Ямар нэгэн сэдвийг сонирхон судалж, хичээн сайжирч байх үедээ ижил замналаар замнаж байгаа бусдыгаа хайдаг жамтай. Тиймдээ ч “Зовлон” нэгт нөхөдтэй уулзаж, шилдгүүдээс суралцана гэдэг үнэлж барамгүй тус болдог. Ийм боломжийг зөвхөн арга хэмжээ л өгдөг гэлтэй. 

Энэ цагийн эрэлтэд сэдвийн нэг дата өгөгдлөөр дагнан ажилладаг, эхлэн суралцаж байгаа мэргэжилтнүүдийг цуглуулж, шинэлэг сэдвээр яриа өрнүүлэх зорилгоор Теслагийн инженер Э.Жавхлан санаачилж, Unread Media-ийн зохион байгуулсан арга хэмжээ бол Data Summit 2024. 

Data Summit 2024-ийн тасалбар 24 цагийн дотор дуусаж, амралтын улирал, ажлын өдөр ч гэсэн 180 гаруй мэргэжилтнүүд ирсэн нь хэр зэрэг нүдээ олсон арга хэмжээ вэ гэдгийг батлан харуулна. Ингээд энэ намрын хамгийн “халуухан” (хүрэлцэн ирсэн хүмүүс л ойлгоно) арга хэмжээний тоймыг хүргэе.

Дараа жилийн Дата саммит даанч хол байна даа...


Илтгэлүүд

Наймдугаар сарын 8-ны өдөр Хаан Банк театрт болсон уг арга хэмжээнд Tesla, Samsung, Uber, DoorDash, SpaceX зэрэг шилдэг компаниудад ажилладаг мэргэжилтнүүд оролцож, шинэлэг, сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьсан юм. Нийт илтгэлийн хагас нь англи хэл дээр болсон нь дэлхийн мэдлэгийг дэлхийн хэлээр авах боломж байв.



Б.Марал | Oxford

Monitoring the Earth from space: Сансараас хэрхэн Дэлхийг хянаж, төрөл бүрийн дата өгөгдөл цуглуулдаг талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Тэрхүү датагаа уул уурхайгаас эхлээд цаг уур, байгаль орчин гээд олон салбарт ашиглаж болох бодит жишээг ч мөн сонирхуулсан юм.



Stefan Schlegl | Tesla

Computer vision/Bayesian inference: Компьютер хэрхэн камераар дамжуулан гадаах орчныг харж, түүн дээрээ тулгуурлан мэдээлэл боловсруулдаг тухай болон Bayesian Inference статистикийн аргыг дэлгэрэнгүй тайлбарлав.



Charl Steyl | Tesla

Framework for predictive maintenance in industry: Тэрээр үлдвэрлэлд хэрхэн дата цуглуулж, түүнийгээ боловсруулан аливаа тоног төхөөрөмжид гарч болох алдааг урьдчилан таамаглаж, шаардлагатай засвар үйлчилгээг хийн тогтвортой үйл ажиллагааг хангадаг талаар хуваалцсан юм.



Э.Анужин | Uber

Data for safety: Такси дуудлагын тэргүүлэх Uber хэрхэн хиймэл оюун ухаан ашиглан зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчдийн санал гомдлыг шийддэг талаар сонирхууллаа. Түүний илтгэл зөвхөн тээвэр бус хэрэглэгчтэй харьцдаг бүх л салбарынханд үр өгөөжтэй байв.



Э.Жавхлан | Tesla

Energy demand forecasting using ML: Эрчим хүчний хэрэглээг машин сургалт ашиглан хэрхэн таамаглах талаар хуваалцав. Ашиглаж болох моделиуд, анхаарах зүйлс, нийтлэг гардаг алдааны талаар ярьж, Facebook-ийн хөгжүүлсэн, олон нийтэд нээлттэй Prophet моделийг бодитоор ашиглан харуулсан нь онцлууштай байлаа.



Б.Билэгсайхан | Rookie Systems

Small Language Models: Их хэлний модель сургах, ашиглах өндөр зардалтай тул хэрхэн бага хэдний модель сургаж, ерөнхий бус нарийн сэдвийн хүрээнд ашиглах талаар ярив. Төгсгөлд нь хөгжүүлэлтийн бодит туршлагаа хуваалцсан нь оролцогчдод тун сонирхолтой байсан гэдэгт эргэлзэхгүй байна.



Т.Наранхүү | Samsung

AI in chip design and material science: Чип үйлдвэрлэлийн нарийн үйл явц болон түүний ард байх шинжлэх ухааны ололт амжилтуудын талаар нээлттэй яриа өрнүүлэв. Тэрээр хиймэл оюун ухаан хэрхэн шинжлэх ухааны амжилтыг хурдасгаж байгаа талаар ч мөн хуваалцсан юм.



Ч.Алтан-Өлзий | Ard

Leveraging Twitter Data to Measure Market Expectations: Зах зээлийн таамаг дэвшүүлдэг моделийг Твиттер (X) платформ дээрх жиргээнүүдийг ашиглан сайжруулснаар ам.долларын ханш таамаглах модель бүтээсэн талаараа хуваалцав.



Г.Чинзоригт | Khan Bank

Generative AI in banking: Банкны салбарт хэрхэн хиймэл оюун ухааныг ашиглаж, зардал хэмнэн, бүтээмжээ нэмэгдүүлж байгаа талаараа ярив. Ингэхдээ хөгжүүлэлтийн үе шат, түүнд тулгарсан бэрхшээл, хэрхэн давсан амжилтуудаа хуваалцсан нь өгөөжтэй байсныг онцолъё.



Rohit Raghunathan | DoorDash

Building retail search at DoorDash: Дэлхийн тэргүүлэх хүргэлтийн апп болох DoorDash-т хэрхэн хамгийн ухаалаг, оновчтой хайлтын систем хөгжүүлсэн бодит туршлага, тус системийн бүтэц, анхаарах ёстой зүйлс зэргийг тайлбарлав.



Хэлэлцүүлэг

“Өгөгдөл ба хиймэл оюун ухаан: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр зочид салбарт нь тулгарч буй асуудал, түүний шийдлүүдийг хуваалцав. Түүнчлэн анхаарвал зохих ёстой технологийн чиглэлүүдийн талаар ярьж, эл салбарт шилдэг мэргэжилтэн болоход туслах зөвлөгөөг харамгүй хайрласан билээ.



Хөөрөлдөөн: Б.Болор-Эрдэнэ | SpaceX, С.Бадрал | Chimege

Хиймэл оюун ухааны хөгжил, боломжийн талаар хуваалцаж, технологийн мэргэжилтнүүдийн нэгэн том асуулт болох дотооддоо ажиллах уу, гадаад улсад ажиллах уу гэдэг асуултад хариулт өгсөн яриа болов.


Хамтрагчид

Энэ удаагийн арга хэмжээний ивээн тэтгэгчээр Эрчим Сүлжээ ХХК, JF AUTO Mongolia, TUS Solution, Мөнхийн Үсэг, Хараа Сүмбэр ХХК, дэмжигчээр ХААН Банк Инновацын төв, Jack's Coffee, Humuun publishing, Gobidara Mongolia, Хужирт нар ажиллав. Бүх хамтрагчдадаа арга хэмжээний оролцогчдынхоо өмнөөс талархал илэрхийлье. Та бүхний оруулсан хувь нэмэр монголын дата өгөгдлийн хүрээлэлд үр шимээ өгсөн нь гарцаагүй.



Data Summit 2025 

Дата өгөгдлөөр дагнасан арга хэмжээ өмнө нь зохиогдож байгаагүй тул зохион байгуулагчдын зүгээс зарим нэгэн эргэлзээ байсныг нуух юун. Гэтэл энэ чиглэлийг сонирхдог, судалдаг, ажилладаг залуусын тоо бидний тооцоолж байснаас хэд дахин их байсан юм. Бид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд хэрэв та энэ жил хүрэлцэн ирж амжаагүй бол дараа жил заавал ирэхийг хүсье.

Дараа жилийн Data Summit дээр уулзацгаая.