Дэлхий дээр хатуу, шингэн, хий төлөвт шилжиж, байнгын эргэлтэд байдаг цорын ганц бодис бол ус гэдгийг та мэдэх үү? Энэ бодис таны амьдралын анхдагч хэрэгцээ, амьд явах баталгаа болдог ч бид жинхэнэ дэргэдэх эрдэнээ төдийлөн анзаарахгүй л явна. Ус бидний хувьд шинэ сэдэв биш боловч дэлхийн түүхээс харвал хэзээ ч хуучирдаггүй топ асуудлуудын нэг байсаар ирсэн. Тиймээс бид усны хариуцлагатай хэрэглээ, зөв дадлыг эргэн тойрондоо уриалдаг, үлгэр жишээ иргэд болохын тулд усны тухай бодит мэдээлэлтэй байх нь чухал юм. Энэ хүрээнд бид "цэнхэр алт" гэгддэг усны хэрэглээ, ашиглалтын тухай онцлохоор бэлтгэлээ. Бидний эргэн тойронд хэн, хаана, хэрхэн усыг ашиглаж байна вэ?

Усны үнэ цэнэ 

Өнөөдөр Монгол Улсад нийт усны хэрэглээний тал хувийг газар тариалан, мал аж ахуйд хэрэглэдэг бол усан болон дулааны цахилгаан станц удаалж байна. Харин улс орны эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болсон уул уурхайн салбарт усны хэрэглээний 16.8 хувийг ашигладаг ажээ. Харин үлдсэн 12 хувийг хүн амын ундны хэрэгцээнд ашиглаж буй.



Манай улс усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого, стратегийн дагуу усны нөөцөөс ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээг баталж, Усны тухай хуулийн 28.4 заасны дагуу аж ахуйн нэгжүүдэд Ус ашиглуулах дүгнэлт гаргадаг. Энэ хүрээнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд албан байгууллага, үйлдвэрүүдээс ус, рашаан ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлдэг билээ. Бүрдүүлсэн орлогын 35-аас доошгүй хувийг ус, усан орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах учиртай.



Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар манай улсад ус ашигласны төлбөр болох 46.7 тэрбум төгрөг аж ахуйн нэгжүүдээс бүрджээ. Үүний 88 хувийг уул уурхайн салбараас, үлдсэн 12 хувийг бусад салбараас орж ирсэн байна. Уул уурхайн салбар ийнхүү усны төлбөрийн ихэнх хувийг бүрдүүлэхээс гадна ус дахин ашиглалтаараа бусад салбараа тэргүүлж, ус эргүүлэн ашиглах шинэ технологи, аргачлалыг нэвтрүүлсээр буй юм.


Мэргэжилтнийг сонсох нь 

Бид хэдийгээр ундны усныхаа 80 гаруй хувийг газрын гүнээс үлдсэнийг нь гадаргаас авдаг ч усны нөөц нь эсрэгээр байдаг. Тухалбал, нийт усны нөөцийн 80 хувийг гадаргаас, үлдсэн 20 хувийг газрын гүнээс бүрэлдэж байна. Тиймээс бид гадаргын усны ашиглалтыг нэмэх, энэ чиглэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, усан цахилгаан станц барих, хойд бүсэд буй усны урсцыг говийн бүс рүү татах зэрэг дэд бүтцийн томоохон арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнхзул манай подкастад зочноор оролцохдоо ярьсан юм.

Монгол орны нутаг дэвсгэр дээр жилд дунджаар 600 гаруй сая м3 усны нөөц бүрэлдэн бий болдог ажээ. Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхий дулаарлын улмаас мөнх цаст, мөсөн голын эзлэх талбай багасаж, мөсний зузаан нимгэрсний улмаас усны нийт нөөцийн хэмжээ 560 гаруй сая м3 болж багасаад байгааг дурдлаа.



Түүнээс гадна сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ирэх арванд тохиож болох хамгийн эрсдэлтэй асуудлын тоонд уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа усны нөөц, хангамжийн асуудал багтаж буй. Тиймээс дэлхийн өнцөг булан бүр энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэх нь тодорхой болж буй билээ. Энэ хүрээнд тэрээр байгаль орчны салбарт боловсон хүчний эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж буйг дурдсан. Тэр дундаа усны салбар танин мэдэж, судалж шинжлэх шаардлагатай асуудал олон байгаа учраас хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байна.

Тухайлбал, усны барилга байгууламжийн инженер, гидрогеологийн инженер, газрын болон гадаргын усны чиглэлээр мэргэшсэн инженер зэрэг инженер, техникийн мэргэжлээр суралцах нь цаашид маш ирээдүйтэй сонголт байх ажээ. Тиймээс залуус ирээдүйн мэргэжлээ сонгохоор төлөвлөж буй бол байгаль орчин, усны салбарыг сонирхохыг зөвлөлөө.