГ отог: Байгаль хамгаалах ардын арга ухаан, Монгол орны газар нутаг, амьтан, ургамлын гайхамшгууд, Монгол эх нутгийн талаарх ая, хөгжмийн бүтээлүүд
МОНГОЛ ХЭЛ отог: VR төхөөрөмжөөр Монгол ардын үлгэр сонсох, жороо үг, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав хэлэлцэх, уран бичлэгээр бичиж, түүнийгээ хувцсан дээр хэвлүүлэх, хөлөгт тоглоомоор наадах
ЭРДЭМ БОЛОВСРОЛ отог: Монгол ном бүтээх арга ухаан, номын үзэсгэлэн, Монголчуудын бичиг үсгийн соёл, уран бичлэг

ЁС СУРТАХУУН отог: Монголчуудын мэндлэх, хүндлэх ёсон, Монгол ёсны бэлгэдэл, цээр, үлгэрээр хүүхдэд сургах ёсон
ӨВ СОЁЛ отог: Соёлын биет болон биет бус өв, Монгол ахуйн бичил музей, тоглоом наадгай, шагайн харваа, сур элдэх үйл
НҮҮДЭЛЧНИЙ УХААН отог: Дөрвөдийн бэр гуйх ёсон, Монгол найр, наадаан, 12 жилийн үлгэр
Фэйсбүүк: Culture Naadam Festival
Юүтүб суваг: Arts Council Mongolia

Сэтгэгдэл бичих

